Aug 21, 2008

Өөртөө л шивнэсэн үгс...

Анх ээж болж, өөртөө хариуцлага үүрсэнээс хойш 6 жил өнгөрч.... Дэндүү бага мөртөө чамлахааргүй их хугацаа аж... Алган дээр минь багтдаг байсан алаг хөөрхөн охин минь 6 нас хүрчихэж... Дэгэж дэрвэдэг нас нь хорвоогийн алаг эрээн өнгийг сониучирхан хардаг насандаа шилжчихэж...

Анхны алхам... анхны үг... бүр анхны цахиур нь цухуйж байсан нь саяхан мэт... Хорвоо дээр түүнээс минь хөөрхөн амьтан байгаагүйсэн...Гэтэл өнөөдөр өөрийнхөө нялх шиг хонгор хөөрхөн дүүгээ дагуулчихсан хорвоогийн өнгө гэрлийг нэмэн нэмэн хажууд минь эрдэнийн чулуу адил гялалзаж суух...
Миний охин сайн хүн болноо... Ээж нь итгэлтэй байдаг. Намжир дөлгөөхөн зантай, надаас огт өөр хүн... надад байхгүй тэр л эрхэм зан чанаруудыг өөртөө шингээсэн насаар минь намайг гэрэлтүүлэх нар минь тэр байна...
 
Амьдрал минь эрдэнэсийн чулуугаар дүүрэн байна... Эд баялаг биш ээ... Энэ л насанд минь ахиж заяахгүй эрээд хаанаас ч олохгүй тийм л эрдэнэс надад байдаг юм... Тэд бол миний охидууд... Нэрс нь надад ухаарал хайрлаж, инээмсэглэл нь надад жаргал бэлэглэж, нэг нас нэмэх тоолонд нь би өөрийгөө улам зоригжуулдаг юм....Тэд минь миний амьдралын утга учир.

Хамгаас хайртай, томоос том эрдэнийн чулуундаа аз жаргал хүсье...
Ээж нь чамдаа хязгааргүй их хайртай...

Aug 19, 2008

Ах бид 2-н яриа...

Ах бид 2-н яриа...
- Ямар хоол хийж байгаан?
- Ямаалзганын ходоодонд шумаалзганын толгой хийж жигнэж байна.
- Өө ашгүй дээ. Ойрд идээгүйм байна.... 
 
Ахын хүү уурлав. Уурласан нь учиртай л даа. Тоглоом даагаагүйм зайлуул.
-Танай хү уурлачихлаа...
-Яагаад? Аан тоглоомноос болоод уу?
-Тийн.. тоглоом даасангүй...
-Сүртэй хар гамбир вэ... күй
Би зулай дээр минь гишгэж төрсөн 2-хон ахтай. Надаас нэлээн олон ах л даа. Биэр бол надархуу.... зан ааш нь юу гэж над шиг байхав дээ. 
би ба 2 ах 
Том нь зөөлхөн, дөлгөөхөн, үгээр шахуу ааштай. Харин ажил хэргийн хувьд бол зарчимч, хатуу. Том ахтай минь суусан хүүхнийг азтай хог гэж боддог юм.  Гадаадад нэлээн олон жил сурч байгаад ирсэн болхоор хоолыг бол тас шүү дээ. Зүгээр л цаг мөч алдалгүй идээд байхад ч уйдхааргүй олон төрлийн хоолыг амттай гэгч нь хийдэг. Хувцасаа угаана.. харин индүүдэх дургүй гэсэн.... Ажил төрөлдөө сайн, нэр хүндтэй, цаг наргүй шоуданан гэж байхгүй... хувцас хунар, бие хааг бол цэвэрийн дээд цэвэрхэн авч явна. Ер нь том ах надаас хамаагүй дээр....

За бага ах бол зан ааш нь хатуу, надаас зөрүүд... ажил хэрэг ч түс тас...бага залуу насандаа хоол хийх болоод гэрийн ажил энэ тэрд күй мөн сайн байж билээ. Одоо ч тэгээл нэг эхнэрээ зарсан муу хог. Тэхдээ засвар энэ тэр ажилд бол том ахаас илүү ур дүйтэй. 

Ах нар уул нь түшигтэй л дээ. Гэхдээ хэн хэн нь гадаадад олон жил байсан болхоор яг хажууд минь байсан бол гэсэн цаг үед хажууд минь байгаагүй болохоор эхэндээ гомддог л байсан. Одоо ч тоохоо больсон. Ах нартай болхоор ч тэрүү би их эршүүд юм шиг байгаа юм. Эмэгтэй хүнтэй найзлахаасаа илүү эрэгтэй хүнтэй амархан найзладаг ч юм шиг. Гэхдээ яг цагаа тулахаар тийм биш ч юм шиг.
Уул нь бага байхдаа ээж аав 2 надад ядаж ганц эгч гаргаад өгчихгүй дээ гэж дотроо тэрүүхэндээ харамсдаг байсан ч мэдээж юу гэж л надад хүссэн болгоныг өгөх вэ дээ. Өөрөө энэ хорвоод ээжийгээ зовоож зовоож, арай гэж ирсэн мөртөө ахиал нэг эгч энэ тэр нэхээд байж яаж чадах вэ дээ.Гэхдээ Бурхан гэж байдаг бол намайг жинхэнэ харж үзсээн.2 хөөрхөн охин бэлэглэж, энэ хорвоод намайг ганцаардахааргүй болгосон.Би их азтай хүн. Надад энэ хоёр минь эгчээс илүү хань болно шүү дээ.
 
my friendz 
Бас эгчээс дутахгүй хэдэн найз байнаа. Миний муу сайн найз нар....хамаг л хэцүү, зовлонтой байсан цаг үед тэд минь л байгаагүй бол би гэдэг хүн аль хэдийн гунигийн далайд живээд, далдраад үхчихсэн шүү дээ.
Надад бас нэг найз буй...
тэр бид 2...
Тэр эрэгтэй... эмэгтэй найз нар шиг минь эмэгтэйлэг найз биш ч гэлээ тэр намайг ойлгодог. Харьцангуй өөр өөр амьдралын замналтай ч гэлээ бид 2-н үзэл бодол ихэнх зүйл дээр нийцдэг. Тэр намайг сонсож чаддаг, тэр миний тэнэглэлийг зөөлрүүлж чаддаг, тэр намайг урмаар тэтгэж чаддаг, тэр миний гуниглал гутралыг огт тоохгүй байж чаддаг...Түүнийг хархаараа би магад зоригтой  болж чаддаг байх. Үүнээс ч олон зүйл бичмээр байвч яг сэтгэлд буусан өнгөт хуудсыг тэр чигээр нь буулгах бас хэцүү байна. Эрэгтэй гэхээр л за өнөө Навч чинь эрэгтэй хүнтэй амьдрахгүй, холбогдохгүй гээд байсан яаалаа гээд хэл амаа билүүдээд хэрэггүй ээ...тэр бол миний найз... найзын хүрээнээс илүү эрхэм чухаг зүйл надад одоо байхгүй болсон шүү дээ. 
Ах нарынхаа тухай бичиж байснаа далийж хальтраад найз нөхөд энэ тэр болчихсон явж байна. За яадын... гэнэт толгойд буусан зүйлсээ бичсэн л юм чинь...

Aug 18, 2008

100 дахь бичлэг...

 
Уул нь жинтэйхэн шиг юм оруулчихъя гэж нэлээдгүй их бодлоо... гэвч үнэндээ ойрд ажил гэж арван хуруунаас минь хол давсан тул амжиж нэг сэтгэж өгөхгүй... авъяас билэг нь шавхагдчихсан хүн л сууж байна...
 
Хүмүүс энд тэнд нэг жил мил, тэд дэх эд дэх бичлэг гэхээр нь санаа авч өөрийнхөө бичлэгийг тоолтол 99 болчихож... за тэхээр нь л учиргүй навчраад л 100 дахь бичлэгтээ ингээл биччүүл... за биш юм аа тэгээд биччий. күй ер нэг л биш ээ...ийййййй энэ нэг уймраа хар толгой юу... Яг цаг нь тулаад бичих гэхээр юу ч сэтгэх чадваргүй гар шүү...өөрийгөө хараалт, зүхэлт, үзэн ядалт...
Яагаад заавал навчраад л... блоогшоод л... энэ орон зайд хөврөөд л... хийсээд л... учир утгатай ч юм шиг 100 энэ тэр гэж тоолоод л....
Би нэлээн дээхнэ өөрийнхөө тухай нэгэн тодорхойлолт бичиж байсан санагдана... гэхдээ тэр цаг мөч бол одоотой харьцуулахад цэл залуухан байж...цээж тэнэгэр, гэнэн хонгор байж.... эргэн санаад нэхэн бичье гэсэн ч санагдах зүйл нь үгүй болчихож. Би тэгтлээ өөрчлөгдсөн гэж үү...
Тэр үед би single_leaf бус wall_flower гэсэн нэрэнд гаргалгаа хийсэн санагдана...хананд хадсан цэцэг бус... хана дагаж ургадаг цэцэг ч бус... бүүр эсрэгээр цэцэгтэй ханын цаас ч биш....

.... Намуухан ч гэлээ хөнгөн хэмнэлтэй бүжгийн аяз орчныг нөмрөнө... залуус хос хосоор.. нэг нэгэндээ дотнохон... гэвч бүжгийн танхимын буланд нэгэн бүсгүй... далдхан сэтгэлдээ хэн нэгнийг хүлээх...Бүсгүй өнгөн, хөнгөхөн гуниг агуулна... Цэцэг  цэцэг дамжих эрвээхэй адил гоё ганган охидын хажууд царай зүс гүйцэхгүй ч гэлээ өөртөө л тохирсон дотоод гоо үзэсгэлэн.. хэнд ч дахин давтагдахгүй зан ааль гагцхүү түүнд л бий...Хорвоод мэндэлсэн эм хүний далдхан бөгөөд гэгээхэн атаархал... би хэрвээ эдэн шиг бүжиж, танхимыг эзэгнэн эргэлдэж байсан бол... ариухан төсөөлөл... гэвч тэр өөртөө хэзээ ч гуниж, гутарч байсангүй.
Магад хэн нэгэн намайг царай зүсээр минь, гуалиг төрөөгүйгээр минь голох ч гэлээ сэтгэлд минь агуулагдах тэр л гоо үзэсгэлэнг минь, эрч хүчийг минь, эелдэг аалийг минь олж харах хэн нэгэн байгаа гэдэг хэзээ ч итгэл алдраагүй....Түүнийг нь олж илрүүлсэн, түүнд итгэсэн нэгэн бол хамгаас илүү ухаалаг, хамгаас илүү дөлгөөхөн тэр л дотоод ертөнцөд нэвтэрч, хэн хүнээс илүү өөрөөрөө оршиж, хэн хүнээс илүү амьдралын баяр басгаланг бэлэглэх нууцыг нээмой....
Толь бичгийн хуудаснаа ийм тайлбарыг олж харахгүй л дээ... зүгээр л ... бүжгийн танхимд хэн ч тоож харахгүй, царайлаг бус ч гэлээ дотоод сэтгэл сайхантай нэгнийг хэлнэ........үүнийг өөрийнхөөрөө тайлж гаргавал ийм л санаа буух....

Тэр л цаг үеийн wall_flower одоо хувиран өөрчлөгдөж.... single_leaf болж л...
Ганцаардсан нэгэн биш...ганц бие бүүр ч биш...намрын наран буцах үед мөчрөөсөө тасран, олны хөлөөс зайдуухан газар унаад бодол тээсэн зүгээр л нэг навч... тэрүүхэндээ зөрүүд, тэгсэн хэрнээ дориун.... яалт байхгүй уяхан яагаад ч юм хатуу....
Заримдаа жаахан хүхэд шиг... зан нь өөрчлөгдөөд зоригт шонхор шиг... Гэхдээ бас л биш ээ... гэгээн бодол тээдэг...гэнэн гэнэн дурсамж хөврүүлдэг. Уйлах дуртай ч урсгах дургүй...
Тархи зүрх нь дайтаж, хайр харуусал нь зэрэгцэж... хамаг бүхнээ уудлан орилмоор... хатуухан инээмсэглэлээр тэвчээрийг үзүүлэх...
Үе үехэн өөртөө гомдох, үес үесхэн санаа алдах...өнөөдрийн байгааг голох сэтгэл... өнө ирээдүйд итгэх зориг...
Үрсээ хараад тайвшрах сэтгэл, үдэш бүрийд ганцаардах зовлон... өглөө нарнаар баясал инээмсэглэл... үд дундад амгалан жаргал....
Өөрийн тухай элдвийг эрэгцүүлэхүй дор элдэв чимэг огтоос хэрэггүй мэт. Энэ л хэдхэн хэлхээ үгээр эгэлхэн биеээ тодорхойлох нь....



Aug 15, 2008

ийм нэгэн дурлал...

Магад тэр хайр байсан байх...
 
Тэр нэгэн залуугийн тухай бичихээр нэлээн хэдэн өдөр бодлоо... Яг юу бодсон бэ гэж үү? Бодол санаанд минь илхэн байгаа тэр бүхнийг би хэрхэн цаасан дээр буулгах вэ гэж нэлээн бодлоо. Бодол хөврүүлэхээр бүх зүйл өнгөтөөр нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдэж... өнөөх л блогчдын бичдэгээр үнэр нь хүртэл дахин сэнгэнэж... биед минь хүрч байсан... биед нь шүргэж байсан тэр мэдрэмжүүд ахин уянгалах...
Мэдрэмж уянгалах... яг ингэж хэлж, ярьж, бичдэг үү... санагдахгүй байна. Гэхдээ би мэдрэмжээ уянгалуулмаар байна.
Хүн аливаа зүйлийн тухай бичихдээ 2 янзын бодол төрүүлэх гэж бичдэг байх.... Яг ямар байсан тиймээр нь бичнэ гэж хэзээ ч байхгүй....нэг бол цэвэр өөрийнх нь мэдрэмж илэрхийлэгдэх.... үгүй бол цаад хүнийхээ, хөндлөнгийн хүний мэдрэмжийг илэрхийлэх...өөрөөр хэлбэл дотроос нь харж бичих эсвэл гаднаас нь харж бичих гэж байдаг болов уу гэж... За за тэр гадна дотор ч яахав....
Тээр жилийн тэр нэгэн шөнө.... хэдий харанхуй нөмөрсөн ч гэлээ анир чимээгүй амар, амгалан... гэрийнхэний нэгэн хэмээр жигд амьсгалан нойрсож байгаа нь сонсогдоно... Тэд юу зүүдлэж байгаа бол...Сайхан зүүд зүүдлээсэй... дотроо шивнэнэ....
Нойр хулжаад...унтахыг огтоос хүсэхгүй байгаа мэт...компьютерээ асааж, интернэтийн их ертөнцөөр хэрэн хэслээ... Кофе хэзээний л миний шөнийн хамтрагч... хүсэл сэтгэлийг минь ойлгодог үнэнч туслагч байсаар... 
Шинэ танилтай боллоо. Яагаад ч юм амьдралыг минь мэдрээд байх шиг...яг л миний зант тохируулж харьцаад байх юм. Асуусан асуулт, асуултын минь хариу яг л хүлээж байсан тэр л үгс....
Даруй нөхөрлөсөөр 3 жилийг ардаа үдэж.... Алс хол суралцдаг болхоор гар барин уулзаж, мэнд мэдэн ярилцах боломж гарсангүй...гэхдээ хэн хэндээ итгэж, хэн хэнээсээ эрч хүч авч, өчүүхэн зүйлд хүртэл нэг нэгэндээ урам хайрласаар.... хэзээ нэг өдөр уулзана даа гэсэн найдвартай л оршсоор ирсэн...
Гэвч дотоод сэтгэлд минь найз гэдгээс өөр дүр зураг хэзээ ч буудаггүй байж. Найз минь шүү дээ гэсэн мөртөө далдхан нэгэн нууц тээснийг нь ч мэдэрдэггүй байж. Түүний мэндчилгээгүй төрсөн өдөр ч үгүй болж, захидал бичихгүй, утсаар ярихгүй удах тусам санаа зоволт үүсдэг болж....
Найзуудтайгаа элдвийг хүүрнэн, намуухан хөгжмийн аянд тойрон суусан үдэш...Тэр ирсэн гэнэ... надтай уулзана гэнэ... битүүхэн түгшүүр.... хөнгөхөн баяр. Ягаад би тэгтлээ их баярлахгүй байгаа юм бол. Анх удаа найзтайгаа уулзах гэж байна шүү дээ... тэр яг ямар харагдах бол.... илгээж байсан зурагнаасаа өөр болов уу... би ямар харагдаж багаа бол... намайг таних болов уу... анхны уулзалт... ээ энэ хувцасласаныг... аятайхан юм өмсчихгүй дээ би гэж нээрээ....хоромхон зуур хорин янзын бодол эргэлдэнэ...
Тэр минь мөн байсан. Би түүнийг хараад л таньсан... яг л миний төсөөлж байсан шиг... зурагнаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй... яг л хүүхэд шиг инээдэг...мэдээж надаас насны хувьд дүү байсан. Тэр өдөр бид тэгтлээ их ярилцаж чадаагүй.... өөд өөдөөсөө харан элдвийг хүүрнэж амжаагүй.... удалгүй тэр буцсан... төрсөн өдрөөр нь өгсөн ганцхан ширхэг сарнайг минь тэгтлээ нандигнасаныг би мэдээгүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнд сарнай өгөхөд их л гайхаж билээ. 
Захидал илгээсэн нь цонхыг минь тогшиж л...хадгалсан нууцаа дэлгэсэн нь тэр байж... амьдрал зохиож явсан гэнэ.. алдаж онож үзсэн гэнэ... алаг хөөрхөн үртэй гэнэ... амьдралын түшиг нь орхисон гэнэ. Хүү нь эмээтэйгээ амьдардаг гэнэ. Ханилсан хань нь өөр хүн дагаад явсан гэнэ.  
Өнгөрсөн хугацаанд би түүнээс юу нуусан гэж... өдий болтол бүхэл бүтэн хүнийг надаас нуусан юм бол.... хэсэгтээ гомдсон ч юм шиг... тунисан ч юм шиг байсан ч магад би түүний оронд эр хүн байсан шууд хэлж чадах байсан болов уу гэж...Эрэгтэй хүн дотроо шаналж, дотроо л уйлдаг юм билээ...
Хэн хэн нь тайвширсан... эргээд нөхөрлөл цэцэглэсэн... гэхдээ арай өөр өнцгөөс...зун болсон... тэр ирсэн... бид уулзсан... түүний үнэр... хүүхдийнх шиг зөөлхөн сахал биед минь шүргэх нь нэн таатай...
Тэр намайг хүүгийнхээ ээж болгох нууцхан хүсэлтэй мэт... надад ч гэсэн хүүхдийн минь аав болох хүн хэрэгтэй байсан.... гэхдээ би өөрөө хүүхэдтэй мөртөө өрөөлийн хүүхдийн ээж болох бэлтгэлгүй байсан... өчүүхэн бодол тээсэн.... гэхдээ би нуугаагүй... 
Тэр буцсан... хэсэгтээ л чимээгүй... сураг анир ч үгүй... би ойлгох гэж хичээсэн... ойлгож ч эхэлсэн... амьдралд өөр хэн нэгэн гарч ирсэн... анхны минь бодолтой нийцэж байсан....түүндээ захидал илгээсэн...бие болоод сэтгэлээ өөр хүнд даатгасан...илүү сайхан амьдрана гэж амласан...түүндээ аз жаргал хүссэн....
Амьдрал дэндүү баян... амласан шигээ сайханд хүрч чадаагүй...бие болоод сэтгэлээ татсан...
Тэр ирсэн гэнэ... ирээд сар гаран болсон гэнэ... завтай үедээ уулзаж, ярьж сууя гэнэ....би түүнтэй уулзахаас эмээсэн... би өөрөө түүнийг орхисон... би түүнээс зугтаасан... сайхан амьдарч байгаа гэж худлаа хэлж чадахгүй, сураагүй....бас нуухгүй.... тиймээс би уулзахаас айж байгаа....
Үүнийг бодохоор сэтгэлд  час хийсэн чимхэлт...магад түүнд би хайртай байсан..... магад энэ хайр байсан...

Aug 12, 2008

Үргэлжлүүлэээл хаясан. Яадын. Тэглээ гээд чи яахын?

Яасан өдөр гээш вэ....
Утсаа шалан дээр унагаачлаа... хог гэж. Тэгсэн сүлжээ нь ганцхан зурааснаас илүү гардгүй ээ.  Энэ утас ч замаа заалгачвуу яав.
 
уул нь ийм л сайхан ганган амьтан авч байлаа гэж... энэ утас өмнөхүүд шигээ эдэлгээ удаантай биш юм аа. хог гэж... 
Өөрийнхөө зургийг /жинхэнэ зургийг шдээ/ блогтоо оруулах гээд үзтэл нэг л авъяас хүрдгүй ээ. Уул нь Үлэмж шиг, Мүүжээ шиг өөрийнхөө нэг тийм.... содон зургийг хальт эффектлээд оруулах гэтэл нэг л болсонгүй больлоо.
 
Аль болох тод харагдуулхаар хичээлээ шүү.   Тээл юун хөөрхөн юм энэ тэр гээд л үглээд байв. 
Эртээр уул нь бас 2 өнхрүүшхэнийхээ зургийг оруулъя гэснээ больсон. Цагаан хэл амнаас айгаад гэхүү дээ. Хүүхэд бүр хөөрхөн л дөө. Миний 2 өнхрүүш бүр илүү хөөрхөн болохоор хүнүүс аасан хөөлхөнийн гэж хэлээ хазаал хэлчүүл цагаан хэл ам хүрчдэг гэсэн. Хэхэхэх
 
энэ чинь улаан хэл байна гэх гэж байна уу.... цагаан гэхээр гарч ирэхгүй байгаам чинь яахын. тэхээр нь л олдсоныг нь тавчихлаа.  
Өө бас нээрээ МуNotes гэж нэг юм сэтгэл хөдөлгөө хаячхын.  Хог гэж. Күй нээрээ хүн хөгшрөхөөрөө гомдох баярлах нь амархан болчдог гэж үнэн юм аа. Валайн.Эртээр бас MBBбас сэтгэл хөдөлгөж баахан уйлуулсан. Аз болж тэр үед уйлж чаддаг байсийн. 
Хамгийн анх, шинэков блооогшин болчоол хэд хэдэн архагуудтай уулзаж байлаа.... Ицми  Liceблог Single_leaf блог 2-г нэг хүн байдаг гэж боддог тухайгаа хэлж байсан санагдана. Гэтэл яс юман дээрээ огт 2 өөр ертөнц байдаг гэж байгаа. Өнөөдөр харин Seriousity бид 2 нэг хүн шиг санагддаг гэнэ. Сонин учрал шүү. Тэр Seriousity гэж хүнийг нэг харахсан. Ядаж үхэхээсээ өмнө ганц удаа ч болов харчаад мажийхсан.
Нээрээ л блог гээч ертөнц хүний амьдралыг асар өөрчилдөг юм байна. Өдөрт л нэг шинэ танихгүй танил...зүс царайг нь хараагүй ч хэдийний л дотно найзууд шиг халуун дулаан уур амьсгал, сэтгэл хөдлөл бол уншсан бичлэгээс шалтгаалаад асар хувиралттай... илүү их нууцлаг болоод байгаа ч юм шиг... эсвэл илүү илэн далангүй, нуух хаах зүйлгүй болоод байгаа ч юм шиг.... сонирхолтой ертөнцтэй салшгүй холбогдож байгаагаа улам бүр мэдрэх...таатай....
Асар завгүй... ааг амьсгаа болоод гүйж байж л цагаа бүртгүүлэх ажилтай юм шиг блогруу л заавал орж ирдэг....Цахим гэр... цахим булан минь.
за ингэсгээд ажил тарлаа.... гэрийн зүг гүйнээ яадын. Юутай ч GoGo Blog-нхоо хэдэн найзуудад ТА НАР ШҮҮ  гээд чангаас чанга..... цээжнийхээ гүнээс чарлаад хэлчий гэж.....
Forever гэдэг зураг гэнэ. Та нарт зориулчий. Зао

Холион бантан хог гэж... Күй нээрээ....

а даа ойрд ч арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг биш л дээ гэхдээ арван таван мутартай айхтар сүрхий бурхан мурхан ч биш... зүгээр л тийм олон толгойтой, гартай болохыг хүссэн хүн л байна зүгээр. 
Ийшээ харж өөрийнхөө ажлыг, тийшээ харж найзынхаа ажлыг... за тэгээд нээх олон сэтэртэй албан тушаалуудын ажил имэйл, утас шөрмөсөөр  ар араасаа цувраастай. Аштайхан шиг кофегоо ууж, тамхиа баагиулах ч завгүй болчхиймаа. Бүр 00 ч орохоо санах боломжгүй болсон байлаа.
Ёоо би сая юу харчваа.

Эмэгтэйчүүдийнх дотроо 2  00-той. Нэгийнх нь хаалгыг таттал суудал дээр нь үс..... юуны ч үс юм. Шууд л дургүй хүрдэг гэжийшд. Бүр бие засах ч дур хүсэл унтардаг гэжийшд. Өөрийгөө засахын тулд юуны үс биш толгойтой үснээс нь унасан байх гэж дотроо итгэхээр шийдэв.
За тэр валиартах ч яахав.

Манай ажлын үүдэнд, ресепшн охинтой хамт нэг цагдаа ах суудаг. Бараг л өдөр бүр солигдож байдаг цагдаа нарыг танихаасаа танихгүй нь их. Гэтэл бараг л танихгүй шахам ах надыг харсанаа "дүү охин байнга л гүйж явах юм аа" гэдиймдаа. Уул нь чи байнга тэгээл гүйж энэ тэр намба алддаг ч хүн биш л дээ. Гэхдээ нэг хүнийг ирэхээр л яалт ч үгүй гүйх болчдийн. Ойрд ч нэг биш 2 хүнийг ирэхээр гүйдэг болоод байгаа. тэгээд л бодлоо. Дөнгөж нэг нь ирэхээр би ингэж хүний нүдэнд торж байгаа юм чинь 2лаа зэрэг ирүүл ч за бүр гүйдэг хар гэдэг нэр авахнээ гэж бодоод өөрийгөө өрөвдөх ч шиг... бахдах ч шиг...

Тэгсэн бас яасан... күй бодоод байсан чинь би ер нь тэр цагдаагийн нүдэнд их ёозгүй харагдаад байгаам шиг байгаан. "Уржигдархан л гайгүй байх шиг байсан дүү охин яасан их таргалаав" гэнэээээээээ.... ёоооо би угаасаа ийм Дүхүү гээл аваа хаячлаа. Хн. Уржигдар бол гоолиг. Өнөөдөр бол моолиг болчдын гэнээ. Би ер нь гоолиг болох тал дээр тун ч хатуу бодолтой хүн. Тураад, гоолиг болчуул хүнүүс надыг танихаа байчихна шд. Өнөө Навч хаачсын... Навчын ажлыг чи мэдэх юм уу гээл хүн өөдөөс нь хараад зогсож байхад асуугаад байгуул яахын. Тэрний оронд хэвээрээ л байж байвал миний имиж тэр. Тэгтлээ аймар тарган биш юм чинь гэж боддын тээд юу гэж. Күй.....

Ажил их ядаж байхад араас жижкэн өнхрүүш томтойгоо нийлээд хэл ам татлаад байхын. Жижкэн өнхрүүш бол Даваа гаригт зоолттой уйлж өнждөг гэнэ. Хагас бүтэн сайнд хальт хажууд нь өнждөг болхоор Даваа гаригт сурсан муу зуршлаасаа салж чаддаггүй юм байх. Даварсан хүүхдийг загна гэлээ. Өөр ч юу гэхэв. 

Гэтэл том яасан.... тоглоомоо энд тэнд хаяаад байна. Хураа гээд тоохгүй байна... Хувцасыг нь солиод гаргахаар 1мин хүрэхгүй хугацаанд шороотой хутгаад дээрээс нь норгоод бүр цемент зуурчихсан юм шиг болгоод байна. Охин хүүхэд байж.... Би бас л загна л гэлээ. Ер нь сүүлийн үед өөрийнхөө хүүхдийг бусдаар загнуулах нь шинэ хүмүүжлийн арга хэлбэр болоод байх шиг байна. Сайхан ч юм уу. Өөрөө загнаад байгуул өөрөө л нэрээ алдана. Энэ муу ээж хүн загнаад байдын гээд байвал яахын. Тэгсэнээс эмээ өвөөгөөр нь загнуулчаад.... өөрөө орой нь очоод хөөрхөн арга эвийг нь олж ухааруулаад байвал надад очкоовтой юм шиг санагдаад. Энэ аргыг би их үнэлэх хэрэгтэй гэж бодоод байгаа. Ер нь ч муу охидуудаа загнахгүй байхаар шийдээд байгаа. Тэд минь над шиг зөрүүд л болж өсөхгүй бол миний жаргал...

За за ходоодныхоо мухарт хэдэн юм шидчээд, уушгиа хорт утаагаар хордуулчаад ороод ирье. Санаанд өөр зүйл буувал ирээл нэмхээс.

Aug 7, 2008

Таксин дотор юу яах уу....

Нэгэн сайт дээрээс мэдээлэл уншиж суутал сонирхол татсан /учиргүй ихээр анхаарал татаагүй ч хэрэндээ л сонжоотой санагдсийн/ сэдэв гарч ирэв.
Хэхэхэ Таксин дотор хэрхэн сээгэсдэх тухай....

Заавал яагаад таксин дотор гэж үү? Энэ ийм учиртайм шиг байна. Хайр дурлал сээгэсийн тухай нийтлэлүүд бичдэг нэгэн сайт дээр хүмүүсээс санал авсийм байна. Үхэхээсээ өмнө хаана сээгэсдмээр байна вэ гэж...
Гэтэл Мэнди гэж нэг гар үхэхээсээ өмнө таксин дотор сээгэсдмээр байна гэж л дээ...тэгээд л Мэндид хариу болгож яаж хийх талаар иймэрдүү зөвлөгөө өгсөн байна.
Таксинд дотор сээгэсдэхэд зориулсан арван зөвлөгөө 

1. Дотуур хувцас өмсөлгүйгээр банзал өмсөх...Гэхдээ үүнийг ид хүйтэн, дүн өвлийн цагаар хийхгүй байхыг зөвлөе. Хөлдөөчихвий гэж хамгийн их хайрладаг хэсэг шүү дээ...

2. Такси дуудахаасаа өмнө урьдчилан нэг нэгнээ өдөөх хэрэгтэй. Тэгвэл таксинд суусан хойноо хэн хэн нь илүү их онцгой зүйл хүснэ... жишээ нь гудамжны буланд үнсэлцэх, кино театрын хамгийн арын эгнээнд суух, юу хүсч байгаагаа илэрхийлж sms илгээх /шууд л ийм байрлал тийм байрлалаар тэгмээр байна ингэмээр байна гэх ч юм уу.. гал халуун үгс шидэлцэх.../

3. Магадгүй чи таксины жолоочыг харчихвий гэж санаа зовохгүй амар гэж бодоод дотроо халааж, согтох гэж байгаа бол шал дэмий. Үүнийг жаахан бүдүүлэг зан гэж үздэг.  Ганц нэг хундага бол тайвшруулах талтай ч үүнээс илүү уувал юун нөгөө үхэхээсээ өмнө гайхамшигийг мэдрэх... хамаг юм давхцаад будаа болно гэсэн үг.

4. Залуу чинь чамайг юу хийх гэж байгааг мэдэж байгаа ч гэсэн энэ тийм чухал биш биз дээ? Тийм үү?

5. Бие биедээ хөнгөхөөөн гар хангалага хийх гэж байгаа бол мэдээж хэрэг бололгүй яахав.

6. Харин үүнээс жаахан илүү зүйл хүсч байгаа бол, залуугийнхаа өвөр дээр буруу харж суух хэрэгтэй. Гэхдэ улаан гэрэл асаад машин зогсох үед ч энэ тийм ч нууц сээгэс биш болно. Ядаж л харагдах төрх байдал чинь тийм ч инээдтэй биш байна.
7. Хэрэв нэлээн орой, гадаа харанхуй үед бол хэн нэг нь нөгөөгийнхөө өвөр дээр толгойгоо тавиад арын суудал дээр хөндлөн хэвтвэл аман сээгэс хийхэд их тохиромжтой байрлал болно.

8. Аз жаргалтай төгсгөлийг тэгтлээ их мөрөөдөх нь дэмий л болов уу...энэ бол очих газрын тухай бус очих хүртэлээ хийх аялалын тухай илүүтэй өгүүлж байгаа... гэвч таксины арын хэсэгхэн орон зайд цаг хугацааг хэрхэн өнгөрүүлсэн чинь ирэх хэдэн жилийн туршид бодол санааг чинь мөрөөдлөөр цэнэглэнэ.

9. Хэрэв аз жаргалтай төгсгөл хийгээд зураг хөргөө татуулах гэх мэт илүү хувийн чанартай зүйл хүсч байгаа бол дэлгэцтэй ч юм уу битүү тэрэг /лимузин/ хөлсөлж болно ш дээ. Хайртай залуугаа эсвэл бүсгүйгээ онгоцны буудлаас эсвэл хаа байгаа газраас нь иймэрхүү гэнэтийн бэлэг барин угтаж яагаад болохгүй гэж. Хүүхдийн тэнэглэл ч юм уу.... тэнэг үсний засалт энэ тэр гэсэн тэнэг зүйлд санаа зовохгүй жинхэнэ үдэш байх болно.

10. За тэгээд хамгийн сүүлийн болон хамгийн чухал нь зүгээр л таксины жолоочид цайны мөнгө гээд л хэдэн юм атгуулчих!


Ингэх хэрэгтэй гэнэ дээ. Мэнди-тэй адилхан зүйл мөрөөдөж явдаг хэн нэгэн байгаа л байлгүй дээ. Гэхдээ дээрх бүх арга манай нөхцөлд таарч тохирох болов уу... таарч тохирохыг нь хэрэгжүүлээд, төрөөдлөө биелүүлээд үзэхэд юу нь болохгүй байхав.

Aug 6, 2008

Нулимсаар цохиод өгөөч...

 
Намрын тэр нэгэн өдөр тулгандаа гал асааж, тоонондоо хадаг уялцсан залуу минь биш байсан...хамт амьдарч байсан, хүүхдүүдийн минь эцэг байсан залуу биш байсан...
Түүний царай үл ялиг ядарсан... бага зэрэг жин хасчихаж...Ярих зүйл ч олдохгүй юм. Хачин аа...           
            ...Эргээд амьдаръяа....
            ...Хатсан навч ахин ургадаггүй юм... би өөр амьдралд дасаж чадахгүй нь...

Богинохон мөртөө тун ойлгомжтой яриа... харамсал төрөөд байгаа ч юм шиг... эсвээс бүр баярлаад байгаа ч юм шиг...
Тэр надад хамгаас үнэ цэнэтэй байсан цаг мөч саяхан...тэр надад хамгаас илүү хэрэгтэй байсан үе ч саяхан... тэр надад хамаагүй болсон өдөр бас л саяхан... тэр надад огтоос танихгүй хүн болж хувирсан нь мөн л саяхан.  
Би түүнийг хараад баярлаж гүйх ёстой байсан гэнэ. Хөл алдан баясаж, хамаг байдгаа барих ёстой байсан гэнэ....
Яагаад заавал би гэж. Яагаад заавал би баярлах ёстой гэж..... 365 шахам хоног үр хүүхдээ санаагүй, тэднийгээ харах гэж ирээгүй, хань минь гэж сэтгэл гаргаагүй хүнийг хараад би яагаад баярлах гэж.... харин ч орилж хашгирч, уурлаж, уйлаагүй нь их юм....
Амьдрал их хачин аа... цээжин дээр минь бөөн хар юм тээглэрч... хоолой засахын төдийд л гараад явчих байх гэж найдсан ч бүтсэнгүй... бусдаас сонсохуйд сэтгэлээ онгойтол уйлдаг гэнэ... сэмхэн мэгшээд ч болов хөнгөлдөг гэнэ... би чадахгүй... би уйлж чадахгүй... би асгартал орох бороо шиг байтугай хөнгөхөн дуслах шиврээ бороо шиг ч уйлж чадахгүй.....би уйлахыг мартчихсан байх....
Хүн болгон амьдралдаа хатуу шийдвэр гаргадаг байх л даа... гэхдээ хэзээ нэг өдөр тэр хатуу шийдвэрээс ухрах.... сэтгэл нь өвдөөд зөөлөрдөг цаг бас байдаг гэнэ... гэвч би тийм биш... биш юм байна. Аяндаа алаг үрсээс минь өөр сэтгэл зөөллөх юм байхгүй болхоор сэтгэл гэдэг нь чулуужиж байгаа байх... Хүн чулуу... кинон дээрээс харахад хүн чулуу хүртэл уйлаад л байсан даа... би бол тэр уйлдаг хүн чулууны ангилалд багтахгүй....

Намарт би ухаангүй дуртай... надад ганцаардах цаг мөч бэлэглэдэг болохоор би дуртай... бүр дурлачихсан... Хэдийд ч гэсэн би намрыг үхэн хатан хүсдэг.... элсэн манхан говьд яваа ангасан мал шиг л хүсдэг....
Намар ... бас ганцаардал.... энэ 2 хэдийд ч салшгүй.. хэлхээ холбоо бат нягт...
Цээжин дээр минь нулимсаар цохиод өгөөч.... хав хатуу хэзээ ч бутрахгүй хүн чулуу болохоос минь өмнө.....

Aug 5, 2008

Хүчилсэн сэтгэл....

Тэр нэгэн жилийн яг л энэ өдөр би түүнтэйгээ учирсан... Хорвоо дэлхийд түнээс минь сайн, сайхан хүн үгүй байсан...Бидний учралын.. бидний хайрын өдөр байсан.

Түүнээс хойш энэ өдрийг би л түүндээ сануулж, битүүхэн түүнээсээ халуухан мэндчилгээ хүлээж суудагсан. Гэвч хүлээлт зовлон л авчирдаг гэдэг үг жил ирэх тусам ой тойнд минь үлдсээр.

... Хэдэн жилийн дараа хөөрхөн жижигхэн өнхрүүшхэн минь яг л энэ өдөр хорвоод  мэндэлсэн. Ээж аавынхаа хайрын баталгаа, илэрхийлэл нь би байна гэсэн мэт. Сэтгэл минь учиргүй догдолж, анх түүнтэйгээ учирсан  энэ л өдөр түүнийхээ хайрын ургамал болсон алаг хөөрхөн үрийг нь тээж төрүүлсэндээ би асар их баярлаж байсан сан.... түүнээс хойш яг нэг жил....

Амьдрал үнэхээр баялаг юм. Сайнтай муутай, өнгөтэй өнгөгүй.... ээлж дараагаар хөвөрсөөр 365 хоног....өнгөрсөнийг би нуршмааргүй байна. Өнгөрсөн бол өнгөрсөндөө л үлдэг дээ...
Өнөөдөр миний хувьд баярын өдөр.... байх ёстой... гэвч нүүрэндээ инээмсэглэл тодруулсан миний дотор харуусал, гомдол цөхрөл бас битүүхэн ганцаардал....

Би алаг хөөрхөн үрсдээ гуниг ганцаардал бус баяр хөөр, инээмсэглэл бэлэглэн очих ёстой....Би тэднийхээ өмнө үүрэг хүлээсэн ЭХ хүн байх ёстой.

                                            Энэ л өдөр надад баяр баясгалан хайрла. 

Aug 4, 2008

Гартаа гантиль барьсан минь....

Зээ хоёр гар маань нил хөндүүр, хоёр нүд маань таг аниастай, хоёр хөл маань хөдлөхөөс дургүй... за байз өөр хоёр хоёроороо байдаг чинь юу билээ.... 

Нэг дэх өдөр гэхэд арай л өөр мэдрэмж төрөөд байна даа. Өглөө эрт босмооргүй, өдөржингөө унтмаар...яджаахад хоолой өвдчихөж. Эртээрийн найз хүүхнүүдийн үдэшлэг дээр мөстэй хүйтэн кола ихээр уусны үр дүн гэж бодож байна.  Дээрээс нь ойрд жаахан ачаалалтай ажилсаных байх.
Бичлэгийнхээ эхэн хавьцаа юуны түрүүнд Майгазартаа талархсан сэтгэлээн илэрхийлье. Арааны шүлс асгарам үнэртэй, аманд ороод л ууссан... ай даа сайхан айрагаар дайлсан шүү. Дараагаар нь амралт зугаалгаар аштайхан гэгч нь сайхан явцгаагаад, амраад ирсэн блоггер андууддаа баяр хүргэе.

Зээ хоёр гар маань нил хөндүүр, хоёр нүд маань таг аниастай, хоёр хөл маань хөдлөхөөс дургүй... за байз өөр хоёр хоёроороо байдаг чинь юу билээ.... Гар ч аргагүй ээ.... баахан гантиль өргөсийн.  Хөл бол мэдээж гараа дагаж намираастай. гар хөдлөж байхад хөл юу гэж зүгээр зогсох вэ дээ. Тоормосны педаль дээр гацаастай л байгаам чинь. хоёр нүд маань зодуулж цохиулж эсвэл уйлж унжсандаа хавдаад аничихсан байгаам биш шүү. Зөвөөр ойлгоорой. Зүгээр унтмаар санагдаад, нүдээ нээж, сэрмээргүй санагдаал тэр.

Амралтын өдрүүдээр жаахан гадуур явж дэлгүүр хэсэхчээн аядлаа. Удкүй хөөрхөн өнхрүүшхэнүүдийн минь төрсөн өдөр ар араасаа, шил шилээ дараад болно. Жижиг сажиг зүйлс бэлдэх, хувцас хунар авч өгөх гээд л жаахан цаг гаргаж явлаа. Ерөнхийдөө болчихсон. Уг нь 2лаа 8 сард л даа. Хамтад нь тэмдэглэчихье гэж бодсоноо больчихсон. Тус тусдаа бие даасан хүн байтал нь нийлүүлээл тэмдэглэхээр аль алинд нь шудрага бус санагдаад. За юутай ч бэлгийг нь бэлдчихсэн. Санаа амар байнаа.  

Хоолой өвдөхөөр өөрийнхөө дуу хоолойг ч танихаа байчих юм. Хог гэж.
За за нөхөд сайхан амраад ирсэн бол ажлынхаа шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн эхлээрэй дээ. Миний эрч хүчйг ч бас аваарай. Маньд нь зөндөө байгаа. 

Jul 30, 2008

түлэгдэлттэй өдөр.... хог гэж

Царайг нь ч хараагүй, утсаар ч ярьж үзээгүй тэр нэг хүүхнийг 3 өдөр харуулдлаа. Урьдах ажлаа ганцаараа хийж дийлэхгүй байна гэнэ. Ирээд туслаад өгөөч гээл шувуу бүрт үг дайгаал, хүн бүрт юу яагаал гэдэг билээ дээ бөмбөрөөд байхаар нь нээээх сайхан сэтгэл гаргаал очдог баатар болсон чинь байдгүй. 
 
би ганцаар... сандлын үзүүрт надаас өөр хэн ч алга 
Ирчихээд гараад явсан л гэнэ.... ирэхгүй гэнэ.... эсвэл ирцэн байна хүрээд ирээч гэнэ. Би чинь бас нэг муу газар ажилдаг ухаантай, нүүр царайгаа харуулдаг санаатай хүн чинь байх газраа байчихаад, тэрийгээ зохицуулчихаад тээд очдог юм байгаа биз дээ... Сүүл сүүлдээ тэр намагй гуйлуу би тэрийг гуйлуу гэдгээ ч ялгахаа байх шиг.... 
Ойрд би ер нь лааааааг амар амгалан, тайван байсааан. Яагаадыг бүү мэд. Цаанаас л нэг тийм байсан. Нээрвтмээр юм байсан ч нээрв хөдлөхгүй. Хүчээр хөдөлгөхгүй ч байж чадсан ч юм уу.... бүү тэд. Найз нөхдийн хувьд намайг бодвол харьцангуй адал явдалтай, сонин сайхантай байх шиг.....
яг л ийм байсан даа....
Хар халуун, бив битүү, бүгчим байхад хоёр газрын хооронд холхих ч дэмий юм аа.... хог гэж.  Тээд ч нүүрээ будах дургүйг ч хэлэх үү... пидэн хар болж байгаам даа.... ёо ёо нүүр түлэгдээд хэрэг алга... хорсоод ч байгаамуу... янгинаад ч байгаамуу ялгах чадваргүй л амьтан байна.

за за явж хүйтэн уёаар нүүрээ шавших минь. ядаж өвдөлт нь намдаж магад.....

Jul 28, 2008

бодлын хөврөл....

 Томоос том тасалгааны голд нэгэн бүсгүй намуухан эгшиглэх вальсийн аянд эргэлдэн бүжнэ. Өд мэт хөнгөхөн алхаа нь нуурын мандалд хөвөх сарны дүрсийг ч хөдөлгөж үл дийлэх мэт..... Бүжгийн хөнгөн хэмнэлд цагаахан даашинзны хормой урсах голын ус мэт долгилон, бүсгүйн турьхан биеийг даган мэлмэрнэ. Задгай тавьсан гил хар үс нь гарын салаагаар зөөлхөн урсах элсний торгон ширхэг мэт сэтгэлд болоод биед нэн дулаахан бас зөөлхөн... дотно...
 
... Ийм нэгэн уянгалаг зүүдийг минь таслан сэрүүлэгтэй цаг чангаас чанга орилох нь өглөө болсоныг, түүнчлэн 7 цаг болж байгааг илтгэнэ. Алгуурхан өндийж, цагны сэрүүлгийг зогсоогоод урьдын хэвшсэнээр цонхруу харлаа. Тансар хилэн, шаргал хөшигний цаанаас аль хэдийнэ мандсан намрын өглөөний нарыг тодхон харж болохоор.... халуун дулаан илч бүхий цацрагт нь нүүрээ наан ээж ч болмоор... тийм л дулаахан...
Шөнөжин хөнгөн бүжгийн аянд найган ганхаж, шувуу мэт дүүлэн ниссэн болохоор сэтгэл нэг л гэгэлзээд л... Гэхдээ тэр бүх торгон мөчүүдийг харж, дулаан зөөлхөнийг нь хүртэл мэдэрсэн гэхээр би тэр зүүдний хаана зогсож байв аа. Би хэн бэ?... Эргэлдэн бүжигч бүсгүй юу... эсвэл хэн ч үл анзаарамгүй тэртээ буланд зогсоод эргэлдэн бүжигч бүсгүйг бахдан шүтэгч үү....
Хамар цоргитол үнэртэх өтгөн хар кофе уунгаа амьдралын минь салшгүй хэсэг болсон компьютераа асаан, дэлхий тойрсон мэдээ мэдээлэл уншиж, өөрийн электрон шуудангийн хаяг шалган тухлав. Өглөө бүрийг би ингэж л угтдаг. Өдөр бүхний эхлэл үнээс л цааш үргэлжилдэг. Бүлээхэн шүршүүрийн дор тайван гэгч нь зогсохдоо үгээр хэлэхийн аргагүй амар амгаланг  мэдэрч, биений минь эд эс бүхэн дээр унах усан дуслууд зөвхөн надад зориулж өвөрмөцөөр дусаад ч байх шиг.
 
Усан дуслууд хүнийг ариусгадаг байх аа. Тэд их намуухан, тайван, чимээгүй мөртөө асар их хүчийг агуулдаг шиг... Борооны, шүршүүрийн, шүүдрийн, бүр хүмүүний сэтгэлээр дамжин нүднээс урсах нулимс хүртэл дэндүү их хүчтэй бас агуу.... өчүүхэн жижигхэн мөртөө өрийг минь өвтгөж бас сэтгэлийг минь зөөллөж, чийглэж чаддаг нь гайхмаар.  
... Вальсийн намуухан аяс.... сэтгэл минь тэр намуун зөөлнийг бүр дулаахныг мэдэрсэн болхоор магад тэнд бороо... бүр сэтгэлийн бодлон бороо шивэрч, тэр л бороонд би өөрөө эргэлдэн бүжиж, усан дуслууд нь биед минь шингэж байсан болохоор л би мэдэрсэн л... Асар амгалан, бүр дэндүү амар тайвныг би бүлээхэн шүршүүр дор зогсох мэт л....
 
Намрын нарны дулаахан илч, цацраг бүр бодлын усан дуслыг бүлээцүүлэн надруу илгээсэн байх....би мэдэрсэн байх....

Jul 23, 2008

Хошгируулалт юм болуу.....


Бороо ганц нэг дуслана...
Бүүр их ороосой гэтэл больчихлоо
Бодлоосоо нэрсэн охь зовхийг даган мэлмэрнэ
Бүүр их уйлаасай гэтэл байчихлаа...
/2007 онд бичиж байсым шиг байна. хэхэхэ Гэхдээ өнөөдөртэй зохицоод байна. /

Хүсэхэд хясна гэдэг л энэ байх даа...

Jul 22, 2008

удкүй ирэх миний дурлал.....

Намар хурдан болоосой. Ная түмэн ногоон навчис намайг хар даа гэсэн шиг модны мөчрөөс амь тусгаарлан  ниссээр хажууханд минь бууна. Тэр л үед би үй олон навчистай ярилцаж, үүцэн доторх бодлоо хуваалцаж, битүүхэн тэдэнд атаархаж, бугшсан сэтгэлээ онгойлгодог юм. 
Хэдийнээс би намарт тэгтлээ дурладаг болсоноо санахгүй юм. Дурлахаасаа өмнө үзэн яддаг байснаа ч мэдэхгүй юм. Зүгээр л.... тэр үед би намрыг огт тоодоггүй байсан байх. Эсвэл.... ирж яваа цаг, наашилж яваа улирал гээд хаврын тэр нэгэн өдөр тэрүүхэндээ эмэгтэй шинжийг агуулж нүүрэндээ анх удаа энгэсэг түрхтэл хавсарга тавьсан болхоор  хаврыг үзэн ядсандаа би намарт дурлачихсан байх.... Угаасаа л зун өвөл 2 бол яав ч миний стиль имижинд тохирдог улирал биш болхоор... намар л үлдэж байгаа биз дээ.

...Намрын шар наран над дээр чам дээр тусна
...Найган ганхах модод навчсаа бас гөвнө...
...Тэр л нэгэн өдөр цэцэрлэгийн модон сандал дээр бодрол хөврүүлэн, амьдралын хүрдэнг эргүүлэн суутал хажууханд минь нэгэн навч уналаа. Зунжингаа модны мөчир дээр олуулаа шаагилдаж, сэрчигнэх салхинд хөгжилдөн инээлдэж, бие биенээ шоолон баяссаар нэгэн улирлыг тааваар элээсэн энэ навч алгуурхан доошилсоор...өөртэй минь адил гуниг тээсэн мэт...

-Сайн уу навч минь? Модны мөчир дээр олуулаа бужигнахаас юунд ингэтлээ зугтаана вэ? Ганцаардаж суухаас дээр шүү дээ. Аль эсвэл умарын болоод өрнийн салхи дэггүйтэж, баясал юуг чинь бусниулчихав уу?
- Сайн сайн. за даа сайн ч гэж дээ. Харин чи сайн уу даа Навч минь? Олуулаа бүжих ч сайхан л даа. Аливаа зовлон гуниг амархан мартагддаг ч гэлээ юм бүхэн хязгаартай. Өөрийн гэсэн ээлжтэй. Насаараа зуны улиралаар амьдрахгүй шүү дээ бид чинь.  хэдий би бусадтайгаа хөгжилдөн наадаж, баясаж инээж байвч тийм ч амар, санаан зоргоор мартагдахгүй сэтгэлийн  гүнд минь хурсан гуниг, өмнө минь тулгарсан асуудал, зовлон шаналал бүрийг тэр үй түм буман навчсаас нууж, нүүрэндээ инээмсэглэл тодруулах хичнээн хэцүүг чи мэдэх үү. Харин Хүсэн хүлээсэн улирал чинь ирчихээд байхад чи  минь бас юунд гунина вэ? 
- Яриаг чинь чагнаад суухнээ.... би бас чамтай л ижил юм байна. Дотроо хуралдсан гуниг, бодролуудаа бусдаас нуух нь тийм ч амар биш юм байнаа. Ойр дотныхоо, хайртай бүхнээсээ нуух нь бүр ч хэцүү..... Гэхдээ..... Би нуух ёстой гэж бодоод байх юм. Хайртай хүмүүс минь, ойр тойрныхон маань миний зовлонт бодролоор амьсгалах ёсгүй шүү дээ. Өөрийгөө хүчлээд би тэдэндээ эерэг бодролууд бэлэглэх ёстой.... Өөрийнхөө зовлонг дэлгэх биш харин ч эсрэгээр би тэднийхээ зовлонгоос хуваалцах ёстой. Үгүй гэж үү?
Өдөржин намрын наранд нуруу ээн бид 2 элдвийг ярилцав. Хэн хэн нь гунигтай болхоор хэл ам нийлж байгаа ч гэж жигтэйхэн байсан сан.
Энэ жил би дахиад л өөр нэгэн навчтай танилцана. Өдөржин элдвийг ярилцана. Өөр хэн нэгэнтэй биш өөртэйгээ адил хувь тавилантай, өөдөсхөн, эмзэгхэн нэгэн навчтай найзлана....
...2 жилийн өмнө би ийм нэгэн 4 мөрт буулгаж байсым байна...Өөртөө хувь хадгалаагүй байтал энэ цахим ертөнц миний өмнөөс нандигначихсан байна ашгүй.
намрын алтан өнгийг нөмрөг болгон өмсөөд
үүрээр буусан хярууг нь үргээж нэг гүйхсэн...
    намайг л гэх сэтгэлийг өвчүүн дотроо хадгалаад
      үүрд мөнхийн хайраар баялхаж нэг л амьдрахсан
намартай холбоотой дурсамжууд их юм аа.... 

Jul 21, 2008

Навч...

Урьд нь хааяахан орж  хэдэн хүний бичлэгийг шимтэн уншдаг байсан форум сайтаар ахин нэг зочиллоо. Сүүлийн удаа зочилсоноос минь хойш багагүй цаг хугацаа өнгөрч. Өөрийн бодолд хургасан ганц нэг навчсыг гөвж байсан нэгэн эрхэмийн бичлэгээс ийм нэгэн шүлэг олсон нь олзуурхууштай явдал боллоо. Магад би тухайн цаг үед үүнийг уншиж л байсан байх. Гэвч би мартаж....За ингээд хуулбарлаад энд нэг тавьчихъяа. 
Б. Сарантуяа
Навч

Хатcан навчаа би,
Намар намраар ордог газрын бороо
Навчин хэлбэрээр хатcан хуурай шороо
Цагираглан унахдаа хэн нэгний зvpхийг хатгадаг
Цагаан бороонд элгээ эмтлээгvй хатcан навчаа би,

Амраг бvсгvйтэйгээ ємнvvр алхахад чинь
Ард чинь унасан ганцхан навч,
Эргэлдэнхэн, эргэлдэнхэн vнахдаа сvvдрийг чинь vнссэн
Элгээрээ чулуу тэвэрсэн єнчин навчаа

Зvvдлэн зvvдлэхдээ амрагийн чинь уруул болж,
Зvйж л болохгvй учирлыг томсон зvрхэн навчаа
Уйлж байна элгэн дороос чулуу жиндээх чинь
Усан дусал над дээр унах чинь

Мєлхєєд би сvvдрийг чнь гvйцэхгvйгээс хойш
Мєддєє ирэхгvйгээр л цасан дор дарагдлаа шvv
Хавар хавраар шувууд зєндєє ирлээ ч
Хажууханд минь чи зєндєє зогссон ч

Єнєєх жаахан бие минь чимээгvйхэн бохирч
Єндийх ч чадалгvй цасан дор дарагдан
Єєр нэгний тємєр таханд гишгэгдэн
Єглєє гэхэд энд байхгvй шvv

Амжиж нулимсыг минь арчихгvйгээс хойш
Амраг минь чи намайг хааяахан ч болов дурсаарай
Тэнгэрийн элэгнээс цасан будруулсаар
Туяaхан шилбээрээ сvvдэр аргамжсан хатcан навчаа, би.

Амрана гэж ч баллалаа дөөө.....

За нөхөд минь өнөөх муу навч чинь бүр ой ухаантайгаа хамт амарчихаж. Нэээх сунжралдсан урт юм бичиж байгаад хадгалах гэж байснаа буцаах товчоо дарчуул яах уу.... өнөөх бичлэг юу гэж хадгалагдах вэ дээ. Ойлгож байгааз дээ тээ. Нэг иймэрхүү.... Яая гэхэв. Өөрийнхөө тэнэгийг магтан дуулж, санаанд буусныгаа дахиал бичихээс. Хог гэж. 
Ёоо гэнэт залхуу хүрчлээ. Юутай ч өнөөх чинь АЖЛЫН АРАВ ХОНОГ амраад л ирлээ. Тодотгоод байгаагийн учир нь хүнүүс 10 хоног чинь дуусчлаа энэ тэр гэж баахан хэл ам таталсан болтойм. Амралт чинь хуулиараа бол ажлын хоногоор тооцдогшд. Хуанлийнх биш. Өө тэгээл хийж бүтээсэн зүйлгүй. Оролцоогүй, хутгалдаагүй юмгүй тийм л өдөр хоногууд байв гэж. 
 
Үндсэн дүр төрх бол нэг иймэрхүү. Өчнөөн зүйл төлөвлөсөн ч өөрөөс шалтгаалахгүйгээр бүтсэнгүй. Өрөөл бусдын амралтаа авахыг хүлээж суусаар арай гэж олдсон хоног дуусчлаа гэж. Энд тэнд мэр сэр саак гэгч нь амарсан хүмүүс шиг үзэж сонирхуулах өнгөтэй хээтэй зураг хөрөг даанч алга. Хашаандаа тарьсан жимсний мод бутны зураг тавилтай ч биш. Өнгөлөг гэвүүл миний гар, нүүр, шортноос доош ил гарсан хөл л өнгөтэй байна. Бор өнгөтэй. Хэхэхэх
За нөхдөд ирж буй шинэ долоо хоногтоо эрч хүч, эрүүл энх, инээмсэглэл, аз жаргал, адал явдалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ерөөлтэй чиклаад ид! 

Jul 4, 2008

10 хоног дээшээ харж хэвтэнээ яадын...

Тэр нэгэн айхтар эмгэнэлт үйл явдал тохиосон өдрийн өмнөхөн би энэ бичлэгийг буулгаж байсан боловч.....
... Ийм сайхан нар хур тэгширсэн өдрүүд налгар сайхан /хуучны ч юм шиг.../ зуны улирал айлчлан ирсэнээс хойш хэдэн удаа тохиолоо доо байз...бодъё бодъё.  За даа мэдэхгүй юм даа. Гарын минь 10 хуруу дэндүү ихдээд байгаа юм шиг байна.
Ойрд өөрийн энэхэн биеээ хэд хэд хувааж, хэдэн тийшээ гүйсээр байгаад одоо ч дасаж байх шиг байна. Бодлын нэгэн үзүүрт иймэрхүү байдлаар завгүй байх нь амар боловч ядрах нь жаахан тиймхэн. Гэхдээ ядарсан гэж хэлэх эрх надад байхгүй. Харин нөгөө үзүүрт бол ажлын төлөө, аминчхан хувиа бодсон энэ хамт олны төлөө ингэтлээ ажиллах нь хэнд хэрэгтэй... надад гэж үү.... магад өнөөдөр би эндээс авдаг арав тавхан төгрөгөөрөө амьдралаа залгуулж байгаа учраас надад хэрэгтэй байж болох ч гэлээ яг миний амьдралын цаад утга учиртай асар ихээр зөрчилдөж байгаа болой.
... Энэ бичлэгийг яг л тэр өдрийн сэтгэлээрээ дуусгасан бол ямар төгсгөлтэй байх байсан бол? Гэтэл өнөөдөр сэтгэл нэг л уйтай... бүр гунигтай, дүнсгэр гэж хэлж болмоор. Өдөр бүр яаран шимтэн орж ирээд л, журмын нөхдийн  бичлэгийг уншаад, инээд баясал, эрч хүчийг өөртөө авч тухайн өдөртөө л цоглог, баяртай өнждөг байсан бол ойрд тэгсэнгүй. Тийм байх нөхцөл ч байсангүй, бүрдсэнгүй.
Би өөрөө ч үүнд нөлөөлсөн байх. Сэтгэлд буусан харуусал, гомдол, цөхрөл, бодол санаа, үзэл бодлоо буулгаж л байсан. Гэхдээ одоо бол үнэндээ залхаж бас халширч байна. Шимтэн уншдаг блогуудын минь нүүрэнд тэр аймшигт сэдэв дурайж, шүтэн бахддаг блоггеруудын минь нэрэн дор тэр аймшигт сэдвийн гаргалгаа дарайж байх... Өөрөө мутарласан ч гэлээ өөрийнхөө алдаанаас өөрөө суралцдаг булан минь хүртэл өнгөө хувиргачихсан мэт... гунигтай... бас гутралтай. Улс төрийг чи сонирхохгүй ч гэлээ улс төр чамайг сонирхдог гэдэг үг үнэн болой. Би өөрийгөө улс төрийн сонирхолтой хүн гэж огт боддоггүй. Гэвч цаг нь болхоор толгойд минь, ухаанд минь нуугдсан бодлууд хөгөө олоод гараад л ирдэг юм байна. Хачирхалтай.
Гөү Гөү блогийн журмын нөхдийн уулзалтуудыг нэхэн санах.... эвтэй, найрамдалтай, элгэмсүү, дотно, инээд хөөр цалгисан, эрч хүч долгилсон тийм л цаг мөчүүд байсан.... дахин ийм уур амьсгалыг бүрдүүлье гэвэл улс төрийг, энэ аймшигт үйл явдлыг дурсахгүй байх хэрэгтэй гэж бодлоо. Амьдралын жаргал зовлонгоороо бид үзэл санаа нэгтэй байсан, байдаг, байх ч болно гэдэг 100 хувь итгэлтэй. Харин улс төр, нам, нийгмийн үзэл санаан дээр зүг чиг өөр өөр юм байна. Заавал адилхан байх албагүй л дээ. Тэр мэдээж. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Гэхдээ бид бүгд ухаантай, боловсролтой залуучууд. Ийм зүйл дээр нэг нэгнээ эмзэглүүлээд байх хүмүүс биш гэдэгт ч итгэлтэй байгаа. Хүн бүр л хичээх хэрэгтэй байх. Тийм үү андуудаа.
За үүнийг орхиё. Найз өнөөдөр тушаалаа уншуулав. Амралтаа авч байгаа гэж. Муухай бүхнийг бодоод байлгүй, өөрийнхөө ертөнцөд сайхан амрарч байгаад ирнээ. Тэртээ тэргүй амрах хоногоо гүйцэт эдлэж чадахгүй учраас олдсон дээр нь ашиглахгүй бол ар араасаа цуварсан олон олон ажлууд намайг хүлээж байгаа. Урд минь дэлгээстэй.
Зиаг нөхөд... амарч байгаад нь сайхан амарч, ажиллаж байгаад нь амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн өргөе.

Jul 2, 2008

Ардчилсан нам бидэнд ямар ардчилалыг бэлэглэчих вээ

Өчигдөрийн эмгэнэлт байдлыг хараад танд ямар сэтгэгдэл төрж байв? Баяр бахдал уу эсвэл үзэн ядалт, хорсол занал уу аль эсвэл бүүр цөхрөнгөө барж өрөвдөж, харуусаж байв уу...
Миний хувьд Ардчилалыг биш Ардчилсан намыг үнэхээр үзэн ядсан. Ийм хүмүүсээр удирдуулсан ардчилал манай улсад яаж ч хөгжих вэ дээ.
Өчигдөрийн үйл явдал тэртээ 18 жилийн өмнө ард түмний цусыг буцалгаж, цөсийг хөөргөж гарч ирсэн Ардчилал хэмээх тэр гайхамшигт нийгмийг бидэнд авчирсан цаг мөчийг юу ч үгүй устгаж хаялаа.  Үгүй гэж хэлэх гэж байна уу. Зөв хэмээн зөрүүдлэх гэж байна уу.... би бодлоо хуваалцъя. Болно биз дээ.
Ардчилал бидэнд юу өгөв. Магад өнөөдрийн бидний эдлэж байгаа эрх, эдлэж хэрэглэж байгаа орчин үеийн хувцас хунар, эд хэрэглэл, хоол хүнс.... сонсох дуу хөгжим... гээд л олон зүйлийг хэлэх байх. Өө бас хэвлэлийн эрх чөлөө...дур зоргоороо авирлах эрх чөлөө, амнаас нь дураараа гарах элдэв хараалын үг хэллэг, хэнд ч хамаагүй гар хүрдэг хүчирхийлэгч үйлдэлийг бас орхигдуулаагүй юм байна.
Гэвч... ЭРХЭЭ ЭДЛЭХДЭЭ ҮҮРГЭЭ ДАВХАР БЕЛҮҮЛДЭГ гэдэг ухамсарыг үнэндээ юу ч суулгаагүй юм байна. ТЭМЦЛИЙГ ХҮЧЭЭР БУС ЭВЭЭР ШИЙДДЭГ гэдэг ухааныг огтхон ч амсуулаагүй юм байна.
Өөрийгөө хэн гэдгийг ч бүрэн ухаараагүй, амьдралдаа огт сонгууль өгч үзээгүй, эсвэл анх удаагаа сонгууль өгч байгаа алдрайхан жаахан хүүхдүүд, борвиныхоо баасыг арилгаж чадахгүй, эцэг эхээ ч олигтойхон хайрлаж чаддаггуй ухамсар дутуу, ухвар мөчид залуучуудыг турхирчихаад ард нь сууж байгаа тэр эрхмүүд бидэнд ардчилал гэдгийг заасан гэж бодхоор ой минь гутаж, дур минь тасармаар....
Тэр их гал тавьж МАХН-ын байр, Соёлын төв өргөө, Хүүхдийн номыын сан, Дуурийн театр, Хас банкны байрыг шатааж, эвдэлж, сүйтгэсэнээрээ та нар МАХН-ыг хохироож байгаа юм уу... арай алсыг харж, холыг сэтгэж болсонгүй л юм байх даа. Тэр байранд түрээсээ төлж үйл ажиллагаагаа явуулдаг бидэнтэй л адил жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, ОУБайгууллагууд яах болж байнаа... Уран зургийн галларейд байгаа ахин давтагдашгүй тэр олон уран гартнуудын бүтээл яах вэ.... өч төчнөөн мянган хүүхэд багачуулд зориулсан, он цагийн түүх, хуучны тэр ном бичмэлүүд хаачив... замын хажууд зогсоолд тавьсан жир иргэдийн унаа тэрэг, олон мянган цагдаагийн биеийн гэмтэл, амь насаа алдсан иргэд, эд хөрөнгөөрөө хохирсон ард иргэд.... хэн тэднийг хохирлыг барагдуулах вэ....Батзандан уу... Магнай юу... Элдэгбэрж эсвэл Жаргалсайхан уу.... Өгөр толгой царайлсан өөдгүй тэр амьтад жагсаалд оролцсон өөрийн толгойгүй хүмүүсийнхээ дунд байсан юм уу... Цагаан хоолойгоор өгөршсөн биеээ далдалж, утсан улаан амиа хоохойлж турхираад л сууж байснаас тэд өөрсдөө гар бие оролцсон юм уу.... харсан уу тэднийг, үзсэн үү та ....
Үнэндээ уур минь хүрч, ухаан минь чичирч, гар салгалаад бичих гэтэл сэтгэл төвдөхгүй байна. Өнөөдөр улс эх орныхоо ард түмнийг ингэж доромжилж, уландаа гишгичихээд БИ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ҮНЭНЧ ШУДРАГА, АРДЧИЛСАН ХҮН гэж хэлэх эрх дээр дурьдсан тэнэг толгойнуудын хэнд ч байхгүй.
.... Өчигдөрийн хувьд би МАХН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд С. Баярыг үнэхээр биширсэн. АН-ын тэнэг толгойнуудын хэлсэнээр тэр хүн хор найруулсан байж болно. Хуйвалдаан байгуулсан байж болно. Гэхдээ тэр хүнээс гарч байгаа шиг уужим сэтгэл, ухаалаг тэвчээр та бүхнээс гарах уу... гаргаж чадах уу даа... аа мэдэхгүй. Надаас лав гарахгүй юм билээ. МАХН хэмээх нэгэн том өрхийн тэргүүн, өөрийн гэрээ шатаалгаж байгааг харах үнэхээр элэг эмтлэм. Улс төрийн нам бус өрх айл гэж бодход... та өөрийн гэрээ шатааж байхыг хараад тийм тэвчээр гаргаж чадах уу.... Аа гэхдээ тийм тэвчээр гаргасанаараа ухаантай, ухамсартай, жагсаалд оролцсон өөрийн ухаангүй тэнэг толгойнуудаас түм илүү, эгэл жирийн ард түмэн дундаа илүү их хүндлэл, бишрэлийг төрүүлж чадсан гэдэгт би бүр илүү итгэлтэй байна. хэрэв тэр АН, Батзандан, Элбэгдорж, Магнай, Жаргалсайхан нар шиг авирлаж, юу юугүй цэрэг зэвсгийн хүчээр энэ бослогыг дарсан бол яах байсан бол.... тэр чадах л байсан. Гэвч тэр тэгээгүй шүү. Хэнийг ч хохироож, хэнийг ч амь насыг нь үрэхийг хүсээгүй. Эв журмаар, эвийн аргаар шийдвэрлэх гэж хүссэн. Хэний төлөө вэ. Зөвхөн өөрийнхөө төлөө юу...
Би насан хэвийж байгаа эцгийгээ хараад өрөвдөж суулаа. Насаараа намын гишүүн байсан энэ хүн.... бүх үйл хэргийг нь дэмжиж, хувалдаанд нь оролцож, хорыг нь найруулалцаж яваагүй л хүн дээ миний аав. Төрдөө итгэж, төрдөө залбирч явбал, хүн өөрөө үйл хэргээрээ ариун, зөв санаатай явбал амьдралд аяндаа бүтэхгүй зүйл байхгүй болно гэсэн чин санаатай л хүн... Биднийг ч ийм хүмүүжлээр хүмүүжүүлсэн хүн гэж боддог юм би. Телевизээр гарах дүрсийг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэж, гар нь үл мэдэг чичэрхийлж, үг дугарч чадахгүй толгой сэгсэрч суугаа аавыгаа хараад энэ хүнийг ингэж байх ямар хэрэг байнаа, муу юм болохвй дээ гэж дотроо битүүхэн түгшүүртэй үдшийг өнгөрөөлөө...
Би үнэндээ хэлэх гэсэн санаагаа бүгдийг бичиж чадахгүй юм байна. Яагаад ч юм  18 жилийн тэртээ, тэнэг толгой Элбэгдоржтой нийлж ардчилалыг эх орондоо авчиралцаж байсан, өчигдөрийн үйл хэргийн эсрэг саналтай байсан, Ардчилсан намыг дэмжигч бус, Жинхэнэ Ардпчилалыг дэмжиж байсан тэр олон зуун хүний сэтгэл зүрх, итгэл найдвар, хичээл зүтгэлд харамсах сэтгэл төрж байна. Тэд өнөөдрийн ийм бузар булай, бусармаг, хүчирхийлэлтэй, увайгүй ардчилалыг авчирахаар нойр хоолгүй зүтгэж байсан гэж үү.  Үндсэндээ энэ бол АРДЧИЛАЛ БИШ МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫГ УХВАР МӨЧИД ҮЗЭЛ БОДОЛ.... АРДЧИЛСАН НАМЫГ ДАЛБААН ДОР НАМИРСАН ИРГЭНИЙ ЭВСЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ӨЧҮҮХЭН ҮЗЭЛД САНАА, ҮЙЛ ХЭРГИЙН УРШИГ.
Би Монголын Ардчилсан намыг бус жинхэнэ утгаараа хөгжих ёстой Ардчилсан үзлийг дэмждэг. Гэвч өнөөдөр, сонгуульд Ардчилсан намын, Иргэндийн эвсэл холбоодын ийм увайгүй, хүн чанаргүй, ичих нүүргүй юмнууд /хүн гэж хэлэхэд хэцүү асангдав/ ялаад гараад ирсэн бол.... Ёстой л хаана амьдрах ёстойгоо мэдэхгүй болох байж. МАХН ялсан ч болж.....
Одоо яах уу.... Өглөө та ажилдаа ирэх гэж бусад өдрүүдээс илүү их цаг хугацаа зарж, илүү их эд эсээ үрэгдүүлж, хотынхоо гол цэгт орших үзэмж төгөлдөр барилга байшингийн туурийг хараад ямар байна даа. Ийм ардчилалыг бид хүлээж байсан юм уу. . Ийм их гарз хохирлыг амсах ёстой юм уу....
АРД ТҮМЭН МИНЬ АРДЧИЛАЛЫГ ХҮСЭЭД БАЙГАА БОЛ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЭРХ ҮҮРЭГТЭЙ НЬ ХЭРЭГЖҮҮЛЬЕ ДЭЭ. ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, АРДЧИЛСАН НИЙГЭМТЭЙ УЛС ЭХ ОРОНД ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ Л ДАА. МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫН БАРИМТАЛДАГ УВАЙГҮЙ ҮЗЭЛД БОДЛООР ӨӨРИЙГӨӨ ХҮЛЖ, ХҮН БИШ АМЬТАН БОЛЖ ХУВИРАХ ХЭРЭГ БАЙНА УУ ДАА. ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙЖ, ХН ШИГ АМЬДРАХ Л БИДНИЙ ЧИН ЗОРИЛГО БИШ ГЭЖ ҮҮ....
Сэтгэл үнэндээ өвдөж байна... иш ийм хүмүүсийг төрийн толгойд гаргах гэж зүтгэх хэрэг байсан ч юм уу даа....