Jun 30, 2010

Танил....

Хэн нэгэн гараас минь чанга гэгч нь атгаад, намайг дагуулаад гүйгээд л байх юм. Хаашаа ч юм мэдэхгүй. Гүйгээд л........ гүйгээд л....
Эргэж хараад, хэнд, юунд хөөгдөөд байгаагаа мэдэх гэж оролдох нь байтугай хэнд тэгтлээ чирэгдээд байгаагаа ч мэдэх боломжгүй.....Хүзүү хөдлөхгүй юм. Яг л эгц чигээрээ хараад л гүйгээд байхад зориулагдчихсан юм шиг... 

Нүдээ ч анивчихгүй... юу ч сонсохгүй... урд зурайх цардмал замаас өөр юу ч харагдахгүй....

Хэнийг нь мэдэхгүйгээс хойш хөтлөгч л гэе дээ... Чиглүүлэгч ч гэх үү.... хэнийг нь ч мэдэхгүй хэрнээ харанхуй бүрэнхий гудмаар хөтлөөд гүйх түүнд итгээд байх юм. 

Шөнөжингөө л харанхуй гудамжаар хэн нэгнийг дагаж эсвэл хэн нэгэнд чирэгдэж гүйсэн болоод ч тэрүү өглөө  хоёр хөл минь тэсэхийн аргагүй өвдөж байх л... Хэдийдээ ч гэртээ ирээд унтчихсан юм бүү мэд.. Хөтлөгчийнхөө царайг санахгүй юм... хааш нь яах гэж дагуулж гүйснийг ч ойлгохгүй юм.... 
Арга ч үгүй биз дээ. Би бодит амьдрал дээрээ хаашаа зүтгээд байгаа ч заримдаа ойлгохоо байчихдаг юм чинь... богино ч гэлээ бүтэн шөнийн зүүдэнд хаачих гэж байгаагаа яаж л мэдэх...

Байз байз.... хэсэг бусагхан зүйл санагдах чинь.... Замын хажуугийн гэрлийн шонгууд... гэвч гэрэлгүй... Дээхнэ үеийн хуучин байшингууд... цонхнууд нь харанхуй... нүдний буланд жирэлзээд л өнгөрөөд байх.. гэвч нэг л өөр зүйл... яах аргагүй л танил мэдрэмж... Гэнэтхэн гүйгээд эхлэхээр юуг ч анзаарахгүй байсан би энэ учир утгагүй гүйлтэндээ дасаж байгаа юм болуу... мэр сэр зүйлийг анзаараад л....


Хөтлөгчийн хурд саараад.... гэнэтхэн эргээд, царайгаа ч харуулах боломж үлдээлгүй зөөлөн ноосон цамцныхаа энгэрт нүүрийг минь наагаад, энгэртээ тэвэрчихлээ...


Тиймээ танил үнэр... бас танил зүрхний цохилт....

Jun 26, 2010

санаад байна...

Хэн нэгнийг би хэнхдэгэндээ багтааж санахдаа
Хөлөө ачиж хөмсөгөө тавируулж нүдээ аньдаг
Хүрээд ирэх өдрийнх нь хүрэл нарыг бэлдэхдээ
Хүсэл болоод шуналаараа зүлгэн байж өнгөлдөг...

Хоёр ч үгийн зөрүүгүй тэвэр дэлгэн угтана даа гэж
Харанхуй шөнийн зүүдэнд өөртөө үүрэгдэн тушаавч
Хэн нэгэнд түрүүлж оччихоод тэврүүлж хоночихоод ирэхэд нь 
Хазаартай сэтгэлийнхээ жолоог эргүүлсхийн залсныг нь уучилна

Ховорхон учралын аязыг зүрхэнд эгшиглүүлж, зэмсгийг савлууланхан
Хоногийн наймны нэгд нь надтай оршиход нь би сэмхэн хорогдоно
Хориод бас хүсээд ч үлдэхгүй түүний бие алгуурхан замхарч
Хэтэрхий их шунал бас дутахгүй их хүсэл тачаалыг хэнхдэг тушаа минь үлдээнэ.....

Jun 24, 2010

шувуу


Ухааны уран дууч шувуухай 
Урт хугацааны аянд алсад жигүүр татаад
Уйладаггүй гэвч бас уярдаггүй тэр л сэтгэлийг минь
Урд байрны буланд ганцааранг нь үлдээгээд дэвэн одож л

Хавраар буцаад намраар л ирдэг тэр шувуу
Халуун зунаар бүр дэндүү алсад дайжчихдаг
Харин би шанаа тулан харуулдан хүлээж
Хачин ихээр зүс гундаж, үг мохдог л...

Jun 23, 2010

Зүгээр л....

Халуун салхи хаа сайгүй тэнүүчлээд, хамаг биеийг минь нозооруулж, хүсэл тачаалыг минь саармагжуулна. Хөнгөн мэдрэмж, бүхий л бодролоо хуруу хөдөлгөн буулгах хүсэл байвч... унгирал зууралдсан улирлын халуунтай ууршиж, замхараад уусан арилсан бололтой. 

Зүгээр л ...
Залхуурал намайг дийлж, залуу насны минь зам дээр надаар наадаж, улирал улиралд ээлжлэн тамлаад, уучлал, ухаарал, үзэн ядалт, хорсол, занал, гоморхол тунирхал, баяр хөөр, бачуурал бухимдлаар намайг дайлна....

Зүгээр л....
Солиорол намайг эзэмдэж, согтуу мэт сүүмгэр нүдээр сэмхэн ирмээд, салхи болоод сүүдрийг алсуур эргүүлж, айхтар үргээж надаас холдуулаад.... санаанд минь үлдэхгүй тэр л учралуудыг ээлж ээлжээр, хайр найргүй надруу чулуудна...

Зүгээр л...
Инээмсэглэл намайг ялан дийлээд, энэлмээр хэцүү байсан ч нүүрэнд минь тодорч зовоогоод, энэрэлгүй хатуу хорвоогоор даажигнаж байгаа мэт сэдлийг нүүрэнд минь үлдээгээд, эргүүлэгт хүрдэнд завсаргүй сэнсрэх тэр л хугацааг насны минь хязгаар дээр нэмнэ....

Зүгээр л би зүүдэндээ оршин буй мэт хөвөөд, зөрөг замыг дундуур туучиж холбироод, зүрх сэтгэл хоёроо дэлгэж тавиад зөнгөөр бас зоргоор тайванхан оршмоор....

Jun 15, 2010

Танил....

Танилын хүрээг тэлэх нь
Тал талын ертөнцийг алган дээр минь дэлгэж
Таван үгний зөрүүнд нь
Тавин бодол тархинд зурагдаж
Тухайлах дүрийг ухаанд минь сийлнэ...

Jun 10, 2010

Бороо

Уйлагнаа тэнгэрээс дусагнах сүү
Урд энгэрт минь шингээд л толботно
Шөнө эзэгнэх зүүдний учигаар
Шиврэх борооны өнгө хувирсных л....

*** 


Jun 8, 2010

Тэмцэл...

Тал шиг сэтгэл дээр минь
Тариа шиг олон гуниг цацагдаад
Тархины минь хоёр тал цэц булаалдаад
Талцаж хуваагдаад хоёр тийш зүтгэнэ

Тав алхаж урагш зүтгээд 
Тааваараа зовохыг нэг нь хүсэхэд
Таван алхам буцаж гишгээд
Тарчилж жаргахыг нөгөө нь тэмүүлэх

Тэмтчиж бүдчээд зүүдэндээ бэдрээд
Түүнийг бас санан зүхээд бас мартчихаад
Тэмдэгрэх үүрийн гэгээнээр
Тэс өөрийг хүсэн өндийнө...

Jun 3, 2010

Ижийнхээ зургийг хараад


Өнгөрөгч баярын өдрөөр зураг авхуулчиж.  Ижийн минь дүр нэг л зөөлөн, дотно хэрнээ үргэлж л бодож явдагаас минь нэг л өөр... мэт...


Өөдөөс минь хараад суух эмэгтэйг зэрвэсхэн ажиглахад 
Өөрийгөө л хараад байгаа юм шиг санагдана. 
Өтөл суучихжээ
Өглөөний наранд гялалздаг мяндас зөөлөн гэзэг нь 
Өнгө алдан сааралтаад 
Өвгөн шувууны өд сөд шиг л буурал болчихож
Өдий насандаа би ийм л байх юм байна даа гэж бодохоор
Өрц минь хөөрч баярлах ч шиг эс бөгөөд гуних ч шиг... 
Өөрөөсөө том охин төрүүлчихсэн гавъяатай мөртөө
Өвдөж зовж, түүнийгээ тэвчиж байгаад нь би дотроо гомддог юм гэхдээ өөртөө
Өдий болтол ухаан суугаагүй охиноо орхилгүй
Өнөөдрийг хүртэл хажууд минь тэсэж, бурхан мэт дүнхийж байгаад нь баярладаг юм би ижийдээ.... 

Нэг дороо амьдардаг болохоор ижийтэйгээ би өдөр бүр л уулзана. Өдөр бүр л нэг янзаараа байдаг ижийгээ би өнөөдөр л ингэтлээ ихээр анзаарлаа.
Бага байхдаа би ижийгээсээ их айдаг байж билээ. Айлгаад байх үйлгүй ч гэлээ аясаараа л би ээжээсээ айдаг л байсан даа. Нялх бага насандаа ээжийгээ хайрлах  эрдмийг төгс ухаарахгүй нь мэдээж. Ухаарч мэддэг болохын цагт магад зарим талаараа би хайрлахаас хоцорчихсон байгаа ч юм шиг. 


Ижийн минь бие өвдөөд гэнэ. Бага залуу байхаас нь л би сайн гэгч нь хайрлаж байсан бол өнөөдөр ингэж зовоо ч билүү: Ижийн минь сэтгэл зовлоо гэнэ. Хүүхэд байхаасаа л би сэтгэл санааг нь амгалан тайван байлгасан бол  ингэж шаналаа ч билүү. Хайртай шүү гэж дотроо мянгантаа шивнээд л гүйсээр мөртөө, сонорт нь ховорхон хүрсэн тэр л үгсийг өглөө наран ургах бүрт л бэлэглэж байсан бол өнөөдрийн дүр зураг өөр байх байсан болов уу... санааг нь амгалан амьдруулж, санчигийг нь гил харханаар нь жаргаах тэр л бодол мөхөс биеийн минь чадалд дэндүү ахадсан юм болов уу....


Ижийдээ би хайртай. Тэр бол хамгаас үнэн. Гэхдээ л би санан суухнээ сэтгэлдээ хүртэл хайрлаж чадаагүй л явна даа. Магад би өөрөө эх хүн болохоор үрээсээ ач нэхдэггүй тэр л сэтгэлийг мэдэх ч гэлээ....ээж минь надаас илүү их зүйлийг хүлээсэн байхдаа гэж бодохоор.. өөрийгөө чамлаад дуусахгүй л амьдрал юмсанж. 


Арав хүрэхгүй хоногийн өмнө авсаархан зүйлээс ам мурийчихлаа ээжтэйгээ. Амьд хүмүүс л юм болохоор ав адилхан сэтгэхгүй шүү дээ. Хэн хэн нь хэсэгхэн уурлаж, хэн хэндээ хэсэгтээ л тунив. Ижийд минь эрх нь бий. Энгэрээсээ тасалсан үрдээ гомдож, уурлах, аашлаж загнах гээд л бүгд бий. Харин надад байгаа билүү?  Гомдлын үг унагах нь байтугай гоморхсон бодол  зэрвэсхэн тээх эрх үгүй өчүүхэн ургамал шүү дээ би. Удаж төдөлгүй л уучлал эрсэн үгс унагаагүй ч өршөөл эрсэн харцаар хэн хэнийгээ хөнгөхөн шүргэчихээд л эвлэрсэн сэн. Сэтгэлдээ би өршөөл эрсэн хэрнээ сэмхэн түүнийгээ чихэнд нь шивнэчихэж яагаад болоогүй гэж. 
Тэнэгхэн ч байна даа охин нь... ижий минь өршөөгөөрэй. Тэнтэр тунтар ганц нэг алхалдаг байсан тэр л бяцхан байсан охин нь өнөөдөр өвчүүнээсээ амь таслаад, өөрийн үрсээ хараад бодол болон суух бүсгүй болон хувирчихаж...  Бурхан эжий таныхаа буяныг нэмж, анир жаргааж амжаагүй мөртөө л бул булаар нь зовнил нэмж, бууралхан магнайд нь үрчлээ тодруулахаас өөрийг хийгээгүй л явна. 


Гэхдээ ижий минь та минь харнаа. Тэнэгхэн үрээ ухаажихыг үзнэ. Тэр л цагт охин нь таныгаа жаргааж, туучиж өнгөрүүлсэн тэр л цаг мөчөө эргүүлж олохгүй ч гэлээ, эмтэлж нөхөх гэж хичээнэ. Өрлөг бурхан та минь өнө л дэргэд минь байвал өнгөт амьрал минь илүү утга учиртай оршдог......


Өдөр бүрийн наран ижийг минь байгаа болохоор л манддаг.