Jul 30, 2008

түлэгдэлттэй өдөр.... хог гэж

Царайг нь ч хараагүй, утсаар ч ярьж үзээгүй тэр нэг хүүхнийг 3 өдөр харуулдлаа. Урьдах ажлаа ганцаараа хийж дийлэхгүй байна гэнэ. Ирээд туслаад өгөөч гээл шувуу бүрт үг дайгаал, хүн бүрт юу яагаал гэдэг билээ дээ бөмбөрөөд байхаар нь нээээх сайхан сэтгэл гаргаал очдог баатар болсон чинь байдгүй. 
 
би ганцаар... сандлын үзүүрт надаас өөр хэн ч алга 
Ирчихээд гараад явсан л гэнэ.... ирэхгүй гэнэ.... эсвэл ирцэн байна хүрээд ирээч гэнэ. Би чинь бас нэг муу газар ажилдаг ухаантай, нүүр царайгаа харуулдаг санаатай хүн чинь байх газраа байчихаад, тэрийгээ зохицуулчихаад тээд очдог юм байгаа биз дээ... Сүүл сүүлдээ тэр намагй гуйлуу би тэрийг гуйлуу гэдгээ ч ялгахаа байх шиг.... 
Ойрд би ер нь лааааааг амар амгалан, тайван байсааан. Яагаадыг бүү мэд. Цаанаас л нэг тийм байсан. Нээрвтмээр юм байсан ч нээрв хөдлөхгүй. Хүчээр хөдөлгөхгүй ч байж чадсан ч юм уу.... бүү тэд. Найз нөхдийн хувьд намайг бодвол харьцангуй адал явдалтай, сонин сайхантай байх шиг.....
яг л ийм байсан даа....
Хар халуун, бив битүү, бүгчим байхад хоёр газрын хооронд холхих ч дэмий юм аа.... хог гэж.  Тээд ч нүүрээ будах дургүйг ч хэлэх үү... пидэн хар болж байгаам даа.... ёо ёо нүүр түлэгдээд хэрэг алга... хорсоод ч байгаамуу... янгинаад ч байгаамуу ялгах чадваргүй л амьтан байна.

за за явж хүйтэн уёаар нүүрээ шавших минь. ядаж өвдөлт нь намдаж магад.....

Jul 28, 2008

бодлын хөврөл....

 Томоос том тасалгааны голд нэгэн бүсгүй намуухан эгшиглэх вальсийн аянд эргэлдэн бүжнэ. Өд мэт хөнгөхөн алхаа нь нуурын мандалд хөвөх сарны дүрсийг ч хөдөлгөж үл дийлэх мэт..... Бүжгийн хөнгөн хэмнэлд цагаахан даашинзны хормой урсах голын ус мэт долгилон, бүсгүйн турьхан биеийг даган мэлмэрнэ. Задгай тавьсан гил хар үс нь гарын салаагаар зөөлхөн урсах элсний торгон ширхэг мэт сэтгэлд болоод биед нэн дулаахан бас зөөлхөн... дотно...
 
... Ийм нэгэн уянгалаг зүүдийг минь таслан сэрүүлэгтэй цаг чангаас чанга орилох нь өглөө болсоныг, түүнчлэн 7 цаг болж байгааг илтгэнэ. Алгуурхан өндийж, цагны сэрүүлгийг зогсоогоод урьдын хэвшсэнээр цонхруу харлаа. Тансар хилэн, шаргал хөшигний цаанаас аль хэдийнэ мандсан намрын өглөөний нарыг тодхон харж болохоор.... халуун дулаан илч бүхий цацрагт нь нүүрээ наан ээж ч болмоор... тийм л дулаахан...
Шөнөжин хөнгөн бүжгийн аянд найган ганхаж, шувуу мэт дүүлэн ниссэн болохоор сэтгэл нэг л гэгэлзээд л... Гэхдээ тэр бүх торгон мөчүүдийг харж, дулаан зөөлхөнийг нь хүртэл мэдэрсэн гэхээр би тэр зүүдний хаана зогсож байв аа. Би хэн бэ?... Эргэлдэн бүжигч бүсгүй юу... эсвэл хэн ч үл анзаарамгүй тэртээ буланд зогсоод эргэлдэн бүжигч бүсгүйг бахдан шүтэгч үү....
Хамар цоргитол үнэртэх өтгөн хар кофе уунгаа амьдралын минь салшгүй хэсэг болсон компьютераа асаан, дэлхий тойрсон мэдээ мэдээлэл уншиж, өөрийн электрон шуудангийн хаяг шалган тухлав. Өглөө бүрийг би ингэж л угтдаг. Өдөр бүхний эхлэл үнээс л цааш үргэлжилдэг. Бүлээхэн шүршүүрийн дор тайван гэгч нь зогсохдоо үгээр хэлэхийн аргагүй амар амгаланг  мэдэрч, биений минь эд эс бүхэн дээр унах усан дуслууд зөвхөн надад зориулж өвөрмөцөөр дусаад ч байх шиг.
 
Усан дуслууд хүнийг ариусгадаг байх аа. Тэд их намуухан, тайван, чимээгүй мөртөө асар их хүчийг агуулдаг шиг... Борооны, шүршүүрийн, шүүдрийн, бүр хүмүүний сэтгэлээр дамжин нүднээс урсах нулимс хүртэл дэндүү их хүчтэй бас агуу.... өчүүхэн жижигхэн мөртөө өрийг минь өвтгөж бас сэтгэлийг минь зөөллөж, чийглэж чаддаг нь гайхмаар.  
... Вальсийн намуухан аяс.... сэтгэл минь тэр намуун зөөлнийг бүр дулаахныг мэдэрсэн болхоор магад тэнд бороо... бүр сэтгэлийн бодлон бороо шивэрч, тэр л бороонд би өөрөө эргэлдэн бүжиж, усан дуслууд нь биед минь шингэж байсан болохоор л би мэдэрсэн л... Асар амгалан, бүр дэндүү амар тайвныг би бүлээхэн шүршүүр дор зогсох мэт л....
 
Намрын нарны дулаахан илч, цацраг бүр бодлын усан дуслыг бүлээцүүлэн надруу илгээсэн байх....би мэдэрсэн байх....

Jul 23, 2008

Хошгируулалт юм болуу.....


Бороо ганц нэг дуслана...
Бүүр их ороосой гэтэл больчихлоо
Бодлоосоо нэрсэн охь зовхийг даган мэлмэрнэ
Бүүр их уйлаасай гэтэл байчихлаа...
/2007 онд бичиж байсым шиг байна. хэхэхэ Гэхдээ өнөөдөртэй зохицоод байна. /

Хүсэхэд хясна гэдэг л энэ байх даа...

Jul 22, 2008

удкүй ирэх миний дурлал.....

Намар хурдан болоосой. Ная түмэн ногоон навчис намайг хар даа гэсэн шиг модны мөчрөөс амь тусгаарлан  ниссээр хажууханд минь бууна. Тэр л үед би үй олон навчистай ярилцаж, үүцэн доторх бодлоо хуваалцаж, битүүхэн тэдэнд атаархаж, бугшсан сэтгэлээ онгойлгодог юм. 
Хэдийнээс би намарт тэгтлээ дурладаг болсоноо санахгүй юм. Дурлахаасаа өмнө үзэн яддаг байснаа ч мэдэхгүй юм. Зүгээр л.... тэр үед би намрыг огт тоодоггүй байсан байх. Эсвэл.... ирж яваа цаг, наашилж яваа улирал гээд хаврын тэр нэгэн өдөр тэрүүхэндээ эмэгтэй шинжийг агуулж нүүрэндээ анх удаа энгэсэг түрхтэл хавсарга тавьсан болхоор  хаврыг үзэн ядсандаа би намарт дурлачихсан байх.... Угаасаа л зун өвөл 2 бол яав ч миний стиль имижинд тохирдог улирал биш болхоор... намар л үлдэж байгаа биз дээ.

...Намрын шар наран над дээр чам дээр тусна
...Найган ганхах модод навчсаа бас гөвнө...
...Тэр л нэгэн өдөр цэцэрлэгийн модон сандал дээр бодрол хөврүүлэн, амьдралын хүрдэнг эргүүлэн суутал хажууханд минь нэгэн навч уналаа. Зунжингаа модны мөчир дээр олуулаа шаагилдаж, сэрчигнэх салхинд хөгжилдөн инээлдэж, бие биенээ шоолон баяссаар нэгэн улирлыг тааваар элээсэн энэ навч алгуурхан доошилсоор...өөртэй минь адил гуниг тээсэн мэт...

-Сайн уу навч минь? Модны мөчир дээр олуулаа бужигнахаас юунд ингэтлээ зугтаана вэ? Ганцаардаж суухаас дээр шүү дээ. Аль эсвэл умарын болоод өрнийн салхи дэггүйтэж, баясал юуг чинь бусниулчихав уу?
- Сайн сайн. за даа сайн ч гэж дээ. Харин чи сайн уу даа Навч минь? Олуулаа бүжих ч сайхан л даа. Аливаа зовлон гуниг амархан мартагддаг ч гэлээ юм бүхэн хязгаартай. Өөрийн гэсэн ээлжтэй. Насаараа зуны улиралаар амьдрахгүй шүү дээ бид чинь.  хэдий би бусадтайгаа хөгжилдөн наадаж, баясаж инээж байвч тийм ч амар, санаан зоргоор мартагдахгүй сэтгэлийн  гүнд минь хурсан гуниг, өмнө минь тулгарсан асуудал, зовлон шаналал бүрийг тэр үй түм буман навчсаас нууж, нүүрэндээ инээмсэглэл тодруулах хичнээн хэцүүг чи мэдэх үү. Харин Хүсэн хүлээсэн улирал чинь ирчихээд байхад чи  минь бас юунд гунина вэ? 
- Яриаг чинь чагнаад суухнээ.... би бас чамтай л ижил юм байна. Дотроо хуралдсан гуниг, бодролуудаа бусдаас нуух нь тийм ч амар биш юм байнаа. Ойр дотныхоо, хайртай бүхнээсээ нуух нь бүр ч хэцүү..... Гэхдээ..... Би нуух ёстой гэж бодоод байх юм. Хайртай хүмүүс минь, ойр тойрныхон маань миний зовлонт бодролоор амьсгалах ёсгүй шүү дээ. Өөрийгөө хүчлээд би тэдэндээ эерэг бодролууд бэлэглэх ёстой.... Өөрийнхөө зовлонг дэлгэх биш харин ч эсрэгээр би тэднийхээ зовлонгоос хуваалцах ёстой. Үгүй гэж үү?
Өдөржин намрын наранд нуруу ээн бид 2 элдвийг ярилцав. Хэн хэн нь гунигтай болхоор хэл ам нийлж байгаа ч гэж жигтэйхэн байсан сан.
Энэ жил би дахиад л өөр нэгэн навчтай танилцана. Өдөржин элдвийг ярилцана. Өөр хэн нэгэнтэй биш өөртэйгээ адил хувь тавилантай, өөдөсхөн, эмзэгхэн нэгэн навчтай найзлана....
...2 жилийн өмнө би ийм нэгэн 4 мөрт буулгаж байсым байна...Өөртөө хувь хадгалаагүй байтал энэ цахим ертөнц миний өмнөөс нандигначихсан байна ашгүй.
намрын алтан өнгийг нөмрөг болгон өмсөөд
үүрээр буусан хярууг нь үргээж нэг гүйхсэн...
    намайг л гэх сэтгэлийг өвчүүн дотроо хадгалаад
      үүрд мөнхийн хайраар баялхаж нэг л амьдрахсан
намартай холбоотой дурсамжууд их юм аа.... 

Jul 21, 2008

Навч...

Урьд нь хааяахан орж  хэдэн хүний бичлэгийг шимтэн уншдаг байсан форум сайтаар ахин нэг зочиллоо. Сүүлийн удаа зочилсоноос минь хойш багагүй цаг хугацаа өнгөрч. Өөрийн бодолд хургасан ганц нэг навчсыг гөвж байсан нэгэн эрхэмийн бичлэгээс ийм нэгэн шүлэг олсон нь олзуурхууштай явдал боллоо. Магад би тухайн цаг үед үүнийг уншиж л байсан байх. Гэвч би мартаж....За ингээд хуулбарлаад энд нэг тавьчихъяа. 
Б. Сарантуяа
Навч

Хатcан навчаа би,
Намар намраар ордог газрын бороо
Навчин хэлбэрээр хатcан хуурай шороо
Цагираглан унахдаа хэн нэгний зvpхийг хатгадаг
Цагаан бороонд элгээ эмтлээгvй хатcан навчаа би,

Амраг бvсгvйтэйгээ ємнvvр алхахад чинь
Ард чинь унасан ганцхан навч,
Эргэлдэнхэн, эргэлдэнхэн vнахдаа сvvдрийг чинь vнссэн
Элгээрээ чулуу тэвэрсэн єнчин навчаа

Зvvдлэн зvvдлэхдээ амрагийн чинь уруул болж,
Зvйж л болохгvй учирлыг томсон зvрхэн навчаа
Уйлж байна элгэн дороос чулуу жиндээх чинь
Усан дусал над дээр унах чинь

Мєлхєєд би сvvдрийг чнь гvйцэхгvйгээс хойш
Мєддєє ирэхгvйгээр л цасан дор дарагдлаа шvv
Хавар хавраар шувууд зєндєє ирлээ ч
Хажууханд минь чи зєндєє зогссон ч

Єнєєх жаахан бие минь чимээгvйхэн бохирч
Єндийх ч чадалгvй цасан дор дарагдан
Єєр нэгний тємєр таханд гишгэгдэн
Єглєє гэхэд энд байхгvй шvv

Амжиж нулимсыг минь арчихгvйгээс хойш
Амраг минь чи намайг хааяахан ч болов дурсаарай
Тэнгэрийн элэгнээс цасан будруулсаар
Туяaхан шилбээрээ сvvдэр аргамжсан хатcан навчаа, би.

Амрана гэж ч баллалаа дөөө.....

За нөхөд минь өнөөх муу навч чинь бүр ой ухаантайгаа хамт амарчихаж. Нэээх сунжралдсан урт юм бичиж байгаад хадгалах гэж байснаа буцаах товчоо дарчуул яах уу.... өнөөх бичлэг юу гэж хадгалагдах вэ дээ. Ойлгож байгааз дээ тээ. Нэг иймэрхүү.... Яая гэхэв. Өөрийнхөө тэнэгийг магтан дуулж, санаанд буусныгаа дахиал бичихээс. Хог гэж. 
Ёоо гэнэт залхуу хүрчлээ. Юутай ч өнөөх чинь АЖЛЫН АРАВ ХОНОГ амраад л ирлээ. Тодотгоод байгаагийн учир нь хүнүүс 10 хоног чинь дуусчлаа энэ тэр гэж баахан хэл ам таталсан болтойм. Амралт чинь хуулиараа бол ажлын хоногоор тооцдогшд. Хуанлийнх биш. Өө тэгээл хийж бүтээсэн зүйлгүй. Оролцоогүй, хутгалдаагүй юмгүй тийм л өдөр хоногууд байв гэж. 
 
Үндсэн дүр төрх бол нэг иймэрхүү. Өчнөөн зүйл төлөвлөсөн ч өөрөөс шалтгаалахгүйгээр бүтсэнгүй. Өрөөл бусдын амралтаа авахыг хүлээж суусаар арай гэж олдсон хоног дуусчлаа гэж. Энд тэнд мэр сэр саак гэгч нь амарсан хүмүүс шиг үзэж сонирхуулах өнгөтэй хээтэй зураг хөрөг даанч алга. Хашаандаа тарьсан жимсний мод бутны зураг тавилтай ч биш. Өнгөлөг гэвүүл миний гар, нүүр, шортноос доош ил гарсан хөл л өнгөтэй байна. Бор өнгөтэй. Хэхэхэх
За нөхдөд ирж буй шинэ долоо хоногтоо эрч хүч, эрүүл энх, инээмсэглэл, аз жаргал, адал явдалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ерөөлтэй чиклаад ид! 

Jul 4, 2008

10 хоног дээшээ харж хэвтэнээ яадын...

Тэр нэгэн айхтар эмгэнэлт үйл явдал тохиосон өдрийн өмнөхөн би энэ бичлэгийг буулгаж байсан боловч.....
... Ийм сайхан нар хур тэгширсэн өдрүүд налгар сайхан /хуучны ч юм шиг.../ зуны улирал айлчлан ирсэнээс хойш хэдэн удаа тохиолоо доо байз...бодъё бодъё.  За даа мэдэхгүй юм даа. Гарын минь 10 хуруу дэндүү ихдээд байгаа юм шиг байна.
Ойрд өөрийн энэхэн биеээ хэд хэд хувааж, хэдэн тийшээ гүйсээр байгаад одоо ч дасаж байх шиг байна. Бодлын нэгэн үзүүрт иймэрхүү байдлаар завгүй байх нь амар боловч ядрах нь жаахан тиймхэн. Гэхдээ ядарсан гэж хэлэх эрх надад байхгүй. Харин нөгөө үзүүрт бол ажлын төлөө, аминчхан хувиа бодсон энэ хамт олны төлөө ингэтлээ ажиллах нь хэнд хэрэгтэй... надад гэж үү.... магад өнөөдөр би эндээс авдаг арав тавхан төгрөгөөрөө амьдралаа залгуулж байгаа учраас надад хэрэгтэй байж болох ч гэлээ яг миний амьдралын цаад утга учиртай асар ихээр зөрчилдөж байгаа болой.
... Энэ бичлэгийг яг л тэр өдрийн сэтгэлээрээ дуусгасан бол ямар төгсгөлтэй байх байсан бол? Гэтэл өнөөдөр сэтгэл нэг л уйтай... бүр гунигтай, дүнсгэр гэж хэлж болмоор. Өдөр бүр яаран шимтэн орж ирээд л, журмын нөхдийн  бичлэгийг уншаад, инээд баясал, эрч хүчийг өөртөө авч тухайн өдөртөө л цоглог, баяртай өнждөг байсан бол ойрд тэгсэнгүй. Тийм байх нөхцөл ч байсангүй, бүрдсэнгүй.
Би өөрөө ч үүнд нөлөөлсөн байх. Сэтгэлд буусан харуусал, гомдол, цөхрөл, бодол санаа, үзэл бодлоо буулгаж л байсан. Гэхдээ одоо бол үнэндээ залхаж бас халширч байна. Шимтэн уншдаг блогуудын минь нүүрэнд тэр аймшигт сэдэв дурайж, шүтэн бахддаг блоггеруудын минь нэрэн дор тэр аймшигт сэдвийн гаргалгаа дарайж байх... Өөрөө мутарласан ч гэлээ өөрийнхөө алдаанаас өөрөө суралцдаг булан минь хүртэл өнгөө хувиргачихсан мэт... гунигтай... бас гутралтай. Улс төрийг чи сонирхохгүй ч гэлээ улс төр чамайг сонирхдог гэдэг үг үнэн болой. Би өөрийгөө улс төрийн сонирхолтой хүн гэж огт боддоггүй. Гэвч цаг нь болхоор толгойд минь, ухаанд минь нуугдсан бодлууд хөгөө олоод гараад л ирдэг юм байна. Хачирхалтай.
Гөү Гөү блогийн журмын нөхдийн уулзалтуудыг нэхэн санах.... эвтэй, найрамдалтай, элгэмсүү, дотно, инээд хөөр цалгисан, эрч хүч долгилсон тийм л цаг мөчүүд байсан.... дахин ийм уур амьсгалыг бүрдүүлье гэвэл улс төрийг, энэ аймшигт үйл явдлыг дурсахгүй байх хэрэгтэй гэж бодлоо. Амьдралын жаргал зовлонгоороо бид үзэл санаа нэгтэй байсан, байдаг, байх ч болно гэдэг 100 хувь итгэлтэй. Харин улс төр, нам, нийгмийн үзэл санаан дээр зүг чиг өөр өөр юм байна. Заавал адилхан байх албагүй л дээ. Тэр мэдээж. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Гэхдээ бид бүгд ухаантай, боловсролтой залуучууд. Ийм зүйл дээр нэг нэгнээ эмзэглүүлээд байх хүмүүс биш гэдэгт ч итгэлтэй байгаа. Хүн бүр л хичээх хэрэгтэй байх. Тийм үү андуудаа.
За үүнийг орхиё. Найз өнөөдөр тушаалаа уншуулав. Амралтаа авч байгаа гэж. Муухай бүхнийг бодоод байлгүй, өөрийнхөө ертөнцөд сайхан амрарч байгаад ирнээ. Тэртээ тэргүй амрах хоногоо гүйцэт эдлэж чадахгүй учраас олдсон дээр нь ашиглахгүй бол ар араасаа цуварсан олон олон ажлууд намайг хүлээж байгаа. Урд минь дэлгээстэй.
Зиаг нөхөд... амарч байгаад нь сайхан амарч, ажиллаж байгаад нь амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн өргөе.

Jul 2, 2008

Ардчилсан нам бидэнд ямар ардчилалыг бэлэглэчих вээ

Өчигдөрийн эмгэнэлт байдлыг хараад танд ямар сэтгэгдэл төрж байв? Баяр бахдал уу эсвэл үзэн ядалт, хорсол занал уу аль эсвэл бүүр цөхрөнгөө барж өрөвдөж, харуусаж байв уу...
Миний хувьд Ардчилалыг биш Ардчилсан намыг үнэхээр үзэн ядсан. Ийм хүмүүсээр удирдуулсан ардчилал манай улсад яаж ч хөгжих вэ дээ.
Өчигдөрийн үйл явдал тэртээ 18 жилийн өмнө ард түмний цусыг буцалгаж, цөсийг хөөргөж гарч ирсэн Ардчилал хэмээх тэр гайхамшигт нийгмийг бидэнд авчирсан цаг мөчийг юу ч үгүй устгаж хаялаа.  Үгүй гэж хэлэх гэж байна уу. Зөв хэмээн зөрүүдлэх гэж байна уу.... би бодлоо хуваалцъя. Болно биз дээ.
Ардчилал бидэнд юу өгөв. Магад өнөөдрийн бидний эдлэж байгаа эрх, эдлэж хэрэглэж байгаа орчин үеийн хувцас хунар, эд хэрэглэл, хоол хүнс.... сонсох дуу хөгжим... гээд л олон зүйлийг хэлэх байх. Өө бас хэвлэлийн эрх чөлөө...дур зоргоороо авирлах эрх чөлөө, амнаас нь дураараа гарах элдэв хараалын үг хэллэг, хэнд ч хамаагүй гар хүрдэг хүчирхийлэгч үйлдэлийг бас орхигдуулаагүй юм байна.
Гэвч... ЭРХЭЭ ЭДЛЭХДЭЭ ҮҮРГЭЭ ДАВХАР БЕЛҮҮЛДЭГ гэдэг ухамсарыг үнэндээ юу ч суулгаагүй юм байна. ТЭМЦЛИЙГ ХҮЧЭЭР БУС ЭВЭЭР ШИЙДДЭГ гэдэг ухааныг огтхон ч амсуулаагүй юм байна.
Өөрийгөө хэн гэдгийг ч бүрэн ухаараагүй, амьдралдаа огт сонгууль өгч үзээгүй, эсвэл анх удаагаа сонгууль өгч байгаа алдрайхан жаахан хүүхдүүд, борвиныхоо баасыг арилгаж чадахгүй, эцэг эхээ ч олигтойхон хайрлаж чаддаггуй ухамсар дутуу, ухвар мөчид залуучуудыг турхирчихаад ард нь сууж байгаа тэр эрхмүүд бидэнд ардчилал гэдгийг заасан гэж бодхоор ой минь гутаж, дур минь тасармаар....
Тэр их гал тавьж МАХН-ын байр, Соёлын төв өргөө, Хүүхдийн номыын сан, Дуурийн театр, Хас банкны байрыг шатааж, эвдэлж, сүйтгэсэнээрээ та нар МАХН-ыг хохироож байгаа юм уу... арай алсыг харж, холыг сэтгэж болсонгүй л юм байх даа. Тэр байранд түрээсээ төлж үйл ажиллагаагаа явуулдаг бидэнтэй л адил жирийн иргэд, аж ахуйн нэгжүүд, ОУБайгууллагууд яах болж байнаа... Уран зургийн галларейд байгаа ахин давтагдашгүй тэр олон уран гартнуудын бүтээл яах вэ.... өч төчнөөн мянган хүүхэд багачуулд зориулсан, он цагийн түүх, хуучны тэр ном бичмэлүүд хаачив... замын хажууд зогсоолд тавьсан жир иргэдийн унаа тэрэг, олон мянган цагдаагийн биеийн гэмтэл, амь насаа алдсан иргэд, эд хөрөнгөөрөө хохирсон ард иргэд.... хэн тэднийг хохирлыг барагдуулах вэ....Батзандан уу... Магнай юу... Элдэгбэрж эсвэл Жаргалсайхан уу.... Өгөр толгой царайлсан өөдгүй тэр амьтад жагсаалд оролцсон өөрийн толгойгүй хүмүүсийнхээ дунд байсан юм уу... Цагаан хоолойгоор өгөршсөн биеээ далдалж, утсан улаан амиа хоохойлж турхираад л сууж байснаас тэд өөрсдөө гар бие оролцсон юм уу.... харсан уу тэднийг, үзсэн үү та ....
Үнэндээ уур минь хүрч, ухаан минь чичирч, гар салгалаад бичих гэтэл сэтгэл төвдөхгүй байна. Өнөөдөр улс эх орныхоо ард түмнийг ингэж доромжилж, уландаа гишгичихээд БИ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ, ҮНЭНЧ ШУДРАГА, АРДЧИЛСАН ХҮН гэж хэлэх эрх дээр дурьдсан тэнэг толгойнуудын хэнд ч байхгүй.
.... Өчигдөрийн хувьд би МАХН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд С. Баярыг үнэхээр биширсэн. АН-ын тэнэг толгойнуудын хэлсэнээр тэр хүн хор найруулсан байж болно. Хуйвалдаан байгуулсан байж болно. Гэхдээ тэр хүнээс гарч байгаа шиг уужим сэтгэл, ухаалаг тэвчээр та бүхнээс гарах уу... гаргаж чадах уу даа... аа мэдэхгүй. Надаас лав гарахгүй юм билээ. МАХН хэмээх нэгэн том өрхийн тэргүүн, өөрийн гэрээ шатаалгаж байгааг харах үнэхээр элэг эмтлэм. Улс төрийн нам бус өрх айл гэж бодход... та өөрийн гэрээ шатааж байхыг хараад тийм тэвчээр гаргаж чадах уу.... Аа гэхдээ тийм тэвчээр гаргасанаараа ухаантай, ухамсартай, жагсаалд оролцсон өөрийн ухаангүй тэнэг толгойнуудаас түм илүү, эгэл жирийн ард түмэн дундаа илүү их хүндлэл, бишрэлийг төрүүлж чадсан гэдэгт би бүр илүү итгэлтэй байна. хэрэв тэр АН, Батзандан, Элбэгдорж, Магнай, Жаргалсайхан нар шиг авирлаж, юу юугүй цэрэг зэвсгийн хүчээр энэ бослогыг дарсан бол яах байсан бол.... тэр чадах л байсан. Гэвч тэр тэгээгүй шүү. Хэнийг ч хохироож, хэнийг ч амь насыг нь үрэхийг хүсээгүй. Эв журмаар, эвийн аргаар шийдвэрлэх гэж хүссэн. Хэний төлөө вэ. Зөвхөн өөрийнхөө төлөө юу...
Би насан хэвийж байгаа эцгийгээ хараад өрөвдөж суулаа. Насаараа намын гишүүн байсан энэ хүн.... бүх үйл хэргийг нь дэмжиж, хувалдаанд нь оролцож, хорыг нь найруулалцаж яваагүй л хүн дээ миний аав. Төрдөө итгэж, төрдөө залбирч явбал, хүн өөрөө үйл хэргээрээ ариун, зөв санаатай явбал амьдралд аяндаа бүтэхгүй зүйл байхгүй болно гэсэн чин санаатай л хүн... Биднийг ч ийм хүмүүжлээр хүмүүжүүлсэн хүн гэж боддог юм би. Телевизээр гарах дүрсийг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэж, гар нь үл мэдэг чичэрхийлж, үг дугарч чадахгүй толгой сэгсэрч суугаа аавыгаа хараад энэ хүнийг ингэж байх ямар хэрэг байнаа, муу юм болохвй дээ гэж дотроо битүүхэн түгшүүртэй үдшийг өнгөрөөлөө...
Би үнэндээ хэлэх гэсэн санаагаа бүгдийг бичиж чадахгүй юм байна. Яагаад ч юм  18 жилийн тэртээ, тэнэг толгой Элбэгдоржтой нийлж ардчилалыг эх орондоо авчиралцаж байсан, өчигдөрийн үйл хэргийн эсрэг саналтай байсан, Ардчилсан намыг дэмжигч бус, Жинхэнэ Ардпчилалыг дэмжиж байсан тэр олон зуун хүний сэтгэл зүрх, итгэл найдвар, хичээл зүтгэлд харамсах сэтгэл төрж байна. Тэд өнөөдрийн ийм бузар булай, бусармаг, хүчирхийлэлтэй, увайгүй ардчилалыг авчирахаар нойр хоолгүй зүтгэж байсан гэж үү.  Үндсэндээ энэ бол АРДЧИЛАЛ БИШ МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫГ УХВАР МӨЧИД ҮЗЭЛ БОДОЛ.... АРДЧИЛСАН НАМЫГ ДАЛБААН ДОР НАМИРСАН ИРГЭНИЙ ЭВСЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ӨЧҮҮХЭН ҮЗЭЛД САНАА, ҮЙЛ ХЭРГИЙН УРШИГ.
Би Монголын Ардчилсан намыг бус жинхэнэ утгаараа хөгжих ёстой Ардчилсан үзлийг дэмждэг. Гэвч өнөөдөр, сонгуульд Ардчилсан намын, Иргэндийн эвсэл холбоодын ийм увайгүй, хүн чанаргүй, ичих нүүргүй юмнууд /хүн гэж хэлэхэд хэцүү асангдав/ ялаад гараад ирсэн бол.... Ёстой л хаана амьдрах ёстойгоо мэдэхгүй болох байж. МАХН ялсан ч болж.....
Одоо яах уу.... Өглөө та ажилдаа ирэх гэж бусад өдрүүдээс илүү их цаг хугацаа зарж, илүү их эд эсээ үрэгдүүлж, хотынхоо гол цэгт орших үзэмж төгөлдөр барилга байшингийн туурийг хараад ямар байна даа. Ийм ардчилалыг бид хүлээж байсан юм уу. . Ийм их гарз хохирлыг амсах ёстой юм уу....
АРД ТҮМЭН МИНЬ АРДЧИЛАЛЫГ ХҮСЭЭД БАЙГАА БОЛ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЭРХ ҮҮРЭГТЭЙ НЬ ХЭРЭГЖҮҮЛЬЕ ДЭЭ. ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, АРДЧИЛСАН НИЙГЭМТЭЙ УЛС ЭХ ОРОНД ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ Л ДАА. МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМЫН БАРИМТАЛДАГ УВАЙГҮЙ ҮЗЭЛД БОДЛООР ӨӨРИЙГӨӨ ХҮЛЖ, ХҮН БИШ АМЬТАН БОЛЖ ХУВИРАХ ХЭРЭГ БАЙНА УУ ДАА. ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙЖ, ХН ШИГ АМЬДРАХ Л БИДНИЙ ЧИН ЗОРИЛГО БИШ ГЭЖ ҮҮ....
Сэтгэл үнэндээ өвдөж байна... иш ийм хүмүүсийг төрийн толгойд гаргах гэж зүтгэх хэрэг байсан ч юм уу даа....

Jul 1, 2008

МАХН vs АН ба бусад

Сонгууль.... Сонго тэгээд уйл гэж үгний товчлол гэлүү.Тийм ч болохоороо ард түмэн минь уйлаад эхэлчихэж байгаа нь энэ гэж үү...
Сонгуулийн үр дүнгийн талаар миний бодол та бүхнээс арай өөр. МАХН-ыг уухайлан дэмжээд, улаан фен царайлаад байгаа юм биш шүү. Зөвөөр ойлгоорой. АН-ыг болоод бас бус жижиг нам, эвслүүдийг ч дэмжээгүй. Сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэс л би саналаа өгөхгүй гэж тодорхой шийдчихсэн байсан. Учир нь надад нэр дэвшсэн хүмүүс бүгд л нэг л зүйл дутуу юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Магад чи өөрөө тийм мундаг, бүх зүйл нь бүрэн бүтэн, төгс хөгжчихсөн, ухаантай хүн үү гэж та асуух л.... Үгүй би тийм төгс төгөлдөр хүн биш. Тийм ч учраас өөрөөсөө төө, хуруу, алд, дэлэм илүү хүмүүсийг, өөрөөсөө хамаагүй илүү ухаантай, боловсролтой, төрийнхөө төлөө намаараа түрий байрьдаг биш жинхэнэ эх оронч сэтгэлээ зориулж чаддаг хүмүүсийг төрийнхөө толгойд гаргах гэж та бид сонгодог шүү дээ. Хэрэв бид тэднээс илүү байсан бол өөрсдөө нэр дэвшиж байж болох л байсан. Үгүй гэж үү.
Ардчилсан намыг ахлах ангийн хүүхэд ч үл хууртмаар инээдэмтэй, өрөвдөлтэй сурталчилгаанууд, МАХН-ын 1 сая 500 мянгын банталт, бусад жижиг сажиг намын эх орныхоо төлөө юу хийсэн нь ч мэдэгдэхгүй, хэн ч үл таних нэр дэвшигчид, учиргүй их хариуцлага тооцож, яллах гэсэн хорсол занал.... энэ бүхэн хий хоосон, худал хуурмаг... Та нарт тийм сайхан сэтгэгдэл төрүүлж байсан уу. Надад лав үгүй. Бүр өрөвдмөөр, узэн ядмаар, жигшмээр байсан.
Анхнаасаа л намууд Ард түмний минь сонголт асар шудрага билээ, та нарын минь сонголт хамгийн зөв нь гэж уухайлан хашгирцгаачаад адаг сүүлд нь ямар ч баримт баталгаа байхгүй зүйлээр түрий барьж ард түмнийхээ сонголтыг уландаа гишгэж, НЭР ТӨРТЭЙХЭН Ч ЯЛАГДАЖ ЧАДАХГҮЙ.... СУРААГҮЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС гэдгээ алхам тутамдаа харуулаад байгаа нь эмгэнэл.
Үнэхээр би тэр баталгааг нь хармаар байна. АН-д, Иргэний эвслүүдэд өгсөн саналыг МАХН яаж өөртөө шингээснийг нь мэдмээр байна. Хэн өнөөдөр яг баталгаатай тэр бичлэг, сэлт баримтыг харуулсан юм бол. Тийм зүйл бидэнд байгаа. СЕХороонд өгнө... жагсаал цуглаандаа ашиглана” л гэх... хаана байна. Эсвэл би хараагүй өнгөрчихсөн байх.
Сонгууль болохоос өмнө л “ийм бохир, заваан арга ашиглах байх, Үүнээс бид урьдчилан сэргийлж байна, тийм ч хяналт, ийм ч шалгалт хийх болно” гээд л байсан хаана байна. Үнэхээр л бохир заваан аргаар МАХН ялчихлаа гэж байгаа бол өнөөх л сүр дуулиантай нэр дэвшээд байсан асар их ярих чадвартай хүмүүс маань тэр олон арга хэмжээгээ авахгүй яасан юм бол. Эндээс би МАХН-н ялалтанд хэрүүл зарга хийж байгаа хүмүүс бол хэлж чаддаг, хийж чаддаггүй хүмүүс юм гэж дүгнэж болохоор л... иймхэн зүйл дээр хийж чадаагүй хүмүүс улс эх орныхоо төлөө хийж чадна гэж үү. Итгэл төрөхгүй байна.
Иш чааваас даа... ард түмнээсээ шигшигдэж, эрдэм мэдлэг, хийж бүтээснээрээ хавь илүү хүмүүс гэж ийм хүмүүс байсан юм бий вий... НЭР ТӨРТЭЙХЭН ШИГ ЯЛАГДАЖ СУРАХСАН ДАА. АН-д 10 хүн тутмын 7 нь санал өгсөн гэх... Батзандангийн саналыг Батбаяр дээр тоолсон байна... Ер нь би хэнд санал өгсөнөө үнэнээр нь хэлж байгаа гэдгийн хэн батлахын. Тэгж л хэлсиймдаа, тэр худлаа яриагүй л байсан даа гэж хэлээл баталчих юм уу. ..... тэр олон нам намын ажиглагчид сонгуулийн хороон дээрээ юу харж байсан болжийнааа..... үнэхээр тэнэг тэнэг гэхэд дэндүү гоёдмоор тэнэг үйлдлүүдийг санаанаасаа зохиогоод л сенсаацилаад байх юм.
Магад өнөөдөр МАХН ялаагүй байсан бол тэд яах байсан бол... Эдгээр өрөвдмөөр шалтаг шалтгаан тоочин хэрүүл зарга хийж байгаа хүмүүс шиг ааш авир гаргах байсан болов уу. Мэдэхгүй юм даа. Нэгэнт л өгчихсөн санал. гарчихсан үр дүн....
Аль ч нам гарсан идэж ууна. Хэн ч гарсан хувийнхаа эрх ашгийн төлөө хумсаа ч болов хөдөлгөнө. Тэр бол бидэнд ойлгомжтой, ил тодорхой зүйл. Тиймээс одоо гарч байгаа хүмүүсийг намынхаа төлөө хэт туйлшралгүйгээр, хувь хүнийхээ эх орноо гэсэн сэтгэл зүрхээ түлхүү гаргаж, төр засгаа барилцахад нь бид өөрсдөө зөв, ухамсартайгаар иргэнийхээ үүргийг биелүүлэн оролцож, хамтран төрөө засалцаж, түвшин олноо төвхнүүлэх ямар арга чарга байна гэдэг тал дээр илүү анхаараасай гэж бодож байна.
Тиймээс би энэ олон хэрүүл зарга хийгээд байгаа хүүхэд шиг томчуулд хандаад өөрсдийгөө дахин нэг хар, ухаар.... энэ удаад чадаагүй бол дараагийн удаад бэлтгэ. Дутуу бүхнээ гүйцээж, мэдэхгүй бүхнээ мэдэж аваад, дахин оролдоосой гэж хэлмээр....
ЯЛАГДАЖ СУРНА ГЭДЭГ ЛИДЕР ХҮНИЙ НЭГ ЧАНАР ГЭЖ БОДДОГ ШҮҮ.... үгүй гэж үү....