Jul 29, 2010

Хүссэн хүсээгүй....

Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг
Үй түмээрээ бужигнан
Үхэл амьдралтай тэмцэлдэн
Үймэлдэн гүйлдэж байна.... 

Сэтгэл минь....

Үнэн худал хоёрын завсар
Үйл учрал хоёрын дундуур
Үйж шиврэх бороо шиг л 
Үерлэн асгарч байна ....

Бодол минь......

Үүлээ хураасан тэнгэр шиг
Бараантан дүнхийж
Бачууран цухалдаж
Үелзэн хотолзож байна

Санаа минь....

Jul 26, 2010

Бачимдал

Сэтгэл санаа хөнгөн мэт боловч үнэн угтаа хамаагүй хүнд... бүх л бие минь салгалаад байх юм.... хүндэрсэн сэтгэлээ даахгүй... холбирсон зүгт нь найгаад байх шиг...
Хүчлээд ч болов мөлхөөд, мөлхөөд ч болов урагшлах хэрэгтэйн учир л би хөдөлгүүр юугаа ажиллуулж байх шиг...
Өглөө бүрийн нарнаар өндийж босдог тэнхээнээсээ өөрийн мэт хэн нэгэнд хугасламаар... Үл мэдэгхэн жаргал ханхлуулан туяарах мишээлээсээ өрцөнд минь зай эзлэсэн хэн нэгэнд хагасламаар...

Чаддаг зүйл минь давчдаад... чадахгүй гэдэг нь дийлээд.... хүн хүнээс аврал эрэх....

Цэцэг цэцэг дамжин жаргах цэнгэлтэй зуны эрвээхэйд атаархах...

Jul 19, 2010

Хүлээлт


Үл үзэгдэгч хүлээлт юм бүхэн дээр үүсээд байх шиг... Хэн нэгнийг ирэхийг хүлээж, аливаа юмсыг тохиолдохыг хүлээж... аль эсвэл бүр гэв гэнэтхэн гайхамшиг учрахыг хүлээнэ... ил биш ч далд хүлээгээд л.... хүлээгээд л.... хүлээсэндээ өөрөө орооцолдсоор нэг л өдөр гарахын аргагүй хүлэгдэж.... хаашаа ч хөдлөхгүй гацсан байна....

Хэдхэн үг холбохын төдийд заавал толгой мөр холбохоо ч хүлээх шиг... Хэдхэн алхам урагшлахын төдийд хоромхон ч гэлээ сүүдэр шургахыг ч хүлээх шиг...Гэтэл ямар ч нөхцөл, болзолгүйгээр... ямар ч хугацаа хоног алдалгүйгээр бүтээмээр тийм хүлээлтүүд бас үүсээд байх шиг... Би дөнгөж бодоод л хүлээж эхлэхэд бүтчихсэн байгаасай гэмээр....

хэн нэгэнд хэлсэн үгнийхээ хариуг..... эсвэл хандаж гаргасан хэрэггүй зангийнхаа шанг... хийрхэж бодсон бодлынхоо төлөөсийг... харуусгаж, шаналгасан хайрынх нь өрийг.... хэзээ мөдгүй надруу ирэхийг нь би хүлээдэг....

Дэндүү их хүлээлт биднийг дэмийрсэн тэнэг болгодог ч гэлээ хүлээхээ байчихвал би амьд яваагаа мэдрэхээ байчих юм шиг санагдах болж... Яг л бодохоо больчихвол би үхсэн байна гэдэгтэй утга нэгэн....

Jul 16, 2010

Зуны дурлал


Навчис гандаад өнгөө солихын цагт
Намайг мартдаг шиг би бас түүнийг мартана
Нарны элчинд сэтгэлээ ээж хүч аваад
Налгархан намрыг эргээд иртэл амьд байна


Хорвоо эргэлдэх хагасхан  хугацаанд
Хүслээ би зөвхөн түүнд л гэж хадгалана
Хойтонгийн зун хажууханд минь ирээд жиргэхэд
Хонгор минь наддаа эргээд ирээрэй гэж дотроо шивнэнэ...


Нэгэн зуны дурлалтай минь хамт
Нимгэлж хөнгөлсөн сэтгэл минь далдхан нуугдчихсан л...
Нэгэн зуны жаргалтай минь хамт
Нимгэн даашинз, нөмгөн цамц минь холхон хураагдчихсан л...

Jul 6, 2010

Өөр амьдрал


Өөрийн мэдэлгүй инээмсэглэл унагааж
Өдөр бүр би аз жаргалтай мэт.....
Өөртөө би дахин дурлаад
Өөдрөг бас цоглог өнгөөр аялгуу урсгах л....

Өөрийнх биш хүнийх болчихвол
Өнийн амьдрал утгаа алдчих шиг
Өнөөдөртөө л би дэндүү амгалан оршиж
Өөр хэн нэгэнд хүртэл сэтгэлээ дэвсэх л...