Aug 27, 2013

Өргөст торны болжмор

Дэндүү их дэврүүн явсан хүүхэд нас гэж ярих гэтэл үнэндээ тэгтлээ их дэврүүн явсанаа ч би санахгүй байна. Хүүхэд байхад сайхан л байсан. Яг юу нь сайхан байсныг ч би үнэндээ мэдэхгүй юм. Элэг бүтэн өсч, өлсөж зовоогүй, уранхай цоорхой хувцас өмсөөгүй минь аав, ээж, эмээ, ах эгч нарын минь хайрын үр шим биз. Гэхдээ л би буцаад хүүхэд болохсон гэж тун чиг цөөхөн боддог. Одоо бол бүр боддог ч үгүй. Аав ээжийгээ буцаад залуу болохыг, эмээгээ дэргэд минь инээмсэглээд суухыг харах нь дулаахан сайхан, таатай л даа. 

Надад тийм хүчтэй мөрөөдөл байгаагүй юм байна. Онцлоод суралцдаг хичээл ч байгаагүй. Бүгдийг нь оронцоглодог байсан санагдана. Тооны хичээлд дургүй, монгол хэл уран зохиолыг хийх ёстой л гээд ойлгоод хийчихдэг. Физик, хими үнэндээ надад юунд ч хэрэгтэй байсан юм бүү мэд. Орос хэл бол бас л сурах хэрэгтэй. Ер нь сургуулиа төгсөхөд бүх хичээлүүдийг заавал сурч, эвтэйхэн дүн авах хэрэгтэй гэж бодож л сурдаг байсан юм шиг. Их дээд сургуульд тоонд дургүйгээсээ болоод л хэлний сургууль сурсан. Тэнд ч бас оромдож л сурсан. Зүгээр төгсөх л гэж сураад байсан юм байна. 
Амьдралын хэмнэл дэндүү тэнэг, нэгэн хэвийн, өнгөцхөн  хүсэл мөрөөдөлтэй...уйтгартай нэгэн байжээ. Одоо ч тэр хэвээрээ байгаад байх шиг. 

Өөрчлөгдөж, хөгжихийг хүсэхгүй, өрөөл нэгэнтэй хүсэл мөрөөдлөө хуваалцаж, жаргал зовлонгоо ч нэгтгэх чадваргүй. Түгжигдмэл, Хайрцаглагдсан,  Нэг л их "ниснэ дээ, ниснэ..." гэж ярьсан сүлжэ торонд хэрэгдсэн уйтгарт болжмор... Болжморыг торонд хийж тэжээдэг хүн ч гэж хэн байхав. Би өөрийгөө л торлосон хэрэг.

Өргөст торны шувуухай гэдэг кануг яагаад тэгэж нэрлэсийм бол... хайртай хүнтэйгээ хамт ч байж чадалгүй, өөрийнхөө хүслээр мэт боловч бурханыхаа тааллаар сахил санваартаа хуурамчаар үнэнч явсан тэр ламыг хэлээд байсан ч юм уу... бурханаас нь салгаж авч чадаагүй, сэтгэлээрээ жаргаж чадаагүй тэр бүсгүйг хэлээд байгаа юм уу.. би бас л ойлгоогүй юмсанж. 

Ер нь би өөрөө өөрийгөө торлосон, онцлох гэгээн туяа үгүй... уйтгартай, дуугүйхэн болжмор юмсанж...