Feb 15, 2012

нэг л сайхан



Сэрэл мэдрэмжээ сүвлээд хатгамал урлаж
Сэвсийсэн цагаан үүл мэт хөнгөн дүрс мэтгээд
Санааны булан дахь мишээлийг царайдаа дусаагаад
Сэтгэл хөнгөн, бодол нимгэн... нэг л сайхан...

Өдөр өдрийн чиглэлийг өөр тийш нь залаад
Өнөөдөр л би хаа нэгтээ дэгдчихье л дээ
Өөрөөсөө өөрийгөө харамлалгүй элбэг байж
Өр нимгэн бүсгүйн дүрээр үлдчихье л дээ... ганц удаа

Feb 13, 2012

Хоромхон зуурт зүүдэллээ би
Хойд насаа л хайгаад байх шиг
Хоёр нүд зогсоо зайгүй гүйлгэнэн эргэлдэвч
Хий хоосноос юу ч үгүй л шогшуулан буцна



Булан л тойрчихвол сэтгэл амраад
Бүлээхэн хайр тосоод авах мэт яарна
Банзлын хормойг туштал алхавч
Бодолтой минь эсрэгцээд булан зугтаана



Бодол минь буланг мөшгин хөөгөөд
Булан бодлоос минь мяралзан зугтсаар
Даруй таван хором асар завгүй өнгөрчээ
Даанч би ядраад байна... Дараа үргэлжлүүлье дээ....
Унтаа сэрүүний хооронд орон гаран сэлгүүцэн
Уруулд жирэлзэн мушилзах инээмсэглэл тодорно.
Урьд хожидын нүгэл буяныг зүүдэн завсраа дэнсэлж
Угаас би дэндүү баян бас туйлын ядуугаа мэдэрнэ...

Feb 10, 2012

Дурлахсан...

Арван наймт шиг бас анхных шигээ дурлахсан
Аашаа цалгиан хөөрч догдлоод бас уйлахсан
Алаг хорвоог аз жаргалын инээдээр будах
Алдаад бас гунихын тэр л амтыг мэдрэхсэн...