Sep 15, 2010

Зурвасхан

Нэг л их гуниг надаас урсахдаа навчсыг гундаах шиг
                                                             алаг хорвоо өнгөө шаргалтуулна
Нэг л их гуниг намраас ундрахдаа намайг хөглөх шиг
                                               амьсгал юуг минь жиндүүхэн савсуулдаг
Нэгэн намрын гуниг сэтгэлийг минь цэнэглэж 
                                                                        ахуй дор оршин байлгадаг
Намар намрын хөг бодлыг минь дүүргэж 
                                                              амьдрал дунд баясган хөөргөдөг

Sep 10, 2010

гирэвшээд...

Дандаа л үгүйлдэг намрыгаа 
Далласаар, намирсаар ирэхэд нь
Дальдчиж нэг л гирэвшээд 
Даанчиг дасаагүй сэтгэл шиг
Дөлж бүдгэрэн дүрс замхарна...


Дурлал хайрын сэтгэл минь 
Дундарч нэг дүүрч нэг мэлтэлзэхэд
Дутуухан дуулсан хайрын аялгуун үргэлжлэл 
Дуулах хоолойд минь гацаж тээглээд
Дундаас цааш урсаж нэг л дүүлэхгүй нь....

Sep 7, 2010

Хувьсал

Орны минь хажууд жижигхэн шүүгээ байх. Шургуулгыг нь татвал тэмдэглэлийн дэвтэр ногооронхон харагдаад л... Ногоон өнгөтэй дэвтэр болохоор ногоорохооос ч яахав... Тэр жилийн тэр нэгэн өдөр найзтайгаа хамт явж байгаад авсан санагдана..... 

Эхний нэлээн хэдэн хуудсыг хальтхан эргүүлбэл эрэмгийлж бичсэн тэмдэглэл, нооргууд...гэхдээ эмх замбараагүй... магад тэрхэн үедээ өөрөө л ойлгоод авчихвал дараа нь блог эсвэл өөр зүйл дээр дамжуулан буулгахад амархан байсан биз... Тэс өөр хүн байсан мэт тэр л танил мэдрэмж үнэртэнэ... хэзээ ч билээ би өөрийнхөө хуучны тэмдэглэлүүдийг гүйлгэж уншихдаа огтоос  танихгүй хүний бичлэг уншаад байна уу даа гэж эндүүрмээр мэдрэмж төрж байсныг эргэн санах л... 

Энэ бие минь урьд нь минийх байгаад одоо хүнийх болчихсон ч юм уу... эс бөгөөс эсрэгээр өмнө нь хэн нэгнийх байгаад одоо жинхэнэ минийх ч байгаа юм уу... Эгэл биед минь заяасан ижилгүй арван хуруу минь цаасан дээр ч, цахим хуудаснаа ч бодолд минь харваж, ухаанд минь шургалсан тэр л үгсийг буулгаж байдаг үнэнч улаач минь, үүрдийн түшээ минь зөв бодлын минь зам мөрийг буруулж, андуу санааны минь алдааг өндөгөн толгойгоо дааж, өөрийн мэдлээр нууж чимэглээгүй нь л лавтай.

Өөрийгөө би танихын аргагүй болтол өөрчилжээ. Өөрөөрөө байх хүсэл минь хэтийдээд, өөрийг минь хүртэл өөрчилчихөө юу.... өөрөөрөө байх тавилангүй амьдралыг өөрчлөх гэж зүтгэсэндээ би бачуураад ингэтлээ хувираа юу.... Өчигдөрийн бодлыг өнөөдөр нэхэн санахад буруу байсан ч мэт. Өнөөдрийн санаа өнийн маргаашд ямархан байхыг би үл мэдэх... 


... Нялуун кофены амт, гашуун тамхины утаатай ханьсан хөндий биеэр минь хэсүүчлээд эргэх өдрүүдийн, эхүүн амьдралын тухай үнэнийг энэ л биед минь шингээж... ахуйд.... хувь тавилан хөвөрсөөр... хувьсаж бас өөрчлөгдсөөр....