May 26, 2010

Хүлээлт

Сүүдэргүй өдрийн бүүдгэрхэн туучаанд
Совин зөгнөж давчуухан мөрөөдчихөөд
Сэрүүхэн шөнийнхөө бодлыг эзэмдүүлж
Сэмжин хээ шиг хүлээлтэндээ нуучихдаг

Сэм сэмхэн сэтгэлд шургалсан түүнийг
Санчиганд минь дөхөх бүрт л эмээж
Салхигүй намуухан байгаа тэнгис далай
Сэрчигнэн... зүрхтэй минь хамт цохилохыг хүлээнэ....

May 18, 2010

зүүд

Зүрхэндээ мэгшихэд минь хажууд байгаад л
Зүүдийг минь манаж, сэтгэлээр минь хөгжим шиг наадахад
Зүсэр бороо намжсаныг ч үл анзаараад
Зөвхөн түүний тэвэрт л би үүр цайлгаад....
Зүүд гэдэг дэндүү аз жаргалтай юм

May 17, 2010

хурыг ажихуйд...

Харанхуйд тэр ирж магнайг минь илбэхэд би сэрэхгүй ч
Хаалгыг минь шүргээд бороо дуслахад цочин өндийх шиг
Хорвоогийн амьдрал хүнийг биш намайг ийн хувиргаад
Хуй салхийг хурын чигээр даран намжаах ч шиг...

May 10, 2010

Хүнийх


Энхрийлэл хүссэн харцаа нуугаад
Эрхэлмээр санагдах хүслээ дараад
Бэлзэгээр ядамласан түүнийг мартах...  

Хоосон агаарт ухаан мансуурч
Ханхар цээж налан суухуйд
Хүний амраг алсад оршино....

May 5, 2010

Аль нь болох...


Дурлалын тухай кино үзэх бүрт л 
Хундагатай дарс мэт мэлтэлзэж байсан сэтгэл минь дундардаг...
Дурлахыг хүсэхгүй байгаадаа...
Дурлалыг хүсээд байгаадаа...
Аль нь болохыг мэдэхгүйдээ л шингэрээд байх шиг...

Хайрын тухай шүлэг унших бүрт л
Дөлгөөхөн нуур мэт цэлэлзэж байсан зүрх минь салгалдаг
Хайраас залхаад байгаадаа...
Хайрлахыг тэмүүлээд байгаадаа...
Аль нь болохыг ялгахгүйдээ л чичрээд байх шиг...

May 4, 2010

Надад...


Бэтгэртлээ санах... булангаасаа эмтэрсэн бүлээхэн намрын шаргалхан навчсыг л санаад байх. 

Өглөө наран мандахад дуртай дургүй өндийж, бүлтийтлээ гөлийж, нойргүй хоносон шөнийн адал явдлыг дурсъя гээд ч дүрслэл үгүй. 
Бүлээхэн амьсгал ханхлуулж, амьдрах ёстойдоо л амьдрахдаа цор ганцаарханаа байна гэдэг огтоос утга үгүй юм байна гэдгийг үхтлээ ойлгоно.... Аль хэдийнэ ганцаараа байхаа больчихсон болохоор...  сэтгэлд үр зулзаганууд минь хором бүрт л  уяатай оршиж... уулзах цаг мөчийг хүлээж ядахдаа өөрийгөө завгүйтүүлж, галзуурсан мэт ажиллаж, хотын шороонд дунд гадаснаас зангидчихсан хийлсэн бөмбөлөг мэт дайвалзан хөвнө. 
Ядаж л найган хаялан, газарт шингэх гэж буй навчис шиг байхыг хичнээн хүснэ... Би зүгээр л санаад байна... намрыг бас навчсыг... 

Намар надад өргүй... би ч бас намарт өргүй... Гэхдээ л би түүнээс байнга уяатай оршино гэдэг нь хөдлөшгүй үнэн болоод тогтчихож... Хавар боллоо, урин дулаан наашлаж, амьтан хүмсүүдийн уур амьсгал хүртэл гэгэлзэж байхад би... би л хавраас зугтаж... халуун зуныг алгасаад... халиурсан намрыг л хүлээнэ... Надад хаврын хавсарга, зуны халуун, өвлийн жавар аль нь ч хэрэггүй... Гагцхүү өөрийг минь мэдрүүлж, өвчүү цээжинд минь ганцаардлыг нандигнан мэдрүүлдэг намар л хэрэгтэй. Навчис л надад хань болдог тул... намууханаар өөртэйгээ шивнэлдэж, навчистай бас хүүрнэлдэх тэр л цаг мөч надад хэрэгтэй... Намар буцаад намар ирэх хүртэл би хатаж гандаад, хагдарч дуусаад...хаягдаж ширгэчилгүйхэн шиг л амьсгалахыг хичээнэ.... 
Зурагдсан пянз адил би өөрөө өөртөө ганхан л үгийг үглэнэ...

Намар...
   Намар...
      Намар...