Sep 23, 2011

...

Дотогш асгарсан нулимс минь үер болон цалгилж
Дэндүү гэмээр их харуусал тэнэж ядан сэлүүрдэнэ
Тэртээд бундан зүрхний гэрэл тодорч, хэмнэл чангарахад
Тэнхээ дуусаад, чадал шавхаад би дийлдэх гээд байна... би живэх гээд байна.... 

Sep 15, 2011

...


Навчсын судсаар ногоон цус урсахаа байж
Миний дотор орших сэтгэлийн хайр цөхрөхийн цагт
Намар эртийн сэрүүнээр ухааны буланд гуниг хуралдаж
Магад чамаас хойш хэн ч байхгүй гэж чимээгүй тангараг шивнэнэ...


Тэнгэрт шаргал туяат үүлс бургилж жавар буцалгана
Тэртээд чиний гэх ертөнц алслан жим дурайлгана
Зүрхэндээ би зуу зуун шархтай ч гаслаж үл чимээлээд
Зөвхөн өөртөө л зориулж аягүй дуу гэнгэнэж, хэмнэлгүйхэн бүжнэ...


Чамайг би явуулаад бас өөрийгөө чөлөөлөөд
Чинагшлан одох амьдралын хүрдэнд саад үгүй эргэлдээд
Намартай хамт гундах навчистай бас надаас зугтах цаг хугацаатай 
Нэгэн дурсамж тээгээд чамайг бас чөлөөлмөөр л....

Sep 9, 2011

байнаа байна...

Ганц нэг үг ээрүүлдэж
Гарцаагүй би огт өөрөөр амьсгалаад
Гацах, түгдрэхийн завсараар
Гадаа намар ирээд шаргал дуу аялсан байна...

Хоёр гурваар алхам огтолж
Хорвоог би туучиж, барж дуусгахаар
Хормоос хоногт сунах багцаагаар
Хөөрхий навчис хөгширч эхэлсэн байна....

Sep 1, 2011

...

9 сарын 1. 
Энэ өдөрт бэлтгэж жил бүрийн 8 сарын 31-нд зуслангаас бууцгааж, хотынхоо байранд бужигнаад л... платье, форм, трико үсний боолт, зүүлт, цүнх, алчуур, дэвтэр ном, үзэг харандаа гээд л нийгэмших үе шат бүхэнд хэрэгтэй, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлсийн нэрс аманд дэндүү ойрхон оршиж, хэлэгдсээр өдөр дуусч, өнөөх л хамаг бүхний эхлэл мэт 9 сарын 1 болж бужигнаан, бэлтгэлд төгсгөл тавигдана. 
Энэ жилийн хувьд ч онцын ялгаа байсангүй. Бэлтгэл хийгддэгээрээ хийгдэж, өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч, өглөө болдгоороо л боллоо. Том охин өглөө эрт сэрээд л, сургуулийн нээлтэнд явна гэж байсан боловч, бэлэн ам, шалдан гуя гэгч нь болж, унтах нойр, дулаахан хэвтэр нь илүү үнэтэй санагдсан бололтой сэрсэнгүй. Багыгаа хувцаслаад л, гэрээс гарах гэж байтал том охин өндийж харсанаа "Чи ээжтэй явах гэж байгаа юм уу?" гэж дүүгээсээ асуугаад "Тийм" гэсэн хариултынх нь араас "гэхдээ дуун дээр ээжтэйгээ хамт явдаггүй л юм байлээ шдээ..." гэж хэлсэн. 
Үнэндээ голруу ямар нэг зүйл хатгана гэдгийг өнөөдөр өглөө л мэдэрсэн. Үрдээ гомдоод би хаа холдох вэ дээ. Гэхдээ л ээжээсээ өөр дагуулаад явах хүнгүй гэдгийгээ мэдсээр байж тэгэж хэлэх ухаан хаанаасаа гаргаад байгааг нь гайхсан... Өөр хэн нэгэнтэй явахыг хүссэн сэтгэлийг нь би гүйцэлдүүлж чадахгүйгээс хойш... 
"Миний охин өөр хэнтэй явах гэсэн юм бэ?" гэсэн асуултанд минь хэн ч хариулсангүй. өчүүхэн сэтгэл зүрх минь эмзэглэсэн гэдгийг гэрт байгаа хүмүүс анзаарсан ч юм уу, мэдэрсэн ч юмуу би мэдэхгүй... ямар ч л байсан би өөрөө мэдэрсэн....

Энэ жил нэг нь, ирэх жил бүр 2-лаа нийлээд ингэж асуух эсэхийг нь би мэдэхгүй шүү дээ. Би ширэн нүүр захиалмаар байна....