Mar 28, 2011

Нууц...


Хүн бүрт нууц байдагтай хэн ч маргахгүй. Гэхдээ тэр нууц гээд байгаа зүйлээ дор хаяж л нэг хүн хэлсэн байдаг даа. Огт хэнд ч хэлээгүй эсвэл бүр өөрөө санахаас ч зүрхшээмээр тийм нууц байдаг болов уу? 
Яагаад ч юм ойрд дурсамж гэхүү, хар дарсан зүүд гэхүү нэг бодол огтоос салахаа байлаа. Юуны учир санагдсаныг ч би мэдэхгүйм. Зүв зүгээр л байжийтал бодогдоод л эхэлсэн. Гэхдээ тэр дурсамжийг надаас өөр хэн ч мэддэггүй гэдэгт би бат итгэлтэй байдаг. Таатай биш ч бас худлаа байгаасай гэж би үнэн голоосоо хүсдэг. 

Зүгээр л би хар дарж зүүдлэсэн байгаасай.... Тэр бүхэн худлаа байгаасай гэж... сэтгэлээ нэг амраахсан...

Mar 22, 2011

Цаг агаар, улирал солигдож байгаатай огт хамааралгүйгээр, зүгээр л  боломжийнхоо хэрээр, чадлаараа, өчүүхэн зүйлээр ч болов өөрийгөө өөрчлөх хүсэл минь илүүтэй их оргилсон үе байна гэж...
Үнэнч, сэтгэлтэй зөвлөгч нар надад байнаа. Тэдний зөвлөгөө чиглэл огт буруудаагүй. Бүх зүйлийг өөртөө итгээд, эхлэлийг нь тавьж чадахгүй байгаа надад найзын минь зоригтой, зөвлөгөө их тус болсон. Гадна төрхөндөө жаахан өөрчлөлт оруулаад, тэр нь надад илүүтэй таалагдсан болоод ч тэрүү магадгүй өөрийгөө арай өөр нүдээр, арай өөр өнцгөөс харж чадсан байх. 
Би яагаад заавал байгаатай эвлэрч явах ёстой гэж, айхтар овойж оцойсон үр дүнд хүрч чадахгүй ч бай хамаагүй би ямар ч байсан өөрийгөө дийлж чадах ёстой гэж дотроо шивнээд өмнө нь бодохоос цааш хэтэрдэггүй байсан тэр зүйлүүдээ хийж эхэлмээр, туршиж үзмээр тийм л хүсэл шуналтай нүүр тулсан. 
Хүсэл шуналдаа хөтлөгдөөд, зарим нэг зүйлийг хийгээд эхэлчихсэн хойно, дэндүү хожуухан ухаарсанаа гайхаад л... гэхдээ ямар ч байсан "Later is better than Never" гэдэг үнэн юм шиг ээ. Цаг хугацаа намайг хүлээхгүй, тэр цаг хугацааг би сөрж биш дагаж амьдардаг гэдгээ илүүтэй ухаараад ч байх шиг. Чадалтай, хүсэл мөрөөдөлтэй байгаа дээрээ би аливаа зүйлийг хийж, туршиж чадах, чадахгүйгээ мэддэг болох хэрэгтэй ч юм шиг. 
Нэгэн бодлын би өөрийгөө бага багаар нээж, таньж, өөрчлөх гэж хичээж байгаа ч нөгөө бодлын зөвхөн хязгаарлагдмал хүрээнд харъяалагдаж, түүнээсээ хамаарч амьдрахыг хүсэхгүй байгаа минь давамгайлж, тэр л хязгаарлагдмал, харьцангуй зүйлээс өөрийгөө сатааруулж байх хэрэгтэй болчихож. 
Ээж аав, үр хүүхэд, найз нөхөд, хайр дурлал, гуниг зовлон бол бидний амьдралын салшгүй нэг эд эс шиг болчихсон. Гарцаагүй үнэн. Үүнийг яаж ч өөрчилж чадахгүй. Гэхдээ 7 хоногийн 8 өдөрт нь зөвхөн эдгээр асуудлуудынхаа дунд эргэлддэг байж болохгүй юм шиг.... дэндүү хязгаарлагдмал санагдах болж. Дэндүү дураараа байх төрөлх зан авир минь илүү тодрох байх даа. 
Ямарч байсан би эхэлж чадсан. Чадал, боломжоо дуустал л энэ хэвээрээ зүтгээд үзнээ. Яг маргааш үр дүнг нь үзнэ гэж батлаж чадахгүй ч өөрийгөө өөрчлөх гэж хичээсэн өчүүхэн зүтгэлийн минь үр өгөөж тодорхой хугацааны дараа бодлын минь мэлмийд ч болсон мэдрэгдэнэ гэж найдна. 

Mar 7, 2011

Синдром

Хамаг бүхэн хоосон утгагүй санагдахын үед хэнээс ч юм , юунаас ч юм зугтах цаг минь ирсэнийг би мэдэрдэг. Хаашаа ч хамаагүй, харц шидэлсэн зүгтээ том том алхаад, юуг ч юм бодож, юунаас ч хамааралгүй төв царайгаа тодруулж, толгой гэдгэр, мөр тэвхгэр зүтгээд эхэлдэг. 
Сэтгэлд минь ямархан дайн дэгдэж, ухаанд минь ямархан салхи шуурга босч, бороо цасан холилдсон ч би бодлоо шулуун шугам мэт цэх татаад л зүтгэчихдэг сэн...
Гэвч энэ л удаад би чадахгүй мэт... чадахгүй байх шалтаг шалтгаан минь чадах ёстойгоос хангалттай илүү байх л... Шалтгаан болгож тооцдог байсан нөхцөл байдлаас минь бүр 1000 дахин илүү шалтгаан надад хэрэгтэй мэт....


Улирлаас шалтгаалсан гаанцаардал гунигт би нөмрүүлээд, хавсаргаар чимэглэсэн инээдээр  хацраа гоёно
Уйлмаар бас хашгичмаар тийм л бачуурам мэдрэмжийг би өвөртөө тээж хорголон нулимсаа хөрстөөс харамлана
Хаашдаа надад өөр сонголт үгүйд итгэж, цээжиндээ цучил нэмж, түүдэг өрдөөд түүндээ дулаацахдаа
Хажууд минь, зөвхөн хажууд минь л бараа нь тодрон алхаж байвал би илүү амьд мэт, бодит мэт....