Dec 15, 2009

Намуухан...


Бодлын буланд бороо цутгахуйд
Бараан үүлс захаасаа нимгэрч гуниг хөөгөөд л...
Сэвэлзэх салхины эрч нь суларч нам гүмхэн сийгэхүйд
Сэтгэл хүртэл давалгаа нь үгүй тэнгис мэт налайгаад л...

Nov 23, 2009

Зам

Зүүдэнд минь тэр дэн барьж гэрэл гаргаад
Зүр улаан цэцгийн талбай дундуур зам заадаг
Хүүхэн бодлын минь мухарт хүж асаан үнэр анхилуулж
Хүмүүний амьдралын зөрөг замыг утаа тийш нь хөтлөдөг...

Nov 21, 2009

Бүсгүй...

Би заримдаа хязгааргүй ихээр санадаг...
Бодол болоод санаагаа эмэгтэй гэдгийг мэдэрдэг
Бүхий л орчлон хайраар гэрэлтэх цагт
Бие болоод зүрхээрээ бүсгүй гэдгээ анзаардаг...


Бүжгийн даашинз өмсөөд л бүсгүй гэвэл худлаа
Бүүвэйн дуу аялаад л эмэгтэй гэвэл дутмаг


Бүрэнхий үдшийг гэрэлтүүлэх бүлээн дулаан сэтгэл
Будант орчлонг дулаацуулах ариун цагаан хайр
Буцах насны төгсгөл дэхь сэтгэлд дотно дурсамж
Бүсгүй бодлыг тэлж эмэгтэй ухааныг чимдэг гэлтэй...



Nov 16, 2009

Гээд л тэр....

Зовхи минь бие биенээ эрэн тэнүүчилж
Золгуут хийн наалдчих гээд л... тэр
Нүд минь нарнаас дөлж сэмээрхэн зугтаад
Намайг унтуулж хүслээ гүйцээх гээд л.... тэр

Зүрх минь хүчтэй лугшиж булгилаад
Зөрүүд орчлонгийн нүглийг надад мэдрүүлэх гээд л... тэр
Нулимс минь огцом хатаж ширгээд
Нүгэлт орчлонд дусал унагахаар юу ч байхгүйг мэдүүлэх гээд л.... тэр

Хажууханд минь суучихаад мөр алгадах нөхөр минь
Хавирганы минь цаахнуур сүлбээрээр хатгаж дүр эсгээд л.... тэр
Нөхөрлөл болоод үерхэл ярьсан улаахан уруул нь
Нөмгөн, нимгэн дээл шиг минь сэрүү татуулан жиндүүлээд л.... тэр

Nov 10, 2009

Хүлэгтэй бадарчин

Хүлээснээс мултарч хүлээсэнд баригдах
Хүний амьдралын асар их ээдрээнд багтарч
Хэн нэгний орон зайд тэнүүчлэхдээ
Хэсүүлчин тавиландаа эвлэрч уусах шиг...

Nov 8, 2009

Санаа алдах л...

Эгээ л би ээжээ даган дэгдсэн
Эрээн даашинзтай охин болчихсон мэт хөнгөн...
Энэ л бодол санаа минь агаарт хөвсөн
Эрээн далавчит эрвээхий мэт ганган...
Эгэл хүмүүний зүрхийг ингэтлээ ихээр догдлуулсан
Эр зоригт баатар мэт түүний араншин
Эмэгтэй биеийг олж хорвоод мэндэлсэн
Эхнэр байхын тавилангүй намайг ихэд догдлуулах л....

Санаа алдах л....

Nov 6, 2009

Чулуун толь....

Чимчигнэсэн мэдрэмж бүхэн чихний гүнд чимэг мэт цохилоод л...
Чиний гэх бүхэн чигжээс мэт л... эд эс бүхэнд шургална
Чулуун хана хажууд бас урд чийг татуулан ханхайгаад л...
Чимэг зүүлтээ зүүсэн чухам дүрийг минь толь мэт тусгана

Nov 4, 2009

Амт...

Аргадах аргадуулахын амт нь гашуун бас исгэлэн

Амьдрал хэмээх шөлний давс нь ихэнхдээ шорвог

Айдас болоод хүйдсийн нялууныг үл тоосон ч

Аргагүй цаг хугацааны чихэрлэг өнгөнд дурлана...

Oct 31, 2009

Бодож суув...

Босго давахын зуурт хамарт сэнхийтэл үнэртдэг тэр танил үнэр байхгүй.... байсан. Бүр зүсэм байтугай, хумсын толион чинээ ч үлдээгүй байсан.

Сайн болоод саар бүх дурсамж сэдрэв. Орохгүй бас очихгүй гэж бодсон юмсан.... Даанч өөр арга зам байхгүй байсан болоод л тэр байх. Ороогүй бас очоогүй бол гомдох байсан. Гомдоохгүйн тулд дурсамжаа сэдрээж, зүрх сэтгэлээ өвтгөх юу ч биш. Хүн гэдэг сэтгэлийн л амьтан.....



Нуруунаас хүйтэн салхи сийгээд....
Нулимс дуссан шалнаас нойт, чийг даагаад л....
Нэг л намар тэгээд бас хаврыг үдсэн миний амьдралын буланд
Намрын наран шиг ээх элч нэгээхэн бээр ч үгүй... нисэн оджээ...

Oct 30, 2009

Амьдрал...


Амьдрал хэмээх жүжгийн тайзан дээр
Амьсгалаа тасартал тоглохоос хойш
Өөрөөрөө л тоглож байвал
Өрөөлийн дүн надад чухал биш...

Oct 29, 2009

Гайхаад л...


Гэзэг минь ширхэг ширхэгээр цөөрөөд л
Гэгэлгэн бодол минь түүний зүг нисээд байх юм
Гараа даллаад, инээмсэглэл тодруулаад ирэхгүй шүү дээ
Гадаа гандаж, салхинд бээрээд л... юуны учир...


Нөхөртэйгээ амьдралын шугамаа салгаснаас хойш би нэг л өөр болчихож.
Ямар нэг үйлдэл хийхээсээ айдаг... Хийсэн үйлдлээсээ болгоомжилдог... Гарах үр дүнд нь харамсахгүйн тулд бүүр хаширладаг болчихож.... Нэрээ хичээснийх ч биз, нэрэлхүү зангийх ч биз. Бардам сэтгэлийнх ч биз, бачуурч гомдсоных ч биз.

Гэнэтхэн л сураг тасарсан тэр нэгэн залуугийн араас бодол минь алдуурчихаад байх юм. Зэрэгцэн сууж гараа атгалцаад, хөтлөлцөн алхангаа санаагаа би ойлгуулсан гэж санасан юмсан. Худлаа байж, буруу байж, хэрэггүй байж, дэмий байж. Тэгтлээ араас нь шаналахгүй, санаж гансраад уйлахгүй байгаа ч гэсэн яагаад, ямар шалтгаантай болоод хэл сураггүй, үгийн зөрөөгүй, мэндийн хариугүй таг чиг болсоныг л мэдмээр....

1 жил гарангийн өмнө би түүнтэй танилцсан. Хэн хэн маань амьдрал үзсэн, салж хагацахын хэцүүг мэдэрсэн... хэн нэгэнд гомдохын хүндийг ойлгодог нь ярилцах сэдэвтэй, хуучлах үгс элбэгтэй байхын эхлэл байсан байх. Түүнээс хойш бүтэн намрыг, тэгээд бас өвлийг үдсэн дурсамжинд маань тэр л торойгоод байх... Намайг жаахан охин шиг хөтлөөд л, эрхлүүлээд л... хотын гудамжаар алхдагсан. Гэхдээ тэр хамгийн сайн найз минь байсан.... "Би чамд хайртай" гэж хэлэх хүртлээ хамгаас их хань болж, түшиг болж.... уйтгарлахад минь хөгжөөж, уурлахад минь тайтгаруулж, баярлахад минь хамт баясаж байсан нь тэр л байж. Гэхдээ би түүнийг өөртөө үлдээхийг хүсээгүй юм.

Хэн нэгэнтэй дахиж амьдрал холбох биш дээ. Хүний үрийг би энд зовоогоод байх хэрэг угаасаа байхгүй байсым. Хэлээд би дийлээгүй юм. Хайртай гэж хэлэхэд нь л би сайн найзуудынхаа нэгийг алдчихсан юм шиг.... Би сураг тасарсан... тэр зориг мохоогүй... би бүр зугтаасан... тэр харин мартаагүй... гэхдээ тэр цөхөрсөн байх...

Тэр яваад удсан... тэгэхэд би санасан... харь хүний нутагт орь ганцаараа мэт л ганцаардсан.
Бушуухан очоод уулзмаар гээд чадах ч биш дээ.... хол байсан.... Сураг олдсон... сэтгэлдээ баярласан... хэд гурван үг хэлэлцээд, хаа хол, алс нутагт тааралдаад л... би түүнрүү тэмүүлж, тэр надад ойртоод байх шиг...

Тэгэн тэгсээр хуучны тэр л өдрүүд шиг хоног өдрүүдийг хамт бид үдсэн. Ирсэн гийчин буцдаг юм хойно... ажил алба дуусгаад нутаг буцсан. Харин түүнээс хойш сураг алдарсан...

Тэр надаас хариугаа авсан байх. Хичнээн олон хоног шаналж, гомдсон бүхнээ тайлахын тулд тэр намайг шаналгаж, ганцаардуулж, уйтгарлууж бас тэгээд өөрт нь хичнээн хэцүү байсныг мэдрүүлэхийн тулд тэр надаас хариуга
а авсан байх.

Харин хамгийн муухай нь би ер шаналахгүй юм. Элдэв асуудал гараагүй л бол, энх тунх байгаа бол түүнд ингэж сураг тасрах эрх нь байгаа гэж санана.

Oct 27, 2009

Owl

Ёоооооооооо бүр нойр хүрээд хэрэг алгаа. Яамаар ч юм. Хэзээний ч билээ зурхай уншиж байхад амралтаа авах бол намар амраарай гэж бичсэн байхыг хараад ер санаанд ороогүй юмдаг. Яг иймэрхүү налайсан, назгайдуухан байхыг минь мэдсэн болоод л тэгсийм байшд.

Бичлэг болгож оруулийдаа гэж байсан санаанууд бүгд л навчистай цуг хийсээд алга болчихож. Алаг цоог үлдсэн байсан хэдэн санаанууд минь барилгын гадаах орчмыг цэвэрлэдэг өвөө үлдсэн навчсийг шүүрдээд дуусахтай цуг алга болсымдагуудаа. Би ер нь тэгэж л бодоод байгаа. Инкээл өнөөх бодол санаагаа агуулдаг толгой чинь навчсаа гөвөөд нүцгэрчихсэн мод шиг л ёрдойж байна даа гэж.


Шөнийн амьдралаар амьдрах чинь дэмий юм аа. Өдөр нь унтаж унтаж шөнө нь ажилладаг бол бас ч яахав. Гэтэл өдөр нь шөнөөсөө илүү идэвхитэй амьдралтай хүн чинь шөнө нь унтах ёстой байтал... нойр хүркүйм. Хог гэж. Унтах хэрэгтэй шүү гэж өөртөө хичнээн дахин давтаж хэлсэн ч тоохгүй байшд. Энчиодоо шал балай юм. Суугаад л байна. Суугаад л байна. Хийх юмгүй мөртөө суугаад л байх юм. Унтах ёстой гэж бодоод хэвтхийн. Хэвтээд байх юм. Хэвтээд л байх юм. Хүчээр нүдээ аньж үзхийн. Хөрвөөж, тонгочооод, хэвтрээ ч сольж үзхийн. Хэрэг алга. За тэгээд л хав харанхуй өрөөндөө хий дэмий л гөлийсөн хүн. Ингэсээр байтал бие организм болоод нүд энэ тэр нь аргагүй л батарей нь дуусдымуу 3-4 цагийн үед жаахан дохиолол өгч байгаад л унтардаг юм шиг байлээ. Тэгээд л өглөө нь их ухамсартайгаар ажилдаа явах ёстой гэж бодоод л босно. Даанч яг үдийн хавьцаанаас эхлээд л нойр хүрээд байхымаа.Энэ ер нь манайхаас бусад орон өвлийн цагийн хуваарьт шилжсэнтэй холбоотойм болуу. Энэ айхтар голбаль шахуу юм ч надад юу гэж тоож нөлөөлөх вэ дээ. Болий зүгээр. тэгжаагаад л болно биз.

Яг одоо бол сайхан унтмаар л санагдаж байна. Нэг усан ор байдагшдээ. хэвтэнгүүт дайвалзаад л... бараг л дотор нь загас жараахай нь хөвөж байгаа нь харагддаг. Би ухаан орсноосоо хойш хамгийн анх хилийн дээс алхаж үзээд, Бээжин орж байсийн. Тэгээд ээжтэй цуг нээх өндөр дэлгүүр дотор явж байгаад анх тэр орыг хараад, хүүхэд юм болхоороо их сонирхож дээр нь сууж үзэхэд нэнэ таатай байж билээ. гэнэт л тэр таатай мэдрэмж санагдаад....

Тэгээд л тэр орон дээр хөвсгөр зөөлөн өдөн хөнжил нөмрөөд л, тухтай нь аргагүй шигдэж хэвтээд нам унтмаар. Сөүлмэйт-ийн бичлэгтээ бичсэн шиг Амьдралаас хэсэг хугацааны чөлөө авч байгаад л унтмаар санагдаад байна. Гэхдээ нойрыг унтаж биш сэрж бардаг гэдийм байлээ. Яадын унтаад барчуул заавал сэрж бардаггүйм байлээ шүү гээд л батлачихнашд. Ер нь унтаад барцан хүн байгаализ. Хэнд хамаатай гэж.

Сүүлийн үед хаанаас ч юм урсаж, ургаж, угсарч гарсан хэдэн үгнүүдийг минь бодит амьдралтай холбож ойлгох хүн цөөнгүй байх шиг. Бичлэг бүхэн эзэнтэй, учир шалтгаантай биш шүү дээ. Эзэнтэй байх нь байнаа. Аа тийн бас нөхрөөсөө салангуутаа л хорвоо ертөнцтэй танилцаад л, бичиг үсэг тайлагдаа л, үсэг холбож үг бүтээж, үг холбож өгүүлбэр бүтээж сурж байгаа гэж бодсон хүн бас байнаа байна.Үнэн бүхэн худал... Худлаа бүхэн үнэн... байж болох ч ... бас байх ч албагүй юм...

Oct 25, 2009

Why...

Яагаад ч юм мэдэхгүй

Яг одоо гадаа гараад л...

Янагран бүүдийх саран тийш

Яагаад гэж хашгирмаар байна....


Ягаахан уруулыг чинь мартахгүй гэж

Яваад өгсөн ч санана даа гэж

Яасан ч чамаасаа холдохгүй гэж

Яах гэж худал дурссан гэж...


Ялгуун саран мишээхэд

Ятгын эгшиг хөврөхөд

Янаглал болоод дурлалын амт чинь

Яруухан бодолд минь дурсамж төдий...


Ярвигтай энэ амьдралыг

Ягаан өнгөөр хулдан хучиж

Яваад өгсөн чиний хайрыг

Янгинан хөндүүрлэх зүрхэндээ цоожиллоо....


Явахгүй гэдэгт итгэж байсан юм сан

Ятга хөгжим зүрхэнд минь дэндүү хожуу хөглөгдсөн байж

Явган жимээр алслан холдсон чиний дууссан хайр

Яагаад надаас ингэтлээ өшөө авна вэ...

Oct 24, 2009

Шөнийн мэдрэмж

Нүдээ аньмаар байвч бас аньмааргүй... сэрчигнэх салхи.. шаржигнах навчис... шунгинах шивнээ гээд л...намуухан дөлгөөн шөнийн нэг ч гэсэн хормыг би адмааргүй...

Наран буцаад саран нуугдсан ч гэлээ түнэр харанхуйн гүнд би шөнийн амьсгалыг би мэдэрмээр... жихүүн хэрнээ зэврүүн салхи энгэрээр минь сэлгүүцээд л.... сартай хамт аялалд одсон буман оддын гялбаа алсад бүдгэрэн гялалзах л.... намар оройхон учирсан орчлонгийн энэ л Шөнө бүлээхэн хэвтэрийг минь булаацалдан хань болж хэвтэх л....

Шөнө ноёнтны шүлэг найрын онгод буухууяа.... шимтэн чагнах миний мэлмий болоод сонор баясах л... Нойрыг минь хөлөглөөд тэртээд одсон ноёнтны дагуул оддын туяагаар алсад наадах л...


Намрын шөнө яагаад ийм үл дуусах л... мэдрэмж бүрийг надад бэлэглэнэ.... нойроо би уургалан эс дуудваас нэгэн нарны дараа ноёнтон надад үл эргэх л...

Ингэж л....

.... Өөрийгөө би хайж л явна.. өөрийгөө хайж л явна... цоглог гэгч нь дуулах охины хоолой чихэнд нэг л наалдахгүй ч гэлээ дууны утга.. өөрийгөө хайх тэр л хүсэл эрмэлзэл нь нэг л танил. Хүн ер нь өөрийгөө алддаг юм болов уу? Өөрийгөө алдсаныгаа яаж мэддэг юм бол? Би хэдийнээс эхлээд өөрийгөө алдчихсан юм болоо? Яаж мэдсэн юм бол? Ар араасаа хөврөх асар олон асуултанд бодол уясаар кофегоо дууссаныг ч анзаарсангүй. Гэвч тэр охин өөрийгөө алдсандаа юунд тэгтлээ баярлан.. дуулна вэ? Гэтэл би өөрийгөө олохын бөөн хүслэн... өөрийгөө алдчихсандаа гуниж гутармаар.... Магад би урьд өмнө нь өөрийгөө хэн байсныг мэдэж байгаа учраас л одоо өөрийгөө танихгүй, хэн болсоноо ч мэдэхгүй л...


… Томоос том тасалгааны голд нэгэн бүсгүй намуухан эгшиглэх вальсийн аянд эргэлдэн бүжнэ. Өд мэт хөнгөхөн алхаа нь нуурын мандалд хөвөх сарны дүрсийг ч хөдөлгөж үл дийлэх мэт..... Бүжгийн хөнгөн хэмнэлд цагаахан даашинзны хормой урсах голын ус мэт долгилон, бүсгүйн турьхан биеийг даган мэлмэрнэ. Задгай тавьсан гил хар үс нь гарын салаагаар зөөлхөн урсах элсний торгон ширхэг мэт сэтгэлд болоод биед нэн дулаахан бас зөөлхөн... дотно...

... Ийм нэгэн уянгалаг зүүдийг минь таслан сэрүүлэгтэй цаг чангаас чанга орилох нь өглөө болсоныг, түүнчлэн 7 цаг болж байгааг илтгэнэ. Алгуурхан өндийж, цагны сэрүүлгийг зогсоогоод урьдын хэвшсэнээр цонхруу харлаа. Тансар хилэн, шаргал хөшигний цаанаас аль хэдийнэ мандсан намрын өглөөний нарыг тодхон харж болохоор.... халуун дулаан илч бүхий цацрагт нь нүүрээ наан ээж ч болмоор... тийм л дулаахан...
Шөнөжин хөнгөн бүжгийн аянд найган ганхаж, шувуу мэт дүүлэн ниссэн болохоор сэтгэл нэг л гэгэлзээд л... Гэхдээ тэр бүх торгон мөчүүдийг харж, дулаан зөөлхөнийг нь хүртэл мэдэрсэн гэхээр би тэр зүүдний хаана зогсож байв аа. Би хэн бэ?... Эргэлдэн бүжигч бүсгүй юу... эсвэл хэн ч үл анзаарамгүй тэртээ буланд зогсоод эргэлдэн бүжигч бүсгүйг бахдан шүтэгч үү....

Хамар цоргитол үнэртэх өтгөн хар кофе уунгаа амьдралын минь салшгүй хэсэг болсон компьютераа асаан, дэлхий тойрсон мэдээ мэдээлэл уншиж, өөрийн электрон шуудангийн хаяг шалган тухлав. Өглөө бүрийг би ингэж л угтдаг. Өдөр бүхний эхлэл үнээс л цааш үргэлжилдэг. Бүлээхэн шүршүүрийн дор тайван гэгч нь зогсохдоо үгээр хэлэхийн аргагүй амар амгаланг мэдэрч, биений минь эд эс бүхэн дээр унах усан дуслууд зөвхөн надад зориулж өвөрмөцөөр дусаад ч байх шиг.

Усан дуслууд хүнийг ариусгадаг байх аа. Тэд их намуухан, тайван, чимээгүй мөртөө асар их хүчийг агуулдаг шиг... Борооны, шүршүүрийн, шүүдрийн, бүр хүмүүний сэтгэлээр дамжин нүднээс урсах нулимс хүртэл дэндүү их хүчтэй бас агуу.... өчүүхэн жижигхэн мөртөө өрийг минь өвтгөж бас сэтгэлийг минь зөөллөж, чийглэж чаддаг нь гайхмаар.
... Вальсийн намуухан аяс.... сэтгэл минь тэр намуун зөөлнийг бүр дулаахныг мэдэрсэн болхоор магад тэнд бороо... бүр сэтгэлийн бодлон бороо шивэрч, тэр л бороонд би өөрөө эргэлдэн бүжиж, усан дуслууд нь биед минь шингэж байсан болохоор л би мэдэрсэн л... Асар амгалан, бүр дэндүү амар тайвныг би бүлээхэн шүршүүр дор зогсох мэт л....

Намрын нарны дулаахан илч, цацраг бүр бодлын усан дуслыг бүлээцүүлэн надруу илгээсэн байх....би мэдэрсэн байх....