Apr 12, 2011

утгагүй

Магнай даран унжих гэзэгнийхээ долгиог дагуулаад
Магад би бодлоо үерлүүлж давалгаалуулна
Маргаашийн тухайд санаа чилээхгүйг хичээж нүдээ хугаслан халхлаад
Минийх биш түүнийх байх л байсан хувь тавилангаа сул асгана....

Apr 5, 2011

Залхалт

Дотор минь шуурга дэгдээд л, дэгдээл д...  Гэхдээ  түүнийг ил гаргаж, дэмийрүүлэхгүйн тулд би дэндүү ихээр тэвчиж байгаа. Хавсарганд дайгдсан нарийн ширхэгтэй шороо тоос толгойтой гэзгэнд минь яаж шигэж, нүүрний минь хаа нэгтээ тодорч тогтсон үрчлээсний завсраар хэрхэн хургаж байгааг мэдрэх тусам би улам л галзуурмаар... 
Бүх зүйлсээс залхдаг тэр л үе ирчихэж. Тиймдээ ч хавраас илүү намрыг би хайрладаг байх. Намар дандаа л сайхан байдаг гэж хэлж чадахгүй ч гэлээ, нэг л налайсан сайхан тайван байдаг. Уур бухимдал, бачимдал хүртэл тайван байдаг. Сэтгэлийн гүнээс цуурайтаж байгаа хашгираан хүртэл цаанаа л нэг тайван байдагсан.  
Хавраас бусад аль ч үед  эхлүүлсэн аливаа үйлийнхээ бурууг, ямар тэнэг шийвэр байсныг хавар болохоор л мэдрээд байх юм. Тэр бачуурал бухимдал дотроос минь өрвөлзөж, өндийгөөд "Чи дэндүү, бүр арай дэндүү буруу зүйл хийгээд байна шүү дээ" гээд л өдөр шөнийн алинд нь ч байсан цаг хамаарахгүй үглээд, тархируу минь хэрцгийгээр чичиж, хэнгэрэгний минь амсар дээр хахирган салхи шиг шивэгнээд, хамаг биеэр минь нэг чарлаад эхлэх юм. 
Энэ л үед би бүх зүйлсээс залхдаг... Амьсгалахаас, аньсагаа нээхээс, амаа хөдөлгөөд ярихаас, толгойгоо үл ялиг гилжийлгээд сонсохоос... бодохоос, бодохгүй суухаас, буруу харж унтахаас, босож суугаад ус уухаас... болох болохгүйг түүж идэхээс, бусдыг харж залхахаас хүртэл залхдаг...
Нэг л хэвийн амьдрал намайг жинхэнэ утгаар нь алж байна.   Хүссэн хүсээгүй яг л нэг зүйлс давтагдана. Нэг хоёр цаг байтугай нэлээн хэдэн өдрийн наана цаана нь огтоос хамаагүй... ямар ч л байсан болдог цагтаа болно... нэг хэвийн хугацаагаар үргэлжилнэ... Яг л бурханаас эмэгтэй хүнд зориулан бэлэглэсэн хувь тавилан шиг л...

Бүх зүйлийг нэг л үгээр хэлмээр... Залхмаар.....


Apr 2, 2011

Синдромын нөлөөнд автах нь

Жил жилийн хавар жирийн олон хүмүүст хаврын синдром гээч зүйл сэм сэмхэнээр гэтэж, гэнэ гэнэхэнээр тохиолдож, айхтар ихээр стрээсдүүлж, дэндүү гүн хямруулдаг  л... Тэгэж айхтар хямардаг, стрээсддэг хүмүүсийн нэг нь би өөрөө байх магадлал ч дэндүү өндөр. 
Өнгөрөгч долоо хоногийн хувьд би өөрөө синдроомтоод байна уу эсвэл өрөөл бусдын синдромд өртөөд байна уу гэдгээ ч ялгах чадваргүй болж, бухимдаж, бүлтэгнэж, нээрвтэж, хямарч, хямрааж, бухимдуулж өнгөрлөө гэж. 

Ажил хөдөлмөрийн талбар миний хувьд ашигт үйлийн коэффициентээ дуустал нь шавхдаг тэр л цэг байхаа болиод багагүй хугацааг үдэж байгаа болхоор бусдын нээрэвтэх, бачимдах миний хувьд тийм ч чухал биш. Гэхдээ толгойтой бүхэн дуугайхан шиг сууж байгаа надад уурлаад, уур уцаараа цацаад байгааг бодоход асуудлын гол нь надад байна уу гэлтэй.  

Гэр орны хувьд тайвөөн тайван. Юу болоод байгаа ч мэдэх завдалгүй амьдраад байгаа болхоор арга ч үгүй биз. Ямар ч байсан өглөө гарахад бүгд байдаг. Орой ирэхэд бас л бүгд, тоо бүрэн байжийдаг болохоор элдэв асуудалгүй тайван байгаа гэж хүлээж авдаг. 

Ажил, гэрийн асуудалд миний синдром уу эсвэл бусдын синдром уу гэдэг нь ялгагдахгүй үе байдаг л юм байгаа биз. Аа гэхдээ зайлшгүй гагцхүү минийх эсвэл гарцаагүй бусдынх гэдгийг мэдрүүлэх тохиолдлууд бас байнаа байна. 

Миний синдром бол өөрийнхөө бодол дээр тулгуурлаад ургуулан бодсон тэр бүхнээс үүддэг юм шиг байгаан. Санаандгүй олж мэдсэн, сонссон эсвэл бүр зорьж мэдэрсэн зүйлээсээ ургуулан бодож тэрэндээ синдромтож байгаагаа мэдрэх. Ганц өгүүлбэрээс болж өдөр хоногууд дэндүү хурдан урсаж өнгөрөөд байгааг, залуу байгаа гэж өөртэйгээ ярьж  тохиролцсон ч далдхандаа бол нэг нэгээр нас нэмж байгаагаа ухаарах, 4 эсвэл 5 жилийн дараа яах бол, тэсвэл тэвчээр минь хүрэх болуу гэх асуулт, замын дундаас буцах уу эсвэл яг энэ чигээрээ байж байх болов уу гэсэн эргэлзээ.... гагцхүү ямар ч байсан би амьдраад л байна гэсэн гарцаагүй шийдвэр.... энэ бүхэн миний дотор оршино.  Сэтгэл минь, сэтгэл минь гээд л тунхаглаад гүйгээд байдаг ч үнэндээ бас материаллаг зүйл байхгүй бол бас л төсөөлөхөд хэцүү. Дэндүү алсад байгаа хэн нэгнийг сэтгэлээрээ хайрлах нь сайхан ч дэргэд минь ирэх үгүй нь тодорхойгүй үед би шаналдаг... Хүлээсний эцэст би хүссэн зүйлээ авч чадахгүй л юм бол яах гэж хүлээсэн болж таарах вэ...   Ингэхээр их эдийн шуналтай хүн байх нь би.


Бусдын синдром бидэнд бас их нөлөөлнө. Синдром нь намдахыг хүлээх хэрэгтэй. Гэвч тэд өөрсдийнх нь тайвшрахыг хүлээж байгааг минь ойлгодоггүй юм шиг. Улам дэвэрч, бухимддаг юм байна лээ. Уурлаж хашгичингуут нь өөдөөс нь адилхан хашгичих ёстой ч юм уу. Тэгвэл би тэднээс ямар ч ялгаагүй амьтан болчихно. Гэтэл тэд бол би биш... би ч бас тэд биш.... 


Бичих гэж хичээсээр байтал синдром хөдөлчихлөө.... :(