Mar 5, 2012

явуулаач дээ...

Үе үе би дэндүү ихээр ганцаардаж
Үйрүүлсэн хөөсөнцөр шиг будрах цаснаар алхдаг
Үнэндээ энд надад зориулсан орчлон биш болоод л
Үйл бас тавиландаа гоморхон хэсэг мэгшдэг...

Хааяа хааяахан би хачин ихээр гунигладаг
Ханзрах цасны түрүүчтэй хайлж бас урсдаг
Хүмүүний тавилан хичнээн үнэтэйг мэдрэвч..
Харуусал бас ганцаардалд гунихгүй байхан аргагүй л...

Урсах нулимс хацар хайрсан ч үл даарч
Уулзах тавилан хэгжүүрхэн тохуурхсан ч үл гудайж
Уур минь дэвэрч буцалсан ч инээд цалгиаж
Угтаа би энд хуванцар хүүхэлдэй мэт орших л

Оноогдсон төөрөгт хувирч би ханаад
Одоо надад огтоос өөр ертөнц хэрэгтэй байна
Онож алдах нь өөрөөс минь өөр хэнд ч үл хамаарах
Ондоо, нэг л ондоо ертөнцөд одмоор байна... явуулаач дээ...

Mar 4, 2012


Огт танихгүй тэр нэгнийг санаад
Ойрдоо би зүүд нойрноосоо хагацаад байна
Орчлон дээр байдаггүйг нь батлаад өгөөч дээ
Оргүй худал гэдэгт итгүүлээд өгөөч дээ... 

Feb 15, 2012

нэг л сайхан



Сэрэл мэдрэмжээ сүвлээд хатгамал урлаж
Сэвсийсэн цагаан үүл мэт хөнгөн дүрс мэтгээд
Санааны булан дахь мишээлийг царайдаа дусаагаад
Сэтгэл хөнгөн, бодол нимгэн... нэг л сайхан...

Өдөр өдрийн чиглэлийг өөр тийш нь залаад
Өнөөдөр л би хаа нэгтээ дэгдчихье л дээ
Өөрөөсөө өөрийгөө харамлалгүй элбэг байж
Өр нимгэн бүсгүйн дүрээр үлдчихье л дээ... ганц удаа

Feb 13, 2012

Хоромхон зуурт зүүдэллээ би
Хойд насаа л хайгаад байх шиг
Хоёр нүд зогсоо зайгүй гүйлгэнэн эргэлдэвч
Хий хоосноос юу ч үгүй л шогшуулан буцна



Булан л тойрчихвол сэтгэл амраад
Бүлээхэн хайр тосоод авах мэт яарна
Банзлын хормойг туштал алхавч
Бодолтой минь эсрэгцээд булан зугтаана



Бодол минь буланг мөшгин хөөгөөд
Булан бодлоос минь мяралзан зугтсаар
Даруй таван хором асар завгүй өнгөрчээ
Даанч би ядраад байна... Дараа үргэлжлүүлье дээ....
Унтаа сэрүүний хооронд орон гаран сэлгүүцэн
Уруулд жирэлзэн мушилзах инээмсэглэл тодорно.
Урьд хожидын нүгэл буяныг зүүдэн завсраа дэнсэлж
Угаас би дэндүү баян бас туйлын ядуугаа мэдэрнэ...

Feb 10, 2012

Дурлахсан...

Арван наймт шиг бас анхных шигээ дурлахсан
Аашаа цалгиан хөөрч догдлоод бас уйлахсан
Алаг хорвоог аз жаргалын инээдээр будах
Алдаад бас гунихын тэр л амтыг мэдрэхсэн...

Dec 13, 2011

дэмий л...

Жижигхэн өрөөний бүгчим униарт хунгарласан
Жихүүцэм жавар хаа нэгтээгээс ханхалнаЖинхэнэдээ би хэн ч биш байгаад л 
Жаахан ч болов дотор уужирна... гэхдээ хөндий
Жавартай тасалгаанд хоосон сэтгэл оршиж
Жаргал үгүй гэж нүдээрээ уйлагнан шивнэнэ
Жүнзтэй дарс чадлаа гээж бүлээцэхэд
Жалганд нуугдсан зүрхээ онгичиж бэдэрнэ... хий дэмий л