Dec 13, 2011

дэмий л...

Жижигхэн өрөөний бүгчим униарт хунгарласан
Жихүүцэм жавар хаа нэгтээгээс ханхалнаЖинхэнэдээ би хэн ч биш байгаад л 
Жаахан ч болов дотор уужирна... гэхдээ хөндий
Жавартай тасалгаанд хоосон сэтгэл оршиж
Жаргал үгүй гэж нүдээрээ уйлагнан шивнэнэ
Жүнзтэй дарс чадлаа гээж бүлээцэхэд
Жалганд нуугдсан зүрхээ онгичиж бэдэрнэ... хий дэмий л

Oct 18, 2011

улаан...

Улаан... Soulmate-ийн Улааныг уншаад дотроос нэг юм хатгав. 

Улаан өнгөнд би бага байхын л дургүй байсан санагдана. Дургүй гэдэг нь ихэвчлэн өмсөж байгаа хувцасны өнгөн дээр л илэрдэг байсан юм байна. Угаасаа л бондгордуу, бөөрөнхий хэлбэрийн хүүхэд байсан болохоор улаан өнгийн хувцас өмсчихөөр бүр л бондойгоод, байгаагаасаа ч бүдүүн харагдаад байгаа юм шиг санагдана. Арай жаахан том болоод ч энэ бодол минь огт өөрчлөгдөөгүй. Цаанаасаа, бүр угаасаа л улаан өнгөтэй хувцаснаас холуур бай гэсэн тавилантай юм шиг.  Одоо ч тэр. Миний хувцасны шүүгээнд байгаа ээлжийн хэдэн хувцаснууд дундаас минь цусан улаан, за тэр ч байтугай ер нь улаандуу туяа олж харна гэвэл тун чиг ховор л болов уу. Дотуур хувцасны сонголт ч гэсэн улаан өнгө байдаггүй. 

Энэ л галтай цогтой, эрч хүчтэй, цоглог байдлын илэрхийлэл болсон өнгөнд дургүй гэхээр миний зан байдал ч ямаршуу вэ гэдэг нь харагдах л байх даа. гэхдээ л би дургүй юм шиг. Одоо яая гэхэв. Гэхдээ анзаараад байхнээ их л зоригтой бүсгүйчүүд улаан өнгөний сонголтыг хийдэг юм шиг бодогдов. 

Харин улаан өнгөнд бага зэрэг ээлтэй болгосон нэг зүйл бий. Тэр нь хумсны будаг. Хэзээ ч билээ би зориглож, хумсаа улаанаар будахаар шийдсэндээ заримдаа баярладаг. Хэрэв тэр үед л зориглоогүй бол улаан гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяхад ч бэлэн байсан бизээ. 

Өчигдөр бүр хэрэг гаргаж, хумсаа улаанаар будлаа. Сэтгэлдээ би inner peace-ээ эрэлхийлсэн, амгалан тайван дүртэй байгаа мэт боловч үнэндээ нэг л тийм тогтворгүй... нэгэн хэсэг хугацаанд өөрийгөө тэр чигт нь биш юм аа гэхэд нилээдгүй хэмжээгээр зориулж байсан тэр л зүйлээсээ өөрийгөө татаж авна гэдэг тийм ч амар байсангүй. Анхандаа ямар ч шийдвэр гаргасан би хувирахгүй, өөрчлөгдөхгүй, хямрахгүй байж чадна гэж ам бардам байсан ч, үнэндээ хүн, нөгөө талаар сэтгэлтэй, зүрхтэй амьтан юм болохоор цээжин тушаа өвддөг л юм байна. Тэр л өвдөлтийг дарж, тоохгүй байх гэж хичээсэндээ л хумсаа будсан юм шиг байна. 

Хүсэж, хичээсэн шиг минь тийм гоё болоогүй ч гэсэн будаг нь гялалзах, улаан өнгөтэй хумсаа харахад яагаад ч юм нэг тийм содон мэдрэмж төрөөд байх юм. Эрхэмсэг, эрэмгий ч юм уу... эсвэл өөртөө таалагдах мэдрэмж минь ч ийм байдаг билүү... Улаан даашинз өмсөж, үсээ улаанаар будаж, улаан цув намируулахгүй ч гэсэн ядаж улаан хумстай байх нь арай л өөр юм аа. Хүүхэнлэг, эмэгтэйлиг чанар минь өчүүхэн хэмжээгээр амь орж байгаа юм шиг байна. 

Тэгэхээр үе үе өөрийгөө мэдэрч, өөрийгөө цэнэглэж байхын тулд хумсаа улаанаар будах давтамжаа ойртуулах хэрэгтэй юм байна. Өөрөөр би улаан өнгөнд тэгтлээ наалдаж чадахгүйгээс хойш энэ л миний хувьд хамгийн боломжит хувилбар. Хуучирчихсан байгаа улаан будгаа шинэчилнээ ерөөсөө....



Oct 17, 2011

....

Хөтлөлцөөд ээлжлэх нар сарны хооронд
Хийсвэр үлгэрийг жинхэнэ гэж итгээд
Хонгор сэтгэлээ хоосон нууранд хөвүүлчихээд
Хоёр болчихно доо гэж  хүлээн ядаж, цөхөөд
Дэндүү их цангасандаа
Сэтгэлийн худгаас хундагаа дүүргэж залгиллаа
Даанчиг их хүссэндээ
Шингээж үл чадаад дэмий л урсган үдлээ...

Sep 23, 2011

...

Дотогш асгарсан нулимс минь үер болон цалгилж
Дэндүү гэмээр их харуусал тэнэж ядан сэлүүрдэнэ
Тэртээд бундан зүрхний гэрэл тодорч, хэмнэл чангарахад
Тэнхээ дуусаад, чадал шавхаад би дийлдэх гээд байна... би живэх гээд байна.... 

Sep 15, 2011

...


Навчсын судсаар ногоон цус урсахаа байж
Миний дотор орших сэтгэлийн хайр цөхрөхийн цагт
Намар эртийн сэрүүнээр ухааны буланд гуниг хуралдаж
Магад чамаас хойш хэн ч байхгүй гэж чимээгүй тангараг шивнэнэ...


Тэнгэрт шаргал туяат үүлс бургилж жавар буцалгана
Тэртээд чиний гэх ертөнц алслан жим дурайлгана
Зүрхэндээ би зуу зуун шархтай ч гаслаж үл чимээлээд
Зөвхөн өөртөө л зориулж аягүй дуу гэнгэнэж, хэмнэлгүйхэн бүжнэ...


Чамайг би явуулаад бас өөрийгөө чөлөөлөөд
Чинагшлан одох амьдралын хүрдэнд саад үгүй эргэлдээд
Намартай хамт гундах навчистай бас надаас зугтах цаг хугацаатай 
Нэгэн дурсамж тээгээд чамайг бас чөлөөлмөөр л....

Sep 9, 2011

байнаа байна...

Ганц нэг үг ээрүүлдэж
Гарцаагүй би огт өөрөөр амьсгалаад
Гацах, түгдрэхийн завсараар
Гадаа намар ирээд шаргал дуу аялсан байна...

Хоёр гурваар алхам огтолж
Хорвоог би туучиж, барж дуусгахаар
Хормоос хоногт сунах багцаагаар
Хөөрхий навчис хөгширч эхэлсэн байна....

Sep 1, 2011

...

9 сарын 1. 
Энэ өдөрт бэлтгэж жил бүрийн 8 сарын 31-нд зуслангаас бууцгааж, хотынхоо байранд бужигнаад л... платье, форм, трико үсний боолт, зүүлт, цүнх, алчуур, дэвтэр ном, үзэг харандаа гээд л нийгэмших үе шат бүхэнд хэрэгтэй, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлсийн нэрс аманд дэндүү ойрхон оршиж, хэлэгдсээр өдөр дуусч, өнөөх л хамаг бүхний эхлэл мэт 9 сарын 1 болж бужигнаан, бэлтгэлд төгсгөл тавигдана. 
Энэ жилийн хувьд ч онцын ялгаа байсангүй. Бэлтгэл хийгддэгээрээ хийгдэж, өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч, өглөө болдгоороо л боллоо. Том охин өглөө эрт сэрээд л, сургуулийн нээлтэнд явна гэж байсан боловч, бэлэн ам, шалдан гуя гэгч нь болж, унтах нойр, дулаахан хэвтэр нь илүү үнэтэй санагдсан бололтой сэрсэнгүй. Багыгаа хувцаслаад л, гэрээс гарах гэж байтал том охин өндийж харсанаа "Чи ээжтэй явах гэж байгаа юм уу?" гэж дүүгээсээ асуугаад "Тийм" гэсэн хариултынх нь араас "гэхдээ дуун дээр ээжтэйгээ хамт явдаггүй л юм байлээ шдээ..." гэж хэлсэн. 
Үнэндээ голруу ямар нэг зүйл хатгана гэдгийг өнөөдөр өглөө л мэдэрсэн. Үрдээ гомдоод би хаа холдох вэ дээ. Гэхдээ л ээжээсээ өөр дагуулаад явах хүнгүй гэдгийгээ мэдсээр байж тэгэж хэлэх ухаан хаанаасаа гаргаад байгааг нь гайхсан... Өөр хэн нэгэнтэй явахыг хүссэн сэтгэлийг нь би гүйцэлдүүлж чадахгүйгээс хойш... 
"Миний охин өөр хэнтэй явах гэсэн юм бэ?" гэсэн асуултанд минь хэн ч хариулсангүй. өчүүхэн сэтгэл зүрх минь эмзэглэсэн гэдгийг гэрт байгаа хүмүүс анзаарсан ч юм уу, мэдэрсэн ч юмуу би мэдэхгүй... ямар ч л байсан би өөрөө мэдэрсэн....

Энэ жил нэг нь, ирэх жил бүр 2-лаа нийлээд ингэж асуух эсэхийг нь би мэдэхгүй шүү дээ. Би ширэн нүүр захиалмаар байна.... 

Aug 30, 2011


Хүлээсээр би залхтал
Хүрээд иржээ чи дэргэд
Хүйтэн бороотой учрал
Хичнээн их хайрна вэ...

Jul 22, 2011

мэдрээд л


Ямар нэг шинэ зүйлд өөрийгөө дасгаж, өөртөө таниулж, бэлдэж эхлэх шиг. Бүх зүйл, бүр унтаад сэрэх өглөө бүхэн цоо шинээр байх энэ л хугацаанд өөрийнхөө бодол санаанд жаахан ч болсон амралт, өөртөө цоо шинэ мэдрэмжүүдийг бэлэглэж, арай өөр өнцгөөс өөрийгөө цэнэглэж сурч байх шиг байна.
Алсад орших амраг садан бүхнээ санах хэдий ч би тэднийгээ хэдий чинээ их санана, магад тэд минь төдий чинээ шаналал, ганцаардлыг мимнь үүрэх болхоор хэсэгхэн хугацаанд ч болов мартах санахын дундуур оршихоор шийдсэн. Гэрэл зургаар өөрийгөө хуурч, үзсэн харсанаа өөртөө баталгаажуулж л явна даа.
Айхтар их сэтгэл хөдлөлгүй нэг л тийм хөндий  хүн болчихсон мэт. Баярласан ч түүнийгээ гаргахгүй, гунисан ч түүндээ харамсахгүй...  нэгэн бодлын энгийнээс энгийн мэт... эсрэг талас бол хөдий хүйтэн нэгэн мэт... гэхдээ л амьдралын учрал бүхэн өөрийн гэсэн хувь тавилан, жам жаягтай гэж мэдэрнэ.
Бороотой өдрийн маргааш нь манан бүрхсэн дүнсгэр өглөө угтах хэдий ч магад цаг хором бүр миний хувьд шинэ тул урам зоригтойгоор урагш алхаж гарна.  Уулзсан танилцсан хүн бүр шинэ... ярилцаж, инээлдэж суух хором бүр бас л шинэ. Хүн бүрийн царайд тодрох инээмсэглэлээс хуурамч дүр төрх үгүй нь нэг л сайхан. Магадгүй би ч бас тэдний хувьд шинэ мэдрэмж. 
Ийм л орчинд өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдрах нь юуны сэтгэл зовинол үүсгэх л. Биднийг бодвол гэр бүл гэдэг зүйлээс салшгүй бат нягт холбогдсон хүмүүс биш юм. Өөр өөрсдийнхөө амьдралыг хэнд ч саад болохооргүй аваад явбал тэр хамгийн том тус гэж үздэг болтой. Өвчин зовлон, аар саар асуудлаа нэгэндээ  тэгтлээ тоочихгүйм. Хөндий юм шиг мөртөө хааяахан нэг уулзахаараа их дотно харагдана. Хүний нутгаас авах нь байвч гээхнь бас байна. Авах гээхийн ухаан хаа ч гэсэн адилхан юм. Энэ амьдрал минь ганцхан минийх биш гэдгийг алхам тутамдаа л мэдэрнэ...

Хөтлөлцөөд л гүйхийн зуурт 
Холбоо зам хоёр тийш дурайна
Хайрыг хүслээрээ удирдаж үл дийлээд
Холдох жимээр эргээд нэг нэгээр хөвөрнө...


Jul 10, 2011

Далдаас нэгэн хүч үелзээд
Дагзан дундуур минь сэхээрлээр ташууурдана
Дандаа биш ч ихэнхдээ буруу явааг минь сануулж
Дуугүйхэн алга болохыг ухааруулна...

Зугтах чадал байвч одоохондоо сэтгэл алга надад
Зүгээр л хайр түгээж, мөрөөрөө гэлдрэх нь
Зэмлэл үгүй ариухан бас даруухан гэж нотолно чамд
Зөвхөн чи миний сүүүлчийнх байх учиртай мэт... бодогдоно...

Jul 4, 2011

Буянаараа л болцгоог.

Хүн заримдаа дэндүү их санаа зовоод тэрнийхээ төлөө амь хайргүй, үхэн хатан зүтгээд байлгүй сэтгэлээрээ л тайван байж чадвал цаг хугацаа, хувь тавилан чиний өмнөөс аяндаа шийдээд өгчихдөг юм шиг санагдав.

Би энэ цаг үеийг ирээсэй гэж уурлаж, шунан хүсдэг тийм цаг байсан.  Гэхдээ би тэрний төлөө бусад хүмүүс шиг бохироор тэмүүлээгүй. Уурлаж, бухимдах үе байсан ч би тэвчсэн. Арга зам хайсан. Гэтэл мөрөөдлийн минь тэр цаг мөч аяндаа л хүрээд ирсэн. Тэр мөч ирсэнийг мэдрэх сайхан ч бас түгшүүртэй байсан. Тэр л мэдрэмжийг надаас харамласан хүмүүсийн атаархал, бачуурал, хорон харц ар нуруунаас минь хутга зоох шиг мэдрэгдсэн ч би дэндүү тайван байсан. Би дандаа буруу байгаагүй гэдгийг цаг хугацаа тэдэнд ойлгуулсан. Гэхдээ хожимдсон. Тодорхой хугацаа өнгөрсөний дараа миний зөв байсан гэдгийг тэд ойлгосон ч тэдэнд итгэх миний итгэлийг устгасан тул ямар ч нэмэртэйм билээ. Одоо тэд надад хүн шиг хандах гээд ч би тэднийг хүн гэж харж чадахгүй болчихсон болохоор....

Уучилж, тайвширч, өршөөж амьдрах нь илүү хялбар л даа. Тиймдээ ч би тэдэнд амар тайван байх цаг хугацааг олгоё л доо.

Зүгээр л буянаараа л болцгоо. Хэрэгтэй, шаардлагатай зүйлсийг нь өгөх байлгүй дээ...

Jun 15, 2011

Хэнгэрэгийн дуун...

Хавь ойрын цонхнууд ээлж дараагаар харлана
Харин минийх л ганцаараа хараалгасан мэт ёлтойно
Хоёр нүд минь жижүүрт гарч, эргүүлд таваргаж
Харанхуй өрөөнд хөөмөл дэр тэвэрч үүр цайлгана...

Хэнгэрэгийн дуугаар дасал болтлоо бүүвэйлүүлсэн ч
Хурхирч ирээд л унтах тийм намуухан аялгуу лав биш
Хавь ойроор эргэлдэх тэр л өвгөдийн сүнсийг
Хамаг муугаас аврах түшиг мөн гэж найдна... 

Jun 7, 2011

Далдхан оршмоор байна....

Хамар дээрээ хоёр нүд нэмж тохоход л
Хамаг бүхний дүрс хамаагүй сайн тодорч ялгарна
Хажуу хавирганы бүсгүйн хачин зан хүртэл
Хэтэрхий бүр хэтэрхий муухайгаар гэрэлтэж харагдана...


Хоёр ширээний цаана суух дөрвөн нүд
Хойноос минь яг л хутга дүрэх шиг ширтээд байх юм
Хэл амныхаа үзүүрт ховын шүүлтүүр суурилуулчихаад
Хуудас бүрийг минь хуулбарлаж хар дансандаа бүртгэнэ...


Дөрвөн талт шилэн хаалт хэнд ч саад болохгүй нь
Дур зоргоороо байгааг минь дугуй заалаар нэг зарлана
Дуу хоолойгоо намсган дөнгөж сэмээрхэн шивнэсэн ч
Дуулсан мэт хангинаж, ертөнцөөр нэг чарлах мэт сонсдоно.... 

May 1, 2011

дуусчихсан...

Чиний надад үлдээгээд явсан үнэр дуусч байгаа
Чимх, бүр дусал ч үгүй болж байна
Чамд юу бодогдож байна, хэлээч
Чамайгаа эргэж иртэл би юугаар гол зогоох бол... 
Цэнэглээд өгөөч....

Apr 12, 2011

утгагүй

Магнай даран унжих гэзэгнийхээ долгиог дагуулаад
Магад би бодлоо үерлүүлж давалгаалуулна
Маргаашийн тухайд санаа чилээхгүйг хичээж нүдээ хугаслан халхлаад
Минийх биш түүнийх байх л байсан хувь тавилангаа сул асгана....

Apr 5, 2011

Залхалт

Дотор минь шуурга дэгдээд л, дэгдээл д...  Гэхдээ  түүнийг ил гаргаж, дэмийрүүлэхгүйн тулд би дэндүү ихээр тэвчиж байгаа. Хавсарганд дайгдсан нарийн ширхэгтэй шороо тоос толгойтой гэзгэнд минь яаж шигэж, нүүрний минь хаа нэгтээ тодорч тогтсон үрчлээсний завсраар хэрхэн хургаж байгааг мэдрэх тусам би улам л галзуурмаар... 
Бүх зүйлсээс залхдаг тэр л үе ирчихэж. Тиймдээ ч хавраас илүү намрыг би хайрладаг байх. Намар дандаа л сайхан байдаг гэж хэлж чадахгүй ч гэлээ, нэг л налайсан сайхан тайван байдаг. Уур бухимдал, бачимдал хүртэл тайван байдаг. Сэтгэлийн гүнээс цуурайтаж байгаа хашгираан хүртэл цаанаа л нэг тайван байдагсан.  
Хавраас бусад аль ч үед  эхлүүлсэн аливаа үйлийнхээ бурууг, ямар тэнэг шийвэр байсныг хавар болохоор л мэдрээд байх юм. Тэр бачуурал бухимдал дотроос минь өрвөлзөж, өндийгөөд "Чи дэндүү, бүр арай дэндүү буруу зүйл хийгээд байна шүү дээ" гээд л өдөр шөнийн алинд нь ч байсан цаг хамаарахгүй үглээд, тархируу минь хэрцгийгээр чичиж, хэнгэрэгний минь амсар дээр хахирган салхи шиг шивэгнээд, хамаг биеэр минь нэг чарлаад эхлэх юм. 
Энэ л үед би бүх зүйлсээс залхдаг... Амьсгалахаас, аньсагаа нээхээс, амаа хөдөлгөөд ярихаас, толгойгоо үл ялиг гилжийлгээд сонсохоос... бодохоос, бодохгүй суухаас, буруу харж унтахаас, босож суугаад ус уухаас... болох болохгүйг түүж идэхээс, бусдыг харж залхахаас хүртэл залхдаг...
Нэг л хэвийн амьдрал намайг жинхэнэ утгаар нь алж байна.   Хүссэн хүсээгүй яг л нэг зүйлс давтагдана. Нэг хоёр цаг байтугай нэлээн хэдэн өдрийн наана цаана нь огтоос хамаагүй... ямар ч л байсан болдог цагтаа болно... нэг хэвийн хугацаагаар үргэлжилнэ... Яг л бурханаас эмэгтэй хүнд зориулан бэлэглэсэн хувь тавилан шиг л...

Бүх зүйлийг нэг л үгээр хэлмээр... Залхмаар.....


Apr 2, 2011

Синдромын нөлөөнд автах нь

Жил жилийн хавар жирийн олон хүмүүст хаврын синдром гээч зүйл сэм сэмхэнээр гэтэж, гэнэ гэнэхэнээр тохиолдож, айхтар ихээр стрээсдүүлж, дэндүү гүн хямруулдаг  л... Тэгэж айхтар хямардаг, стрээсддэг хүмүүсийн нэг нь би өөрөө байх магадлал ч дэндүү өндөр. 
Өнгөрөгч долоо хоногийн хувьд би өөрөө синдроомтоод байна уу эсвэл өрөөл бусдын синдромд өртөөд байна уу гэдгээ ч ялгах чадваргүй болж, бухимдаж, бүлтэгнэж, нээрвтэж, хямарч, хямрааж, бухимдуулж өнгөрлөө гэж. 

Ажил хөдөлмөрийн талбар миний хувьд ашигт үйлийн коэффициентээ дуустал нь шавхдаг тэр л цэг байхаа болиод багагүй хугацааг үдэж байгаа болхоор бусдын нээрэвтэх, бачимдах миний хувьд тийм ч чухал биш. Гэхдээ толгойтой бүхэн дуугайхан шиг сууж байгаа надад уурлаад, уур уцаараа цацаад байгааг бодоход асуудлын гол нь надад байна уу гэлтэй.  

Гэр орны хувьд тайвөөн тайван. Юу болоод байгаа ч мэдэх завдалгүй амьдраад байгаа болхоор арга ч үгүй биз. Ямар ч байсан өглөө гарахад бүгд байдаг. Орой ирэхэд бас л бүгд, тоо бүрэн байжийдаг болохоор элдэв асуудалгүй тайван байгаа гэж хүлээж авдаг. 

Ажил, гэрийн асуудалд миний синдром уу эсвэл бусдын синдром уу гэдэг нь ялгагдахгүй үе байдаг л юм байгаа биз. Аа гэхдээ зайлшгүй гагцхүү минийх эсвэл гарцаагүй бусдынх гэдгийг мэдрүүлэх тохиолдлууд бас байнаа байна. 

Миний синдром бол өөрийнхөө бодол дээр тулгуурлаад ургуулан бодсон тэр бүхнээс үүддэг юм шиг байгаан. Санаандгүй олж мэдсэн, сонссон эсвэл бүр зорьж мэдэрсэн зүйлээсээ ургуулан бодож тэрэндээ синдромтож байгаагаа мэдрэх. Ганц өгүүлбэрээс болж өдөр хоногууд дэндүү хурдан урсаж өнгөрөөд байгааг, залуу байгаа гэж өөртэйгээ ярьж  тохиролцсон ч далдхандаа бол нэг нэгээр нас нэмж байгаагаа ухаарах, 4 эсвэл 5 жилийн дараа яах бол, тэсвэл тэвчээр минь хүрэх болуу гэх асуулт, замын дундаас буцах уу эсвэл яг энэ чигээрээ байж байх болов уу гэсэн эргэлзээ.... гагцхүү ямар ч байсан би амьдраад л байна гэсэн гарцаагүй шийдвэр.... энэ бүхэн миний дотор оршино.  Сэтгэл минь, сэтгэл минь гээд л тунхаглаад гүйгээд байдаг ч үнэндээ бас материаллаг зүйл байхгүй бол бас л төсөөлөхөд хэцүү. Дэндүү алсад байгаа хэн нэгнийг сэтгэлээрээ хайрлах нь сайхан ч дэргэд минь ирэх үгүй нь тодорхойгүй үед би шаналдаг... Хүлээсний эцэст би хүссэн зүйлээ авч чадахгүй л юм бол яах гэж хүлээсэн болж таарах вэ...   Ингэхээр их эдийн шуналтай хүн байх нь би.


Бусдын синдром бидэнд бас их нөлөөлнө. Синдром нь намдахыг хүлээх хэрэгтэй. Гэвч тэд өөрсдийнх нь тайвшрахыг хүлээж байгааг минь ойлгодоггүй юм шиг. Улам дэвэрч, бухимддаг юм байна лээ. Уурлаж хашгичингуут нь өөдөөс нь адилхан хашгичих ёстой ч юм уу. Тэгвэл би тэднээс ямар ч ялгаагүй амьтан болчихно. Гэтэл тэд бол би биш... би ч бас тэд биш.... 


Бичих гэж хичээсээр байтал синдром хөдөлчихлөө.... :(

Mar 28, 2011

Нууц...


Хүн бүрт нууц байдагтай хэн ч маргахгүй. Гэхдээ тэр нууц гээд байгаа зүйлээ дор хаяж л нэг хүн хэлсэн байдаг даа. Огт хэнд ч хэлээгүй эсвэл бүр өөрөө санахаас ч зүрхшээмээр тийм нууц байдаг болов уу? 
Яагаад ч юм ойрд дурсамж гэхүү, хар дарсан зүүд гэхүү нэг бодол огтоос салахаа байлаа. Юуны учир санагдсаныг ч би мэдэхгүйм. Зүв зүгээр л байжийтал бодогдоод л эхэлсэн. Гэхдээ тэр дурсамжийг надаас өөр хэн ч мэддэггүй гэдэгт би бат итгэлтэй байдаг. Таатай биш ч бас худлаа байгаасай гэж би үнэн голоосоо хүсдэг. 

Зүгээр л би хар дарж зүүдлэсэн байгаасай.... Тэр бүхэн худлаа байгаасай гэж... сэтгэлээ нэг амраахсан...

Mar 22, 2011

Цаг агаар, улирал солигдож байгаатай огт хамааралгүйгээр, зүгээр л  боломжийнхоо хэрээр, чадлаараа, өчүүхэн зүйлээр ч болов өөрийгөө өөрчлөх хүсэл минь илүүтэй их оргилсон үе байна гэж...
Үнэнч, сэтгэлтэй зөвлөгч нар надад байнаа. Тэдний зөвлөгөө чиглэл огт буруудаагүй. Бүх зүйлийг өөртөө итгээд, эхлэлийг нь тавьж чадахгүй байгаа надад найзын минь зоригтой, зөвлөгөө их тус болсон. Гадна төрхөндөө жаахан өөрчлөлт оруулаад, тэр нь надад илүүтэй таалагдсан болоод ч тэрүү магадгүй өөрийгөө арай өөр нүдээр, арай өөр өнцгөөс харж чадсан байх. 
Би яагаад заавал байгаатай эвлэрч явах ёстой гэж, айхтар овойж оцойсон үр дүнд хүрч чадахгүй ч бай хамаагүй би ямар ч байсан өөрийгөө дийлж чадах ёстой гэж дотроо шивнээд өмнө нь бодохоос цааш хэтэрдэггүй байсан тэр зүйлүүдээ хийж эхэлмээр, туршиж үзмээр тийм л хүсэл шуналтай нүүр тулсан. 
Хүсэл шуналдаа хөтлөгдөөд, зарим нэг зүйлийг хийгээд эхэлчихсэн хойно, дэндүү хожуухан ухаарсанаа гайхаад л... гэхдээ ямар ч байсан "Later is better than Never" гэдэг үнэн юм шиг ээ. Цаг хугацаа намайг хүлээхгүй, тэр цаг хугацааг би сөрж биш дагаж амьдардаг гэдгээ илүүтэй ухаараад ч байх шиг. Чадалтай, хүсэл мөрөөдөлтэй байгаа дээрээ би аливаа зүйлийг хийж, туршиж чадах, чадахгүйгээ мэддэг болох хэрэгтэй ч юм шиг. 
Нэгэн бодлын би өөрийгөө бага багаар нээж, таньж, өөрчлөх гэж хичээж байгаа ч нөгөө бодлын зөвхөн хязгаарлагдмал хүрээнд харъяалагдаж, түүнээсээ хамаарч амьдрахыг хүсэхгүй байгаа минь давамгайлж, тэр л хязгаарлагдмал, харьцангуй зүйлээс өөрийгөө сатааруулж байх хэрэгтэй болчихож. 
Ээж аав, үр хүүхэд, найз нөхөд, хайр дурлал, гуниг зовлон бол бидний амьдралын салшгүй нэг эд эс шиг болчихсон. Гарцаагүй үнэн. Үүнийг яаж ч өөрчилж чадахгүй. Гэхдээ 7 хоногийн 8 өдөрт нь зөвхөн эдгээр асуудлуудынхаа дунд эргэлддэг байж болохгүй юм шиг.... дэндүү хязгаарлагдмал санагдах болж. Дэндүү дураараа байх төрөлх зан авир минь илүү тодрох байх даа. 
Ямарч байсан би эхэлж чадсан. Чадал, боломжоо дуустал л энэ хэвээрээ зүтгээд үзнээ. Яг маргааш үр дүнг нь үзнэ гэж батлаж чадахгүй ч өөрийгөө өөрчлөх гэж хичээсэн өчүүхэн зүтгэлийн минь үр өгөөж тодорхой хугацааны дараа бодлын минь мэлмийд ч болсон мэдрэгдэнэ гэж найдна. 

Mar 7, 2011

Синдром

Хамаг бүхэн хоосон утгагүй санагдахын үед хэнээс ч юм , юунаас ч юм зугтах цаг минь ирсэнийг би мэдэрдэг. Хаашаа ч хамаагүй, харц шидэлсэн зүгтээ том том алхаад, юуг ч юм бодож, юунаас ч хамааралгүй төв царайгаа тодруулж, толгой гэдгэр, мөр тэвхгэр зүтгээд эхэлдэг. 
Сэтгэлд минь ямархан дайн дэгдэж, ухаанд минь ямархан салхи шуурга босч, бороо цасан холилдсон ч би бодлоо шулуун шугам мэт цэх татаад л зүтгэчихдэг сэн...
Гэвч энэ л удаад би чадахгүй мэт... чадахгүй байх шалтаг шалтгаан минь чадах ёстойгоос хангалттай илүү байх л... Шалтгаан болгож тооцдог байсан нөхцөл байдлаас минь бүр 1000 дахин илүү шалтгаан надад хэрэгтэй мэт....


Улирлаас шалтгаалсан гаанцаардал гунигт би нөмрүүлээд, хавсаргаар чимэглэсэн инээдээр  хацраа гоёно
Уйлмаар бас хашгичмаар тийм л бачуурам мэдрэмжийг би өвөртөө тээж хорголон нулимсаа хөрстөөс харамлана
Хаашдаа надад өөр сонголт үгүйд итгэж, цээжиндээ цучил нэмж, түүдэг өрдөөд түүндээ дулаацахдаа
Хажууд минь, зөвхөн хажууд минь л бараа нь тодрон алхаж байвал би илүү амьд мэт, бодит мэт....

Feb 25, 2011

I am happy... that's all

Жил жилийн энэ л өдөр би бодол сэтгэлдээ арай өөр өнцгөөс нэвтрэн орж, буйдхан буланд нь тухлан суугаад бодол, ухааныхаа жигнэсэн дундаж дүгнэлтийг гаргасаар даруй гурван оныг үджээ. Жигнэсэн дундаж гэж үнэндээ юуг хэлээд байгааг нь нарийн мэдэхгүй л дээ. Шууд үгчлэн ойлгохоор л хэрэглэчихлээ. 
Гэхдээ энэ оны хувьд би дэмий олныг нуршиж, дэндүү ихийг бясалгаж өөрийгөө болоод өрөөлийг залхаахыг хичээсэнгүй. Яагаад ч юм бичихсэн гэсэн бодол тээгээд байгаа хэрнээ бичлэг болгоод гаргах гэтэл нэг л эвлэж өгөхгүй байсаар гүн шөнийн нойр хугаслагдаж, үүр гэгээрэхийн тэмдэгээр л нүдний аньсагаа нийлүүлж, шүдний зуултаа султгалаа.  
Бодмоор байвч бодогдохгүй бодлууд... Бодогдоод байгаа хэрнээ бодож чадахгүй байгаа миний бие 2 энэ жил гүй мөн сайхан зохицож байна.
 Энэ бүхнийг би улам ээдрээтэй болгож, утга учиртай үгсээр илэрхийлэх гэж хичээхийг хүссэнгүй. Элдэв чамин, ганган гоёлгүйгээр....


Би аз жаргалтай байна. 



Тэгээд л болоо. Энгийн мөртөө агуу утга илэрхийлэх энэ үгс хорвоод мэндэлсэн өдөрт минь яг тохирно.  
Намайг хайрладаг, надад итгэдэг, намайг дэмжиж, түшиж байдаг, миний итгэл найдвар, урам зоригийн  тулгуур, инээмсэглэлийн минь шалтаг, шалтгаан болсон та нартаа ХАЙРТАЙ ШҮҮ! 

Feb 17, 2011

Хосын орчлон

Хором мөч бүрт догдлон тэмүүлж 
Хоног хугацааны туршид дурлан дассаар
Хос болжморын хөгжөөнт жиргээн шиг
Холбоо зүрх минь ханьсан баясана

Хамгийн нандин хайрын үгс минь
Хөөрөн дүүлж мөрөөдөлд хөтлөхөд
Хязгааргүй алсын аз жаргал ч
Хоёр алганд минь илхэн дурайна

Харц харцаа шимтэн чагнаж
Хайр хайраа дэмжин мэдэрч
Хосоор умбах итгэлийн ертөнцөд л
Хонгорхон минь би чамтайгаа л үүрд  

Feb 9, 2011

Round trip feelings

Би заримдаа нэг л биш болчих юм. Яг яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй яг л зүгээ олохгүй хийсч яваа хамхуул шиг. Энэ үед л гэв гэнэт ухаан сууж байгаа хүн болж элдэв юм бодоод л, би нэг л болохгүй байна гэж ухаараад ч байгаам шиг, ухраад ч байгаам шиг.... эсвээс нээг их бодсон хүн болж жүжиглээд байгаа ч юм шиг...

"Цэцэрлэгийн доторх түмэн авиа
Цээжин дундаас....." гээд нэг дууны үг гэнэт санагдах чинь. Үүн шиг л түмэн аялгуу агуулсан цэцэрлэг шиг мянган бодол тээгээд байх юм. Дэндүү тайван байгаа минь сайн ч юм шиг эсвэл айхтар түгшүүртэй ч юм шиг. Их давалгааны өмнөх нам гүм шиг л.... 

Нэлээн дээхнэ би энэ бичлэгийг  оруулж байсан юм байна... циклээр амьдарч, блогорч байгаа тухай... энэ бичлэгнээс хойш анх удаагаа циклийг дахин мэдэрч байгаа юм биш л дээ. Энэ цикл байнга мэдрэгддэг. тогтсон хугацаагүй ч гэлээ яг л дуртай байсан дуугаа хэсэг хугацааны дараа дахин сонсож байгаа мэт... танил бас гирэвшингүй мэдрэмж. Энэ үе дахин иржээ гэж....


Яг л энэ үед би яах ч хэрэггүй. Яагаад ч нэмэргүй. Зүгээр л өөрийгөө хянаж, дарж, нухчиж зовоолгүйгээр орхих хэрэгтэй байдгийм.... 

Jan 25, 2011

чамдаа хүрэх


Гэзэг даахиа ширхэг ширхэгээр нь томож
Гэрээсээ гэр хүртэл чинь дөтлөх зурвас татмаар
Тэнцвэр олж өлмий товшин чамдаа хүрэх нь
Тийм л жаргалтай байхыг би мэдэрмээр....

Jan 20, 2011

Яг одоо....

Эвшээж байгаа мөртөө амны хайрцаг үнэн жаргалтай
Анилдаж байгаа хэрнээ нүдний харц асар гэрэлтэй
Чухал царайтай мөртөө ухаан санаа үргэлж түүний дэргэд
Чимээгүй цэх сууж байгаа ч сэтгэл дотор сэрэл гижиг бүжиглээстэй....

Jan 17, 2011

Аз жаргал...

Өнгөрч одсон өдрүүдийг өнгөцхөн гарчиглалаа.

Үнэхээр би дэндүү тэнэг ч байж дээ гэж бодовч тэртээх л тэнэг гээд байга өдрүүдийг туулж, туучиж, бараагүй бол өнөөдрийн энэ их мэдрэмжийг анзааралгүй.... атгахан нүднийхээ хараанаас алсуур өнгөрүүлэх байсан байх даа.

Өөртөө харъяалахгүй зүйлийн төлөө зүтгэж..., өөрийгөө би хүчлэн хорьж, дотор минь агуулагдах тэр л хүсэл мэдрэмжийг ба нухчин дарж, өөрийн минь хажууд байсан тэр л аз жаргалыг би үлдэн хөөснөө дэндүү хожуу мэдэрсэн ч.... тэгэх л ёстой хувь тавилан гэж... тийм л учраас би өнөөдрийн энэ ухаарлыг амталсан хэмээн муйхарлан сэтгэнэ.

Аливаа үйлийн үр дүнг урьдчилан тооцоолж, түүнээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө төсөөлөлд бий болгосон тэр үр дүндээ тохирсон хориг арга хэмжээг түрүүлж хэрэгжүүлэх нь хэр зөв байдаг бол... Төгсгөл нь харагдах байтугай, огтоос эхлээгүй тэр л үйлийн төлөө хийсвэр ертөнцийг амилуулж, айдсыг бас араасаа дагуулсаар л байх нь хожим ямар том харуусал эсвэл яг юу гэж нэрлэхэд хэцүү тэр л мэдрэмжинд хүргэдэг гэдгийг би ухаарах л.


Гэвч... нэгэнт эхэлчихсэн үйлийнхээ төгсгөлийг харах гэж хичээхгүй байгаа ч гэсэн өнөөх үл ойлгогдох мэдрэмж оршсоор л... айдас, түгшүүр, тэнэглэл эсвэл бүр харамлах... аль нь юм бол...


... зүгээр оршин буй өнөөдрийг би аз жаргал хэмээн нэрлэмээр. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал өнөөдрөөс эхлээд өнө маргаашийн бүх л өдрүүд аз жаргал болон хувирмаар. 
Угаасаа л өнөөдөр байгаа миньминь аз жаргал. Ямх, чимхээр хэмжигдэх ялгуун үгсээр сангаа тэлсэн, асар баян аз жаргалтай амьдрал минь.... 

Jan 7, 2011

хүлээлт

Харц өргөөд л харна
Хоосон суудал эргэлдэнэ
Хайр минь чи хаана явна /хичнээн ч завгүй амьдрал вэ/

Сонор сунгаад л чагнана
Сул шороотой харгуй зурайна
Сэтгэл минь чи хаана анирдана /солонго татах цаг болоогүй гэж үү/

Амт

Ув улаан будаг нялж
Уруулаа би гоодохгүй ээ
Учрах тэр л өдрийг хүлээж
Уй гунигт автсандаа би
Уруулаа будаггүй үлдээдэг юм биш

Уулзан учрах тэр л мөчид
Уруулд чинь будаг бус
Унаган өөрийгөө амтлуулах гэсэндээ
Ув улаан будаг нялж
Уруулаа би гооддоггүй

Jan 5, 2011

Тэмцэл



Өөртэйгээ... зөвхөн өөртэйгээ би 
Өдөр шөнөгүй тэмцэлдсээр
Өдөт далавчны гүнзгий сорви
Өчүүхэн бүдэгхэн шархтайгаа мэдээд 
Өрцөө нэвтлэм уртаар амьсгалж
Өглөөний сэрүүн жаварт цан татан дэвнэ...

Өнөөх л их гунигаа нэрж
Өвлийг үл анзааран тэмтэтчсээр
Өр зүрхнээсээ хайрын хэлтэрхий
Өнгөт орчлонгоос чиний үнэрийг олчихоод
Өвсний толгой давсан цасан хайлтал мишээж
 Өөртэйгээ.... зөвхөн өөртэйгээ хийх тэмцлээ цуцална.... 

Jan 3, 2011

Хайрыг нь хайрлах

Чанх урдаас цог шиг ширтэх
Чиний минь нүд
Чинагш тэмүүлж
Чамд улам ихээр дурлахыг надад ятгана
Чинийхээ сэтгэлийг хязгааргүй тарчлаах өөртөө зэвүүцэх авч
Чиний хайрласан бүсгүйг хайрлах зориг надад бас төрөх шиг...


Өрөөлийн хайраар дамжуулж өөрийгөө хайрлах.....