Jul 4, 2008

10 хоног дээшээ харж хэвтэнээ яадын...

Тэр нэгэн айхтар эмгэнэлт үйл явдал тохиосон өдрийн өмнөхөн би энэ бичлэгийг буулгаж байсан боловч.....
... Ийм сайхан нар хур тэгширсэн өдрүүд налгар сайхан /хуучны ч юм шиг.../ зуны улирал айлчлан ирсэнээс хойш хэдэн удаа тохиолоо доо байз...бодъё бодъё.  За даа мэдэхгүй юм даа. Гарын минь 10 хуруу дэндүү ихдээд байгаа юм шиг байна.
Ойрд өөрийн энэхэн биеээ хэд хэд хувааж, хэдэн тийшээ гүйсээр байгаад одоо ч дасаж байх шиг байна. Бодлын нэгэн үзүүрт иймэрхүү байдлаар завгүй байх нь амар боловч ядрах нь жаахан тиймхэн. Гэхдээ ядарсан гэж хэлэх эрх надад байхгүй. Харин нөгөө үзүүрт бол ажлын төлөө, аминчхан хувиа бодсон энэ хамт олны төлөө ингэтлээ ажиллах нь хэнд хэрэгтэй... надад гэж үү.... магад өнөөдөр би эндээс авдаг арав тавхан төгрөгөөрөө амьдралаа залгуулж байгаа учраас надад хэрэгтэй байж болох ч гэлээ яг миний амьдралын цаад утга учиртай асар ихээр зөрчилдөж байгаа болой.
... Энэ бичлэгийг яг л тэр өдрийн сэтгэлээрээ дуусгасан бол ямар төгсгөлтэй байх байсан бол? Гэтэл өнөөдөр сэтгэл нэг л уйтай... бүр гунигтай, дүнсгэр гэж хэлж болмоор. Өдөр бүр яаран шимтэн орж ирээд л, журмын нөхдийн  бичлэгийг уншаад, инээд баясал, эрч хүчийг өөртөө авч тухайн өдөртөө л цоглог, баяртай өнждөг байсан бол ойрд тэгсэнгүй. Тийм байх нөхцөл ч байсангүй, бүрдсэнгүй.
Би өөрөө ч үүнд нөлөөлсөн байх. Сэтгэлд буусан харуусал, гомдол, цөхрөл, бодол санаа, үзэл бодлоо буулгаж л байсан. Гэхдээ одоо бол үнэндээ залхаж бас халширч байна. Шимтэн уншдаг блогуудын минь нүүрэнд тэр аймшигт сэдэв дурайж, шүтэн бахддаг блоггеруудын минь нэрэн дор тэр аймшигт сэдвийн гаргалгаа дарайж байх... Өөрөө мутарласан ч гэлээ өөрийнхөө алдаанаас өөрөө суралцдаг булан минь хүртэл өнгөө хувиргачихсан мэт... гунигтай... бас гутралтай. Улс төрийг чи сонирхохгүй ч гэлээ улс төр чамайг сонирхдог гэдэг үг үнэн болой. Би өөрийгөө улс төрийн сонирхолтой хүн гэж огт боддоггүй. Гэвч цаг нь болхоор толгойд минь, ухаанд минь нуугдсан бодлууд хөгөө олоод гараад л ирдэг юм байна. Хачирхалтай.
Гөү Гөү блогийн журмын нөхдийн уулзалтуудыг нэхэн санах.... эвтэй, найрамдалтай, элгэмсүү, дотно, инээд хөөр цалгисан, эрч хүч долгилсон тийм л цаг мөчүүд байсан.... дахин ийм уур амьсгалыг бүрдүүлье гэвэл улс төрийг, энэ аймшигт үйл явдлыг дурсахгүй байх хэрэгтэй гэж бодлоо. Амьдралын жаргал зовлонгоороо бид үзэл санаа нэгтэй байсан, байдаг, байх ч болно гэдэг 100 хувь итгэлтэй. Харин улс төр, нам, нийгмийн үзэл санаан дээр зүг чиг өөр өөр юм байна. Заавал адилхан байх албагүй л дээ. Тэр мэдээж. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Гэхдээ бид бүгд ухаантай, боловсролтой залуучууд. Ийм зүйл дээр нэг нэгнээ эмзэглүүлээд байх хүмүүс биш гэдэгт ч итгэлтэй байгаа. Хүн бүр л хичээх хэрэгтэй байх. Тийм үү андуудаа.
За үүнийг орхиё. Найз өнөөдөр тушаалаа уншуулав. Амралтаа авч байгаа гэж. Муухай бүхнийг бодоод байлгүй, өөрийнхөө ертөнцөд сайхан амрарч байгаад ирнээ. Тэртээ тэргүй амрах хоногоо гүйцэт эдлэж чадахгүй учраас олдсон дээр нь ашиглахгүй бол ар араасаа цуварсан олон олон ажлууд намайг хүлээж байгаа. Урд минь дэлгээстэй.
Зиаг нөхөд... амарч байгаад нь сайхан амарч, ажиллаж байгаад нь амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн өргөе.

No comments: