Nov 29, 2010

Долоо

Хэлмээр бас хэлмээргүй үгс хоолойд гацан аргаад
Хичнээн хичээвч эв нь олдохгүй хөндүүрлэнэ
Харамласандаа бас хардсандаа давчдан бачуурч
Хориг тавьсан сэтгэлээ цуулж хөвөөд шидлэнэ....

Яг долоон хоног... тэр үнэр... тэр сэтгэл... тэр үгс....  тэр харц...  миний дотор дахин хоногшоод яг долоон хоног...  

7 өдөр... 7 шөнө... 7 зүүд... 7 чи... 7 би....

Хаашаа ч юм хулжин одсон 
Харанхуй шөнийн нойрныхоо эрэлд
Хатаж явна... ус өгөөч....
Хожимдсон ч гэлээ дүрэлзэн ассан
Халуун зүрхнийхээ хайрын дөлөнд
Шатаж явна.... ус..........ус

Nov 24, 2010

Эрэгцүүлэл

Би ямар ч юм нэг өвчин тусаад эдгэрч байгаа байхаа. Яагаад гэдгийг мэдэхгүй байгаа ч тийм мэдрэмж төрөөд байх болж.... Өөрийгөө ихэд анзаардаг болоод байгаа ч юм уу эсвэл өмнөхөөсөө илүүтэйгээр огтоос тоохоо байгаад байгаа ч юм уу. Ямартаа ч надад ямар нэг өөрчлөлт гараад байгааг би мэдэрч байна.

Сэтгэл санааны хямралын үе ерөнхийдөө 3-5 жлийн дотор л эдгэрдэг юмдаг уу даа. Миний л онол, ойлголтоор л доо. Бас давтамж энэ тэрээс ажиглахад нэг тиймэрхүү янз байгаад байна. Өөрт минь тохиолдсон асуудлаас үүдэлтэй, жаргал дундуур минь сүлжилдсэн зовлонгийн гуниг, шаналал, шарх ерөнхийдөө эдгэрч байгаа бололтой.  

Уйлах..... уйлах гэдэг үйлийг би нэлээдгүй хугацаанд үзээгүйм даг. Тэгтлээ муухай хатуу сэтгэлтэй болчихоод байна уу эсвэл үнэхээр нулимс минь ширгээд хатчихсан юм болуу гэдэг бодлууд  дүүрэн байдаг байлаа. Хоолой зангираад л хамар шархираад л уйлахнүүдээ гэтэл байхгүй.....нулимс байдгүй.... Гэтэл ойрноос мэр сэр цухалзаад байдаг болж. Эртээрхэн бас л өөртөө үүсгэсэн бодол, шаналалаасаа болж хэсэгхэн мэлмэрсэн бол өчигдөр "Орхидос" гэдэг кино үзээд тэсэхгүй уйллаа... Хүнийг хайрлах гэж, хүнээр хайрлуулах гэж орчлонд ирдэг гэж бодтол..... кино 100% төсөөлөл байдаггүй гэж бас бодтол.... Нэг л хүнд юм тээглээд... уйлаад л байсан. Гэхдээ тэр нулимс дан ганц киноноос болж урсаад байсан ч гэж бас бодохгүй байна. Далимдуулаад нэлээн сайн уйлъя гэж бодсон. Дотор минь орчихоод намайг бачимдуулаад, бухимдуулаад байсан бодлууд нулимстай минь хамт урсаад арилна гэж бодсын. Бүгд биш юмаа гэхэд хэсэг нь арилсан бололтой. 

Хайрлах.... огт хайр гэж мэдэхгүй, хэнийг ч хайрлаж чадахаа байчихсан дүүрсэн толгой биш л дээ. Зүгээр л хэн нэг эр хүнийг хайрлаад, тэр хайраараа хол явна гэж итгэхээ байчихсан хүн байсым. Гэтэл энэ итгэл минь сэргэж байгаа болтой. Хэн нэгнийг хайрлаж, тэр хүндээ итгэж амьдрах хэрэгтэй юм гэж бодтол бараг л бүх юм хоцорчихсон байх шиг..... 

Хайр... хожуу ч гэсэн бодолд минь өнжсөн хожимдсон мэдрэмж....

Тэр үед

Хонгилоор тэнүүчлэх будгийн эхүүн үнэр
Хоолойноос ходоод хүртэлх зайд бачууран мансуурна..... бас эргэлдэнэ
Хоёр гурваар биш... хорь гучаараа зэрэгцэн буух цасан ширхэгүүд
Хотын шороонд дарагдаж бас тэднийг дарлаж... гэхдээ хайлна...
Тэр л үед....

Nov 22, 2010

Ингэтлээ...

Энэ өдөр уг нь их эгэл жирийн өдөр... Гэхдээ би...

Ингэтлээ их хөл алдан баярлаж, хүүхэд балчир насандаа эргэж очоод, өвлийн өвөөгөөс бэлэг авч хөөрч, дэгдэж буй адил хөвөн халин дүүлнэ гэж тэртээх өдрүүдэд мэдээгүй л явсан....

 Ингэтлээ уяран догдолж, өөрийнхөө хэн бэ гэдгийг ч санахаа байтлаа догдлон хайрлаж.... нялхарч бас эрхэлнэ гэж зүүдлээгүй л явсан...

Ингэтлээ хоргодон шунаж, хором ч болов цаг хугацааг урсан өнгөрч буйд харуусан гуниглаж, ахиад ганцхан хором..... ганцхан хором л үлдээгээч гэж гуйж залбирч байсныгаа санахгүй л явсан...

Ингэтлээ...

ингэтлээ би өөрчлөгдөж...

ингэтлээ би хувирч...

ингэтлээ би дасаж...

ингэтлээ би хайрлаж...

 ингэтлээ би эдгэрч...

ингэтлээ би мөрөөдөж явсанаа мартсан байх юм.... 

Харин одоо энэ бүх мэдрэмж надад эргэж ирэхийн цагт.... Түүдэг галд өчүүхэн л цучил хэрэгтэй байдгийг дэндүү ихээр ухаарах л....

Nov 18, 2010

Захидал

Шинэхэн цасны шингэн туяаг 
Шимж уугаад шүргэн халамцаж
Сэтгэлийн угт хүлээстэй хайраа 
Согтуурлын эрчинд илчилж дэлгэмээр ч
Дурлал, мансуурал хоёроос хагацмааргүй энэ л хүслээ
Дугтуйд хийгээд өвөртөө шургуулаад л 
Шарлаж гандаад нимгэрхийн цагт нь 
Шууданчид өгөөд чамдаа дайна....

Nov 15, 2010

Жаргалтай

Өчүүхэн сэтгэлд зүрх минь цадаж
Өнөөдөр л би дэндүү жаргалтай инээмсэглэнэ.
Өр зүрхнээс даруухан хайр минь ундраад
Өөртэйгээ л би агаарт дүүлэн ниснэ

Хөнгөн хэмнэлд хөл товшин бүжиглэж
Хөөрүү сэтгэлд хөгжилтэй аяс эгшиглэнэ
Хүсэл шуналдаа хийсвэрээр би жаргаж
Хөөцөлдөн дэгдсэн зүүднээсээ сэрсэн ч баярлана

*** 

Сэтгэл бяцхан цэнэг
Итгэлд өөдөсхөн цучил
Жаргалд хөнгөхөн зовлон
Үнэнд жаахан хуурмаг

Nov 9, 2010

Мээчкү

Хүү минь би чамаас холхон орш юу
Хүүхэн хайрыг чинь тайван байлга юу
Хүрээ орж Богдод бараалхаад
Хүслээрээ ариуссан өөртөө л атаархана....

Балчирхан минь би чамаас алсад айлсюу
Булбарай хонгорыг чинь баярлуулж холд юу
Бурхантай золгож адис хүртээд
Бодлоороо гэгээрсэн өөртөө л атаархана....

Nov 5, 2010

Яана....

Хүсэл мөрөөдлөө гээгээд
Хаашаа ч хөдлөхгүй гацчихвал би яана...

Хий хоосон ертөнц
Хаалга цонхгүй өргөө
Хос гарт минь гав
Хоёр хөлөнд минь тушаа

Хараа хүрэхий зайд 
Хайр минь оршоод байгаа ч
Хүрээд л тэврэхийн дайд
Хүсэл минь буцлаад байгаа ч

Хүсэл мөрөөдлөө гээгээд 
Хаашаа ч хөдлөхгүй гацчихвал би яана....