Jan 22, 2018

Хайрламаар байна...

Цахим тэмдэглэлийн орчин... удаан уулзаагүй хэн нэгэнтэй тааралдаад бишүүрхэж, гирэвшээд байгаа ч юм шиг тэр мэдрэмж. 
Уруудаж өгсөхийн болон гуниглаж баярлахын аль ч цаг мөчид энэ булантайгаа хамт байсан тэр цаг мөчүүд... дурсамж минь дулаахан, бүлээхнээрээ байгаа даа гэсэн бодол итгэл минь өөрчлөгдсөн байна. Өөрөө ч анзаараагүй...

Өөрийнхөө л өнгөөр жиргэж байвал өөр бусад зүйлд торохгүй, саатахгүй дээ гэдэг тэр л их хүсэл, зориг, бардам тэнэглэл минь 40 насны босго дөхсөн энэ л үед минь огтоос өөр, эсрэг болжээ. 
Ганцаараа баймааргүй байна... гараас минь хөтлөх хэн нэгэнтэй баймаар байна. бухимдлыг минь дэвэргэхгүй ч, дарахгүй тайвшруулах түүнтэйгээ баймаар байна... хамгаас илүү хайрламаар байна.. Хайрлуулмаар байна........

Хэн нэгнийг хайрлаж, тэр нэгнээр хайрлуулж, хатуу сэтгэлээ зөөллөмөөр байна... балчир үрсээ ч эрхлүүлдэггүй, үнсэж, нялуурдаггүй... өмхөрч унах гэж буй хус мод шиг хөндий хоосон шуугиж эхэлжээ би... Би амьд баймаар байна. 

Тэр нэгэн цагт хэн нэгний хэлсэн үг санаанд бууна... "Өөртөө сэтгэл хангалуун байхын тулд гэсэн худал үгээр өөрийгөө хуурч бус өнгөрсөнд байсан тэр нэгнээс өшөөгөө авахын тулд л ингэж амьдрах хэрэггүй шүү дээ" гэж... цаг хугацаа эмч юм.. үнэнч шүүгч юм... үнэндээ би өнгөрсөн цаг хугацаанд алдсан алдааныхаа өшөөг авах гэж л амьдарч явсан гэдэг нь гарцаагүй мэт мэдрэгдэнэ...