Jul 22, 2008

удкүй ирэх миний дурлал.....

Намар хурдан болоосой. Ная түмэн ногоон навчис намайг хар даа гэсэн шиг модны мөчрөөс амь тусгаарлан  ниссээр хажууханд минь бууна. Тэр л үед би үй олон навчистай ярилцаж, үүцэн доторх бодлоо хуваалцаж, битүүхэн тэдэнд атаархаж, бугшсан сэтгэлээ онгойлгодог юм. 
Хэдийнээс би намарт тэгтлээ дурладаг болсоноо санахгүй юм. Дурлахаасаа өмнө үзэн яддаг байснаа ч мэдэхгүй юм. Зүгээр л.... тэр үед би намрыг огт тоодоггүй байсан байх. Эсвэл.... ирж яваа цаг, наашилж яваа улирал гээд хаврын тэр нэгэн өдөр тэрүүхэндээ эмэгтэй шинжийг агуулж нүүрэндээ анх удаа энгэсэг түрхтэл хавсарга тавьсан болхоор  хаврыг үзэн ядсандаа би намарт дурлачихсан байх.... Угаасаа л зун өвөл 2 бол яав ч миний стиль имижинд тохирдог улирал биш болхоор... намар л үлдэж байгаа биз дээ.

...Намрын шар наран над дээр чам дээр тусна
...Найган ганхах модод навчсаа бас гөвнө...
...Тэр л нэгэн өдөр цэцэрлэгийн модон сандал дээр бодрол хөврүүлэн, амьдралын хүрдэнг эргүүлэн суутал хажууханд минь нэгэн навч уналаа. Зунжингаа модны мөчир дээр олуулаа шаагилдаж, сэрчигнэх салхинд хөгжилдөн инээлдэж, бие биенээ шоолон баяссаар нэгэн улирлыг тааваар элээсэн энэ навч алгуурхан доошилсоор...өөртэй минь адил гуниг тээсэн мэт...

-Сайн уу навч минь? Модны мөчир дээр олуулаа бужигнахаас юунд ингэтлээ зугтаана вэ? Ганцаардаж суухаас дээр шүү дээ. Аль эсвэл умарын болоод өрнийн салхи дэггүйтэж, баясал юуг чинь бусниулчихав уу?
- Сайн сайн. за даа сайн ч гэж дээ. Харин чи сайн уу даа Навч минь? Олуулаа бүжих ч сайхан л даа. Аливаа зовлон гуниг амархан мартагддаг ч гэлээ юм бүхэн хязгаартай. Өөрийн гэсэн ээлжтэй. Насаараа зуны улиралаар амьдрахгүй шүү дээ бид чинь.  хэдий би бусадтайгаа хөгжилдөн наадаж, баясаж инээж байвч тийм ч амар, санаан зоргоор мартагдахгүй сэтгэлийн  гүнд минь хурсан гуниг, өмнө минь тулгарсан асуудал, зовлон шаналал бүрийг тэр үй түм буман навчсаас нууж, нүүрэндээ инээмсэглэл тодруулах хичнээн хэцүүг чи мэдэх үү. Харин Хүсэн хүлээсэн улирал чинь ирчихээд байхад чи  минь бас юунд гунина вэ? 
- Яриаг чинь чагнаад суухнээ.... би бас чамтай л ижил юм байна. Дотроо хуралдсан гуниг, бодролуудаа бусдаас нуух нь тийм ч амар биш юм байнаа. Ойр дотныхоо, хайртай бүхнээсээ нуух нь бүр ч хэцүү..... Гэхдээ..... Би нуух ёстой гэж бодоод байх юм. Хайртай хүмүүс минь, ойр тойрныхон маань миний зовлонт бодролоор амьсгалах ёсгүй шүү дээ. Өөрийгөө хүчлээд би тэдэндээ эерэг бодролууд бэлэглэх ёстой.... Өөрийнхөө зовлонг дэлгэх биш харин ч эсрэгээр би тэднийхээ зовлонгоос хуваалцах ёстой. Үгүй гэж үү?
Өдөржин намрын наранд нуруу ээн бид 2 элдвийг ярилцав. Хэн хэн нь гунигтай болхоор хэл ам нийлж байгаа ч гэж жигтэйхэн байсан сан.
Энэ жил би дахиад л өөр нэгэн навчтай танилцана. Өдөржин элдвийг ярилцана. Өөр хэн нэгэнтэй биш өөртэйгээ адил хувь тавилантай, өөдөсхөн, эмзэгхэн нэгэн навчтай найзлана....
...2 жилийн өмнө би ийм нэгэн 4 мөрт буулгаж байсым байна...Өөртөө хувь хадгалаагүй байтал энэ цахим ертөнц миний өмнөөс нандигначихсан байна ашгүй.
намрын алтан өнгийг нөмрөг болгон өмсөөд
үүрээр буусан хярууг нь үргээж нэг гүйхсэн...
    намайг л гэх сэтгэлийг өвчүүн дотроо хадгалаад
      үүрд мөнхийн хайраар баялхаж нэг л амьдрахсан
намартай холбоотой дурсамжууд их юм аа.... 

No comments: