Feb 25, 2010

30 дугаар хуудас....


          Бурхад бидэнд тэр бүр тохиолддоггүй, бидний  оршин буй хэмнэлээр урсдаггүй учрал тохиолыг тэртээ доор, хөрст гариг дээр оршин сууж буй эгэл жирийн, энгийн  хүмүүс АМЬДРАЛ хэмээн нэрийддэг аж...  Өдөр бүхэн, цаг хором бүрт л аливаа асуудал, зовлон, жаргал, уйтгар гуниг бүртээ л бидний нэрийг дуудан залбирч эсвэл баярлан талархаж байдагт гайхаад байдаг юм...
Үнэндээ хүмүүс Бурхад л тэдний хувь төөргийг нь зурж, амьдралынх нь даваа нугачаа, аз жаргалтай хором мөч бүхнийг зураглаж, сүүлчийн амьсгал авах дүр зургийг нь зохиож суудаг гэж санадаг... Гэтэл үнэндээ бидэнд тийм зүйл хийх эрх байхгүй шүү дээ...
Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр  ширхэг будаа тогтоохын дайтай нарийн, үнэ цэнэтэй үйл атал бидэнд тэр их үнэ цэнэ, ховор тохиолын зам харгуйг зааж, хувь төөргийг зурах эрх олдох билүү....
Хүн бол өөрөө өөрийнхөө бурхан. Хүн бол өөрийнхөө хувь төөргийг зураглагч..... би зүгээр л уншигч... нэг нэгээр насан нэмэгдэх бүрт номын хуудаснаа зурайн тодрох хүмүүний амьдралын намтрыг дүгнэн уншигч нь бид.... 
Тэртээ доор оршин байгаа гариг ертөнцөд амьдарч буй жирийн нэгэн эмэгтэйн амьдралын тухай өгүүлэх "Эргэлдэн буух навчсын дор" хэмээх номын хавтсыг анх сөхөж гарчигласнаас хойш хуудасны дугаар 30 дээр ирчихэж....өнгөрөгч 29 хуудаснаа дурайсан түүний амьдралаас үүдэн ухаан бодолд нь, санаа сэтгэлд нь ямархан зураглал бууж байгааг цухасхан сийрүүлвээс... 

Нэг нэгээр тоологдсоор нас минь гуч хүрчихэж....
Үндсэндээ би өнөөдрийг хүртлээ зөвхөн нийгэмших гэж хичээж зүтгэсээр л ирсэн мэт. 
Ачлан төрүүлж, өсгөсөн настан буурлууд, эцэг эхийн хайрыг ойлгож, амьдралын харгуйд хослон давхих түшиг ханиа олж, хүсэл зорилгоороо нэгдэж, хэн хэнээ нөхөн үерхэх анд сайн нөхдийг таньж, ажил албанд гар нийлэн зүтгэх хамт олноо бүрдүүлж, амь амьдралын минь үргэлжлэл ямархан хүн болж өсөхийг харж, амьсгал хураахдаа би юунд хангалуун, юунд харамсахаа бодолдоо тунгааж сухар гэж...хорвоо дэлхийд би ямархан өнгөөр гэрэлтэж, хоёргүй шударгуу хоолойгоо хаана би хангинуулахаа энэ л мөчлөг дээр би сонгох мэт...
Гучин наснаас бүсгүй хүний амьдрал гундах замдаа ордог гэдэг үгэнд би дургүй. Гучин нас л хүрчихвэл юу ч хийж бүтээж чадахгүй болчих мэт тэр гутранги бодол харин ч намайг айлгадаггүй юм. Харин ч 30 хүртлээ би хэн байсан билээ, юу хийсэн билээ., юу хийх чадалтай байсан билээ гэж бодох...... 30 наснаас хойш би хэн болж, юу хийж, юуг бүтээх чадалтай болох билээ гэж бодох хоёрын хооронд асар том ялгаа байгаа биз.

Ямар ч хүнд хэцүү үед, дуудаад дуудаад хажууд минь буудаггүй Бурхадаас илүү ачлалтай эцэг эхтэй хүн би...

Ямар ч  аз жаргалтай үедээ талархаж хашгичаад сонсдоггүй Бурхадаас илүү анд нөхөдтэй хүн би...

Ямар ч гуниг зовлонтой үед, нулимсыг минь арчих нь байтугай.. сэтгэлийг минь ч засдаггүй Бурхадаас илүүтэй нүүрэнд минь инээмсэглэл тодруулж, сэтгэлийг минь цэлмээдэг алаг хөөрхөн үрстэй хүн би....

Ямар ч худал хуурмаг үед замыг минь зааж, чигийг минь тодорхойлдоггүй Бурхадаас илүү өөртөө итгэх итгэл, өөрийн үзэл бодолтой өөрөө өөртөө эзэн хүн би...

Гучин насны босгон дээр жаахан охин шиг дэрвэж дэгддэггүй, намба, тавьтарын сүүдэртэй,  зөв бурууг ойлгох ухааны сэжүүртэй... эцэг эхийн хайр хичнээн агууг мэдрэх эхлэлтэй... худал хуурмагийг ялгах хараа, мэдрэмжийн хэлтэрхийтэй болчихсоноо мэдэрч байна...
Энэ бол амьдралд өөрөөрөө гэрэлтэж, өөрийнхөө дуу хоолойгоор жиргэхийн зөвхөн эхлэл....
Өнөөдрийг хүртэл энэ бүх өчүүхэн ухаан, ухаарлыг олж авахын тулд л би амьдарч ирсэн бол үүнээс цааш өөрт байгаа бүхий л сэрэл мэдрэмжээ сайжруулж, баяжуулж... ухаан ухаарлаараа дамжуулан бусдын төлөө юу хийж чадах бүхнээ сорьж амьдрах их замын эхэнд хөл тавьж байна....
Өнөөдрийг хүртэл намайг бүрдүүлж, миний амьдралыг чимж,  түүх намтрыг минь хамт бичилцсэн хүн бүхэнд болон... маргаашийн амьдралд минь ухаан нэмж, үйлд минь түшиг болж, сайн мууг хуваалцан алхах тэр л бүхэнд хязгааргүй ихээр талархана.... бодлоор минь хөглөгдөж, сэтгэлээр минь  жигүүрлэж, амнаас минь урсах ганцхан үг багадах ахуйд үйл минь түүнийг нөхөх гэж хичээх...
Магад би өнөөдөр таныг гомдоосон бол маргааш би таныг баярлуулах гэж... 
Магад би өнөөдөр таныг уйлуулсан бол маргааш би таныг инээлгэх гэж... 
Магад би өнөөдөр таныг танихгүй бол маргааш би тантай танилцах гэж... 
Магад би ...... үгүй бол маргааш би .... болох гэж....

Амьдрал өнгөн дээрээ ямар ч зорилгогүй мэт боловч амьсгал хураах эцсийн мөчдөө бид юуны төлөө амьдарсанаа ухаарч, юу бүтээснээ мэдэрч чадсан л байвал... тэр миний амьдралын гол учиг...

Хүн бүрийн амнаас тасралтгүй урсаж буй амьдрал гэж энэ үгний учир утгыг багцалж ойлгох үнэндээ хэцүү юм. Учир нь хүн бүр өөрийнхөө зурсан хувь заяаны төөрөг, хувь тавилангийн зурлагаасаа өөрийгөө дүгнэдэг. Аливаа нэгэн цэг хүрэл хэн байсныгаа, хэрхэн амьдарсанаа харж л цаашдаа хэн болж, хэрхэн амьдрахаа төсөөлөн урагш алхдаг...

Хүн болж төрнө гэдэг өөрөө асар үнэтэй хувь тавилан билээ л...

Feb 22, 2010

хүний хүн...


Эхнэртэй эр хүн харц булаагаад.. .нэг л биш
Эгэл биш нууцлаг, тансаг....мэдрэмж булгилуулна
Бэлзэгтэй ядам харц харамсмаар гялалзан гялтгахуйд
Бүсгүйтэй зүрх сэтгэл жиндмээр оволзон лугших нь... чихэнд хангинана...

Бодлоо би даран нухчиж, далдлан булшилмаар...
Бэлэглэх байсан ч авахгүй гэж алслан зугтмаар

Feb 20, 2010

Adam


Хүн хорвоод ирэхдээ нүцгэн ирээд хорвоогоос нүцгэн буцдаг гэдэг... Үнэндээ бидэнд юу ч байдаггүй... эхэндээ...Яг л Адам шиг...
Гэтэл хорвоогоос буцахын цагт яагаад тэгтлээ хорогддог юм бол?
Сэтгэл дулаацуулах бүлээхэн дурсамжууд, хорвоог чимсэн хосгүй сайхан хайр дурлал, амин биенээс урссан алаг хөөрхөн үрс.... амь амьдралын хэсэг анд сайн нөхөд... амраг хайртай тэр минь гээд л...
...гэхдээ энэ дурьдсан бүхэн байхгүй байсан ч хүн хорвоогоос, амьдралаас буцахдаа хором хоромоор л хорогдож байдаг. Ганц хормын амьдралд ч гэлээ шунан дурлаж байдаг.
Өчигдөрхөн нээлтээ хийсэн шинэхэн уран бүтээлийг тухлан сууж, таалан соёрхов.
Хөр цасан дээр хөл нүцгэн... бишээ ганцхан хөл биш... тэр чигтээ нүцгэн  бие... залуу атга дүүрэн цас залгилж, хаашаа ч юм тэмүүлэн гүйж эс бөгөөс юунаас юм зугтаана...
Их гэсэн тодотголтой давчуухан хотын хөдөлгөөнт амьдрал.... юунд ч юм яарсан, юунд ч юм шунасан... давчуу амьдрал... Зарим нэг нь хожиж харин зарим нэг нь хожигддог хоёр талд амьдрал...
Харин нөгөө талд амар амгалан, нам гүм... хайр дурлал... итгэл сэтгэл... тэнгэрлиг амирлингуй амьдрал...  гэхдээ л бас асар их тэвчээр... хүлээлт, цөхрөл....
Уур бухимдал, уцаар, бачимдал, сэтгэл гөлийлт, үл хайхрал... санаа зовнил, уужим ухаан, хайрлах сэтгэл, сэтгэл хөдлөл, тэсвэр тэвчээр, тэнхээ чадал, ухааны цараа, амьдрах арга, сэтгэлийн хариуд сэтгэл, итгэлийн хариуд итгэл...хайр дурлал, шунал тачаал, сэрэл мэдрэмж, дур тавилт.... уусан нэгдэл, урагшлах хүч, азын тэнгэр, хайрын бурхан, хэнээс үл хамаарах, хэн ч саад болохгүй... хэнд ч түвэг удахгүй..... хагацал шаналал, харуусал гуниг.... хорогдох сэтгэл... холдохын тавилан.... үзэн ядалт, эвлэрэн орхих....
Энэ бүх л мэдрэмж... урт биш гэхдээ богино бас биш тэр кинонд бүгд байсан. ашиг орлогын төлөө шунан дурлаж хийгдсэн бүтээл бус.... зорьж үзсэн хүнд өчүүхэн жаахан ч гэлээ ухаарал, сэтгэл хайрлах... 
"Би гоё сайхан ярьж чадахгүй л дээ. Гэхдээ л би өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байна. Би азтай, хамгийн азтай хүн...." хэмээсэн Адам...
.....Хэрвээ Адам хөлөг онгоцонд суугаад хөвж яваа гэвэл .... хөлгүй тэр их далай нь Сэтгэл л байж таараа....

PS: "Сэтгэл гэдэг чинь далай юм шүү дээ..." хэмээсэн найздаа талархав. Найзын маань сэтгэлийг надтай зэрэгцэн сууж, шимэн амталсан найздаа бас талархав....

Feb 19, 2010

хоромхон мэдрэмж...


Шүршүүрийн бүлээн дусал
Хүүхэн биеийг шүргэх буухуй
Шөнөжин хүссэн тэр л мэдрэмж
Хоромын зуурт сэрлийг сэргээж, дурыг дундлана....

Бүсгүй тавилангийн гэгэлгэн шүүдэр
Бүдгэрч тодрох жимийн зурвастай...

Feb 18, 2010

мэдкү...

Цогшсон өвс утаа болон замхрах алдад
Цонхон дээрээ зураг адил хөшнө...
Гудмаар хөтлөлцөн алхах хос хоёрын харцанд
Гундашгүй хайрын сүүдэр ч буухгүй нь хайран...

Хундагатай кофе ёроолоосоо цайран шингэрэхийн үед
Хоолойд гуниг арган гашуун тээглэнэ...
Уушийн газарт учран суугаа амраг хосын сэтгэлд
Уужимхан хайрын дүр тодрохгүй нь ....... хөндүүр

Feb 5, 2010

Зүүдний учрал...


Зүүдэндээ би дэнлүүний гудманд оччихсон байх юм
Зүглэж бүр зориод дунд нь алхаж байх юм
Хажуугаас төөнөх харц түүнийх гэдгийг мэдэрч.... үйл хожимдоно

Хаалга хаагдахын төдийд түүнийгээ би алдчихлаа
Хаанаас ирсэн бүсгүйд ялагдчихсанаа ч мэдсэнгүй
Зүрхний доохно талд оёдол задарч... нулимс шүүрнэ

Бортоготой дарсны гашуун амт цээж зуран харуусна...
Бүтэн сар зүүдэнд минь зочилсон түүний үнэр
Тэргэл сартай тэр шөнийн учралыг тамгалаад.... хүсэл хоцорно



Feb 3, 2010

таслал тэгээд цэг

Би заавал амьдралын учир утгыг олох ёстой юу? 

Яах гэж амьдраад байгаагаа, Амьдралын төлөө юу хийж байгаагаа хүртэл бүгдийг нь ойлгож ухаарсныхаа дараа үхэх ёстой юу? Ухаарч, ойлгож амжилгүйгээр энэ хорвоог орхих болчуул харамсах ёстой юу?  

Үр хүүхдийнхээ төлөө амьдраад байгаа гэх мөртөө үнэндээ тэд минь хувь төөрөг, зурсан зурлагаараа л амьдрах байтал бид тэдний төлөө санаагаа чилээн, үхтэлээ зүтгэж байгаа нь насныхаа эцэст зовохгүй байхсан гэсэн хувьчхан хүслийн минь далд илрэл биш гэж үү?

Үнэндээ бүх зүйл дэндүү өрөөсгөл юм... Дэндүү харьцангуй... 

 Гэтэл өрөөсгөл гэж юуг хэлээд байгааг, харьцангуй гэж юуг тодорхойлоод байгааг бас л мэдэхгүй. Мэддэг мөртөө мэддэггүй хамгийн түгээмэл сэдэв....

Нэг тийм гэхийн тэмдэггүй хоосон мэдрэмж... хонгилоор алхахад гарах хөндий дуу чимээ... хэнхдэг хавьцаагаас минь хүнгэнээд байх юм. 

Бүх зүйлийг ойлгох гэж зүтгэхээс.... өчүүхэн юмны учрыг ч болов олох гэж хичээхээс.... 

Хамаагүй юм шиг мөртөө хамаатай зүйлд санаа зовохоос... Хэрэгтэй мөртөө хэрэггүй юм шиг тэр олон асуудлуудад эд эсээ барахаас.... залхаад, ядраад.... үнэндээ түүний хэлснээр бодол минь ядраад байх шиг... 

Бодохсон гэж зүтгэхээр бодол минь ядраад цухуйхгүй байна. Санаагаа зовоохсон гэхээр л санаа минь цуцаад цухалзахгүй юм.

Голын ус учиргүй хөлдөөд... гөлийж, гялтайсан үзэсгэлэнт мөс болохыг хараад сэтгэлээ би тийм л байлгамаар.

Юу бичээд байгаагаа... юу бичмээр байгаагаа ч үл ухаарна.... дуусгасан нь дээр бололтой.....