Aug 21, 2008

Өөртөө л шивнэсэн үгс...

Анх ээж болж, өөртөө хариуцлага үүрсэнээс хойш 6 жил өнгөрч.... Дэндүү бага мөртөө чамлахааргүй их хугацаа аж... Алган дээр минь багтдаг байсан алаг хөөрхөн охин минь 6 нас хүрчихэж... Дэгэж дэрвэдэг нас нь хорвоогийн алаг эрээн өнгийг сониучирхан хардаг насандаа шилжчихэж...

Анхны алхам... анхны үг... бүр анхны цахиур нь цухуйж байсан нь саяхан мэт... Хорвоо дээр түүнээс минь хөөрхөн амьтан байгаагүйсэн...Гэтэл өнөөдөр өөрийнхөө нялх шиг хонгор хөөрхөн дүүгээ дагуулчихсан хорвоогийн өнгө гэрлийг нэмэн нэмэн хажууд минь эрдэнийн чулуу адил гялалзаж суух...
Миний охин сайн хүн болноо... Ээж нь итгэлтэй байдаг. Намжир дөлгөөхөн зантай, надаас огт өөр хүн... надад байхгүй тэр л эрхэм зан чанаруудыг өөртөө шингээсэн насаар минь намайг гэрэлтүүлэх нар минь тэр байна...
 
Амьдрал минь эрдэнэсийн чулуугаар дүүрэн байна... Эд баялаг биш ээ... Энэ л насанд минь ахиж заяахгүй эрээд хаанаас ч олохгүй тийм л эрдэнэс надад байдаг юм... Тэд бол миний охидууд... Нэрс нь надад ухаарал хайрлаж, инээмсэглэл нь надад жаргал бэлэглэж, нэг нас нэмэх тоолонд нь би өөрийгөө улам зоригжуулдаг юм....Тэд минь миний амьдралын утга учир.

Хамгаас хайртай, томоос том эрдэнийн чулуундаа аз жаргал хүсье...
Ээж нь чамдаа хязгааргүй их хайртай...

No comments: