Jan 25, 2011

чамдаа хүрэх


Гэзэг даахиа ширхэг ширхэгээр нь томож
Гэрээсээ гэр хүртэл чинь дөтлөх зурвас татмаар
Тэнцвэр олж өлмий товшин чамдаа хүрэх нь
Тийм л жаргалтай байхыг би мэдэрмээр....

Jan 20, 2011

Яг одоо....

Эвшээж байгаа мөртөө амны хайрцаг үнэн жаргалтай
Анилдаж байгаа хэрнээ нүдний харц асар гэрэлтэй
Чухал царайтай мөртөө ухаан санаа үргэлж түүний дэргэд
Чимээгүй цэх сууж байгаа ч сэтгэл дотор сэрэл гижиг бүжиглээстэй....

Jan 17, 2011

Аз жаргал...

Өнгөрч одсон өдрүүдийг өнгөцхөн гарчиглалаа.

Үнэхээр би дэндүү тэнэг ч байж дээ гэж бодовч тэртээх л тэнэг гээд байга өдрүүдийг туулж, туучиж, бараагүй бол өнөөдрийн энэ их мэдрэмжийг анзааралгүй.... атгахан нүднийхээ хараанаас алсуур өнгөрүүлэх байсан байх даа.

Өөртөө харъяалахгүй зүйлийн төлөө зүтгэж..., өөрийгөө би хүчлэн хорьж, дотор минь агуулагдах тэр л хүсэл мэдрэмжийг ба нухчин дарж, өөрийн минь хажууд байсан тэр л аз жаргалыг би үлдэн хөөснөө дэндүү хожуу мэдэрсэн ч.... тэгэх л ёстой хувь тавилан гэж... тийм л учраас би өнөөдрийн энэ ухаарлыг амталсан хэмээн муйхарлан сэтгэнэ.

Аливаа үйлийн үр дүнг урьдчилан тооцоолж, түүнээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө төсөөлөлд бий болгосон тэр үр дүндээ тохирсон хориг арга хэмжээг түрүүлж хэрэгжүүлэх нь хэр зөв байдаг бол... Төгсгөл нь харагдах байтугай, огтоос эхлээгүй тэр л үйлийн төлөө хийсвэр ертөнцийг амилуулж, айдсыг бас араасаа дагуулсаар л байх нь хожим ямар том харуусал эсвэл яг юу гэж нэрлэхэд хэцүү тэр л мэдрэмжинд хүргэдэг гэдгийг би ухаарах л.


Гэвч... нэгэнт эхэлчихсэн үйлийнхээ төгсгөлийг харах гэж хичээхгүй байгаа ч гэсэн өнөөх үл ойлгогдох мэдрэмж оршсоор л... айдас, түгшүүр, тэнэглэл эсвэл бүр харамлах... аль нь юм бол...


... зүгээр оршин буй өнөөдрийг би аз жаргал хэмээн нэрлэмээр. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал өнөөдрөөс эхлээд өнө маргаашийн бүх л өдрүүд аз жаргал болон хувирмаар. 
Угаасаа л өнөөдөр байгаа миньминь аз жаргал. Ямх, чимхээр хэмжигдэх ялгуун үгсээр сангаа тэлсэн, асар баян аз жаргалтай амьдрал минь.... 

Jan 7, 2011

хүлээлт

Харц өргөөд л харна
Хоосон суудал эргэлдэнэ
Хайр минь чи хаана явна /хичнээн ч завгүй амьдрал вэ/

Сонор сунгаад л чагнана
Сул шороотой харгуй зурайна
Сэтгэл минь чи хаана анирдана /солонго татах цаг болоогүй гэж үү/

Амт

Ув улаан будаг нялж
Уруулаа би гоодохгүй ээ
Учрах тэр л өдрийг хүлээж
Уй гунигт автсандаа би
Уруулаа будаггүй үлдээдэг юм биш

Уулзан учрах тэр л мөчид
Уруулд чинь будаг бус
Унаган өөрийгөө амтлуулах гэсэндээ
Ув улаан будаг нялж
Уруулаа би гооддоггүй

Jan 5, 2011

Тэмцэл



Өөртэйгээ... зөвхөн өөртэйгээ би 
Өдөр шөнөгүй тэмцэлдсээр
Өдөт далавчны гүнзгий сорви
Өчүүхэн бүдэгхэн шархтайгаа мэдээд 
Өрцөө нэвтлэм уртаар амьсгалж
Өглөөний сэрүүн жаварт цан татан дэвнэ...

Өнөөх л их гунигаа нэрж
Өвлийг үл анзааран тэмтэтчсээр
Өр зүрхнээсээ хайрын хэлтэрхий
Өнгөт орчлонгоос чиний үнэрийг олчихоод
Өвсний толгой давсан цасан хайлтал мишээж
 Өөртэйгээ.... зөвхөн өөртэйгээ хийх тэмцлээ цуцална.... 

Jan 3, 2011

Хайрыг нь хайрлах

Чанх урдаас цог шиг ширтэх
Чиний минь нүд
Чинагш тэмүүлж
Чамд улам ихээр дурлахыг надад ятгана
Чинийхээ сэтгэлийг хязгааргүй тарчлаах өөртөө зэвүүцэх авч
Чиний хайрласан бүсгүйг хайрлах зориг надад бас төрөх шиг...


Өрөөлийн хайраар дамжуулж өөрийгөө хайрлах.....