Dec 31, 2010

Шинэ оныг угтаад хуучин оныг үдэх нь...

Шинэ оны мэнд...., Шинэ ондоо...., Шинэ он гарлаа, ирлээ, орлоо гэж хаа сайгүй л англи, монгол, орсоор хангинаж эхлэх үед л нээрээ "энэ жил" гэж хэлэх хугацаа хором хормоор хорогдож багаа гэдгийг огцом анзаарсан юм байна. 

Улиран одож буй жил миний хувьд өнгө, үнэр амт мэдрэмжийн жинхэнэ цоморлиг байсан... амар амарлингуй, санан гансралт... хүсэл тэмүүлэл, хайр дурлал... догдлол гоморхол...... хагацал учралын амт шимт бүхнийг агуулсан асар том жүжгийн тайз байсан. 

Тайзан дээр өрнөх жүжгийн гол дүр нь Хатан хаан. Тэрээр өөрийн эзэнт гүрнийг хамгаас амар амгалан, аз жаргалтай, энх тунх оршин байгаасай гэж хүсдэг бусад улс гүрний хаад, ноёд, хатад шиг л тэмүүллийг тээдэг. 

Хатан хаан уйлдаг бас инээдэг, гунидаг бас жаргадаг, баярладаг бас уурладаг... сэрэл мэдрэмжийн хувьд бусдын нэгэн адил хүн ч гэлээ тэрээр гагцхүү өөрт нь ганцхан байдаг тэр л хувь тавиландаа хязгааргүй итгэдэг нэгэн бололтой. Дэндүү өөрөөрөө байхын хүслэн түүнд 2 туйлд эсрэгцэн орших мэдрэмжийг бэлэглэдэг. Зориглон зүтгэхийн бас зүрхшээн эмээхийн... айдас түгшүүрийн бас аз жаргалд шунан дурлахын.... Гэвч сонгосон сонголт, гаргасан шийдвэр бүр нь зөв байсан гэдэгт эргэлзэхийг хүсдэггүй. 

2010 оны туршид би амьдралынхаа тайзан дээр  хатан байж чадсан... Чадна  гэсэн товчлуурыг дарахаас өөр сонголт хийх эрх надад байгаагүй. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. 

Айхтар том төлөвлөгөө зохиож, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж гүйгээгүй ч гэлээ....Сул асгасан гэзгээ, далаа давуулан хаялах зуураа эргэж нэг харахад.... Онцгойлон хүсэж, төлөвлөөгүй ч гэлээ аяндаа л бүх зүйлс болчихсон л байна.... болж ч байна... болох ч болно. 

Айлчлан ирэх онд энэ бүх мэдрэмж дахиад л ирнэ гэдэгт итгэлтэй байна. Сэрэл мэдрэмжийн дунд сэлүүрдэн, хязгааргүй их хүсэл мөрөөдөл, бодол эрэгцүүллийн дунд өөрийн өнгөөр гэрэлтэж, өөрийнхөө дуу хоолойгоор  намуухан аялгуулж, элин халин, дүүлж хөвөн оршино гэдэг юутай их аз жаргал... 


Байхгүй бүхнээ бий болгохын төлөө...
Байгаа бүхнээ хайрлан дэлгэрүүлэхийн төлөө....
"БИ" гагцхүү "БИ"-гээрээ оршихын төлөө.....
Нэгэн оныг ардаа үлдээж
Нэг алхам урагш алхан
Нэн шинэ түүхийг эхлүүлцгээе!
 
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ!

Dec 28, 2010

Шивнээч...


Амраглалын төгсгөл хаахна хүрэхийг
Амрагхан минь чи сэмхэн шивнээч
Атга атга аз жаргал хүсээд инээмсэглэх үү
Аяга аяга нулимс хураан гуниглах уу
Альхан талд нь гээгдэж хоцрохыг минь сэмхэн шивнээч

Хайрын минь оргил хаахна гялалзахыг
Хонгорхон минь чи аярхан шивнээч
Хоёр алгаа нийлүүлэн хослон жаргаж найгах уу
Холын холд хагацан сууж шаналан одох уу
Хос, салгуу замын альнаар алхлахыг аярахан шивнээч....

Dec 16, 2010

Х....атгуулаад


Хэнхдэг дээр минь хэн нэгэн хутга тулгаад
Хамаг нууцыг минь шаардан байж намайг тамлана
Хэлж амжаад явах уу эс бөгөөс
Хэлэхгүй нуугаад үхэхийн аль нэг нь л сонголт
Хаашаа ч юм яарна
Хугацаа нь болоогүйд шанална
Хоромхон зуурт л хорин амьсгал тээж
Хөмхий хазлан харамсал тээхгүйг хичээнэ....

Dec 10, 2010

Мэдэх үү...

Хэтэрхий их хайраар
Хэн нэгнийг устгах нь
Хамгаас амархан байдгийг
Хонгор минь... чи мэдэх үү...

Хожуу ухаарлын цучил
Хамаагүй огцом дүрэлзэж
Хамгаас хурдан унтардагийг
Хайрт минь... чи мэдэх үү....

Dec 2, 2010

Цаг нь болоогүй...

Толгой минь тэсэхүйяа бэрх өвдөхөд
Тонилгоод өгөөч намайг гэж  би БУРХАН-аас гуйна
Түүний хариуд тэр улам хүчтэй тоншоод
"ТЭР ЦАГ БОЛООГҮЙ ЭЭ" гээд хаалга саван одно
Төмөр хаалга түгжигдэнэ....

Dec 1, 2010

Яараад....

Харанхуй шөнө,  хар үзэг, хоосон цаас, хорогдонгуй цохилох цаг хугацаатай ханьссар хэдэн ч өдрийг угтав даа. 

Өч төчнөөн бодол атгахан тархины нугалаас бүрт шургалчихаад, өөрийгөө би ойлгох мэт, эс бөгөөс үл ойлгох мэт гөлийж, харцаа өргөх бүрт минь хоосон цулгуй хана.... булангаасаа шохой нь эмтэрчихэж... 

Амьдралд тулгарсан аливаа асуудлыг шийдчихлээ дээ гэж ам бардам дугарч огтоос болохгүй юм байна. Шийдэх гэж хийсэн сонголт, сонгох гэж гаргасан шийдвэр хэзээ ч төгс хувилбар биш байх. Сонголт шийдвэрийн эргэлзээтэй байх, буруу байхдаа бус... хаврын салхи шиг хувьсан байдаг валютын ханштай зүйрлэмээр...түүн шиг л хэлбэлзэн байдаг болоод л тэр байх. 

Эрээвэр бодлуудаа хааяа ч болов эрээлж сараачиж баймааж нь илүү хөнгөн мэт...Энд тэндээс нь чимхэж, эрэмбэ дараагүй, гэнэт гэнэтхэн цовхчуулж баймаар бодлууд... 

Гэнэтхэн нэг яарч, адгах шиг... 
Гурвын тооны ард тэг залгагдаж, тэр нь нэг болж солигдох хүртэл санаанд минь, бодолд минь хамгийн өндөр давтамжтайгаар буусан мэдрэмж.... Яарах, адгах... Гадна төрхнөөсөө хэнд ч илхэн..тайван нь дэндсэн амгалан царай... гэвч сэтгэл дотор минь дайтаж байх шиг. Нэг тал нөгөөтэйгээ дайтаж, нийтлэг үзэл бодол тээж чадахгүй үзэлцэнэ. 

Ганцхан амьдрах хорвоо, үхсэний дараа би өнөөдрийн энэ амьдралын үнэрийг ч санахгүй. Чаг чаг цохилох цагны амьсгал намайг хурдал, түргэл гэж яаруулаад байна. 

Амьдарч амж, амжиж амьдар.... яараад байна... Юунд ч юм би яараад байна. Ямар нэг зүйлээс өмнө би амжмаар байна...