Aug 27, 2013

Өргөст торны болжмор

Дэндүү их дэврүүн явсан хүүхэд нас гэж ярих гэтэл үнэндээ тэгтлээ их дэврүүн явсанаа ч би санахгүй байна. Хүүхэд байхад сайхан л байсан. Яг юу нь сайхан байсныг ч би үнэндээ мэдэхгүй юм. Элэг бүтэн өсч, өлсөж зовоогүй, уранхай цоорхой хувцас өмсөөгүй минь аав, ээж, эмээ, ах эгч нарын минь хайрын үр шим биз. Гэхдээ л би буцаад хүүхэд болохсон гэж тун чиг цөөхөн боддог. Одоо бол бүр боддог ч үгүй. Аав ээжийгээ буцаад залуу болохыг, эмээгээ дэргэд минь инээмсэглээд суухыг харах нь дулаахан сайхан, таатай л даа. 

Надад тийм хүчтэй мөрөөдөл байгаагүй юм байна. Онцлоод суралцдаг хичээл ч байгаагүй. Бүгдийг нь оронцоглодог байсан санагдана. Тооны хичээлд дургүй, монгол хэл уран зохиолыг хийх ёстой л гээд ойлгоод хийчихдэг. Физик, хими үнэндээ надад юунд ч хэрэгтэй байсан юм бүү мэд. Орос хэл бол бас л сурах хэрэгтэй. Ер нь сургуулиа төгсөхөд бүх хичээлүүдийг заавал сурч, эвтэйхэн дүн авах хэрэгтэй гэж бодож л сурдаг байсан юм шиг. Их дээд сургуульд тоонд дургүйгээсээ болоод л хэлний сургууль сурсан. Тэнд ч бас оромдож л сурсан. Зүгээр төгсөх л гэж сураад байсан юм байна. 
Амьдралын хэмнэл дэндүү тэнэг, нэгэн хэвийн, өнгөцхөн  хүсэл мөрөөдөлтэй...уйтгартай нэгэн байжээ. Одоо ч тэр хэвээрээ байгаад байх шиг. 

Өөрчлөгдөж, хөгжихийг хүсэхгүй, өрөөл нэгэнтэй хүсэл мөрөөдлөө хуваалцаж, жаргал зовлонгоо ч нэгтгэх чадваргүй. Түгжигдмэл, Хайрцаглагдсан,  Нэг л их "ниснэ дээ, ниснэ..." гэж ярьсан сүлжэ торонд хэрэгдсэн уйтгарт болжмор... Болжморыг торонд хийж тэжээдэг хүн ч гэж хэн байхав. Би өөрийгөө л торлосон хэрэг.

Өргөст торны шувуухай гэдэг кануг яагаад тэгэж нэрлэсийм бол... хайртай хүнтэйгээ хамт ч байж чадалгүй, өөрийнхөө хүслээр мэт боловч бурханыхаа тааллаар сахил санваартаа хуурамчаар үнэнч явсан тэр ламыг хэлээд байсан ч юм уу... бурханаас нь салгаж авч чадаагүй, сэтгэлээрээ жаргаж чадаагүй тэр бүсгүйг хэлээд байгаа юм уу.. би бас л ойлгоогүй юмсанж. 

Ер нь би өөрөө өөрийгөө торлосон, онцлох гэгээн туяа үгүй... уйтгартай, дуугүйхэн болжмор юмсанж...


Feb 25, 2013

Төрсөн өдөр

Өнөөдөр миний төрсөн өдөр. Хичнээн ч сайхан өдөр таарчихав даа. Хурмаст тэнгэр хүртэл нэг уйлж, нэг инээж... ёстой л уйлж инээх нь зэрэгцсэн сайхан өдөр байна даа. Хажуугаар зөрсөн хүн бүрийн царайд инээмсэглэл наалдах нь цаанаа л нэг сайхан, тэр их инээмсэглэлийн цуглуулга миний төрсөн өдрөөр таарч байгаа болоод ч тэрүү сэтгэл нэг л их баян... 
33 жилийн өмнө аав ээж минь охинтой боллоо гэж баярлаад ёстой уйлах инээх зэрэгцсэн өдөр тохиож байсан гэдэг юм. Магад тэр өдрийг амьдрал хүртэл санагалзсан нь энэ биз. 

Энэ жилийн хувьд төрсөн өдөрт би тэгтлээ их ач холбогдол өгөөгүй л дээ. Гэвч зөндөө олон, бүр бахархмаар олон найзууд надад байдгийг мэдрээд, тэд бүгд надад баярын мэнд хүргэсэн нь гайхалтай том бэлэг байлаа. Харцанд минь оч гялбуулж, царайд минь тасралтгүй үргэлжилсэн инээмсэглэл бэлэглэсэн найзууддаа баярлалаа. 

Уужимхан сайхан амьсгал аваад өвөл дуусч, хавар ирснийг тэмдэглэж өөдрөг гэгч нь инээмсэглэж урагш алхая даа. 

Төрсөн өдрийн мэнд хүргье Мөөгий :)

Jan 28, 2013

...


Сэмхэн гэтэж ирээд
Сэтгэлд минь үүрээ засчихсан түүний
Сэхүүн зан
Сэтгэлийн шаналан
Сэмэрсэн шунал
Сэлүүхэн гуниг
Санаа алдсан жаргал болж хоцров.....

Jan 24, 2013

2011.09

Утасны дуудлаганд хариу алга
Удтал би дэмий л чагнана
Уулзах хүсэл минь бас л хариугүй
Ухаарах тэвчээр аргагүй л барагдах...

Бүдэрч тээглэсэн чулуу
Чамруу л дөтлөх гэж хөлд  таарсан мэт
Бүдэгхэн ертөнцийн манан
Чамтай л хамт цэлмэх ёстой байсан мэт 

үүүүүү

Үнэндээ юу ч хүсэхгүй 
Үзтэл бүх зүйл надад байна
Үүлтэй тэнгэр, Үзүүртэй модод
Үнэнч сэтгэл, үзэмжит төрх

үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү

Үнэхээр юу ч хүсэхгүй байна... гэтэл 
Үзээд өгье гэсэн ч үртэсийн төдий юу ч алга....
Солиорол...

Jan 21, 2013

элийрэл

Цан татсан цонхны цаана бүртэлзээд
Цагаан өнгөтэй тагтаа гундуухан сааралтана
Цагтаа тэр хун шувуу мэт байгаад
Цайрах манан дунд сүрлэгхэн бүжиглэдэг байсан л...

Униар дундуур жигүүр тэлэн саравчилна
Урин цагийг битүүхэн мөрөөдөж хүлээнэ
Уулын оройгоос уйтайхан бөгшүүлж
Урьдын цагийг санагалзан бөглүүхэн мэгшинэ...