Nov 23, 2009

Зам

Зүүдэнд минь тэр дэн барьж гэрэл гаргаад
Зүр улаан цэцгийн талбай дундуур зам заадаг
Хүүхэн бодлын минь мухарт хүж асаан үнэр анхилуулж
Хүмүүний амьдралын зөрөг замыг утаа тийш нь хөтлөдөг...

Nov 21, 2009

Бүсгүй...

Би заримдаа хязгааргүй ихээр санадаг...
Бодол болоод санаагаа эмэгтэй гэдгийг мэдэрдэг
Бүхий л орчлон хайраар гэрэлтэх цагт
Бие болоод зүрхээрээ бүсгүй гэдгээ анзаардаг...


Бүжгийн даашинз өмсөөд л бүсгүй гэвэл худлаа
Бүүвэйн дуу аялаад л эмэгтэй гэвэл дутмаг


Бүрэнхий үдшийг гэрэлтүүлэх бүлээн дулаан сэтгэл
Будант орчлонг дулаацуулах ариун цагаан хайр
Буцах насны төгсгөл дэхь сэтгэлд дотно дурсамж
Бүсгүй бодлыг тэлж эмэгтэй ухааныг чимдэг гэлтэй...



Nov 16, 2009

Гээд л тэр....

Зовхи минь бие биенээ эрэн тэнүүчилж
Золгуут хийн наалдчих гээд л... тэр
Нүд минь нарнаас дөлж сэмээрхэн зугтаад
Намайг унтуулж хүслээ гүйцээх гээд л.... тэр

Зүрх минь хүчтэй лугшиж булгилаад
Зөрүүд орчлонгийн нүглийг надад мэдрүүлэх гээд л... тэр
Нулимс минь огцом хатаж ширгээд
Нүгэлт орчлонд дусал унагахаар юу ч байхгүйг мэдүүлэх гээд л.... тэр

Хажууханд минь суучихаад мөр алгадах нөхөр минь
Хавирганы минь цаахнуур сүлбээрээр хатгаж дүр эсгээд л.... тэр
Нөхөрлөл болоод үерхэл ярьсан улаахан уруул нь
Нөмгөн, нимгэн дээл шиг минь сэрүү татуулан жиндүүлээд л.... тэр

Nov 10, 2009

Хүлэгтэй бадарчин

Хүлээснээс мултарч хүлээсэнд баригдах
Хүний амьдралын асар их ээдрээнд багтарч
Хэн нэгний орон зайд тэнүүчлэхдээ
Хэсүүлчин тавиландаа эвлэрч уусах шиг...

Nov 8, 2009

Санаа алдах л...

Эгээ л би ээжээ даган дэгдсэн
Эрээн даашинзтай охин болчихсон мэт хөнгөн...
Энэ л бодол санаа минь агаарт хөвсөн
Эрээн далавчит эрвээхий мэт ганган...
Эгэл хүмүүний зүрхийг ингэтлээ ихээр догдлуулсан
Эр зоригт баатар мэт түүний араншин
Эмэгтэй биеийг олж хорвоод мэндэлсэн
Эхнэр байхын тавилангүй намайг ихэд догдлуулах л....

Санаа алдах л....

Nov 6, 2009

Чулуун толь....

Чимчигнэсэн мэдрэмж бүхэн чихний гүнд чимэг мэт цохилоод л...
Чиний гэх бүхэн чигжээс мэт л... эд эс бүхэнд шургална
Чулуун хана хажууд бас урд чийг татуулан ханхайгаад л...
Чимэг зүүлтээ зүүсэн чухам дүрийг минь толь мэт тусгана

Nov 4, 2009

Амт...

Аргадах аргадуулахын амт нь гашуун бас исгэлэн

Амьдрал хэмээх шөлний давс нь ихэнхдээ шорвог

Айдас болоод хүйдсийн нялууныг үл тоосон ч

Аргагүй цаг хугацааны чихэрлэг өнгөнд дурлана...