Oct 31, 2010

Буглаа

Хожимдож ирсэн мэдрэмж хөндий цээжинд буглачихаад
Хаашаа ч хөдлөх чадалгүй болтол намайг ээрнэ
Бачуурч бас дахин бачуурч эрүүлд эргэлдэхдээ
Бусдын зүйл бусдынх л байдагт бүр ихээр итгэнэ...

*** 

Учирсан тавиландаа хууртаж хэсэгхэн баясчихаад
Үүрд л минийх байх мэт үлгэр зохиож түндээ итгэчихээд
Ханьсах хувь заяаны зөрлөг дээр ганцаараа хүлээж зогсохдоо
Үүр шөнийн заагаар үл үзэгдэгчтэй болзож буйгаа даанч мэдэхгүй
Миний тэнэг бардам зан....

*** 

Хорогдон хорогдохдоо амьсгалаа түгжиж хором хүлээвч 
Цаг хугацааны эргүүлэг намайг үл өрөвдөн дэндүү хурдан эргэлдэнэ
Хацар, хүзүү бас тэгээд хөхний товчинд хайрын бороо дуслахад
Цас, мөндөр бас тэгээд юу ч биш хурын шим биестэйгээ уралдаж
Хуурай харууслаар бодол норгон амьдралтай урсан одно....

Oct 29, 2010

Харамсаагүй харуусал

Хайртай...... хайртай........... гэж 
Хашгирмаар
Хамаг бүхнээ илчлээд 
Орилмоор
Хамж булаагаад хаашаа ч юм 
Зугтмаар
Харамлах, хардах эзэнтэй болхоор
Тэвчихээс дээ...


Хоосон бардамналаар түүнийг би
Сольчихсондоо
Харамсаад бас гуниад би
Хэрэггүй
Хэзээ нэгэн цагт минийх л байсан
Түүний
Хувираагүй сэтгэл нь сэтгэлд минь
Мэдрэгдсэн.....

Oct 23, 2010

Цонх

Шилээр доторлосон хуванцар цонх надад саад болоод байх шиг...
Шигдэж суугаад бодож бясалгахыг минь эсэргүүцээд л
Шөнийн уртад нойр хулжаан шүлэг тэрлэхийг минь хориглоод л
Шүүрхий сарны бүдэг гэрлийг хувирган тусгаж ховсдоод байх шиг.....



Oct 6, 2010

Шальдар бульдар бодлууд... эрэмбэ дараа гэж үгүй...

Ойрд нэг л хачин. Яагаад байгаагаа ч мэдэхгүй юм. 

Хүн ер нь өөрийгөө бүрэн таньж мэдэж амждаг болов уу? Хэрэв энэ амьдралынхаа турш хүн өөрийгөө ч таньж амждаггүй юм бол өрөөлийг яаж ч таньж сурах вэ дээ тийм үү? Хүн юу бодож, юу хүсэж, юунд зорьж... юунд дургүй, юуг жигшиж, юунаас зугтаж амьдрахыгаа мэддэг ч гэлээ жинхэнэ амьдралыг хангалттай таньж мэдэхийн дөнгөж нэг хэсэг нь л юм даа. 

Өөрийгөө дарж амьдрах хэрэгтэй ч юм шиг... эсвэл дэврээж, халгиулан, цалгиж орших ёстой ч юм шиг....хөнгөн сээтгэнэл, хөөрүү сэтгэл дутаад байгаа ч юм шиг... эс бөгөөс гал халуун дурлал, галзуурсан их хүсэл тачаал, далай шиг их гуниг, далан давсан мэт ганцаардал, бухал бухал бодол, боодол боодол ухаарал, гэмшил бас харуусал, бардамнал бас бахархал..... ямар нэг юм л надад хэрэгтэй байна.... 

Өглөө тээсэн бодол өдөр гэхэд л замхран одсон байх юм... Өчнөөн олон зүйлийн тухай бодож, өнөр их үгээр илэрхийлэхээр бэлдэж байсан ч .... их ажлын чөлөөгөөр, тархи юугаа суллаж, цаас, дэлгэцийн аль нэгэн дээр буулгах байсан авч... алдчихаж... тархины нугалаас бүртээ тээсэн тэр олон бодлуудаа би алдчихаж.... Хэдхээн үгсийн хүрээнд түгжигдэж, хэлхэж, сүвлэх чадал минь барагдаж.... хуйсагнах салхинд хөгөө алдаж, хөр цасан өвлийн сургаар дагжин чичрээд... ичиж нуугдаад, шигдэж унтаад эхлэх чинь...  Бичигдсэн үгс хүртэл буудал алгасаад үсэрчихэж....

Нүцгэрэхээ хүлээх моддын мөчир дээр бялзуухайн чуулган чуулж 
Нимгэн ч гэлээ бараан үүлс энд тэнд бүртийж тэнгэр хээлнэ
Ганцаардлыг тосох ганцхан зүгрх минь сэтгэл тогшиж
Ганган хээнцэр хөглөрөх навчис хаа сайгүй хөрс чимнэ....  

Oct 4, 2010

би...

Хөндий сэтгэл дотуур хөнгөн чавхдас гүйлдэнэ
Хөндлөн тэвхэнд гацааж үл дийлээд..... би цөхөрнө
Хүний санаан дотуур мянган жим жирэлзэнэ
Хөвж тавьж сүлжиж үл чадаад...... би цуцна