Mar 18, 2010

заримдаг бодлын хэлтэрхий...

аниргүйн дайд амьсгалахын төдий сүүмэлзээд л
амьдарч байгаагаа алхам тутамдаа мартагнаад л...
Агаарт дүүлэх шувууд хичнээн цатгалан... салхи залгилаад л....

холын тэнгэр хур буухын зуурт бүүдийгээд л
хоёрхон бодлын завсар хоргодох төдийд бүдгэрээд л...
Хорвоод хийсэх навчис хичнээн бардам... алаглан гялалзаад л...

Mar 15, 2010

Буйдхан...хүсэл

Үхэл үнэхээр өнгөлөг харагдаад
Үүд нь хүртэл нээлттэй үзэгдээд
Үнэр нь нэг л дотно наалдаад
Үнэхээр л би түүн дээр очмоор бодогдоод...

Босгыг нь давахаар 
Бороо шивэрсэн солонго татсан ертөнц байдаг шиг
Үүдээр нь нэвтрэхэд
Үүлээр наадсан, өнгө алагласан цэцэгс дэлгэрдэг шиг...

Нэг л хүсмээр амар амгалан
Намуухан дөлгөөхөн тэр аниргүй буйдхан....

Mar 13, 2010

Шувуу...

Эмэгтэй тавилангийн үүд нээгдэхэд
Эрэмгий далавч минь тасраад үлдчихсэн
Би шувуу байсан....

Ээж байх үүрэг хүлээхдээ
Эрээн сөд минь гуужаад уначихсан
Би шувуу байж..





Mar 9, 2010

...

Мартахыг хүссэн ч мартагдахгүй хайр минь
Магад миний нэг насны учрал байсан гэх үү...
Маргаашаар биш өнөөдрөөр би амьдрахыг хүсэх ч
Мартагдсан гэх тэр л өчигдөр... надтай мэндлэнэ...

Гудиггүйхэн залуугийн эрээгүй дурлал
Гуниг нэрсэн сэтгэлд минь ер тогтохгүй
Гурвантаа залбирч, өөрийгөө өөрчилье гэвч
Гоморхох зүрх хаалгаа түгжчихээд... салхивчаа хаана...

Түүний үнэр...

Санаандгүй л би санаа алдаад
Салах л байсан хувь тавиландаа гоморхоно...
Санаанд минь хадагдаад үлдсэн түүний үнэрийг
Салхитай цуг хийсээгүйд нь бухимдана...

Цаг хугацааны эгшинд өөрийгөө би хүлэхдээ
Цаашдын амьдралаа төсөөлөн бодохгүйг хичээнэ...
Цугтаа байсан түүний зөөлөн үнэрийг
Цээжин тушаа үлдэж хоцорсонд нь тайвширна...

Чив чимээгүй уусан одсон үдшийн сүүдэр шиг
Чиний үнэр надаас бас үймэн зугтах шиг...
Чангаар шивнэж, чимээгүйхэн хашгирсан ч
Чинагш алхах чиний үнэр... тэртээ холд.....сайн яваарай....

Mar 2, 2010

Тэр жаргалтай бол...

Эхнэрт гарчихсан мэт л .....тэр эр сураг алдуурсан
Эрээн даашинзны хормойноос атгасан мэт л.... чимээ тасарсан
Эргэж харахыг хүсээгүй ээ би... түүнийг зөнгөөр нь орхимоор
Энэ амьдралд тэр л аз жаргалтай бол... би сэтгэлдээ жаргалтай...