Apr 30, 2008

энэ л өдрүүд...

Лайс яваад өгчиж... Хаашаа явчваа...

Ихэнх бичлэгүүдийг нь уншихад өөрийгөө хөндлөнгөөс хараад ч байгаа юм шиг дотно санагддаг байж билээ. Гол ялгаа нь би түүн шиг хөгжилтэйгээр, уран яруугаар бичиж чаддаггүй юм. Яаж илэрхийлж гаргая даа байз гэсэн санаануудыг минь яруу тодоор сайхан, ойлгомжтой энгийн мөртөө .... нэг л тийм хөөрхөн биччихээд байдаг золиг байгаам.
Явахаас нь өмнө л сайн гэгч нь танилцаад авдаг байж. Хн.... Тэхдээ эргээд ирнэ гаж найдаал байжийхаас.
Энэ долоо хоног ч найз нөхдийн хүрээгээ тэлээд сонирхолтой байна. Ажил ч сайхан нам тайван. Учиргүй ихээр завтайдаа биш... уур дургүй зэвүүг минь зэрэг зэрэг хүргээд байдаг дарганцарууд байхгүй байсан болхоор л тэр. Нэг нь л байхгүй бол нөгөөдүүл нь сүр хүч нь багадаад байгааг мэдэрдэг байх гэмээр нам жим.... Бусдын л адил хүн шиг болчихдог юм байна. Харин бөөн бөөнөөрөө бүгдээрээ, бултаараа хамт байгуул ч алж өгнө дөө мань мэтийг...
Зараа намайг зүгээр л буруу сонголт хийсэн хүн гэж тодорхойлсон бол Ицми намайг төсөөлж байснаас минь илүү буурь суусан хүн байна гэж хэлсэн. Би өөрийгөө хэн гэдгийг мэддэггүйм чинь... хэхэхэ Зах зухаас нь сонсож л байдаг газаршд. Тулах цэг намайг листэндээ нэмсэн байсан. Баярласан гэж жигтэйхэн.

Ицмигийн блогт болсон Нлогийн эсрэг тулаан нэлээн хүчтэй өрнөлөө шүү. Сүүлд харахнээ биднийхээ зарим бичлэгийг устгасан байлээ.Эхний алхам дажгүй шүү нөхдөө. Энэ мэтчилэн дан ганц өөрсдийнхөө эрхийн төлөө бус өөр бусад эмзэг сэдвүүдийн төлөө тэмцэцгээе л дээ.
Ажлын газрын тийм лийдэрийн өгсөн 80 хуудасны тал нь яваад өгсөн байлээ. Сажилж орчуулсаар овоо л явуулсан байлээ. Одоо хэдхэн хүснэгт зурж, хэдэн тоо сарааччуул ч болоод явчих нь тэр.
Захирал ойрд гайгүй зантай байгаа. Гэр бүлээ ч ажил төрлөө ч хослуулах хэрэгтэй гэдгийг ухаарсан хүн л байна. Энэ янзаараа тайван сайхан уур амьсгал бүрдээл байжийдаг бол ч.... Сайхан аа....

Хамтран амьдрагч залууд хэдэн өдөр л мэссэж, мэссэнжэрээр дарамтлуулав. Өмнөх амьдралын минь тухай олж сонссон л гэнэ... Танилцах буланд бүртгүүлсэнийг нь олж мэдсэн тухайгаа, өөр нэрээр орж танилцсан тухайгаа хэлээл хаясан.... Нэлээн бачуурсан болтой... Тийм эрх чөлөөг нь би олгосон гэнээ. Эрх чөлөөгөө асар сайн эдлэж байгаад нь би үхтэлээ баярласан... Гагцхүү эрхээ эдлэхдээ үүргээ хэрхэн биелүүлсэн бол... За тэр хамтран амьдрагч ч яахав. Арга нь барагдаад хүссэнээрээ шийд гэсэн. Хүссэнээрээ шийдъе гэхээр салахгүй зууралдаад, байраа авъя гэхээр шүүхдээд аваарай гэсэн. Харж л байя. Хүлээж л сууя.

Энэ долоо хоногийн эн өдрийг хүртэлх өдрүүдээ гэж... Долоо хоногийн сүүлээр ганц шил пиав уух сэжүүр цухуйсан шүү... Тээ Ицми? кэкэкэкэкэ / баярлаад ч байгаамоо.... яараад ч байгаамоо бүү мэд/

Apr 28, 2008

өдрийн түүх буюу амралтын өдрүүд...

Here is the story of the day: Simple rules

- I learned 2 things early on. The first is don't blame people for being the way they are. My sister said. 
- What's the second? I said. She smiled.
- If they're really stupid, go ahead & blame them. It's a really simple philosophy, she added

Хэхэ энгийн бөгөөд сонирхолтой философи байна. Яг юу ч гэмээр юм дээ.
Зиак амралтын өдрүүд таатай бас тайван өнгөрсөн гэж хэлэхэд хол зөрөхгүй бас яв цав таарахгүй.
Зуслангийн байшиндаа хоноод ирсэн. Том өнхрүүшхэнд бол таатай. Хаа хүссэн газраа, хэзээ хүссэн цагтаа тоглож гэрт ч биш гадаа ч биш өнжсөн бол жижкэн өнхрүүшхэнд жаахан хэцүү байсан байх. 2 давхарын засварын ажил эхэлсэн байсан тул чимээ шуугиан ихтэй байлаа. Өдөржин галласан байшингийн жавар арилж, үдэш унтахын хэрд сайхан дулаахан болчихсон байлаа.
Бүтэн сайнд гэртээ ирэх гэж наян жил боллоо. Ахын хүүхдийн төрсөн өдөр гээд гэртээ уриад... бөөн шороо тоос болсон хүмүүс тоох ч үгүй яваад л очсон. Ах бас салбарынхаа хүндэт ажилтан болсон гээд оройн хоолны цар хэмжээ бүр л том боллоо.
Ийнхүү амралтын 2 өдөр асар хурдан өнгөрч, үдэш унтахын өмнөхөн найзын хүрээг тэлж шинэ танилтай болвоо хө. Ихэнх тохиолдолд шинэ зүйл хүнд таатай, сонирхолтой уур амьсгалыг авчирдаг болхоор миний хувьд ч бас хэзээний найз шиг шинэ танил маань таатай байлаа.
Интернет ертөнц аугаа том мөртөө бас жижкэн юм даа. /эсрэг тэсрэгийн хууль шиг/
зиак нөхдөд шинэ долоо хоногийн эрч хүчийг хүсье. 

Apr 24, 2008

зовсоны эцэст жаргах.....

Бурхан хүнд зовлон өгөхдөө тэр хүний дааж, үүрч, давж гарч чадах хэмжээний зовлонг өгдөг гэнэ. Тэрээр биднийг амьдралын хатуу ширүүнд бэлтгэж, хожмын эдлэх жаргалыг амсах эрхийг олгодог аж. 

Өчигдөр найзтайгаа ийм зүйлийн талаар ярилцсаар.... 
Найз нөхөрлөлийнхөө анхны хуудсыг 11 жилийн өмнө эргүүлж байсан бид эдүгээ ч хамт оршин тогтносоор. Аз жаргалтай, баяр хөөртэй, уйтгар нулимстай хичнээн олон өдрүүдийг хамт өнгөрүүлсэн гээч. Хамгийн бахархалтай нь бид хэзээ ч ам мурийж, хоёр өөр зүгт хараа бэлчээж үзээгүйд л байгаа юм. Хойшид ч бие биедээ гомдох, нэг нэгнийгээ буруутгах сэтгэл хэн хэнд маань гарахгүй гэдэгт бат итгэдэг.

Гарын арван хуруу ч цөөдөх олон олон он жилүүдийг хамт үдэхдээ тоглоом шоглоомоор ч гэсэн азгүй, жаргалгүй, бүтэлгүй амьдралаар амьдрана даа гэж хэн хэн нь хэлж ярих нь байтугай зүүдлэж ч үзээгүй. Гэвч амьдрал гэдэг урьдчилан таашгүй, бурханы зурсан төөрөг тавиланг төсөөлөн мэдэшгүй л юм байна. 

Гараасаа хөтлөөд гүйх алаг үрс минь л бидний аз жаргалын эх булаг байна даа. Би өөрөө амьдралд алдахдаа миний ойр дотныхон энэ тэнэг алдааг минь давтахгүй байгаасай гэж хүсдэг байсан. Би найзыгаа над шиг салж бутарсан амьдрал үзэж, хэдий зоригтой, тэвчээртэй, чадалтай ч гэсэн ганцаараа явахын зовлонг бүү амсаасай гэж цаг тутамд дотроо залбирдаг байсан. Гэвч хүн болоод хүний амьдрал үнэхээр таашгүй юм.

Энэ бүх бодлоос улбаалан урьд уншиж, сонсож байсан нэгэн домог ч гэхүү түүх ч гэхүү санаанд бууж байна....

Нэгэн удаа бурхан 2 хүнийг дуудаад ийн өгүүлрүүн:
-Би та 2-т яг адилхан хэмжээтэй 2 загалмай бэлдлээ. Та 2 нэг нэгээр нь аваад алсад орших нэгэн улсын хотод аваачиж өгөх хэрэгтэй гэж гэнэ. 
Тус тусын загалмайг үүрэн аян замдаа гарч гэнэ. Нэгдэх залуу нь загалмайгаа үүрэн алхаж явахдаа зовсон, ядарсанд туслаж, өөрийн нуруун дээр хүнд ачаатай ч гэсэн бусдыг баярлуулж, өөрөө ихэд зовсон ч түүнийгээ зовлонд тооцолгүй урагшилж байв. Гэвч хэн нэгний зовлонг нимгэлэн тус хүргэх бүрт нуруун дээрх загалмай нь улам л хүндрэн, томорсоор л байлаа.
Харин нөгөө нэг нь бусдыг үл тоон, өөрийн биеийн амрыг хайн, хүссэн цагтаа баярлан цэнгэж, зовсон нэгнийг шоолж инээдэг байв. Ийнхүү амарч, цэнгэж, биеээ тойглох тусам л загалмай нь улам л хөнгөхөн болж, хэмжээ нь жижгэрсээр л байлаа.
Урт удаан аян замын төгсгөл ойртож, хотын захад иртэл маш ширүүн урсгалтай том гол тааралдаж, түүнийг л гатлаж чадвал хотод хүрч бурханы захиасыг билүүлэж чадах байлаа.
Өөрөө зовсон ч бусдад туслаж байсан залуу маань өөрүүн үүрч явсан загалмайг ширүүн урсгалтай голын усанд тавьж, сал хийн төвөггүйхэн гатлачихав. Харин жаргал хөөн, зугаацаж явсан залуугийн загалмай голд тавих нь битгий хэл гартаа барихад ч тогтохооргүй жижигхэн болсон байлаа. Хий дэмий л ийш тийш гүйсээр явган гатлах гэж хичээсэн ч чадалгүй голд живчихэж гэнэ.

Өөрийн зовлонг огоорон, бусдад туслаж, тэтгэж явбал амссан зовлонгийн хэрээр аз жаргал чамд ирнэ гэдэг л энэ байх.... Хүнд бэрх хэцүү амьдрал мөнхийн үргэлжлэхгүй... аливаа зүйлд хэмжээ хязгаар байдаг гэдэгт итгэнэм....

Apr 23, 2008

эмгэнэлээс үүдсэн дурсамж сэдрээлт.....

Урьд нь ажиллаж байсан байгууллагын маань захирал нас барчихаж... Сайн хүн байж билээ. Олон таван үггүй, хов живийг ажил болгох дургүй, шулуухан зантай, бизнес ухаан сайтай, ажил албаны үед чанга, амралт чөлөөт цагт энгийн, тийм л нэг залуу хүн байсан даа. Олон ч албыг зэрэг хашиж чаддаг хүн байж. 

Би л тэр газар ажиллаж чадаагүй, миний хүссэн орчин биш байсан болохоор л тогтож чадаагүй юм. Тэр хүний буянаар би 2 орны газар үзэж, нүд тайлсан сан. Алтан Москва.... тээд бас Тайланд. Нэгэн зуны наадмын налгар өдрүүдийг Москвад... намрын сэрүүхэн нэгэн сарыг Бангкокт үдэж билээ.

Эрээнээс өөр гадаадруу явж үзээгүй надад хамгийн дурсамжтай аялалууд байсан. Тэгэхэд л би өөрийгөө арай өөр өнцгөөс харж, хүний нутагт би хэн бэ гэдгээ мэдэрсэн гэж болно. Хэдий нэг сар тийм ч урт хугацаа биш ч гэлээ гэрийнхэнээсээ, үр хүүхдээсээ хол байхад чамгүй л урт хугацаа.

Би 2 настай байхдаа аав ээжийнхээ хамт Москвагаар дайрч Сочи орж байсан гэдэг. Даанч дэндүү балчир байсан болохоор одоо бол зурагнаас өөр дурсамж байдаггүй юм. Тиймээс хүн болсоор, ухаан суусаар анх удаа Орос оронд очсон минь 2004 он байж. Одоо энэ хорвоод байхгүй болсон захиралтайгаа, бас нэг ажилтантай 3лаа албан томилолт аваад, Буянт-Ухаагийн нисэх буудлаас хөлгийн жолоо залваа. Шерметьевийн нисэх буудалд газардаж орос ах нарын газар шороонд анх хөл тавихад бороотой... бүрхэг... чийгтэй... бүгчим агаар нүүр илбэн угтана. Арбатын гудамж, Улаанталбай, Кремль, Мавзолей, Гум, Алдан алтан ганжирт сүмүүд, асар арвин туршлагатай шуудан холбооны сүлжээ, метро... гээд л бүх зүйлс надад сонин содон, үзэж харах зүйлс маань дэндүү их байсан ч орос орны агуу гайхамшигт хоолыг бас орхиж үл болмоор, салахын аргагүй амттай. 

Зочид буудлын маань ойролцоо хиймэл нууртай том цэцэрлэгт хүрээлэн байна. Нуурын эргээр оросын багууд /бидний хэлж заншсанаар/ зөөврийн ширээ сандал, майхан бариад л пиво, шорлог, плов хийж зарна.... хүмүүс ч багагүй байна. Өглөөнөөс үд дуустал хуваарьт аялалуудаа хийгээд үдэш ойр тойрны цэцэрлэгүүд, усан оргилуур, нуур гээд л аль болох уйдахгүйгээр, гэрээ санахгүйгээр маргааш өглөөг угтахыг хичээнэ.

Муу хүн идсэнээ гэж зайрмагийг ч нэг идэж өгсөн дөө. хэхэхэхэ
Гэрлүүгээ буцахын өмнөх өдөр буудлын ойролцоох хүнсний захаас ээждээ нэлээн хэдэн кг том чихэр, аавдаа чинжүүтэй, зөгийн балтай архи авсанаа ердөө ч мартдаггүй юм. Гэртээ ирээд чемоданаа онгойлгоход л шууд асгарч байсан. Багтахгүй болтол нь чихээд, хүчээр дарж байгаад хаачихсан юм чинь. :P Манайханы чихрэнд дуртайг хэлэхүү хүн бүр баяртай байсан... Харин би хувьдаа бүрхэг ч гэлээ сайхан өдрүүдийг Москвад үдэж, эргэж ирэхдээ хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл төрүүлсэндээ баяртай байсан....

... Энэ хүн л байгаагүй бол би тэр өдрүүдийг үзэж өнгөрүүлэхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна.
Бурханы оронд амгалан нойрсдоо. Ум мани бад мэ хум. 

Apr 22, 2008

....

би энэ өдрийг алгасмаар байна.... хэн нэгний мөрийг түшээд эсвэл эзгүй хээр очиж чангаар орилж уйлмаар байна...... Яг л энэ өдөр... зөвхөн энэ цагт өөрийгөө хичнээн их үзэн ядаж байнаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

Apr 21, 2008

хүний авъяас чадвараа гэж....

Саяхан ажилд орсон, өндөр зэгзгэр олон салаа хэлтэй бүсгүйн жинхэнэ авъяас чадвар илрээд сүйд боллоо. Олон хүн бүү мэдэг...
Бид мэт хүмүүс утасруу нь мэссэж бичих нь байтугай залгаад ганц 2 үг солихоос ч эмээж явдаг хүнрүү байнга шахуу мэссэж нисгэж, боломж гаруул очиж уулзчих гээл... арга чаргыг ч хэрэглэдэг хүүхэн аж. Хэдийд, яаж... ямар арга хэрэглэж уулзаад, өвөрт нь орох боломжтой вэ гэдгийг мэргэжил болгоод эзэмшчихсэн хүүхэн юм даа. Уул нь нас нь бага мөртөө наснаасаа илү туршлагатай юмсанжээ.
Одооны хүүхдүүд айхтар юм аа. Гадаад дотоодод сурч, ажиллаж байхдаа идсэн гахай тахианы мах ч хүнийг арай өөр зүйлд сургадаг юм байж...
Тийм лийдэр наян хуудас юм орчуул гээд шидчихлээ. Бүр ар өвөргүй шүү. Олон юм байш дээ хэн нэгэнд таллаад өгчүүл гэсэн чинь өөдөөс тайван, тааваараа орчуулаад 4 сарын 28-с өмнө л дуусгуул болно гэнээ. Ёооо арай ч дээ. Ямар ч ажлын мал байсан тийм хурдан хугацаанд ар өвөргүй саак олон хуудас машиндана гэж юу байхав.  Яахав чадлаараа сажилж л байя. Дөхөөд ирүүл миний өмнөөс сандрана биз... Тэр цагт хэн нэгэнтэй хувааж өгдөг байж гэж бодно биз.
Өглөө ажилдаа ирээд Ицми-н блог уншингуудаа коммент үлдээх гэтэл болдгүйм даа. Заншил ч гэхүү... дадал зуршил ч гэхүү Зараа, Ицми, Лайс, Сан Шайнь Сериусити.... гээд л хэсэг бүлэг хүмүүсийн блогруу шагайж гарчиглаад л.... энд тэндхийн сонин, мэдээ хараад л өглөөг угтав.
Маргаашнаас ядаргаа дарганцар авгай ажилдаа ирнэ. Чих минь хөөрхий байна. Элдэв долоон үг сонсох байх даа. Хөл гарынх нь тавиур хүүхэн ирсэнийг нь дуулуутаа л хов хүргэж байгаа болтой. Өрөөнд орж хаалгаа хаагаад л утасны тоолуур гүйлгэж байгаа сурагтай.
Товч товч мэдээ мэдээлэл ар араас нь угсруулж бичих гэж...
Өглөөнөөс хойш зүрх чичрээд, дотор салгалаад хачин байна. Нэг найз маань зүрхээ үзүүл, эм уу гэнэ... яагаад ч юм надад нэг муу юм болох гээд дохио өгөөд ч байгаа юм болуу гэж өөрийгөө зөн билэгтнүүдийн нэгэн болгох хүсэл төрөв. Хагас бүтэн сайн ер нь их хэцүү хүнд өдрүүд байлаа. Ээжийн даралт ихсэж, бие нь тааруухан... Аав бол түймэрт яваад 3 хоног гэртээ ирээгүй. Ах бас дайчлагдаад явчихсан. Манайх ч гал команд шиг л айл байна. Ажил бол ажил хойно... Яая гэхэв. Аав минь их ядарч байгаа байх даа. Хөөрхий. 2 өнхрүүшхэн дажгүй. Хагас сайнд 2 өнхрүүшхэнтэйгээ найзындаа зочлов. Хүүгийнх хэрэглэж байсан тэргийг авсан. Гадаа гарахдаа унаатай болсон. Ер нь жижкэн өнхрүүшхэн бид 2т тэр 2-н  хэрэглэж байсан зүйлс тун ч их хэрэг болж байгаа. Үүргэвч, тэрэг,  зүүпэр, бамбарууш цамц гээд л тоолж барахгүй. 
Ойрд өөрийгөө болоод, бусдын яриа, бодол санаа бичлэгийг хараад энэ хавар их л хүндхэн хавар байна даа гэж дүгнэлт хийлээ.
Би өөрийгөө ер нь тэр чигт нь огоорсон хүн болж байна даа. Гарын алганы үе, яс бүр янгинаад л... ахаас асуутал нас чинь доройтож яс чин сийрэгжиж байгаан гэнэ. Тийм ч юм болуу. Ээж минь хөөрхий баахан калци барьчихсан энийг өдөрт л нэгийг ууж бай гэнэ. Өнөөхийг нь мартаал гараад ирсэн. Бөөр өвдөөд өглөөд л хавантай амьтан босдог болсон. Ойрдоо бас зүрх... Над шиг залуу хүн гэж юу байхав. Хөгшрөөд л, доройтол залгаж байгаа хүн байна. Гэхдээ новшроод л зүтгээд байна даа яадийн. Хорвоод намагй багтаах зай олдох байлгүй дээ.
Их нээрвтэл, бачууралтай хаврын нэгэн долоо хоногийн мэнд хүргэе та нартаа. Өөдрөг л байх юм шүү бөөнөөрөө...

Apr 17, 2008

бичмээр байвч бичих эвээ олохгүй байна...

Өнөөдөр уул нь их ажлын өдөр... даанч ажиллах эрч хүч урд оройноос эхлээд алга болчихсон байх... Толгойны өвчин дахисан... нахисан бас....

Хамт, хажууд минь зэрэгцээд суудаг найзын маань эмээ нь бурхан болсон гээд ажлыг нь би бас давхар амжуулах хэрэгтэй. Орой томоохон хүлээн авалттай... ЗБ комисст байгааг хэлэх үү утас, шөрмөс, бичиг цаас, нэрс, жагсаалт....

Бас голын ганц найзыг маань зочид төлөөлөгчдийн байрлаж байгаа зочид буудалруу орчуулганд дуудаад аваад явчлаа.... Ажил дээр яг одоохондоо эль хульхан л байна.

Хамт амьдарч байсан залуугийн унадаг машин нь миний нэр дээр байдаг гэнэ. Би ч өөрөө нэр дээрээ машинтай гэдгээ мартчихсан байвал яахуу. Үзлэгт оруулах гэтэл би хэрэгтэй болсон гэнэ. Завгүй л гэсэн. Мастерт сурах гэж байгаа гэнэ. Гуниг зовлонгоо хуваалцаж чадаагүй ч гэсэн баяр хөөрөө надтай хуваалцана гэнэ.

Хүүхэд өвдөөд намайг ухаан жолоогүй гүйж байхад тэр надтай юуг яаж хуваалцаж байсын... тээд ч миний амьдралд хүүхдээс өөр баяр баясгалан өгөх зүйл байхгүй болсон.
Шөнөжин бичсэн мэссэжийг нь арилгаж амжаагүй байтал согтуудаа андуураад бичжээ гэсэн тайлбар ирсэн.... Арай гэж жаахан тайвшраад, уужуу амьсгаа авах гэтэл гай болж гарч ирэх юм аа. Тэр чигтээ л таг болуул барав ш дээ. Үгүй гэж үү. Хайртай, Санаж байна гэсэн мэссэжийг өөр хүнд нисгэх гэж байгаад андуураад надад явуулсан гэнэ. Хөөрхий архи ч хүнийг өөр зүгт хөтлөх юм даа.

ёо ёо... юу бичих гэж байгаад юу ч биччихэв дээ. за ер нь л болъё. ингээд байвал бүүүр л их стрэссдэх нь шиг байна.  

Apr 14, 2008

бачуурал...

Амралтын өдрүүдээ аятайхан өнгөрүүлсэн үү андууд минь.
Би шөнийн 2-3 хүртэл комп ширтэж, орчуулга хийсээр 2 өдөр ч амрах биш арзайсаар л өнгөрөв. Ууц нуруу, бөөрөөр хүнд оргиод бие жаахан тиймхэн байсийм шиг байна. Гэхдээ өөрийгөө болхоор нь тоогоогүй өнгөрсөн. Хажуугаар нь жижкэн өнхрүүшхэн нус нь яг л ус шиг гоожоод, тас няс найтаагаад л... ганц нэг ханиалгаад л.... байсан болхоор тийш нь гол анхаарлаа хандуулсан. Баасан гаригт том өнхрүүшхэн хичээлдээ явж чадаагүй. Гэдэс нь гүйлгээд. Нялх юм болхоор нь хичээл дээрээ гэдэс нь өвдүүл  яахаа ч мэдэхгүй хэцүү дэх байх гэж айсан.
Сүүлийн хэдэн хоног их бартаатай л байна даа. Хэнд ч гэм хор хийгээгүй мөртөө л....хийсэн зүйлийнхээ хариуг авч байгаа хүн шиг л... сандчаад л.... бүх зүйл давхцаад л...
Ойрд хүмүүсийн амьдрал их хөгийн байх шиг байна. Ганц найз маань сэтгэл санаа нь гундуухан байна. Би даанч түүнийгээ тайтгаруулж, тайвшруулж, сэтгэл санааг нь сэргээх тийм үгсийг олж хэлж чадахгүй л байна. Өөрөө хамгийн утгагүй мэт амьдралаар амьдарч байгаа болхоор дотроос минь сэтгэлийн тэнхээтэй үг нэг л урсахгүй юм. Хий л дотроо шаналж байна. Уул нь хүн чанар, эр зориг, эрдэм чадлынхаа хэрээр бол миний найз ийм амьдралыг туулах хүн биш. Гэвч хорвоогийн хууль юм уу, бурханых нь зурсан зураг юм уу.... нэг хачин давалгаанд өртөөд л байх юм. Хэзээ нэг сэтгэл өвтгөхгүй, эмзэглүүлэхгүй, сэтгэл шантраахгүй амьдралыг харах юм бол доо.
Аав ээж 2 маань шал өөр зүйл яриад байх юм. Аав намайг огцом шийд гаргалгүй жаахан хүлээ... 2 хүүхэдтэй эмэгтэй хүний амьдрал хэцүү шүү... ухаантай, хүлээцтэй, уужуу зөөлөн л байвал аяндаа нэг шийд гарна... амьдралдаа хэд алдах вэ дээ гэнээ. Санаа нь бол өөрсдөөс нь хойш намайг ганцаараа зовох вии л гэж зовоод байх шиг... Тиймээс нөхрөөсөө салах гэсэн бодлыг минь яаруулахгүй байна. Эв зүйгээ олоод буцаад нийлбэл сайн л байна гэх.... Энэ шийд нь миний санаанд огт нийцэхгүй байна.
Ээж найдтай адилхан эмэгтэй хүн болхоор зах зухаас нь ойлгоод байх шиг. Одоо ингэж хүйтэн хөндий хандаж байгаа хүн биднээс хйош ямар хандахыг хэн мэдлээ... би бол охиноо холд гэж хэлнэ гэх.....
Дараагийн нэг асуудал бол.... би нөхрөөсөө салаад байраа багасгаад нэг өрөө байранд 2 охинтойгоо амьдрах хүсэлтэй хүн... гэвч ээж аав 2 миний байрыг зарж нэг өрөө байр авч ахыг маань тусад нь гаргах санаатай байна. Өөрсдийнхөө амьдарч байгаа байраа надад өгч, өөрсдөө зуслангийнхаа газар өвлийн байр барьж амьдарх юм гэнэ. Уг нь бол үнэ цэнийг нь тооцвол энэ байр нь надад илүү үнэтэй ч гэсэн би өөрөөрөө л жиргэж, өөрийгөө ганцаараа амьдарч чадах эсэхээ хармаар санагдаад байх юм. Хэдий миний эцэг эх ч гэлээ би заримдаа хажууд нь амьдрахаас залхдаг гэвэл сонин байна уу.

Би өмнө нь өөрийнхөө өнгөөр гэрэлтэж, өөрийнхөө хөгөөр уянгалж, өөрөөрөө л амьдарна гэж боддог хүн байсан. Гэвч яг амьдрал дээр би огт тэгэж чадаагүйм байна. Дотор минь хичнээн их хүсэл агуулагдаж байгаа гээч.... даанч би ердөөсөө өөрөөрөө байж чадахгүй байна... бачуурч байна... бухимдал заримдаа дээд цэгтээ хүрч... ямар ч логикгүй элдэв эрээн бараан бодлууд толгойд орж ирэхээр би яг л галзуурах гэж байгаа юм шиг.... хорвоо тэр чигээрээ миний эсрэг байгаам шиг...
Гэвч би өөрөө өөртөө хэрэггүй ч гэлээ 2 хөөрхөн өнхрүүшнүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь газганд хүргэх үүрэгтэй хүн. Үүнээс хаашаа ч зайлж чадахгүй....
Надад аав, ээж минь.. ах нар... тэдний хүүхдүүд гээд ойр дотны хүмүүс байдаг ч гэлээ.... яахаа ч мэдэхгүй болсон үед туслах хүн ганц найзаас минь огт байдаггүй юм байна. Найз маань өдөр нь сэтгэл санаа нь тиймхэн байсан бол эгчийгээ, дүүгээ дагаад л дэлгүүр хэсээд, өөрийгөө эрхлүүлж сэтгэл санаагаа бага ч болов засаж чадсаныг сонсоод ашгүй дээ... хэсэгхэн ч болов үйлтэй лайтай амьдралд толгой мэдүүлж, гудайж, гутарч суугаагүй гэж баярлахтай зэрэгцээд дотор минь хөнгөхөн гуниг төрсөн... Надад найзаас минь өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэрсэн...  юу болж байгаагаа, яаж байгаагаа гээд л бүгдийгээ л хуваалцдаг... магад би түүнд үйлтэй лайтай амьдралаа ярихаар түүний минь амьдрал миний сөрөг энергээр дамжаад тийм болж хувираад байгаам шиг.... айдаг... өөрийгөө хүчлэдэг...
Би хүнд хэцүү асуудлаа хэсэг хэсгээр мартагнаж, өдөр ирэх тусам хөнгөн болж байна гэж бодож явсан ч гэнэтхэн бачуураад л... бухимдаад л... өөрийгөө ч танихаа байчих юм.
амьдралыг үзэн ядмаар байвч... өөрөөрөө байж чадахгүй байна....

Apr 11, 2008

Religion

Би аль ч шашныг чухалчлан, дагнаж  туйлширч шүтдэггүй.

Буддын болоод шарын шашин...........
Манай удамд нэгэн том лам байсан тухай эмээ минь надад ярьдаг байж билээ. Элэнц өвөөгийнх маань хүрээнээс холгүйхэн амьдардаг байсан гэсэн. Авга ах лам тухай үед Зүүн хүрээнд суудаг байж. Намар оройхон ч билүү зуны эхэнд ч гэлүү ахыгаа гэртээ авчирахаар аав нь эмээд минь хөтөлгөө морь дагуулаад л хүрээ явуулж гэнэ. Ахыгаа аваад гэрлүүгээ ирж явах үед нь бороо орж гэнэ. Эмээ хүүхэд байсан болохоор нимгэн дан дээлтэй, юу юугүй л усан хулгана болтол нороод л... эргээд хартал авга ах нь огт нороогүй байсан юм гэнэ лээ. “Амандаа маань уншаад бороо орж байгааг ч тоосон шинжгүй явж байсан. Тэр үеийн лам хүн ном судрыг жинхэнэ ид шид болгон хувиргаж чаддаг, хүч чадалтай байж дээ. Эмээ нь тэгэж л бурхан номыг шүтэж эхэлсэн дээ”. Энэ эмээгийн минь ярь байсан хамгийн бодитой үлгэр.
Миний санахын л нь эмээг минь амьд байхад, намайг жаахан байхад нутгаас нь нэг настай өвөө хааяахан ирдэг байсан юм. Эмээ тэр ахыгаа ирэхээр биднийг хэвтдэг ор, эдлэж хэрэглэдэг аяга хэрэглэлд нь ойртуулдаггүй байж билээ. Эмээгээс өмнөх үеээс нь үлдсэн цорын ганц бөгөөд бас том лам байсан гэдгийг хожим мэдсэн. Огтоос үс ургаж байгаагүй мэт халзан толгойтой, хөмсөг сормуус нь хүртэл цал буурал тэр өвөгийн нүд эмээгийнхтэй минь их адилхан байсныг одоо ч санадаг юм. Би хүүхэд л болсон хойно дөхөж очоод л хажудаа тавьсан эрхи, дамар, хонхыг нь оролдож үзэх гээд л.... эмээд загнуулаад л буцна. Эмээ намайг хэлээд дийлэхгүй болхоороо аав ээж 2т хэлээд л гүйцээ.
Эмээ минь амьд байхдаа дээхнэ үеийн радионы хайрцаганд хийсэн хэдэн бурханыг амь шигээ хайрлан шүтдэг байв. Өглөө болгон, орой бүр зул өргөн, цайны дээжээ өргөнө, орой унтахын өмнө заавал 21 удаа сунаж мөргөөд л... Өдөржин гэртээ суухдаа эрхиэ эргүүлж амандаа маань мэгзэм дүнгэнүүлж суудагсан. Өөрийнхөө аав, түүний ч өмнөх үеээс үлдсэн шүтээнийг амьнаасаа илүү нандигнаж, тахиж өрсөн чихрийг хүртэл гуйж аваад, талархаж байхыг бидэнд сургасан.
Гэвч эмээгээс минь хойш хэн ч тэр бурхадыг эмээ шиг минь шүтэж, жинхэнэ утгаар нь бурханчилж чадаагүй. Бидний хэн хэн нь тийм үйлд зориулах цаг завгүй хүмүүс байж.
Ээж минь 3 хүүхдийн эх болохоор бусад эхчүүдийн адил үзэж хардаг, засал ном хийдэг хүмүүсийг сониуч итгэлээр зорьж очдог хүн. Одоо ээж аав 2 минь насан хэвийж байгаа болохоор бурхан шүтээндээ илүү их ойр байхыг хүчээдэг болж дээ. Яалт ч үгүй хүний амьдрал, цагийн жам өөрийн голидролоор итгэл бишрэл, сүсэг сүжгийг хүнд ойртуулдаг нь энэ байх. 
Бурханы номыг утгачлан ойлгодог бол хүний амьдралд их л зүйлийг заасан, сургасан байдаг байх л даа.  Түвд хэлийг бидэнд заасан ч биш... бид ч сурсан биш... крилл үсгээр гаргасан ганц нэг номыг уншиж суухнээ агуу агуу зүйлсийг тайлбарлаж... учир начрыг нь ойлгуул үнэхээр хэрэгтэй ч юм шиг... зарим зүйл дээр ойлгоё гэж хичээсэн ч ухаан хүрэхгүй тийм том сэдвүүд хүртэл байдаг л даа. 

Христийн шашин болоод их эзнийг магтан дуулахуй.....................

Сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн газар бол Католик шашны төлөөлөгчийн газрын харъяа нэгэн сургууль байлаа. Ажилд орох гэж очсон надаас нэг гадаад эрэгтэй хүн ярилцлага авлаа. Эхэндээ ч ямар улсаас ирсэн ямар үндэстэнийг нь ч мэдсэнгүй. Юутай ч фадер буюу эцэг гэдэг үгийг л нэрнийхээ урьд байнга хэлдэг л хүн байсан.
.... тэр бор өнгөтэй хавтасыг аваад өг дөө.... Сургуулиа төгсөөд яагаад нэг жил гэртээ суусан юм бэ? Ямар сургуульд хэдэн жил сурсан бэ? Гээд л энгийн асуултууд асууж байсан санагдана. Анхны гараа болохоор их л сандарч байж.
Ингээд л 9 сарын нэгнээс шинэ ажилд орлоо. Надаас гадна 3 эмэгтэй 2 эрэтэй нийт 5 монгол байна. Ахаа эгчээ болоод л бүгд сайхан танилцацгаалаа. Би орчуулагчийн ажилтай байсан  болхоор нийт ажилчдын хурлын орчуулгаас эхлээд л ажил ундарч өгвөө.
Өдөр ирэх тусам надаас ярилцлага аваад байсан хүнээ улам л сайн таньдаг болж, уг сургуулийн захирал, католик шашны санваартан, насаараа ганц бие байх замыг сонгосон, унаган англи хэлтэй филиппин үндэстэн болохыг нь мэдэж авлаа.
Хэдийгээр  христийн шашин шүтэх ёстой гэж албадаж шахаагүй ч би ажлынхаа онцлогоос шалтгаалан христийн шашны өдөр тутмын үйл, ёслол, тэдний амьдралын хэв маяг, дээдэлдэг болон хориглодог зүйлс, баяр хөөр, уйтгар гуниг, дагаж мөрддөг дурэм журам, хүнд хандах хандлага гээд бараг бүх зүйлийг нь мэдэх хэрэгтэй болсон юм. Библийн судрыг хүртэл уншиж, орчуулахдаа алдахгүйн тулд утгыг нь хүртэл ойлгохыг хичээдэг байв. Эхэндээ ганцхан санваартан байсан бол яваа яваандаа нэмэгдсээр солонгос, вьетнам, словак, бразил... гээд олон орны санваартнууд нэгэн дор цуглаж, нэгэн үйл хэргийн төлөө хэрхэн зүтгэж байгааг өөрийн нүдээр хардаг байлаа.
Тэдний гол баримтлах зарчим нь зөвхөн Их Эзнээ магтан дуулах бус хүний төлөө амьдрах, хүмүүст хэрхэн амьдрахыг сургах... загасыг нь бариад өгөх бус хэрхэн барих аргыг нь зааж өгөхөд оршдог байсан юм.
Өглөө бүр л ямар нэг сургамжтай түүхийг ярьж, залбирал үйлдэнэ....энэ нь жаахан сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л хүн хэлэхээс нааш.... гэдэг дээ.
Хэрэв үнэхээр цаг гаргаад библийг уншаад үзвэл урьд төсөөлж байснаас чинь огт өөр, бүгдийг нь биш юмаа гэхэд амьдралдаа аваад хэрэгжүүлчихмээр сургаалиуд цөөнгүй байгааг мэдэрч болно. Бид Христийн шашин бол гадны зүйл, бидэнд огт хэрэггүй зүйл гэж дургүй хүлээж авдаг. Гэхдээ миний бодлоор бүгдийг нь эсэргүүцэх биш... өөртөө хэрэгтэй зүйлийг нь олж авах л чухал.
Лалын болоод бусад шашны урсгалуудыг сайн мэдэхгүй л дээ. Гэвч өөрийн амьдрал дахь шашны ул мөрөөс ажаад суухнээ энэ бүх шашин шүтлэгүүд бол үндэсндээ нэгэн ижил зүйлд тэмүүлж байдаг. Хэрэв хүний амьдралыг нэгэн том уултай зүйрлэвэл энэ олон шашин уулын оргилд хүрхээр тал талаас нь мацаж байгаа хүмүүнтэй төстэй. Эцсийн хүрэх зорилго нэгтэй, өөр өөр аргыг хэрэглэж байгаа л гэсэн үг юм.
Миний бодлоор бурхан номын мөр хөөсөн хүмүүсээс бусад нь буддын шашныг яг нарийн ухаж ойлголгүйгээр хий сүсэг бишрэлээр хандаад байх шиг санагддаг. Хэрэв буддын сургааль номлол нь библи шиг эсвэл коран шиг бидний өдөр тутмын харилцааны хэлээр  бичигдэж, бид маань мэгзэмийнхээ учир утгыг ойлгож чаддаг байсан бол амьдралдаа илүү ойроор хүлээж авах байсан болуу.
Гэхдээ би энэ бичлэгээр буддын болон шарын шашныг үгүйсгэн муулж, христийн шашныг магтах зорилго агуулаагүй бөгөөд гагцхүү аливаа зүйлийг ойлголгүйгээр муйхарлан зүтгэсэнээс хэрэгтэй зүйлээ өөртөө тохирох хэлбэрээр тусгаж авч чаддаг байх нь чухал гэдгийг л мөхөс хэлбэрээр тайлбарлах гээд л... тэрнээс биш аль шашныг хэрхэн шүтэх нь таны түмэн эрхийн нэг биз ээ.....

Apr 10, 2008

It is my....

Миний блогийг уншсан хүнд их дарамттай санагддаг байхаа.

Сэлгүүцэж яваад эсүүл энэ юу гэсэн үг юм бол гээд л хальт шагайсан хүн ямар нэг зүйлийг олж мэдээд гарах бус, улам л их бодол болж, ямар ч хэцүү юм дээ гэж халаглаад гармаар байдаг болуу. Гэхдээ яг одоо үед сэтгэл дотор өрнөж буй бодлын дайныг намжааж, жаахан ч гэсэн сэтгэлийг минь онгойлгож байдаг зүйл бол энэ орон зай.

Би блог нээхдээ заавал хүнд уншуулах бус өөртөө зориулж бичээд, өөрөө уншиж байя гэж бодсон. Гэвч хичнээн олон хүн үүгээр минь зочилж, учирлал, ухаарлын үгс хайрладаг гээч....  Хичнээн завгүй байсан ч яаж ийж байгаад л хэдхэн ч болов үг бичихийг хичээдэг.  Ингээд л биччихвэл дотор хургаж байсан уйтгар гуниг, бухимдал, ганцаардал алга болж, гэртээ, 2 хөөрхөн үрдээ инээмсэглэл тээгээд, баяр баясгалантай ирэх чадалтай болдог юм.

Хийсч буй навчны амьдрал.... урин дулаан болж, цаг наашилж байхад би л намар цагийн модны шарласан навч шиг... хажуу булангаасаа эмтэрч хийсээд л... юу ч үгүй үйрч бутраад... олон хүний хөл гишгэх газар л битий унаасай.

... арван жилийн сургуулийн бяцхан, бондгор охин... ах эгч, ээж аавын энэрэл хайранд умбасан айлын ганц охин... учиргүй ихээр эрхэлж, хүссэн бүхнээ авхуулдаг байгаагүй ч гэлээ элдэв зүйлээр дутаж, хайр энхрийллээр цангаж байгаагүй сэн.
Сурагч цагийн гэнэн шохоорхол, хүүхэд насны анхны хайр... ариун гэгээхэн үерхэл, анхны үнсэлт гээд л охид бүрт байх нандин дурсамж бүгд надад байсан.
Оюутан цагийн шуугиант он жилүүд, насан туршийн нөхөрлөл, сэтгэл гижигдсэн дуулиант дурлал, хөтлөлцөн алхсан хөгжилтэй залуу... залуухан бүсгүй бүрт учирдаг тохиол бүр надад бас л байсан...
Ажлын амт, анхны цалин, захирлын магтаал, тэгээд бас зэмлэл... хань нөхөр, анхны хүүхэд... хэрүүл шуугиан, нулимс гомдол... салалт, марталт.... хөгжил дэвшил, нүүдэл, шилжилт... хонхны баяр, диплом авах... найз нөхдийн дотно сэтгэл, өөрийгөө үнэлэх бардам мэдрэмж... шинэ танилын сүрчигний үнэр... цаас хороож, компьютер нүдсэн он жилүүд...амьдралын шинэ үе... сэтгэл алдралт... шинэ байр... өрх тусгаарлалт... хоёр дахь хүүхэд... битүүхэн хүлээлт, далдхан гүрийлт... хэрүүл шуугиан... нулимс гомдол цөхрөл хүлээлт... салалт....

Амьдралын минь түүх ердөө л энэ гэж үү... би 60-ын тал наслахдаа үүнээс өөр юу ч хийж бүтээгээгүй гэж үү... хачин бас жигтэй. Гэхдээ юу ч хийж бүтээгээгүй юм бол өдий болтол яагаад амьд яваад байгаа юм бол. Хэнд хэрэгтэй гэж намайг ажилуулж, тэжээж байгаа гэж... ойлгомжгүй...

Би гэрлэх дургүй...
Гэрлэлт надад хэцүү намаг шиг санагддаг.

Огт өөр орчин нөхцөлд байсан хүмүүс хичнээн удаан үерхсэн ч гэлээ нэг дээвэр дор ороод ирэхээр хэн хэнийхээ орон зайд халдаж... өөр өөрсдийнхөө хүрээг хадгалах гэж зүтгэх нь мэдээж... ингээд л үл ойлголцол... битүүхэн даруухан гомдол....

Айл гэрийн амьдрал эмэгтэй хүнээс л шалтгаалдаг гэдэг. Яагаад зөвхөн эмэгтэйчүүд л ухаантай загнаж, эрчүүдэд зохицож, айл гэрийн эзэн хүн шүү гэж бурханчлан тахиж,  зовсон ч зовоогүй юм шиг, өдөр бүр... өөрөө өвдөж байсан ч тэднийг халамжилж... зөвхөн тэдний бухимдлыг сонсож, өөрийнхөө бухимдлыг дотроо хадгалж...ил гаргасан бол үглэлээ гэж адлуулж... хааяа нэг гар хүрэхийг нь тэвчиж... тэсэрсэн бол сүртэйгээрээ дуудуулж байх ёстой гэж. Сална гэвэл басамжлуулж, сайхан явбал доромжлуулж байх хэрэгтэй гэж үү.

Магад энэ бүхэн навч миний өрөөсгөл бодол байх... эмэгтэй л хүн учраас хайрлуулах ёстой гэж, эхнэр минь учраас жаргах хэрэгтэй гэж хүсдэг... хичээдэг эрчүүд цөөнгүй байгаа гэдэгт итгэнэм.
Гэхдээ би гэрлэлтээс үүдсэн үр дүндээ хайртай. Алаг хөөрхөн үрс минь надад амьдрах зориг, шалтгаан болж өгдөг. Хүүхдүүдийнхээ төлөө би амьд байх ёстой. Тэднийгээ амьдралд бэлтгэж, ахин миний алдааг давтсан амьдралаар амьдруулахгүйн тулд би зүтгэх ёстой. Ухаантай байх ёстой.

Хорвоо дээр эр хүн байх хэрэгтэй. Хэрэв эр хүн үгүй бол эмэгтэйчүүд бидний хийж чадахгүй ажлыг хэн хийх... хүн амын хүйсийн харьцааг хэн тэнцүүлэх... бидний амьдрах итгэл болсон үр хүүхэд хэнээ олдох... хайрлуулж амьдрах ёстой бүсгүйчүүдийг минь хэн хайрлах... үр хойчдоо үлгэр дуурайл болох эцгийг хэн орлох... хэрэгтэй хэрэггүй, амин чухал шалтаг шалтгаан олон байх... Миний амьдралд огтоос эр хүн байхгүй байна гэвэл худлаа... тэр үнэхээр худлаа. Бие сэтгэлийн тайтгарлыг авч, хайраа хазаарласан харилцаа байх л болно.

Навч миний хийссэн амьдрал...
Бодрол хөврүүлж, гуниг цацсан буйдхан орон зайд минь зочилж, урмын үг бурмын сэтгэлээр тэтгэж байдаг хэдэн нөхөддөө талархана...

Apr 8, 2008

сэтгэл гутрал.... биш гөлийрөлт...

Хамтын амьдралд огтхон ч найдаж хүлээх шаардлагагүй болсон цагаас эхлээд л хорвоогийн өнгө нэгэн жигд сааралтаж, амьдралын минь баяр баясгалан болсон алаг хөөрхөн үрс минь л өөр өөрийн өнгөөр гэрэлтэж, өвөрмөц дуугаар жиргэцгээж байна даа. “Гэртээ эргэж ирэх цаг чинь болсон шүү...” заналт өнгө аястай мэссэж нэгийг хүлээж авсан ч надаас ямар ч хариу үйлдэл гарах шинж алга... Гөлийчихсөн хүн гэж би л байх.

Найз нөхөд хавар болж байна...дусал хийлгэе, массажинд оръё, үсчин явъя.. салхинд гаръя.... гэх ч үнэндээ би өөрийгөө бодох өчүүхэн ч шалтаг олж харж чадахгүй болтлоо харалган болж. Өөрийнхөө төлөө ямар ч зүйл хийх хүсэл алга болчиж. Зүв зүгээр л амьдрахыг л....

Блогчдын уулзалтад очихоор битүүхэндээ бэлтгэж байсан ч хүссэн зүйл хүзүүгээр орооно гэгчээр бяцхан өнхрүүшхэн өвдчихлөө. Алагхан үрсээ өвдөхөөр л сэтгэл дотор тэр чигээрээ өмөрч, ухаан санаандаа өөр зүйл бодох чаваргүй болчих юм.  Онош юм нь олдохгүй юм... Хоолой нь улайлттай... тархи нь доргисон...их л ядаргаанд орсон хүүхэд юм... бүтэлттэй төрсөн уу... илүү тээлттэй юу.... онош бас асуулт... бүгдийг л хэлээд өгч байх шиг. Охин маань бүтэлтийн шинжтэй төрсөн... Төрхөөсөө өмнө би их ядарч байсан /нуугаад гүрийдэг байсан/.  Одоо бол хоолой нь өвддөг юм байна. Агаар салхи дутаад рахитны шётка үүссэн. Бичих тусам хэцүү байна. Гэхдээ бичээд дуусчихвал хөнгөрөх ч юм шиг. Ер нь жирэмсэн байхдаа аятайхан ч амарч чадахгүй, үр хүүхдээ ядрааж байдаг би ч дээ....

Яг үнэндээ заримдаа надад их хэцүү байх юм. Хэцүү гээд л тоочоод байвал тэр утгаараа л амьдрал хэцүү болчихно доо гээд л хичээгээд л, нуугаад л, хэцүү биш юм шиг царайлаад явсан ч түүнийгээ нууж чадахааргүй, бүүүүр хэцүү үеүүд байх юм. Нэгэнт л ганцаараа амьдрахаар шийдсэн юм чинь даваад гарахаас яалтай. Алагхан үрс минь байхгүй, ганцаараа байсан бол үхмээр ч юм шиг.... Ганц хайртай найз минь “ ... үхэхэд дэндүү харамсалтай ш дээ. Тэмцэнээ хө...” гэсэн. Ээж аав 2 минь байхгүй бол ч би гэж хүн ааль хэдийнэ галзуурчихсан байхаа.

Нетийн цаана байгаа хамт амьдарч байсан залуу минь танилцах сайтынхаа хаягнаас мэйл шидэлсээр... нэг саак хүүхэн байна гэж бодоод байгаа болтой. Өрөвдмөөр ч юм шиг.
З
иак ойрдоо нэг иймэрхүү л байна. Блоггер найзууд минь сов сорри шүү. Үр зулзага минь өвдөөд лийф нь ухаан санаа нь ууланд амьтан л гүйж байна. Дараа нэг дахин уулзахад чинь заавал очноо амалчий....

Apr 4, 2008

бодлын үзүүрт бор шувуу....

Анд нөхдийн сэтгэгдэл, алдрай биений хэмжээ, атга тархины бодол зэрэгт үндэслэн бодож бодож....
Би ер нь бусдаас хоцрогдож байгаа хүн юм байна. Хүмүүс нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж, санаа сэтгэл нь хүртэл түүнтэйгээ зохицон хувирч байхад би гэж хуучныхаа школ, эцэг эхийн сургасан хүмүүжлээрээ л гэлдэрч, өрөөл бусад л муу муухай зан гаргаж, хүнийг алаг үзэж, муу санаалаад байгаа гэж бодоод л явж байдаг. Гэвч яс юман дээрээ тэд илүү сэргэлэн, авхаалжтай учраас илүү хурдан хөгжиж, байр сууриа олж байхад би л хоцрогдож байгаа юм байнаа гэж....Өөрөөр хэлбэл хүмүүсийн ингэж сонин авирлах нь хэвийн л, нийгмээ дагаж хувьсаж байгаа үзэгдэл юм шигээ. 
Яг бодож байсныгаа тайлбарлаад бичих гэтэл гар эвлэж өгөхгүй байна. Ерөнхийдөө ойлгогдож байгаа гэдэгт найдаж байна.
Голын ганц найзын маань хүү халуурч хоносон. Өглөө бас л халуун нь буугаагүй тул чөлөө авчиж. Хоолойгоо барьж халуурах гээд байдаг хүүхэд л дээ. Би ч яаж зүгээр байхав гээд л ганц хоёр үгээр загнаад л авсан. Шөнө хөнжлөө хуулж байхад нь буцааж хучсангүй гэж ирээд л.... Юутай ч орой эмчид үзүүлнэ гэсэн. Тэр эмч ч учрыг нь олчихдог юм шиг байлээ. Байнга л очдын. 
Ойрд найзын маань сэтгэл санаа нь тиймхэн байсан. Өглөөд хэдэн минут хоцорч ирсээр байгаад 2 сарын туршид 2-3цаг болсым байх. Түүн дээр дарганцар авгай сахилгын шийтгэл оногдуулаад тушаал гаргачихаж. Хэрэв энэ явдал найзад минь биш, хэн нэгэн хурган даргад тохиолдсон бол энэ төрлийн тушаалыг гаргах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Өөрийн талд бялдуучилж, долигонодог нэгний хоцорсон, тасалсаныг акт, чөлөө болгож хувиргаад... харин манийхийг бол тас, хоцорсон чигээр л явуулаад л, хураагаад л..... гомдох гэхээр дэндүү жулдаад байна. Үзэн ядах гэхээр би тэдэнтэй адил муу хүн болчих гээд байх юм... тоохгүй байхаар гөлийчих гээд... тоогоод байхаар тэнэг болчих гээд...
Дотоод ертөнц, сэтгэл улам л хоосроод.... гомдох зүйл дээр инээд хүрээд.... уйлмаар байхад тоохгүй.... баярламаар байхад инээмсэглээд.... улам л хоосорч байгаа нь энэ...
Олж авсан арга нь санаадгүй ч гэлээ хамтран амьдарч байсан /нөхрийгөө/ залуугаа интернэтэд танилцах зар өгсөнийг олж мэдлээ. Эмэгтэй л хүн болсон хойно шинэ нэр үүсгэж байгаад л мэйл явуултал төсөөлж байснаас минь илүү дэлгэрэнгүй мэдээллийг амархан гэгч нь явуулсан байдымдаа. Нэр, нас, ажил, гэр, одоогоор хэнтэй амьдарч байгаа гээд л.... Уурламаар  үйлдэл мөртөө инээд хүрээд байх юм... эхнэрээсээ тусдаа амьдарч байгаагаа, эрхэлж нялуурах дуртайгаа, халамж хайраар дүүрэн эмэгтэйг хайж байгаагаа анкет дээрээ тов тодорхой, ойлгомжтойгоор бичсэн байна лээ. Ганцаараа байхаас залхаж байгаа байх л даа.... Хэн нэгэн түүнд хэрэгтэй байгаа байх л да.... Яагаад ч юм түүнийг ойлгож байгаа учраас л уур хүрэх биш... инээд хүрч, айхтар хүндээр тусгаж авахгүй байгаа юм байна.
Энэ бүхний дараа би өөрийгөө огтхон ч өөрчлөлт гаргахгүй байх гэж бодсон ч бүх юм хоосорч, уужраад.... урд минь нэг л их цэлийсэн тал дундаар жирийн үзэгдэх жим үзэгдэж байна...

Бодолд минь оршсон бор шувуу нисэн одлоо...

Apr 1, 2008

4 сарын 1

Шинэ сар гарлаа гарлаа... шинэ сар ирлээ ирлээ....
Энэ өдөр уул нь инээдмийн баярын өдөр. Баяр тэмдэглэхдээ гаргууд манай цөөхөн монголчуудын хувьд бол сайхан л шалтаг. Харин тэмдэглэх хүсэлгүй, тэмдэглэх шалтаг шалтгаан гаргахыг хүсэхгүй байгаа миний хувьд бол жирийн л нэг ажлын өдөр.
Ажлын хэдэн залуучууд захирлынхаа нэрээр шинэ АйДи нээчээд л хэдэн хүүхнүүдээрээ тоглоод л... Захирал дуудсиймуу гэсэн  хүүхнүүд ээлж ээлжээрээ үүдээр эргэлдээстэй. Сүүлдээ ч учир начирыг нь олсон болтой инээд алдаж, тэнэг мангараа дуудаад л... буцаад л суудалруугаа.
Хуучин ажиллаж байсан байгууллагын дарга маань одоо хийж байгаа ажилтай минь холбоотой ажилладаг болох нь. Орон тооны бус зөвлөх гэнэ. Тэхээр би яалт байхгүй тэр хүнтэй нэг л өдөр үг дугарах хэрэг гарнаа гэсэн үг. Одоохондоо ч намайг гэж танихгүй л байх шиг байлээ.
Ажлын байран дээр сөрөг энерги тараадаг хэдэн хүмүүсийг тоохгүй байхаар нэг бодлын амар юм. Тэд байгаад ч надад хамаагүй. Би байгаад ч тэдэнд хүртээлгүй. Өдөр бүр тэдний тухай тархиныхаа нэгээхэн хэсэгт бодож, нервтэж байснаас байгаа байхгүйг нь тоохгүй бол бодогдож, харагдахгүй сэтгэлд хөнгөн. Ер нь ч тэгээд заримдаа өөрийгөө эерэг энергээр цэнэглэх сайхан юм. Тэд ч бас хүн л дээ. Өөрийн гэсэн амьдралтай, амьдралын хэв маягтай. Надтай л адилхан ар гэрээ тэжээж, амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс. Гэхдээ дотоод хүн чанар, сэтгэл нь шаал өөр. Ажил үүргээ биелүүлэхдээ хүнд тус дэм болж, харилцан ажил үүргээ гүйцэтгэх биш хүний мууг үзэж, эрх мэдлээр далайлгаж, нууцхан хов жив хөөцөлдөж, өөрийгөө л дөвийлгөж байх арга замыг сонгосон хүмүүс. Гол ялгаа нь үүндээ л байгаа.
Би хэзээ нэгэн цагт энэ хүмүүс шиг эрх мэдлийн сэжүүр атгавал яах бол... энэ хүмүүс шиг загнах болуу... эсүүл эднүүс шиг байвал хүний хэд амны бай болдог юм шүү гэдгийг санаж харьцангуй ухаантай загнах болуу. Өөрийнхөө энэхэн цаг үед хүсдэг байсан тэр л даргын  шинж чанарыг агуулж чадах болуу.
Ойрд  бүх зүйлс надад хоосон хөндий санагдах болж. Хүн нэг гөлийхөөрөө тэр байх л даа. Амьдралд огтоос надад хэрэгтэй зүйл байхгүй мэт... Эсвэл би хэнд ч, юунд ч.... тэр тусмаа амьдралд ч хэрэггүй болсон мэт.
Яг л тогтсон жимээр... гэрээс гараад таксинд суугаад ажил... ажил дээр сууж байгаад л хоолны газар... буцаж ирээд л сууж байгаад дахиад л таксинд суугаад гэр... гэрт хариад хийгдэх ажлууд бас өдөр бүр адилхан. Цаг минут Энэ бүхнийг өөрчлөх гэж үзэхээр хүч , зориг хүрэхгүй болсон мэт...
Хүн ер нь өөрийгөө огтоос мэдэж чаддаггүй юм байна. Нэгэнт л өөрийгөө хүртэл мэдэхгүй байгаа юм чинь бусдыг бүр яаж ч таних билээ.
Заримдаа би бүх бурууг өөртөө тохохыг хүсдэг... Тиймдээ ч нөхрөөсөө салалгүй... гомдсон сэтгэлээ дотроо барьж, үр хүүхдүүдээ бодоод буцаад нийлэхийг хүсдэг... Тэр хүслийг минь үр хүүхдээ ганцаараа өсгөж, хүмүүжүүлж, сайн хүн болгож чадахгүй бол яанаа, ирээдүйд би хүүхдүүддээ аавынх нь тухай юу гэж хэлнээ гэдэг айдас улам дэвэргэж өгдөг.
Нөгөөтэйгүүр бардам зан минь халин дэвэрч, түүнгүйгээр бүх зүйлийг хийж чадна, хэний ч дор орохгүй амьдарч болно гэсэн итгэлийг надад өгдөг. Түүнийгээ ч батлан харуулахыг би зорьдог байх.
Ер нь сүүлийн үед би чухамдаа яагаад байгаагаа, амьдралынхаа талаар юу бодож, юу шийдэж байгаагаа ч мэдэхээ больж...
Тэнэг, хар дарсан зүүднээсээ салахсан... Шинэ сар гарлаа...