Aug 24, 2010

Эвэнд ороогүй үгс....

Амьсгалын замын өвчин хууч тусаагүй хэрнээ амьсгал авахад яагаад ийм хэцүү байна вэ...Ар дагзнаас минь наран ургаж мандаад байгаа хэрнээ алгуур урагш алхахад яагаад ийм бүрэнхий байна  гэж... Байдгаараа хашигчаад, хамаг үсээ үгтээгээд... дороо зөндөө дэвхцээд, дотрохоо гадагш нь чулуудмаар ч юм шиг... эс бөгөөс авиа үл унагаж, алив хөдөлгөөн эс хийж, .... алсуурхан дотроо сэмхэн мэгшээд, амьдралын завиар зугуухан хөвмөөр.... 

Хэцүү байгаа цаг мөчөө эрэгцүүлэн ажихад миний сэтгэлийн хөдлөл хэдэн жилийн өмнөхөөс  дэндүү гэмээр багасчиж... мэдрэгдээд байх юм. Нэгэн андаас тодруултал хал үзсэн нь тэр биз гэнэ... Арга ч үгүй биз жаргал хүнийг эвдэж, зовлон хүнийг бөхлөдөг гэж... Үзэж туулсан бүхэн минь тэгтлээ зовлон байгаагүй ч халгиж цалгисан жаргал бас байгаагүй... Гэхдээ л хэн нэгэнтэй уулзаж, ярилцаж өнгөрүүсэн мөч бүхэн сэтгэлд минь үнэтэй оршино. Аз жаргалын нэгээхэн хэсэг минь....  

Л. Өлзийтөгсийн шүлгийг надад уншуулсан найздаа талархана...

Амьдрал хэмээх номыг

Алгуурхан дэлгээд уншиж сууна

Уншаад л байгаа хэрнээ

Учир нь олдохгүй хачин ном.

Хамгийн жаргалтай мөчүүд ард хоцровч

Хойш нь эргүүлээд уншиж болдоггүй

Хамгийн бэрх зовлон өмнө дурайвч

Урагш нь эргүүлээд мэдчихэж болдоггүй

Хачин ном.

Хааяадаа тэр номыг тас хийтэл нь хаагаад

Хаашаа ч юм бэ явчихмаар санагдавч

Дараагийн хуудсанд юу байгааг мэдэхээр

Тэвчин үлддэг.

Ураад базчихмаар хуудсууд нь улам тодрох

Энхрийлэн илбэмээр хуудсууд нь улам бүдгэрэх

Энэ ойлгомжгүй номын сүүлчийн мөрөнд

Юу байх бол?

....оны....сарын....өдөр үхэв.

Төгсгөлийг нь мэдэх номоо

Унших хэрэг байна уу?


Л.Өлзийтөгс

Өөрийнхөө дотроос өрөөл хэдэн үг унагах гээд үнэндээ чадахгүй нь... Өнөөх л гунигаа хөврүүлээд үг хэл минь эвлэхгүй нь... Өөдгүй ч амьтан бол доо гэж өөртөө гомдол тээгээд... Өмнөө байгаа хуудсыг өөрийн мэдэлгүй л эргүүлнэ....

Aug 19, 2010

Гунигтай байнаа....

Намар яагаад ногоон өнгөтэй байдаггүй юм бол....Яаж ч төсөөлөөд ногоон навчис... ногоон модод... хаашаа ч харсан ногоон туяа татдаггүй .....Тийм болохоороо л ногоон цацрагтай зуны улирал шиг амармаар санагдаж, тайвшралыг олж авдаггүй юм байна л даа. Ногоон өнгөнд хүнийг тайвшруулах ид шид байдаг гэдэг дээ... 

Ногоорон халиурах зун цагийн төгсгөл яагаад ийм экстрийм байнаа.... /гадаад үгийг криллээр галиглаж бичсэндээ хүлцэл өчих ёстой юу?/

Хүүхэд байхын л бид бие биенээ мэддэг байсан... Бяцхан жаахан охин балчир насандаа эрдмийн босго давахыг хүссэн ч 9 сарын 1-ний өглөө номтой цүнхээ даахгүйдээ хойтон жилийг хүлээх болсоныг нь хамгийн тод санадаг юм... Сургуулийн хонгилд тааралдахаараа хөтлөлцөж гүйдэг, нэгнийхээ гэрээр очихдоо цаг хугацааг умартан тоглодог, өвөртөө орж унтахдаа шөнөжин хөөрөлдөн хуучилдаг... холын замд аялахдаа ч хөнжилөө хувааж унтдаг байсан найз минь....

Орцных нь үүдэнд борхон гэр босгож байхыг хараад битүүхэн гайхаад л өнгөрсөн ч... борогхон энэ орчлонгоос Бурхан найзыг минь булаачихсаныг үнэндээ би төсөөлөөгүй... Бидний дунд амьдруулж байснаас хажуудаа байлгах нь Бурханд илүү хэрэгтэй байсан юм болов уу... Гэхдээ л амьнаасаа тасалсан алагхан үр, амьдралаа нэгтгэсэн амраг хань, амийг нь төрүүлсэн ачит аав ээжид нь асралтай охиныг нь үлдээх тийм хэцүү байсан гэж үү. 

Сэтгэл минь баахан хөндүүр байна. Уулзаж учирч амжихгүй... нэг л их завгүй хүн байсандаа... учирлаж гуйсан бүхэнд нь сэтгэлд нь хүртэл туслаж чаддаагүйдээ... сэтгэлийг нь ойлгож, өөрийг нь анхаарч... найз шиг нь найз байж чадаагүйдээ  би өөртөө гомдоод байна...

Гэвч... бид гагцхүү төрөх, үхэх хоёрыг л хүссэнээрээ жолоодож чаддаггүй болохоор хэн хэдийд хаашаа одохыг нь хэн ч хэлж мэддэггүйдээ л ийм мэдрэмж тээдэг биз... 

харуусаж байна.....


Aug 16, 2010

ойрд....

Ягаан, нимгэн хөшиг дэрвэлзэн... намрын урь буусан салхинд найгана. Сэрүүхэн салхи цонхоор нэвтрэн орж, өрөөнөөс өрөөнд дамжин сэлгүүцэх нь таатай ч багагүй жиндүүлж, ганцаардлыг минь улам л дэвэргэнэ. 
Яагаад ч юм би өөрийнхөө босгосон энэ л ертөнцдөө тайван амгалан дүртэйгээр ганцаардаж, хаачихаа мэдэхгүй яг л нэг газраа л яваад байх юм. Урагшлахгүй бас ухрахгүй. Зогсож байгаа мэт явах эс бөгөөд явж байгаа мэт зогсож байгаагийн алин болохыг үл ухаарах.... нэг л анзаарахад хөл доор минь орших хөрст дэлхийн нэгээхэн хэсэг элэгдэн хорогдож, хөрс нь дарагдаж алгуурханаар би шигдэж байх шиг...
Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг нэг л хүсэхгүй байх нь амьдралын минь олон олон давтамжийн нэг нь эхэлж байгаа нь энэ бололтой. Үе үеээрээ эргэлдэж, өнгөрсөн, улиран одсон тэр л мэдрэмжүүд эргэн ирж, сэтгэлд бас зүрхэнд хүргэх мэдрэмж нь ялгаатай ч нарийн анзаарвал нэг л өнгийн давтамж.... эргэлдэнэ. 
Ганцаараа гэдэг үгийг хэрэглэхээ больсоноос хойш удаан хугацаагаар ганцаараа байна гэдэг асар удаан тамлал юм байна. Хэн нэгнээс тэгтлээ их хамаатай биш ч гэлээ... гарцаагүй тэд надаас, би тэднээс далдур хамааралтай болчихсон амьдрал шүү дээ. 
Амралтаа хадгалж, алсдаа нэгэн үйл хэрэгт нөөчихсөн болохоор ядрах, цуцах гэх мэт үгсийг амнаасаа унагах эрх үгүй. ажилласаар бас дахин ажилласаар... Бүх зүйлээс л далдуурхан зугтаад байгаа хэрнээ.... бүгдийн тухай бодохгүй байж үнэхээр чадахгүй нь. Бодолд инь ээлж дараа, эрэмбэ дугаараараа орж ирээд, элдэв зүйлээр намайг хөглөөд.... эргэлдэх цаг хугацааны хүрдээр сэнсрүүлж.... гүн шөнийн нойрыг минь хулгайлж, гүйдэлд өдрийн эрч хүчийг минь хугаслана....
Ном унших минь холдож, сүүдэр ший сонирхох минь ч цөөрчээ. Идэвхигүй амьдралын төлөвт шилжив. Амьнаас илүүтэйгээр албанд зүтгэж... нойр хоолыг умартан харайлгахдаа... арын алба минь баталгаатай болохоор л би гэж хүн төрийн төлөө боож үхэх оготно мэт гүйсээр... 
Алагхан үрсээ санаж байна... ачит аав ээжийгээ үгүйлж байна... ардын шахуу дуу сонсохоор л тэд минь санаанд минь бууж, тэвэрч нэг... үнэрлэж нэг наланхан суухыг хүсэж байна. Алсхан зайд амарч яваа тэдний минь буцах хоног ойртох тусам би улам ихээр санаад байх юм...  Ганц үг дугарахгүй ч гэлээ тэднийхээ бужигналдахыг хараад, сэтгэл амар налайж суух минь хамгаас илүү жаргал юм байна. 

Амьдрал асуудалтай байх нэг хэцүү.. амьдрал асуудалгүй байх бүүр хэцүү.... 

Aug 12, 2010

Минийх....

Хоргодон хоргодох мөртөө хаалгаа нээчихээд л түүнийгээ үддэг. Гараараа даллаад одох түүний үнэр салхиар дайгдан сэтгэлд минь хадагдана... Хаалга хааж гараад хаалга нээж орохдоо л тэр хүний хүн болчихдог... Харин бусад үед хагас нь минийх байна.... 

Aug 3, 2010

Эрээвэр хураавар

Зэвэргэн салхи үе үе ширүүсэн ханхлах нь зунаас юу ч үлдээлгүй авч одлоо шүү хэмээн намар авхай намжиртайхан шивнээд байх шиг.. жирийн мөртөө жигтэйхэн уйтгартай өдрүүд ар араасаа цувраастай.  

Хоёр нүдний минь харцны огтолцлол өдөр бүр л гарцаагүй  нэг цэг дээр онож тусаад байхаар өөрөөсөө айх ч шиг... өөртөө гайхах ч шиг... бас далдуур уур дургүй зэрэг хүрээд ч байх шиг. 

Элдэв бодол энд тэндгүй л эргэлдээд байгаа мөртөө эрэгцүүлж нэгтгэж байгаад буулгахсандаа гэж санахын зуурт л эргэж нэг булгиад, зүг чигээ буруулаад элэг эсвэл ходоод тийш очоод л замхарчих юм. Уг нь дээшээ зүглээд л тархи ухаанд очиж боловсруулагдах байх гэж санахын. 

Янаглангуй уугих янжуурын манан нүдний өмнө бүртэлзээд явж өгдөггүй бас урсаж оддогүй  үдшийн цаг хугацааг улам л удаашруулан мансууруулна. Цаг хугацааны сааталд би өөрөө жингүйдэж.. цаг хугацааны янаглал тачаалд бас л автан  мансуурна. Хэн нэгний хувьд жаргалтай баймаар энэ цаг хугацаа хорчин гэмээр хохироохгүй мөртөө хүлээлт бас эс хүлээлтийн дунд хохилзох бодлыг минь юунд ингэтлээ үймүүлнэ гэж...

Холимог бодлын хуурга хоолой давахгүй юм.... Хоёр гурван үгний хэлхээ урагш ахихаа ч байж... Цаг хугацаа чи хурдан урсаад өгөөч... гуйя би...