Oct 18, 2011

улаан...

Улаан... Soulmate-ийн Улааныг уншаад дотроос нэг юм хатгав. 

Улаан өнгөнд би бага байхын л дургүй байсан санагдана. Дургүй гэдэг нь ихэвчлэн өмсөж байгаа хувцасны өнгөн дээр л илэрдэг байсан юм байна. Угаасаа л бондгордуу, бөөрөнхий хэлбэрийн хүүхэд байсан болохоор улаан өнгийн хувцас өмсчихөөр бүр л бондойгоод, байгаагаасаа ч бүдүүн харагдаад байгаа юм шиг санагдана. Арай жаахан том болоод ч энэ бодол минь огт өөрчлөгдөөгүй. Цаанаасаа, бүр угаасаа л улаан өнгөтэй хувцаснаас холуур бай гэсэн тавилантай юм шиг.  Одоо ч тэр. Миний хувцасны шүүгээнд байгаа ээлжийн хэдэн хувцаснууд дундаас минь цусан улаан, за тэр ч байтугай ер нь улаандуу туяа олж харна гэвэл тун чиг ховор л болов уу. Дотуур хувцасны сонголт ч гэсэн улаан өнгө байдаггүй. 

Энэ л галтай цогтой, эрч хүчтэй, цоглог байдлын илэрхийлэл болсон өнгөнд дургүй гэхээр миний зан байдал ч ямаршуу вэ гэдэг нь харагдах л байх даа. гэхдээ л би дургүй юм шиг. Одоо яая гэхэв. Гэхдээ анзаараад байхнээ их л зоригтой бүсгүйчүүд улаан өнгөний сонголтыг хийдэг юм шиг бодогдов. 

Харин улаан өнгөнд бага зэрэг ээлтэй болгосон нэг зүйл бий. Тэр нь хумсны будаг. Хэзээ ч билээ би зориглож, хумсаа улаанаар будахаар шийдсэндээ заримдаа баярладаг. Хэрэв тэр үед л зориглоогүй бол улаан гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хаяхад ч бэлэн байсан бизээ. 

Өчигдөр бүр хэрэг гаргаж, хумсаа улаанаар будлаа. Сэтгэлдээ би inner peace-ээ эрэлхийлсэн, амгалан тайван дүртэй байгаа мэт боловч үнэндээ нэг л тийм тогтворгүй... нэгэн хэсэг хугацаанд өөрийгөө тэр чигт нь биш юм аа гэхэд нилээдгүй хэмжээгээр зориулж байсан тэр л зүйлээсээ өөрийгөө татаж авна гэдэг тийм ч амар байсангүй. Анхандаа ямар ч шийдвэр гаргасан би хувирахгүй, өөрчлөгдөхгүй, хямрахгүй байж чадна гэж ам бардам байсан ч, үнэндээ хүн, нөгөө талаар сэтгэлтэй, зүрхтэй амьтан юм болохоор цээжин тушаа өвддөг л юм байна. Тэр л өвдөлтийг дарж, тоохгүй байх гэж хичээсэндээ л хумсаа будсан юм шиг байна. 

Хүсэж, хичээсэн шиг минь тийм гоё болоогүй ч гэсэн будаг нь гялалзах, улаан өнгөтэй хумсаа харахад яагаад ч юм нэг тийм содон мэдрэмж төрөөд байх юм. Эрхэмсэг, эрэмгий ч юм уу... эсвэл өөртөө таалагдах мэдрэмж минь ч ийм байдаг билүү... Улаан даашинз өмсөж, үсээ улаанаар будаж, улаан цув намируулахгүй ч гэсэн ядаж улаан хумстай байх нь арай л өөр юм аа. Хүүхэнлэг, эмэгтэйлиг чанар минь өчүүхэн хэмжээгээр амь орж байгаа юм шиг байна. 

Тэгэхээр үе үе өөрийгөө мэдэрч, өөрийгөө цэнэглэж байхын тулд хумсаа улаанаар будах давтамжаа ойртуулах хэрэгтэй юм байна. Өөрөөр би улаан өнгөнд тэгтлээ наалдаж чадахгүйгээс хойш энэ л миний хувьд хамгийн боломжит хувилбар. Хуучирчихсан байгаа улаан будгаа шинэчилнээ ерөөсөө....



Oct 17, 2011

....

Хөтлөлцөөд ээлжлэх нар сарны хооронд
Хийсвэр үлгэрийг жинхэнэ гэж итгээд
Хонгор сэтгэлээ хоосон нууранд хөвүүлчихээд
Хоёр болчихно доо гэж  хүлээн ядаж, цөхөөд
Дэндүү их цангасандаа
Сэтгэлийн худгаас хундагаа дүүргэж залгиллаа
Даанчиг их хүссэндээ
Шингээж үл чадаад дэмий л урсган үдлээ...