Feb 29, 2008

Өндөр жилийн тэр нэгэн өдөр...


2 дугаар сарын 29 өдөр.

4 жилд нэг л тохиолдох өдөр гэж байгаа. 
Хэрвээ миний романтик зан хэвээрээ байсан бол энэ өдрийг ирэх 4 жилдээ мартагдахгүйгээр өнгөрөөе гэж хүсэх байсан байх. 

Яагаад ч юм блог дээрээ юм бичье гэхээр л сэтгэл доторх багтрал зэрэг зэрэг ундран гарч ирээд байх юм. Уул нь арай өөр уур амьсгал надад хэрэгтэй байх.... 
Аав ээж 2 өчигдөр хөдөөнөөс ирэв. 2 өнхрүүшхэн бөөн баяр. Хөөрөөд л, сахилгагүй гэж жигтэйхэн. Тэднийгээ харж сайхан инээж авлаа.

Захирал маань ойрд их тавьтаргүйтлийн үе шатыг туулж байгаа. Түүнийг нэг дэхь өдөр хуваарийн дагуу гадагшаа явна гэдэгт итгэлтэй байгаа ч гэлээ битүүхэн эргэлзээ төрж эхэлж байна.

Өөрийгөө миний дарга гээд бодчихсон нэг авгай ажлаар дарчих гээд л үзээд байна. Үнэндээ дургүйд хүчгүйн үлгэр л өрнөж байна. 3 хуудсыг 4-5 өдөрт хийж өгнө гэж бодож байгаа. Биднийхээ цалинг нүд хуурч 30% нэмээд өөрсдийнхийгөө болхоор чимээгүйхэн шиг 80% нэмсэн гэж бодхоор... захирлууд агуу юм аа. Эрх мэдлийг айхтар ашиглаж байна. Албаны журмаар хувийнхаа эрх ашигт нийлүүлж байгаа нь энэ юм байлгүй дээ. Тэгэж өм цөм нэмүүлж авчаад, мөнгө төгрөг ч хүрэхгүй, үнэ ханш нэмэгдээд хэцүү байна гэж гомдоллохоор бидний хэдэн хүмүүс бол өчүүхэн хэдхэн төгрөг нь хүрэхгүй бүр үхэх юм байна л даа.

Ойрд жаахан өөрийгөө сатааруулмаар санагдаад байх болж. Арай өөр зүйлд өөрийгөө хандуулах ч гэж ойлгож болох юм. Шинээр гарсан 2 жүжгийг үзье гэвч хань олдкүйм шиг байлээ. Хань олъё гэж хичээснээ больсон. Голоос ганцхан найз бүсгүйн маань хамтран амьдрагч оройн цагаар сургалтанд суух болсон тул хүүхдээ харна гэж байсан. Тиймээс хэн ч надтай явахыг хүсэх вэ дээ. Намайг мэддэг хүн тааралдчихвал надад ч бас эвгүй байх. Тиймээс кино ший, жүжиг энээ тэрээ гэсэн хүүхдийн юм шиг санаануудыг мартах хэрэгтэй гэж бодсон. Буруу ч байж магад...

Шинэ сар гарах гэж байгаа тул ирэх сарын албан хэрэглээний зүйлсээ бичиж өг гэж байна. Цаас, бичгийн хавчаарнаас авхуулаад л хэсэг зүйлсийг сараачлаа.  Кофе, цай гэх мэт зүйлс нь бол захиралдаа авч байгаа нь тэр...

11 сараас хойш үсэндээ хайч ч хүргээгүйм байна. Шаал өөр стилээр янзлуулах юм сан. Найзынхаа хэлсэнээр өөртөө асар цаг гаргаад л, үсчинд очиж, гоо сайхан орж нүүр, гарандаа массаж хийлгэж үзэхсэн. Өөртөө арай л өөр ур амьсгалыг бүрдүүлмээр байна... дахиад л...

зиак ганц хоёр мөр юм орчуулъя байз...

Feb 27, 2008

Сэтгэл доторхи дайн эсвэл амар амгалан


Хамаг эрч хүч минь дуссан болтой...Яг л кинон дээр гардаг шиг...."Очир ахаа, миний бяр дуусчихжээ..."

Хэсэг ч болов өөртөө гутаж эргэлзэж байсан сэтгэлийг минь нэг мөсөн шийдчихлээ. Энэ бүхний эцэст би тэр хүнийг би өөрийгөө хараан зүхэж байна.
Магад би тэр хүнийг ийм муухай зүйл хийхэд хүргэсэн байх. Би өөрийнхөө муу муухай зан ааш, үйл хөдлөлөөр түүнийг залхааж, тэсвэр тэвчээрийг нь бардаг учраас л тэр надад хариу үйлдэл үзүүлдэг байх л даа. Адгийн зөрүүд миний зан авир адаг сүүлд нь хүний сайхан үрийн уур уцаарыг хүргэж, үйлийг нь бардаг болж таарлаа. Би түүнийг хязгааргүй ихээр хайрлаж, хүссэнээр хь халамжилж, хариу хайрлах хүртэл нь тэвчээртэйгээр тэсэж чадсан бол бүх зүйл түүний хэлсэнээр сайхан болох л байсан байх.

Мэдээж би анхнаасаа хайртай байсан учраас л ханилан сууж, амьдрахаар шийдсэн.  Гэвч хараа минь хайрандаа сохорсон... харалган болгочихож намайг...Өөрийгөө өмөөрөхгүй ээ. Би бүх зүйлд л буруутай. Гэгээлэг амьдарч, жаргалтай сайхан байх гэсэн түүнийхээ хүслийг би ойшоож үзээгүй. Хувиа бодож, хүн чулуу шиг загнасан. Хаана ч, хэнд ч байдаг зүйлд би сүржигнэсэн. Эмэгтэйлиг байж, ээж хүн шиг өрөвч хандаж чадаагүй... Энэ бүхэн миний л буруу юм байна. Өөрийгөө халамжлуулж сургаагүй... зөвхөн түүнийг л эрхлүүлж, халамжилж, муу зан сургасан бас л би тэнэг...

Бусдын адил үр хүүхдээ бодоод өөрийгөө золиослох ухаан байхгүй.. би тэнэг хүн юм аа...Түүний хэлсэнээр бүх зүйл зэрэгцээд, ганцаардаад ирэхийн цагт хажуудаа ханьгүйдээ гутраад бие сэтгэлээрээ жинхэнээсээ зовохоороо л ухаан орж, тэр үед хожимдсон гэдгээ мэдэх байх даа. За яахав илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн үлгэрээр илжиг царайлаад л  хэрэгтэй зүйлсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд л өөрийнхөө шийдсэнээр зүйтгээд л үзнэ дээ. Алдсан ч оносон ч миний л амьдрал. Өөрөө өөрийгөө л гэж  хувиа хичээсэн миний л зан. Гэхдээ ганцхан өөрийгөө бодож байтал энэ амьдрал дуусахгүй. надад хамгаас үнэтэй - эрдэнэ минь байгаа. Тиймээс би тэднийхээ хажууд хүч дорой, үлбэгэр амьтан мэт байж ерөөсөө болохгүй. Харин ч үлдсэн амьдралдаа өөрийн ганц чаддаг зөрүүд зангаа гаргаж, хэний ч дор орохгүй амьдрах чадал хэрэгтэй.

Одоогоор толгойд минь олон олон зүйл эргэлдэж байгаа ч гэлээ сэтгэл дотор дайн биш энхтайван оршиж байгаа тул бухимдал багтралыг үүгээр төгсгөе. Хэлье гэвч хэнд хандахаа мэдэхгүй, хэл минь гацаад байгаа тул өөрийн хэсэгхэн орон зай болох энэ л блогтоо орж ирээд л жаахан тайвшрах юм.

Амьдрал үргэлж сайхнаараа л байгаасай...

Feb 26, 2008

эмэгтэй миний дотор агуулагдах эрэгтэй би...


Би заримдаа өөрийнхөө зан араншинг ердөө ч ойлгохгүй юм. Нэг бол хэнийг ч гомдоохыг хүсдэггүй энхийн цагаан тагтаа адил хүн бүрт л туслаж, ямар нэгэн байдлаар дэм болохсон гэж зүтгэж эсвэл хэнд ч юунд ч хамааралгүй, хэн намайг юу ч гэж байсан тоохгүй, хэнийг ч, юуг ч гомдоочихмоор зан байдалтай болчих юм. Хамгаас зөрүүд байдал минь тэр л үед илэрдэг. 

Би өөрийгөө тийм ч зөрүүд биш байх гэж найддаг юм. Гэвч энэ их зөрүүд зантай гэж хэлэхийг сонсоод тэрхүү зан чанараа батлах гэж хүсдэг юм болуу. Гэхдээ өөрийгөө зөрүүдлэж байгаагаа мэдрэх тэр л агшинд найдвар минь тасардаг. Тэр минь хүртэл хүүхдээ надтай амьдарвал над шиг муухай зөрүүд болно гэж санаа зовж байх.  Би засрашгүй зөрүүд юм. Гутармаар...

Би заримдаа бусадтай л адил болчдог. номхон хүлцэнгүй... зөрүүд зангаасаа хэсэг уйддаг байх л даа. Эсвэл тэдэн шиг түрэмгий, манлайлагч байх гэж хуурамч зан гаргаж чадахгүйгээ ойлгох гэж....

Эмэгтэй хүн гэхээр арай л зөөлөн зан чанартай байдаг гэж боддиймаа.. над шиг биш. Нэг зурхай уншиж байтал загасны орд бол эрэгтэй орд гэж байсан. Тэхээр би эмэгтэй ч гэсэн эрэгтэй ордтой болхоор тэрхүү эмэгтэйлиг зан чанар минь дутуу хөгжсөн болтой. Нэг л их хатуу зантай, зөв ч бай, буруу ч бай шийдсэн бол эргэж буцхаа мэдкүй зүтгэдэг байх л даа.

Эмэгтэйлиг зантай байх гэж хичээсэн минь намайг буруу үйлдэл, алдаанд хүргээд байгаа юм шиг... Мэдкүйм даа

Амьдралаа гэж... аливаа үйлдлийн эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй мөнхийн эргэлдэж байдаг дамар...

Алаг хөөрхөн үрс минь, амьдралын минь баяр баясгалан минь...


Шинэ он гарсаар даруй 2 сар өнгөрч. Сайнтай муутай, гэрэлтэй сүүдэртэй өдөр хоногууд ээлжилж, үүнтэй зэрэгцээд алаг хөөрхөн үрс минь жилээр бус сараар, сараар бус өдрөөр, өдрөөр бус цагаар өсч торниж байхийм. 

Том өнхрүүшхэн минь удахгүй үсэглэлийнхээ баярыг тэмдэглэнэ гэнэ. Номыг унагаахгүй тогтоож байдаг, ширээн дээр тавидаг тавиур/ хуучин бидний хэрэглэдэг байсан төмөр тавиур байдаг даа. Бодуул тэрэн шиг л юм байгаам шиг байна./, дардаг харандаа, бас харандаа шиг баллуур гэх мэтийн зүйлс сэм сэмхэн нэхээстэй. Янз нь ангийнх нь хүүхдүүд хэрэглэдэг болтойм.  Цалингаа буухаар авч өгнөө гээд амлачихсан байгаа. Ямар ч л байсан захирлыг байхгүйд жаахан гадуур явж, олж авч өгнөө. Ойрд дүү нь өвдсөн нэрээр алаг үрээ олигтойхон баярлуулж чадаагүй юм. Долоо хоног гэртээ өнжихөд их  л хань, тус дэм болж байхыг нь хараад "Том болж дээ миний хүү" гэдэг дуу санаанд орж байсан. Охин хүүхэд үнэхээр өөр юм аа. Хэхэ Өдөржин ийш тийшээ гүйгээд л, хичээлийнхээ завсраар ажилтай юм шиг гүйж тоглохыг нь харахаар цаанаасаа л хайр минь ундраад байдаг юм. Дүүтэйгээ тоглож байхыг нь харахаар бүүр хөөрхөн. Яг хүүхэлдэйн кино үзэж байгаам шиг.

Бяцхан өнхрүүшхэн маань өдөр ирэх тусам л эгдүүтэй, хазаад, базаад авмаар болж байгаа. шууд л 2 цахиур нэг дор ургаж байгаа. Тэр нь загатнаад л мөөмний толгой час хийтэл хазаад авна. Жаахан чангахан дуугарвал өмөлзөөд л, гэвч араас нь хамраа үрчийлгээд л худлаа инээж, аашийг минь засаад л. Нэг инээж, нэг уурлаж чи би гэж 3 биенээ эрхлүүлж байтал өдөр өнгөрч ороо засна... тээл өглөө болно.

Хэд хоног халуурч, намайгаа сандаргасаны эцэст биеэр нь улаан юм туурч, эмчийг нь дуудаж үзүүлтэл УЛААНУУД гэдэг өвчин болж таарлаа. Корь биш, салхин цэцэг биш нэг тийм завсарын хачин өвчин гэнэ. Айхтар дагнасан эмчилгээ байхгүй, шинж тэмдгийн эмчилгээ хийгээд, гам сайн барих юм гэнэ. Гэхдээ би улаанууд биш гэж бодсон. 2 өдөр л улаан толбо байсан. Тээд л алга болсон. Миний оношоор бол ханиад, халууны уур гэж юм байдаг гэсэн. тэр л байх. Яг л аллерги шиг.  Одоо бол зүгээр, сэргэлэн бялзуухай шиг жиргэж байгаа. Гэм нь ээжтэйгээ байнга хамт байсаар байгаад нүднээс нь жаахан холдох юм бол дургүй талруугаа болоод байгаа.   

Жаахан дулаараад, ханиад хэсэг намдаад ирэхээр гурвуулаа явж, мэргэжлийн зурагчинд зургаа авхуулна гэж тоочиглосон.  Ер нь Мартын 8-нд авхуулнаа. 3лаа эмэгтэй юм чинь. Саак зураг авхуулна гэж бодож байгаа. Харин хаана авхуулдийн билээ. Тэр болтол жаахан судланаа.

Ашгүй цалин буучлаа. 2 Өнхрүүшхэнд минь хэрэг болох ойр зуурын жижиг сажиг зүйлс авъя гэж бодож байсын. Цагаа олж буулаа ашгүй.Гэхдээ ажиллаагүы 5 хоног минь хасагдсан байна. Лист нь 3 сарын эхний цалин дээр бодогдоно гэнэ. Тэр л жаахан тиймхэн. Гэхдээ дажгүй ээ. Цоглог байна.

Бүх юм сайхан

Feb 25, 2008

Төрсөн өдөр


Өнөөдөр миний төрсөн өдөр....

Яагаад ч юм баярлах сэтгэл ерөөсөө ч төрөхөө байж. Хөгширч байгаан болуу гэсэн...
Ямар ч байсан өөрийг минь төрүүлж өсгөсөн ээж аав 2-тоо баярласан сэтгэлээ илэрхийлж, хайртайгаа хэлсэн мэссэж нэгийг нисгэчлээ. Төд удалгүй утас дугарч ээжий минь зангирсан хоолойгоор баяр хүргээд, хүн уйлуулаад гэж ирээд л сэтгэлээсээн баярласан бололтой. Аав минь эр хүн болохоор зүгээр л баяр хүргэж байгаа мэт боловч, цаанаа л нэг баярласан өнгө хоолойд нь мэдрэгдэж байлээ. Урьд урьдны жилүүдэд ээж аав хоёрыгоо ингэж баярлуулж байгаагүй ч юм уу, эсүүл баярлаж байсныг нь мэдрэхгүй дэндүү тэнэг байсан ч юм уу бүү мэд дээ. Энэ жил илүүтэй мэдрэгдлээ.

Өнгөрөгч он цагийн хэлхээсэнд би ээж аавдаа ачийг нь хариулах ухаан сууж чадаагүй, билэгдэж ерөөсөн ерөөлийг нь биелүүлж амжаагүй тэнэгхэн охин байж дээ. Эцэг эх минь л болсон хойно, сайн сайхан амьдраасай, сайхан хань, хөөрхөн үрсийнхээ хажууд жаргаж амьдраасай гэж ил гаргаж биш юм аа гэхэд, дотроо битүүхэн шившин залбирч байсан биз ээ. Энэ бүхнийг нь гүйцэлдүүлж чадаагүй намайгаа уучил. 

Ямар ч л байсан, амьдралын минь өмөг түшигболсон амьд бурхан аав ээждээ асар их хайртайгаа л мэдэж байна. Хүн бүр л тийм байгаа. Миний олон үг үүнд илүүдэх байх аа.
Өнгөрөгч долоо хоног жижкэн өнхрүүшхэнийгээ асарч, тойглож, ба өөрөө амарч гэртээ өнжлөө. Лист авсан гэжугаа. Ажил дээр ч нам гүм өнгөрсөн юм шиг байна.

Төрсөн өдрийн хамгийн анхны бэлгийг санаанд оромгүй нэг хүнээс авсан. Нэгэн сайн найз минь болж байгаа хүн. Би их тэнэг зан гаргаал, заримдаа багтраад л хэнд хандахаа мэдэхгүй үед түүнрүү ханддаг юм. Харин тэр тэнэг намайг ер тээршаахгүй шүү. Сэтгэлийг минь засаж, итгэлийг минь сэргээсэн үг хэлж чаддаг юм. Яагаад ч юм итгэх сэтгэл цаанаасаа л төрөөд байдаг юм.
Дараагийн бэлэг Том ахийн минь сэтгэл. Хэдий ханиад хүрээд бие тааруу байгаа ч гэлээ сэтгэл гаргаад л янз бүрийн тансаг амттан бэлдээд гэртээ урьсан. 2 өнхрүүшхэнээ дагуулаад л айл хэсээд л явж өгсөөн. Хэхэхэ

Ингээд л ажил дээрээ ирээд л хамгийн сайн, цорын ганц найзаасаа авсан өнгөлөгч түрхсэн уруулын үнсэлт, нүүр дүүрэн инээмсэглэл.
Намайг тойроод л хайртай хүмүүс минь дүүрэн байна. Би хамгаас баян хүн.
Гэвч цаг үргэлж тэднийхээ итгэлийг даасан, хамгаас төгс төгөлдөр нэгэн байж чадаагүй л дээ. Энэ бүхнийг минь уучил. Цааш цаашдаа олон олон жилийн төрсөн өдрийг хамтдаа угтвал хайртайгаа болоод, баярласан сэтгэлээ үүнээс илүүгээр илэрхийлж, итгэлийг чинь дааж, сэтгэлийг чинь түшиж явахыг хичээх болноо.

Төрсөн өдрийн мэндчилгээ үргэлжилсээр, би асар баян хүн юм аа.... Хайр хүрч байна... 

Feb 14, 2008

Happy Valentine`s Day!


Өнөөдөр хайр дурлал, үнэнч агуу нөхөрлөлтэйгээ учирсан хос болгоны баярын өдөр. 
Юутай ч та бүхэндээ Валентины баярын мэнд хүргэе. Энэ хайрын өдөр та бүхэн хажууд тань байгаа хайртай хос, үргэлж өөрийг тань дэмжиж байдаг, үнэнч сайн анд нөхөртөө баярын мэнд хүргэж чин сэтгэлээсээ Хайртай гэдгээ, баярлаж явдагаа илэрхийлээсэй гэж хүсэж байна.

Урьд урьдны жилүүдэд би өөрөө л хайртай хүндээ бэлэг бэлдэж, мэндчилгээ хүргэж, сэтгэлээсээ түүнийгээ баярлуулахсан гэж хичээдэг байсан бол өөрөө харин хариуд нь нэг их сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй байжээ. Бэлэгнийхээ хариуд бэлэг авахдаа биш сэтгэлийнхээ хариуд сэтгэл л авах гэж хүссэн хэрэг. Магад тэр хүн дотоод сэтгэлдээ надад байр хүргэдэг байх л даа. гэвч түүнийгээ ил гаргаж сураагүйм байлгүй дээ. Хэн нэгэн хайртай хүнтэй мөртөө, түүнээсээ сэтгэлийн илэрхийллийг хүлээнэ гэдэг тун чиг хэцүү юм билээ.

Энэ жилийн хувьд өөрөө өгөхийг, хүнээс авахыг ч хүсээгүй. Гэвч тэр минь надад чиклад өгсөн ч би авалгүй буцаачихлаа. Гомдсон байх. Ойлгомжтой. Би тэр хүнийхээ хажууд байх хугацаандаа дандаа л гомдоож байсан гэдэгтээ итгэлтэй болоод байгаа. Угаасаа хамгийн муу муухай бүрдсэн бие махбод бололтой би. 

Зовлонтой, сөрөг энергийг минь эерүүлж, тэвчээртэй сонсдог нэгэн найздаа баярын мэнд гэтэл өөдөөс "аа нэг муу европ ламын нас барсан өдрийг юун ч сүртэй тэмдэглэдийм дээ..." гэж авдийн байна. Зарим хүмүүсийн хувьд нэг иймэрхүү.  
 За за, бусдын хувьд ийм сайхан гэгээн хайрын өдөр байтал би энд булингарт бодол тээн, түүнийгээ илэрхийлэн суух хэрэг юун.

Өө нээрээ, бяцхан өнхрүүшхэн нэлээн хэд хоног огцом халуурч, бич бачуурлын байдалтай байв. Гэтэл эмч түүнийг улаанууд туссан гэж оношлов. Эмээ өвөө хоёр нь хөдөө, рашаанд явах гэж байгаа тул би ээжийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэж, 7 хоногийн цалинтай чөлөө гуйхаар тамгын газрын даргын хаалгыг таттал өөдөөс хүүхэд өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгохгүй ээ. Өөрөө хүндээр өвдөж, гадагшаа дотогшоо явж байгаа бол өгнө гэнэ дээ. Хөөрхий тэгээл эмчээс цэнхэр өнгөтэй лист олж ирвэл л цалингийн 80% олдоно гэнэ. Харин өөрөө бол хүндээр өвдөж, солонгос явж байгаа тул цалинтай чөлөө олдсон гэнэ дээ. Дарга бол дарга, цэрэг бол цэрэг...
зиак нэг  иймэрхүү шив дээ. Сэтгэл дотор хурсан, бодол дотор хургасан бүхэнтэйгээ хамт багтрах минь...

Дахин баярын мэнд!

Feb 12, 2008

Баярын дараах ажлын өдөр ч мөн дөө


Даваа гаригт ажил дээрээ 10 арай болголгүй ирлээ. Золголт нь эхлэх нь битгий хэл сураг ч үгүй байлаа. Бодуул захирлуудыгаа хүлээж байгаа болтой.  2-уул 2-уулаа байхгүй байхыг бодуул шинийн өдрүүдээр айл их хэсч чамгүй ядарсан байх л даа. Тэгэж тэгэж  нэг нь ирлээ. Нөгөөгөө хүлээж хэсэг байж байснаа өөрөө гадагшаа явах болсон тул за ер нь золголтоо эхэлье гэж байна шүү. Олны уур амьсгал ч өглөөнөөс хойш унтаа, сунжруу, лазагнаж байсаны хэлэхүү золголтын сураг дуулаад л энд тэнд шивэр авир хийгээд л, хөл хөдөлгөөн орж байнөө. Дээлтэйгээ ирсэн нь тольны урдуур, дээлээ цүнхлээд ирсэн нь хувцас солих өрөөгөөр эргэлдээд л эхэлнэ шүү дээ. 

Ноднингийн цагаан сараар золгож байсныг бодуул энэ жил уулзалтынхаа өрөөнд багтахгүй олуулаа болжээ. Илүү гишгэдэл хийвэл л хүний хөл дээр гишгэчих гээд. тун чиг хэцүү байлаа. Зиа тэгээл  увж цуваал, захирлаас эхлүүлээд, газрын дарга нараар удаалаад л мань мэт нь золгож гарлөө. Миний гишүүн нь гэж явдаг фракцынхан ерөнхийдөө байхгүй байсан тул тэр бачим өрөөнд удаан зогсож, олны ярианд чих хутгахыг нэг их хүссэнгүй. Аяганы амсар зуугаал буцаад суудалдаа ирээд суучихлаа. Миний захирал ирээгүй, ганц амин зүрхэн найз минь зулзага нь өвдөөд байхгүй гээл миний хуруу дарам цөөхөн хүмүүс... хажуугийн ширээний НБД хүүхэн маань нэлээн янзгүй гараал ирлээ. "Өөрсдөө ууц, идээ шүүс гээгүй байж одоо нэг их хоосон ширээ, шилтэй архи тавьсанаа мэдэж гэнэ. Закусканд явж ирэхээс. " гээл ууртай, уцаартай нь аргагүй хувцаслаал гарлаа.

Ингээл гэрээс яаралтай дуудлага ирж, миний ажлын өдөр хагас дутуу үргэлжлээл дууссан даа хө.
Өглөө ирж өөрийн байгаагүй хагас өдрийн сонин сонсоод л сууж байх шив дээ. хагас ажиллуулаад л тараадаг цаг байсан байна гэж...

Feb 11, 2008

Цагаан сарын шинийн өдрүүд


Зээ, хүн бүхэн л цагаан сар энээ тэрээ гээд л, айл хунараар хэсч, гар тохой зөрүүлэн, хацар нүүрээ үнсэлцэн. ханиад томуугаа дамжуулсан өдрүүд байлаа гэж... 

Бид 3-ын хувьд Ээжийн аавын дүү, Аавын аавын дүүгийн хүүгийн эхнэр гээд л тоотой хэдхэн үлдсэн эмээ өвөөгийнд очиж золгоод л айл хэсэлт дууссан. Том өнхрүүшхэн эмээ өвөөгөө дагаж яваал, гавъя шагналд нь шинийн 2нд гэртээ гэдэсний эм уугаал, унтаж өнжсөн.   

Ээж аав 2 минь шинийн нэгэнд гэртээ 21 цагт, шинийн хоёронд 14 цагт ирлээ. Ингээл айл хэсэлт дуусаж айлуудыг хүлээн авалт эхлэв. Үүнтэй зэрэгцээд миний тогоо барилт зэрэгцэж хажуугаар нь үр зулзагаа бас амжуулах гэж... Ашгүй ах минь хажууд байсан тулдаа л их тус болж магнайгаа хагартал ахдаа баярлав. 

Хурдхан ажил эхлэх өдөр болоосой гэж бодож байсан ч яг ажилдаа явах гэтэл бас ч үгүй ядарсанаа мэдэрч, унтмаар санагдаж байлаа.

Том өнхрүүшхэн шингэн алдаж ядраад, жижкэн өнхрүүшхэн олны хөлд дарагдаж ядраад л... бид 3 ч ядруухан л өнгөрөөлөө. Хэхэхэ

Гэрээс дуудлага ирж байна. бяцхан өнхрүүш халуунтай байна гэнэ. Яаралтай түгшүүр зарлаад гэрийн зүг гүйлээ. Маргааш ирээд үргэлжлүүлэмз.

Feb 5, 2008

Амьдралын нэгэн агшин


" Танд 99...... дугаараас ая дууны мэндчилгээ илгээсэн байна. та 444 дугаарт залган мэндчилгээгээ үнэгүй сонсоно уу" гэсэн үгтэй мэссэж хүлээн аваад өгсөн дугаарт нь залгаад сонстол Эрдэнэтунгалаг гээд бондгорхон хүүхний "Хайрлаарай" дуу эгшиглэвээ хө... Хайр дурлал маань гал халуун дээрээ байсан бол сэтгэлийн их хөдлөлөөр угтан авч, түүнийгээ асар ихээр хайрлах хэрэгтэйгээ мэдрэх байсан байх. Гэвч хожимдсон ухаарал, үйлдэл бүхэн хичнээн их хөдөлмөр, цаг хугацаа, үнэ өртөг зарцуулсан ч гэлээ ямар ч утга учиргүй хэрэггүй зүйл болон хувирах юм даа. Хөөрхий

Цагаан сар гэж нэг хүндрэлтэй баяр байнаа. Тэмдэглэхгүй байхымсан гэж бодсон ч нас өндөр гарсан аав ээжийгээ бодхоор хичнээн олон жил тэмдэглээ аж гэж санаад амьд байх хугацаанд нь дутуу гачуугүй тэмдэглээд өнгөрүүлчих юмсан гэж хичээх л юм даа.

Яг энэ баярыг дөхөөд ирэхээр айл бүрт цэвэрлэгээ гэж нэг юм байнааа. Урьд өмнө нь гэр орноо цэвэрлэдэггүй байсан юм шиг л бүгд ухаан орж, дөрвөн хөллөж мөлхөөд л, гар хөлөө салгалтал л цэвэрлэгээ хийх юм. Тэр хүмүүсийн нэг нь би. хэ хэ хэ. Хагас болоод бүтэн сайн өдрийн тэр сайныг нь ч мэдрэх сөгөөгүй л, хагас бүтэн цэвэрлэгээний өдөр болгон өнгөрөөв. цонх, хаалга, булан тохой, хөшиг, цагаан хэрэглэл гээд л ёо ёо... Хийсэн зүйлээ одоо бодсон чинь бас л асар байна шүү. Хажуугаар нь 2 хөөрхөн өнхрүүшээ мартаж огт болохгүй. Амжуулкаад л зүтгэчихсэн. Ээж минь хөөрхий, миний хийсэн зүтгэсэнд сэтгэл их ханамжтай байх шиг байлээ. Хагас дутуу ч гэсэн ихэнхийг нь хийчихсэндээ их л додигор унтлаа.

Даваа гарагийн өглөө ажил дээрээ ирлээ. Учиргүй муухай ханиад хүрсэнээ гайхсан асар олон хүмүүсийн дунд ороод ирэв.  Намайг энэ муухай ханиадтай байхад тоохгүй байсан хүмүүс одоо л нэг хэрэгтэй хүн гэсэн шиг л яаж эдгээв, яав ийв гэж ирээд л хэл ам сугалчих гээд л... мөрөөрөө байж байгаа д л эдгэчихсэн гэхээр нэг л их худлаа үгэнд минь итгээд, хууртаад хаширчихсан хүн шиг том харахыг нь яана.

Захирал минь цагаан сар болоод явах нь дөхсөн тул 2 ба гурван давхарын хооронд намайгаа гүйлгэж дуусахаа байсан гэжугаа. Данс тооцоо, тайлан, гүйлгээ, орлого зарлага үлдэгдэл, нэмэгдэл гээд л... Сүүлдээ юу хэлэх, хийх гэж байгааг нь бараг харцаараа ойлгож сурсан захирлынхаа үгийг ойлгохоон больж ч байх шиг. Хэхэ.

Өө нээрээ, өнөөдөр өдөр өнхрүүшхэн дээрээ очтол хөөрхөн гараа хөгжмийн аясаар эргэлдүүлээд бүр эгдүү хүргэдэг гэжийшд. Бүр нэг хайр хүргээд. Том өнхрүүшхэн минь хичээлдээ явчихаж. 10 мин хоцроод очихоор л хацар дээр үнэрлэж амжихгүй явуулчихаж байгаа юм. Заримдаа ч ажил гэж асар байх юм. Гэхдээ хамт ажилладаг сөрөг энергитэнгүүдэд зориулах цаг зав хомс байхаар тэр өдөртөө сэтгэл хамаагүй хөнгөн, дулаахан байдым. Зиак ингээд ажлаан тараад үлдсэн, орхисон гэрийн ажлаа дуусгахаар алхаад марш гэжугаа...

Гоё...

Feb 1, 2008

Welcome February!


Шинэ сар гарлаа. Цаг хугацаа тун чиг амархан урсан өнгөрч байна даа. 2 сарын эхний өдрийг хоёр хөөрхөн өнхрүүшхэнтэйгээ 9 цаг болтол унтаж угтав. Хэ хэ хэ. Тэр 2 лааг хөөрхөн, эгдүүтэй харагддаг гэжийшд. Толгойгоо нийлүүлсэн мөртөө хоёр тийшээ хараад яг Л үсэг шиг. Өөрөө хажууд нь 1-н тоо шиг хэвтэж байснаа босоод, бид гурвыг хараад инээмсэглэж зогссон ээжтэйгээ нийлээд, өнөөх хоёрыгоо харж, хайр хүрээд хэсэг инээв. Өглөөг ч сайхан л угтлаа.

Ар араасаа хөврөх олон нийтийн баяр, өөрийн болоод өрөөл бусдын нэрийн өдөр зэрэг цэнгэлийн урсгалыг бодсон чинь уйдах завгүй ч гэлээ санхүүгийн хувьд нэлээн давчуухан сар болох нь дээ гэж...

Урьд өмнө ч гэсэн тохиолддог л байсан зүгээр нэр сарын эхний өдөр мөртөө бүх зүйл шинээр эхлээд байгаам шиг... Сэтгэл өвтгөж, халширч байсан асуудлыг маш сайн хичээж, биеэ барьсаны үндсэн дээр нэг их үгээр идэлцэж, шидэлцэлгүйгээр тохироод шийдчихлээ. Цагаан сарын дараа л жаахан бужигнах шинжтэй. Тохирсоноороо байна гэдэгт итгэх л үлдлээ.

Ажил дээр баахан шинэ хүмүүс ирж. Долоо хоногийн дотор 3 хүн авсан гэжийгаа. шинэ сартай давхцаад 2 хүн ирсэн байна. Нэг хүнийг нь газрын захирал нь дагуулчихсан, "Энэ манай газарт орж байгаа шинэ хүн" гэж хэлээд л маниусыг нэрээ хэлээч, ажилд нь амжилт хүсээч гэх мэтээр дарамт, тоглоомын аль альнийг нь зэрэгцүүлээд авлаа. Зэвүүн царайлаад л нэрнээсээ өөр үг дугарсангүй явуулчлаа. Нөгөө нэгийг нь хэдэн хорон хэлт авгайчууд л сайхан, хөөрхөн ааштайг нь амаа олохгүй магтаад байгаа сурагтай. Хэ хэ. хуучин бууны хугархай болсон биднээс хөөрхөн сайхан ааш хүлээгээд нэмэргүй гэдгийг ухаарсан хүмүүс бололтой.

Би уул нь өөрийн гэсэн дарга, захиралтай хүн. Гэвч өөрийгөө миний дарга гээд итгэчихсэн нэг авгалдай. Ажидаа эргэж орсоноос хойш ярвайгаад л, хялалзаад л... ажилчдын хурал дээр хэд гурван үг хэлчихсэн биш надад бүүр дургүй зэвүү нь зэрэг хүрээд байдаг болчихсон юм шиг байгаа юм. Уг нь би өөрийгөө тийм хүн харахаараа зэвүү нь хүрээд байх царайтай ч хүн биш л гэж боддийн. Гэхдээ яахав дээ. Би ямар тэр хүнийг хорлоод, өөртөө нүгэл хураагаад явсан биш. Надад дургүй бол би яалтай. Дурлаач гэж тэнэгтэлтэй нь биш. :P

Захирал маань удкүй гэр бүлээ дагуулаад нэлээн алсыг зорих сурагтай. Би бас энэ хүн шиг тэр алсад очиж үзэхсэн гэсэн мөрөөдөл тээн, явах суухтай холбоотой бичиг баримтыг нь өөрөө явах гэж байгаам шиг л сэтгэлээсээн хөөцөлдөж байгаа.

Зиак ингээд сарын эхний өдөр 1-н тооноос эхэлдэг шиг энэ өдрөөс хойших 3 биений амьдрал бас цлл шинэхэн 1-н тооноос цааш хөврөөсэй.
Гоё...