Nov 29, 2012

Яг тэр л үгийг
Яагаад чамаас харамласан юм бол
Гомдож, гуниж, тунирхсандаа
Голоосоо таслалгүй хадгалчихсан байх л

Мэднэ дээ намайг мэднэ гэж
Мөн чиг бардам алхсан сан
Мэдрэх байтугай мэдээ ч үгүй..
Магад л үүнд гомдсон байх

Гуниж явах ч нас биш дээ
Ганцаараа хүн гундах эрхгүй
Инээмсэглэл төрүүлж
Эгшиг аялаад... энэ л жинхэнэ зам байх л..


Дурлах чадвар дуусаагүй байгаад баярлана. Дурлалаас болж шаналж байгаад бас баярлана. Амьд байна шүү дээ би. Амьдрал үргэлжлээд л байгаам байна.... Баяс хөөр, дуул бүжиглэ. Сэтгэл минь залуу хэвээрээ байна.

Oct 21, 2012

зүрхгүй, сэтгэлгүй
зүгээр л хий хоосон хөндий 
бодолгүй, тархигүй
бас дээр нь хайргүй....

агуулга үгүй хэлбэрт оршиж
хэлбэр үгүй агуулгад тэмүүлж
хичнээн жилийг тарчилж өнгөрөөхийг
хэн ч мэдэхгүй, би ч бас.....

өдөржин зүрхээр хатгуулж өнжлөө. эм уугаад ч нэмэр байсангүй. өндийгөөд босоод явахаар өвдөөд байх юм. бүтэн амьсгал авч чадахгүй хагас хагас амьсгалж, хатгуулж алхах тээртэй байлаа. элгээ эвхээд, түрүүлгээ хараад хэвтэхээр түр намжих юм. элгээ дараад хэвтээд л байх бас их амаргүй юм. 

өмнө нь зүрхний өвчнийг бага багаар мэдэрдэг байсан ч өнөөдрийнх шиг ийм хүндээр тулж байсангүй. яагаад ч юм их олон зүйл бодогдов. ингээд л миний сүүлчийн өдөр хоногууд тулж байвал яана? 
Өөдөсхөн охидоо харахаас ч аймаар санагдаж, өтөл буурай ээж аавын царай хүртэл эмээмээр..... түгшүүртэй. би нэг л их гэмтэй хүн шиг бодогдоно. 
өөрийгөө үл хайрласаны илрэл болоод өнө удахгүй би яваад өгвөл дэндүү амиа бодсон хүн болох байх даа.
бүх бодлын дараалал алдагдаад бас л сарничихлаа.

бүтэн амьсгалмаар....

Aug 1, 2012

сан, сэн, сон, сөн...

Эр нөхөртэйгээ нэг сайхан хэрэлдэхсэн
Илүү ч үгүй, дутуу ч үгүй эхнэр нөхөр шиг тачигнахсан
Эргээд хэн хэндээ туниад хэсэг чимээгүй мэгшихсэн
Инээдээр нулимсаа сүлээд эвлэрэхсэн
Эрхлээд, хөтлөлцөөд, аргадаад, тэврэлдээд л, эвлэрэхсэн...


Ханьтайгаа өчүүхэн жааханч гэлээ муудахсан
Хоол хош, хувцас хунараас болоод хоёр биедээ гоморхохсон
Хүүхдийн гэмээр ааш гаргаж нэг нэгэндээ тунихсан
Сэмхэн нэгнээ ширтээд харцанд нь өртөхсөн
Сэтгэлээ дэвсээд хайраараа эвлэрээд инээлдэхсэн....

Mar 5, 2012

явуулаач дээ...

Үе үе би дэндүү ихээр ганцаардаж
Үйрүүлсэн хөөсөнцөр шиг будрах цаснаар алхдаг
Үнэндээ энд надад зориулсан орчлон биш болоод л
Үйл бас тавиландаа гоморхон хэсэг мэгшдэг...

Хааяа хааяахан би хачин ихээр гунигладаг
Ханзрах цасны түрүүчтэй хайлж бас урсдаг
Хүмүүний тавилан хичнээн үнэтэйг мэдрэвч..
Харуусал бас ганцаардалд гунихгүй байхан аргагүй л...

Урсах нулимс хацар хайрсан ч үл даарч
Уулзах тавилан хэгжүүрхэн тохуурхсан ч үл гудайж
Уур минь дэвэрч буцалсан ч инээд цалгиаж
Угтаа би энд хуванцар хүүхэлдэй мэт орших л

Оноогдсон төөрөгт хувирч би ханаад
Одоо надад огтоос өөр ертөнц хэрэгтэй байна
Онож алдах нь өөрөөс минь өөр хэнд ч үл хамаарах
Ондоо, нэг л ондоо ертөнцөд одмоор байна... явуулаач дээ...

Mar 4, 2012


Огт танихгүй тэр нэгнийг санаад
Ойрдоо би зүүд нойрноосоо хагацаад байна
Орчлон дээр байдаггүйг нь батлаад өгөөч дээ
Оргүй худал гэдэгт итгүүлээд өгөөч дээ... 

Feb 15, 2012

нэг л сайхан



Сэрэл мэдрэмжээ сүвлээд хатгамал урлаж
Сэвсийсэн цагаан үүл мэт хөнгөн дүрс мэтгээд
Санааны булан дахь мишээлийг царайдаа дусаагаад
Сэтгэл хөнгөн, бодол нимгэн... нэг л сайхан...

Өдөр өдрийн чиглэлийг өөр тийш нь залаад
Өнөөдөр л би хаа нэгтээ дэгдчихье л дээ
Өөрөөсөө өөрийгөө харамлалгүй элбэг байж
Өр нимгэн бүсгүйн дүрээр үлдчихье л дээ... ганц удаа

Feb 13, 2012

Хоромхон зуурт зүүдэллээ би
Хойд насаа л хайгаад байх шиг
Хоёр нүд зогсоо зайгүй гүйлгэнэн эргэлдэвч
Хий хоосноос юу ч үгүй л шогшуулан буцна



Булан л тойрчихвол сэтгэл амраад
Бүлээхэн хайр тосоод авах мэт яарна
Банзлын хормойг туштал алхавч
Бодолтой минь эсрэгцээд булан зугтаана



Бодол минь буланг мөшгин хөөгөөд
Булан бодлоос минь мяралзан зугтсаар
Даруй таван хором асар завгүй өнгөрчээ
Даанч би ядраад байна... Дараа үргэлжлүүлье дээ....
Унтаа сэрүүний хооронд орон гаран сэлгүүцэн
Уруулд жирэлзэн мушилзах инээмсэглэл тодорно.
Урьд хожидын нүгэл буяныг зүүдэн завсраа дэнсэлж
Угаас би дэндүү баян бас туйлын ядуугаа мэдэрнэ...

Feb 10, 2012

Дурлахсан...

Арван наймт шиг бас анхных шигээ дурлахсан
Аашаа цалгиан хөөрч догдлоод бас уйлахсан
Алаг хорвоог аз жаргалын инээдээр будах
Алдаад бас гунихын тэр л амтыг мэдрэхсэн...