Oct 24, 2009

Ингэж л....

.... Өөрийгөө би хайж л явна.. өөрийгөө хайж л явна... цоглог гэгч нь дуулах охины хоолой чихэнд нэг л наалдахгүй ч гэлээ дууны утга.. өөрийгөө хайх тэр л хүсэл эрмэлзэл нь нэг л танил. Хүн ер нь өөрийгөө алддаг юм болов уу? Өөрийгөө алдсаныгаа яаж мэддэг юм бол? Би хэдийнээс эхлээд өөрийгөө алдчихсан юм болоо? Яаж мэдсэн юм бол? Ар араасаа хөврөх асар олон асуултанд бодол уясаар кофегоо дууссаныг ч анзаарсангүй. Гэвч тэр охин өөрийгөө алдсандаа юунд тэгтлээ баярлан.. дуулна вэ? Гэтэл би өөрийгөө олохын бөөн хүслэн... өөрийгөө алдчихсандаа гуниж гутармаар.... Магад би урьд өмнө нь өөрийгөө хэн байсныг мэдэж байгаа учраас л одоо өөрийгөө танихгүй, хэн болсоноо ч мэдэхгүй л...


… Томоос том тасалгааны голд нэгэн бүсгүй намуухан эгшиглэх вальсийн аянд эргэлдэн бүжнэ. Өд мэт хөнгөхөн алхаа нь нуурын мандалд хөвөх сарны дүрсийг ч хөдөлгөж үл дийлэх мэт..... Бүжгийн хөнгөн хэмнэлд цагаахан даашинзны хормой урсах голын ус мэт долгилон, бүсгүйн турьхан биеийг даган мэлмэрнэ. Задгай тавьсан гил хар үс нь гарын салаагаар зөөлхөн урсах элсний торгон ширхэг мэт сэтгэлд болоод биед нэн дулаахан бас зөөлхөн... дотно...

... Ийм нэгэн уянгалаг зүүдийг минь таслан сэрүүлэгтэй цаг чангаас чанга орилох нь өглөө болсоныг, түүнчлэн 7 цаг болж байгааг илтгэнэ. Алгуурхан өндийж, цагны сэрүүлгийг зогсоогоод урьдын хэвшсэнээр цонхруу харлаа. Тансар хилэн, шаргал хөшигний цаанаас аль хэдийнэ мандсан намрын өглөөний нарыг тодхон харж болохоор.... халуун дулаан илч бүхий цацрагт нь нүүрээ наан ээж ч болмоор... тийм л дулаахан...
Шөнөжин хөнгөн бүжгийн аянд найган ганхаж, шувуу мэт дүүлэн ниссэн болохоор сэтгэл нэг л гэгэлзээд л... Гэхдээ тэр бүх торгон мөчүүдийг харж, дулаан зөөлхөнийг нь хүртэл мэдэрсэн гэхээр би тэр зүүдний хаана зогсож байв аа. Би хэн бэ?... Эргэлдэн бүжигч бүсгүй юу... эсвэл хэн ч үл анзаарамгүй тэртээ буланд зогсоод эргэлдэн бүжигч бүсгүйг бахдан шүтэгч үү....

Хамар цоргитол үнэртэх өтгөн хар кофе уунгаа амьдралын минь салшгүй хэсэг болсон компьютераа асаан, дэлхий тойрсон мэдээ мэдээлэл уншиж, өөрийн электрон шуудангийн хаяг шалган тухлав. Өглөө бүрийг би ингэж л угтдаг. Өдөр бүхний эхлэл үнээс л цааш үргэлжилдэг. Бүлээхэн шүршүүрийн дор тайван гэгч нь зогсохдоо үгээр хэлэхийн аргагүй амар амгаланг мэдэрч, биений минь эд эс бүхэн дээр унах усан дуслууд зөвхөн надад зориулж өвөрмөцөөр дусаад ч байх шиг.

Усан дуслууд хүнийг ариусгадаг байх аа. Тэд их намуухан, тайван, чимээгүй мөртөө асар их хүчийг агуулдаг шиг... Борооны, шүршүүрийн, шүүдрийн, бүр хүмүүний сэтгэлээр дамжин нүднээс урсах нулимс хүртэл дэндүү их хүчтэй бас агуу.... өчүүхэн жижигхэн мөртөө өрийг минь өвтгөж бас сэтгэлийг минь зөөллөж, чийглэж чаддаг нь гайхмаар.
... Вальсийн намуухан аяс.... сэтгэл минь тэр намуун зөөлнийг бүр дулаахныг мэдэрсэн болхоор магад тэнд бороо... бүр сэтгэлийн бодлон бороо шивэрч, тэр л бороонд би өөрөө эргэлдэн бүжиж, усан дуслууд нь биед минь шингэж байсан болохоор л би мэдэрсэн л... Асар амгалан, бүр дэндүү амар тайвныг би бүлээхэн шүршүүр дор зогсох мэт л....

Намрын нарны дулаахан илч, цацраг бүр бодлын усан дуслыг бүлээцүүлэн надруу илгээсэн байх....би мэдэрсэн байх....

3 comments:

Gansukh B said...

Ммм.. өөрийгөө алдаад эргэж олох үйл явцыг хүн бүр туулж өнгөрөөд байж болох... Би ч бүхнээс өөрийгөө чөлөөлөөд өөрийгөө хэн байсныг дурсаж, хэн болохоо бодож багагүй хугацааг өнгөрөөв... Одоогоор өөрийгөө олсон эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан шүлэг оролдож толгой холбоод ирэхээр арай ч өөр болж байх шиг...

SL said...

Өөрийгөө олно гэж байдаггүй юм шиг... Өнгөрсөнд хэн байсныгаа цуглуулахын тулд л амьдраад байх шиг...

GansukhB said...

Өнгөрсөнд "хэн" байсныгаа цуглуулсны дараа хэсэг хугацаанд эргэцүүлж бодоод ирээдүйд "хэн" болохыг өөрөө шийдэж болох болов уу,

Өнгөрсөн дэх өөрийгөө цуглуулаад, ирээдүй дэх өөрийгөө бүтээгээрэй. Амжилт хүсье :)