Apr 11, 2008

Religion

Би аль ч шашныг чухалчлан, дагнаж  туйлширч шүтдэггүй.

Буддын болоод шарын шашин...........
Манай удамд нэгэн том лам байсан тухай эмээ минь надад ярьдаг байж билээ. Элэнц өвөөгийнх маань хүрээнээс холгүйхэн амьдардаг байсан гэсэн. Авга ах лам тухай үед Зүүн хүрээнд суудаг байж. Намар оройхон ч билүү зуны эхэнд ч гэлүү ахыгаа гэртээ авчирахаар аав нь эмээд минь хөтөлгөө морь дагуулаад л хүрээ явуулж гэнэ. Ахыгаа аваад гэрлүүгээ ирж явах үед нь бороо орж гэнэ. Эмээ хүүхэд байсан болохоор нимгэн дан дээлтэй, юу юугүй л усан хулгана болтол нороод л... эргээд хартал авга ах нь огт нороогүй байсан юм гэнэ лээ. “Амандаа маань уншаад бороо орж байгааг ч тоосон шинжгүй явж байсан. Тэр үеийн лам хүн ном судрыг жинхэнэ ид шид болгон хувиргаж чаддаг, хүч чадалтай байж дээ. Эмээ нь тэгэж л бурхан номыг шүтэж эхэлсэн дээ”. Энэ эмээгийн минь ярь байсан хамгийн бодитой үлгэр.
Миний санахын л нь эмээг минь амьд байхад, намайг жаахан байхад нутгаас нь нэг настай өвөө хааяахан ирдэг байсан юм. Эмээ тэр ахыгаа ирэхээр биднийг хэвтдэг ор, эдлэж хэрэглэдэг аяга хэрэглэлд нь ойртуулдаггүй байж билээ. Эмээгээс өмнөх үеээс нь үлдсэн цорын ганц бөгөөд бас том лам байсан гэдгийг хожим мэдсэн. Огтоос үс ургаж байгаагүй мэт халзан толгойтой, хөмсөг сормуус нь хүртэл цал буурал тэр өвөгийн нүд эмээгийнхтэй минь их адилхан байсныг одоо ч санадаг юм. Би хүүхэд л болсон хойно дөхөж очоод л хажудаа тавьсан эрхи, дамар, хонхыг нь оролдож үзэх гээд л.... эмээд загнуулаад л буцна. Эмээ намайг хэлээд дийлэхгүй болхоороо аав ээж 2т хэлээд л гүйцээ.
Эмээ минь амьд байхдаа дээхнэ үеийн радионы хайрцаганд хийсэн хэдэн бурханыг амь шигээ хайрлан шүтдэг байв. Өглөө болгон, орой бүр зул өргөн, цайны дээжээ өргөнө, орой унтахын өмнө заавал 21 удаа сунаж мөргөөд л... Өдөржин гэртээ суухдаа эрхиэ эргүүлж амандаа маань мэгзэм дүнгэнүүлж суудагсан. Өөрийнхөө аав, түүний ч өмнөх үеээс үлдсэн шүтээнийг амьнаасаа илүү нандигнаж, тахиж өрсөн чихрийг хүртэл гуйж аваад, талархаж байхыг бидэнд сургасан.
Гэвч эмээгээс минь хойш хэн ч тэр бурхадыг эмээ шиг минь шүтэж, жинхэнэ утгаар нь бурханчилж чадаагүй. Бидний хэн хэн нь тийм үйлд зориулах цаг завгүй хүмүүс байж.
Ээж минь 3 хүүхдийн эх болохоор бусад эхчүүдийн адил үзэж хардаг, засал ном хийдэг хүмүүсийг сониуч итгэлээр зорьж очдог хүн. Одоо ээж аав 2 минь насан хэвийж байгаа болохоор бурхан шүтээндээ илүү их ойр байхыг хүчээдэг болж дээ. Яалт ч үгүй хүний амьдрал, цагийн жам өөрийн голидролоор итгэл бишрэл, сүсэг сүжгийг хүнд ойртуулдаг нь энэ байх. 
Бурханы номыг утгачлан ойлгодог бол хүний амьдралд их л зүйлийг заасан, сургасан байдаг байх л даа.  Түвд хэлийг бидэнд заасан ч биш... бид ч сурсан биш... крилл үсгээр гаргасан ганц нэг номыг уншиж суухнээ агуу агуу зүйлсийг тайлбарлаж... учир начрыг нь ойлгуул үнэхээр хэрэгтэй ч юм шиг... зарим зүйл дээр ойлгоё гэж хичээсэн ч ухаан хүрэхгүй тийм том сэдвүүд хүртэл байдаг л даа. 

Христийн шашин болоод их эзнийг магтан дуулахуй.....................

Сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн газар бол Католик шашны төлөөлөгчийн газрын харъяа нэгэн сургууль байлаа. Ажилд орох гэж очсон надаас нэг гадаад эрэгтэй хүн ярилцлага авлаа. Эхэндээ ч ямар улсаас ирсэн ямар үндэстэнийг нь ч мэдсэнгүй. Юутай ч фадер буюу эцэг гэдэг үгийг л нэрнийхээ урьд байнга хэлдэг л хүн байсан.
.... тэр бор өнгөтэй хавтасыг аваад өг дөө.... Сургуулиа төгсөөд яагаад нэг жил гэртээ суусан юм бэ? Ямар сургуульд хэдэн жил сурсан бэ? Гээд л энгийн асуултууд асууж байсан санагдана. Анхны гараа болохоор их л сандарч байж.
Ингээд л 9 сарын нэгнээс шинэ ажилд орлоо. Надаас гадна 3 эмэгтэй 2 эрэтэй нийт 5 монгол байна. Ахаа эгчээ болоод л бүгд сайхан танилцацгаалаа. Би орчуулагчийн ажилтай байсан  болхоор нийт ажилчдын хурлын орчуулгаас эхлээд л ажил ундарч өгвөө.
Өдөр ирэх тусам надаас ярилцлага аваад байсан хүнээ улам л сайн таньдаг болж, уг сургуулийн захирал, католик шашны санваартан, насаараа ганц бие байх замыг сонгосон, унаган англи хэлтэй филиппин үндэстэн болохыг нь мэдэж авлаа.
Хэдийгээр  христийн шашин шүтэх ёстой гэж албадаж шахаагүй ч би ажлынхаа онцлогоос шалтгаалан христийн шашны өдөр тутмын үйл, ёслол, тэдний амьдралын хэв маяг, дээдэлдэг болон хориглодог зүйлс, баяр хөөр, уйтгар гуниг, дагаж мөрддөг дурэм журам, хүнд хандах хандлага гээд бараг бүх зүйлийг нь мэдэх хэрэгтэй болсон юм. Библийн судрыг хүртэл уншиж, орчуулахдаа алдахгүйн тулд утгыг нь хүртэл ойлгохыг хичээдэг байв. Эхэндээ ганцхан санваартан байсан бол яваа яваандаа нэмэгдсээр солонгос, вьетнам, словак, бразил... гээд олон орны санваартнууд нэгэн дор цуглаж, нэгэн үйл хэргийн төлөө хэрхэн зүтгэж байгааг өөрийн нүдээр хардаг байлаа.
Тэдний гол баримтлах зарчим нь зөвхөн Их Эзнээ магтан дуулах бус хүний төлөө амьдрах, хүмүүст хэрхэн амьдрахыг сургах... загасыг нь бариад өгөх бус хэрхэн барих аргыг нь зааж өгөхөд оршдог байсан юм.
Өглөө бүр л ямар нэг сургамжтай түүхийг ярьж, залбирал үйлдэнэ....энэ нь жаахан сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л хүн хэлэхээс нааш.... гэдэг дээ.
Хэрэв үнэхээр цаг гаргаад библийг уншаад үзвэл урьд төсөөлж байснаас чинь огт өөр, бүгдийг нь биш юмаа гэхэд амьдралдаа аваад хэрэгжүүлчихмээр сургаалиуд цөөнгүй байгааг мэдэрч болно. Бид Христийн шашин бол гадны зүйл, бидэнд огт хэрэггүй зүйл гэж дургүй хүлээж авдаг. Гэхдээ миний бодлоор бүгдийг нь эсэргүүцэх биш... өөртөө хэрэгтэй зүйлийг нь олж авах л чухал.
Лалын болоод бусад шашны урсгалуудыг сайн мэдэхгүй л дээ. Гэвч өөрийн амьдрал дахь шашны ул мөрөөс ажаад суухнээ энэ бүх шашин шүтлэгүүд бол үндэсндээ нэгэн ижил зүйлд тэмүүлж байдаг. Хэрэв хүний амьдралыг нэгэн том уултай зүйрлэвэл энэ олон шашин уулын оргилд хүрхээр тал талаас нь мацаж байгаа хүмүүнтэй төстэй. Эцсийн хүрэх зорилго нэгтэй, өөр өөр аргыг хэрэглэж байгаа л гэсэн үг юм.
Миний бодлоор бурхан номын мөр хөөсөн хүмүүсээс бусад нь буддын шашныг яг нарийн ухаж ойлголгүйгээр хий сүсэг бишрэлээр хандаад байх шиг санагддаг. Хэрэв буддын сургааль номлол нь библи шиг эсвэл коран шиг бидний өдөр тутмын харилцааны хэлээр  бичигдэж, бид маань мэгзэмийнхээ учир утгыг ойлгож чаддаг байсан бол амьдралдаа илүү ойроор хүлээж авах байсан болуу.
Гэхдээ би энэ бичлэгээр буддын болон шарын шашныг үгүйсгэн муулж, христийн шашныг магтах зорилго агуулаагүй бөгөөд гагцхүү аливаа зүйлийг ойлголгүйгээр муйхарлан зүтгэсэнээс хэрэгтэй зүйлээ өөртөө тохирох хэлбэрээр тусгаж авч чаддаг байх нь чухал гэдгийг л мөхөс хэлбэрээр тайлбарлах гээд л... тэрнээс биш аль шашныг хэрхэн шүтэх нь таны түмэн эрхийн нэг биз ээ.....

No comments: