Apr 24, 2008

зовсоны эцэст жаргах.....

Бурхан хүнд зовлон өгөхдөө тэр хүний дааж, үүрч, давж гарч чадах хэмжээний зовлонг өгдөг гэнэ. Тэрээр биднийг амьдралын хатуу ширүүнд бэлтгэж, хожмын эдлэх жаргалыг амсах эрхийг олгодог аж. 

Өчигдөр найзтайгаа ийм зүйлийн талаар ярилцсаар.... 
Найз нөхөрлөлийнхөө анхны хуудсыг 11 жилийн өмнө эргүүлж байсан бид эдүгээ ч хамт оршин тогтносоор. Аз жаргалтай, баяр хөөртэй, уйтгар нулимстай хичнээн олон өдрүүдийг хамт өнгөрүүлсэн гээч. Хамгийн бахархалтай нь бид хэзээ ч ам мурийж, хоёр өөр зүгт хараа бэлчээж үзээгүйд л байгаа юм. Хойшид ч бие биедээ гомдох, нэг нэгнийгээ буруутгах сэтгэл хэн хэнд маань гарахгүй гэдэгт бат итгэдэг.

Гарын арван хуруу ч цөөдөх олон олон он жилүүдийг хамт үдэхдээ тоглоом шоглоомоор ч гэсэн азгүй, жаргалгүй, бүтэлгүй амьдралаар амьдрана даа гэж хэн хэн нь хэлж ярих нь байтугай зүүдлэж ч үзээгүй. Гэвч амьдрал гэдэг урьдчилан таашгүй, бурханы зурсан төөрөг тавиланг төсөөлөн мэдэшгүй л юм байна. 

Гараасаа хөтлөөд гүйх алаг үрс минь л бидний аз жаргалын эх булаг байна даа. Би өөрөө амьдралд алдахдаа миний ойр дотныхон энэ тэнэг алдааг минь давтахгүй байгаасай гэж хүсдэг байсан. Би найзыгаа над шиг салж бутарсан амьдрал үзэж, хэдий зоригтой, тэвчээртэй, чадалтай ч гэсэн ганцаараа явахын зовлонг бүү амсаасай гэж цаг тутамд дотроо залбирдаг байсан. Гэвч хүн болоод хүний амьдрал үнэхээр таашгүй юм.

Энэ бүх бодлоос улбаалан урьд уншиж, сонсож байсан нэгэн домог ч гэхүү түүх ч гэхүү санаанд бууж байна....

Нэгэн удаа бурхан 2 хүнийг дуудаад ийн өгүүлрүүн:
-Би та 2-т яг адилхан хэмжээтэй 2 загалмай бэлдлээ. Та 2 нэг нэгээр нь аваад алсад орших нэгэн улсын хотод аваачиж өгөх хэрэгтэй гэж гэнэ. 
Тус тусын загалмайг үүрэн аян замдаа гарч гэнэ. Нэгдэх залуу нь загалмайгаа үүрэн алхаж явахдаа зовсон, ядарсанд туслаж, өөрийн нуруун дээр хүнд ачаатай ч гэсэн бусдыг баярлуулж, өөрөө ихэд зовсон ч түүнийгээ зовлонд тооцолгүй урагшилж байв. Гэвч хэн нэгний зовлонг нимгэлэн тус хүргэх бүрт нуруун дээрх загалмай нь улам л хүндрэн, томорсоор л байлаа.
Харин нөгөө нэг нь бусдыг үл тоон, өөрийн биеийн амрыг хайн, хүссэн цагтаа баярлан цэнгэж, зовсон нэгнийг шоолж инээдэг байв. Ийнхүү амарч, цэнгэж, биеээ тойглох тусам л загалмай нь улам л хөнгөхөн болж, хэмжээ нь жижгэрсээр л байлаа.
Урт удаан аян замын төгсгөл ойртож, хотын захад иртэл маш ширүүн урсгалтай том гол тааралдаж, түүнийг л гатлаж чадвал хотод хүрч бурханы захиасыг билүүлэж чадах байлаа.
Өөрөө зовсон ч бусдад туслаж байсан залуу маань өөрүүн үүрч явсан загалмайг ширүүн урсгалтай голын усанд тавьж, сал хийн төвөггүйхэн гатлачихав. Харин жаргал хөөн, зугаацаж явсан залуугийн загалмай голд тавих нь битгий хэл гартаа барихад ч тогтохооргүй жижигхэн болсон байлаа. Хий дэмий л ийш тийш гүйсээр явган гатлах гэж хичээсэн ч чадалгүй голд живчихэж гэнэ.

Өөрийн зовлонг огоорон, бусдад туслаж, тэтгэж явбал амссан зовлонгийн хэрээр аз жаргал чамд ирнэ гэдэг л энэ байх.... Хүнд бэрх хэцүү амьдрал мөнхийн үргэлжлэхгүй... аливаа зүйлд хэмжээ хязгаар байдаг гэдэгт итгэнэм....

No comments: