Apr 4, 2008

бодлын үзүүрт бор шувуу....

Анд нөхдийн сэтгэгдэл, алдрай биений хэмжээ, атга тархины бодол зэрэгт үндэслэн бодож бодож....
Би ер нь бусдаас хоцрогдож байгаа хүн юм байна. Хүмүүс нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж, санаа сэтгэл нь хүртэл түүнтэйгээ зохицон хувирч байхад би гэж хуучныхаа школ, эцэг эхийн сургасан хүмүүжлээрээ л гэлдэрч, өрөөл бусад л муу муухай зан гаргаж, хүнийг алаг үзэж, муу санаалаад байгаа гэж бодоод л явж байдаг. Гэвч яс юман дээрээ тэд илүү сэргэлэн, авхаалжтай учраас илүү хурдан хөгжиж, байр сууриа олж байхад би л хоцрогдож байгаа юм байнаа гэж....Өөрөөр хэлбэл хүмүүсийн ингэж сонин авирлах нь хэвийн л, нийгмээ дагаж хувьсаж байгаа үзэгдэл юм шигээ. 
Яг бодож байсныгаа тайлбарлаад бичих гэтэл гар эвлэж өгөхгүй байна. Ерөнхийдөө ойлгогдож байгаа гэдэгт найдаж байна.
Голын ганц найзын маань хүү халуурч хоносон. Өглөө бас л халуун нь буугаагүй тул чөлөө авчиж. Хоолойгоо барьж халуурах гээд байдаг хүүхэд л дээ. Би ч яаж зүгээр байхав гээд л ганц хоёр үгээр загнаад л авсан. Шөнө хөнжлөө хуулж байхад нь буцааж хучсангүй гэж ирээд л.... Юутай ч орой эмчид үзүүлнэ гэсэн. Тэр эмч ч учрыг нь олчихдог юм шиг байлээ. Байнга л очдын. 
Ойрд найзын маань сэтгэл санаа нь тиймхэн байсан. Өглөөд хэдэн минут хоцорч ирсээр байгаад 2 сарын туршид 2-3цаг болсым байх. Түүн дээр дарганцар авгай сахилгын шийтгэл оногдуулаад тушаал гаргачихаж. Хэрэв энэ явдал найзад минь биш, хэн нэгэн хурган даргад тохиолдсон бол энэ төрлийн тушаалыг гаргах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Өөрийн талд бялдуучилж, долигонодог нэгний хоцорсон, тасалсаныг акт, чөлөө болгож хувиргаад... харин манийхийг бол тас, хоцорсон чигээр л явуулаад л, хураагаад л..... гомдох гэхээр дэндүү жулдаад байна. Үзэн ядах гэхээр би тэдэнтэй адил муу хүн болчих гээд байх юм... тоохгүй байхаар гөлийчих гээд... тоогоод байхаар тэнэг болчих гээд...
Дотоод ертөнц, сэтгэл улам л хоосроод.... гомдох зүйл дээр инээд хүрээд.... уйлмаар байхад тоохгүй.... баярламаар байхад инээмсэглээд.... улам л хоосорч байгаа нь энэ...
Олж авсан арга нь санаадгүй ч гэлээ хамтран амьдарч байсан /нөхрийгөө/ залуугаа интернэтэд танилцах зар өгсөнийг олж мэдлээ. Эмэгтэй л хүн болсон хойно шинэ нэр үүсгэж байгаад л мэйл явуултал төсөөлж байснаас минь илүү дэлгэрэнгүй мэдээллийг амархан гэгч нь явуулсан байдымдаа. Нэр, нас, ажил, гэр, одоогоор хэнтэй амьдарч байгаа гээд л.... Уурламаар  үйлдэл мөртөө инээд хүрээд байх юм... эхнэрээсээ тусдаа амьдарч байгаагаа, эрхэлж нялуурах дуртайгаа, халамж хайраар дүүрэн эмэгтэйг хайж байгаагаа анкет дээрээ тов тодорхой, ойлгомжтойгоор бичсэн байна лээ. Ганцаараа байхаас залхаж байгаа байх л даа.... Хэн нэгэн түүнд хэрэгтэй байгаа байх л да.... Яагаад ч юм түүнийг ойлгож байгаа учраас л уур хүрэх биш... инээд хүрч, айхтар хүндээр тусгаж авахгүй байгаа юм байна.
Энэ бүхний дараа би өөрийгөө огтхон ч өөрчлөлт гаргахгүй байх гэж бодсон ч бүх юм хоосорч, уужраад.... урд минь нэг л их цэлийсэн тал дундаар жирийн үзэгдэх жим үзэгдэж байна...

Бодолд минь оршсон бор шувуу нисэн одлоо...

No comments: