Apr 1, 2008

4 сарын 1

Шинэ сар гарлаа гарлаа... шинэ сар ирлээ ирлээ....
Энэ өдөр уул нь инээдмийн баярын өдөр. Баяр тэмдэглэхдээ гаргууд манай цөөхөн монголчуудын хувьд бол сайхан л шалтаг. Харин тэмдэглэх хүсэлгүй, тэмдэглэх шалтаг шалтгаан гаргахыг хүсэхгүй байгаа миний хувьд бол жирийн л нэг ажлын өдөр.
Ажлын хэдэн залуучууд захирлынхаа нэрээр шинэ АйДи нээчээд л хэдэн хүүхнүүдээрээ тоглоод л... Захирал дуудсиймуу гэсэн  хүүхнүүд ээлж ээлжээрээ үүдээр эргэлдээстэй. Сүүлдээ ч учир начирыг нь олсон болтой инээд алдаж, тэнэг мангараа дуудаад л... буцаад л суудалруугаа.
Хуучин ажиллаж байсан байгууллагын дарга маань одоо хийж байгаа ажилтай минь холбоотой ажилладаг болох нь. Орон тооны бус зөвлөх гэнэ. Тэхээр би яалт байхгүй тэр хүнтэй нэг л өдөр үг дугарах хэрэг гарнаа гэсэн үг. Одоохондоо ч намайг гэж танихгүй л байх шиг байлээ.
Ажлын байран дээр сөрөг энерги тараадаг хэдэн хүмүүсийг тоохгүй байхаар нэг бодлын амар юм. Тэд байгаад ч надад хамаагүй. Би байгаад ч тэдэнд хүртээлгүй. Өдөр бүр тэдний тухай тархиныхаа нэгээхэн хэсэгт бодож, нервтэж байснаас байгаа байхгүйг нь тоохгүй бол бодогдож, харагдахгүй сэтгэлд хөнгөн. Ер нь ч тэгээд заримдаа өөрийгөө эерэг энергээр цэнэглэх сайхан юм. Тэд ч бас хүн л дээ. Өөрийн гэсэн амьдралтай, амьдралын хэв маягтай. Надтай л адилхан ар гэрээ тэжээж, амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс. Гэхдээ дотоод хүн чанар, сэтгэл нь шаал өөр. Ажил үүргээ биелүүлэхдээ хүнд тус дэм болж, харилцан ажил үүргээ гүйцэтгэх биш хүний мууг үзэж, эрх мэдлээр далайлгаж, нууцхан хов жив хөөцөлдөж, өөрийгөө л дөвийлгөж байх арга замыг сонгосон хүмүүс. Гол ялгаа нь үүндээ л байгаа.
Би хэзээ нэгэн цагт энэ хүмүүс шиг эрх мэдлийн сэжүүр атгавал яах бол... энэ хүмүүс шиг загнах болуу... эсүүл эднүүс шиг байвал хүний хэд амны бай болдог юм шүү гэдгийг санаж харьцангуй ухаантай загнах болуу. Өөрийнхөө энэхэн цаг үед хүсдэг байсан тэр л даргын  шинж чанарыг агуулж чадах болуу.
Ойрд  бүх зүйлс надад хоосон хөндий санагдах болж. Хүн нэг гөлийхөөрөө тэр байх л даа. Амьдралд огтоос надад хэрэгтэй зүйл байхгүй мэт... Эсвэл би хэнд ч, юунд ч.... тэр тусмаа амьдралд ч хэрэггүй болсон мэт.
Яг л тогтсон жимээр... гэрээс гараад таксинд суугаад ажил... ажил дээр сууж байгаад л хоолны газар... буцаж ирээд л сууж байгаад дахиад л таксинд суугаад гэр... гэрт хариад хийгдэх ажлууд бас өдөр бүр адилхан. Цаг минут Энэ бүхнийг өөрчлөх гэж үзэхээр хүч , зориг хүрэхгүй болсон мэт...
Хүн ер нь өөрийгөө огтоос мэдэж чаддаггүй юм байна. Нэгэнт л өөрийгөө хүртэл мэдэхгүй байгаа юм чинь бусдыг бүр яаж ч таних билээ.
Заримдаа би бүх бурууг өөртөө тохохыг хүсдэг... Тиймдээ ч нөхрөөсөө салалгүй... гомдсон сэтгэлээ дотроо барьж, үр хүүхдүүдээ бодоод буцаад нийлэхийг хүсдэг... Тэр хүслийг минь үр хүүхдээ ганцаараа өсгөж, хүмүүжүүлж, сайн хүн болгож чадахгүй бол яанаа, ирээдүйд би хүүхдүүддээ аавынх нь тухай юу гэж хэлнээ гэдэг айдас улам дэвэргэж өгдөг.
Нөгөөтэйгүүр бардам зан минь халин дэвэрч, түүнгүйгээр бүх зүйлийг хийж чадна, хэний ч дор орохгүй амьдарч болно гэсэн итгэлийг надад өгдөг. Түүнийгээ ч батлан харуулахыг би зорьдог байх.
Ер нь сүүлийн үед би чухамдаа яагаад байгаагаа, амьдралынхаа талаар юу бодож, юу шийдэж байгаагаа ч мэдэхээ больж...
Тэнэг, хар дарсан зүүднээсээ салахсан... Шинэ сар гарлаа...

No comments: