Apr 10, 2008

It is my....

Миний блогийг уншсан хүнд их дарамттай санагддаг байхаа.

Сэлгүүцэж яваад эсүүл энэ юу гэсэн үг юм бол гээд л хальт шагайсан хүн ямар нэг зүйлийг олж мэдээд гарах бус, улам л их бодол болж, ямар ч хэцүү юм дээ гэж халаглаад гармаар байдаг болуу. Гэхдээ яг одоо үед сэтгэл дотор өрнөж буй бодлын дайныг намжааж, жаахан ч гэсэн сэтгэлийг минь онгойлгож байдаг зүйл бол энэ орон зай.

Би блог нээхдээ заавал хүнд уншуулах бус өөртөө зориулж бичээд, өөрөө уншиж байя гэж бодсон. Гэвч хичнээн олон хүн үүгээр минь зочилж, учирлал, ухаарлын үгс хайрладаг гээч....  Хичнээн завгүй байсан ч яаж ийж байгаад л хэдхэн ч болов үг бичихийг хичээдэг.  Ингээд л биччихвэл дотор хургаж байсан уйтгар гуниг, бухимдал, ганцаардал алга болж, гэртээ, 2 хөөрхөн үрдээ инээмсэглэл тээгээд, баяр баясгалантай ирэх чадалтай болдог юм.

Хийсч буй навчны амьдрал.... урин дулаан болж, цаг наашилж байхад би л намар цагийн модны шарласан навч шиг... хажуу булангаасаа эмтэрч хийсээд л... юу ч үгүй үйрч бутраад... олон хүний хөл гишгэх газар л битий унаасай.

... арван жилийн сургуулийн бяцхан, бондгор охин... ах эгч, ээж аавын энэрэл хайранд умбасан айлын ганц охин... учиргүй ихээр эрхэлж, хүссэн бүхнээ авхуулдаг байгаагүй ч гэлээ элдэв зүйлээр дутаж, хайр энхрийллээр цангаж байгаагүй сэн.
Сурагч цагийн гэнэн шохоорхол, хүүхэд насны анхны хайр... ариун гэгээхэн үерхэл, анхны үнсэлт гээд л охид бүрт байх нандин дурсамж бүгд надад байсан.
Оюутан цагийн шуугиант он жилүүд, насан туршийн нөхөрлөл, сэтгэл гижигдсэн дуулиант дурлал, хөтлөлцөн алхсан хөгжилтэй залуу... залуухан бүсгүй бүрт учирдаг тохиол бүр надад бас л байсан...
Ажлын амт, анхны цалин, захирлын магтаал, тэгээд бас зэмлэл... хань нөхөр, анхны хүүхэд... хэрүүл шуугиан, нулимс гомдол... салалт, марталт.... хөгжил дэвшил, нүүдэл, шилжилт... хонхны баяр, диплом авах... найз нөхдийн дотно сэтгэл, өөрийгөө үнэлэх бардам мэдрэмж... шинэ танилын сүрчигний үнэр... цаас хороож, компьютер нүдсэн он жилүүд...амьдралын шинэ үе... сэтгэл алдралт... шинэ байр... өрх тусгаарлалт... хоёр дахь хүүхэд... битүүхэн хүлээлт, далдхан гүрийлт... хэрүүл шуугиан... нулимс гомдол цөхрөл хүлээлт... салалт....

Амьдралын минь түүх ердөө л энэ гэж үү... би 60-ын тал наслахдаа үүнээс өөр юу ч хийж бүтээгээгүй гэж үү... хачин бас жигтэй. Гэхдээ юу ч хийж бүтээгээгүй юм бол өдий болтол яагаад амьд яваад байгаа юм бол. Хэнд хэрэгтэй гэж намайг ажилуулж, тэжээж байгаа гэж... ойлгомжгүй...

Би гэрлэх дургүй...
Гэрлэлт надад хэцүү намаг шиг санагддаг.

Огт өөр орчин нөхцөлд байсан хүмүүс хичнээн удаан үерхсэн ч гэлээ нэг дээвэр дор ороод ирэхээр хэн хэнийхээ орон зайд халдаж... өөр өөрсдийнхөө хүрээг хадгалах гэж зүтгэх нь мэдээж... ингээд л үл ойлголцол... битүүхэн даруухан гомдол....

Айл гэрийн амьдрал эмэгтэй хүнээс л шалтгаалдаг гэдэг. Яагаад зөвхөн эмэгтэйчүүд л ухаантай загнаж, эрчүүдэд зохицож, айл гэрийн эзэн хүн шүү гэж бурханчлан тахиж,  зовсон ч зовоогүй юм шиг, өдөр бүр... өөрөө өвдөж байсан ч тэднийг халамжилж... зөвхөн тэдний бухимдлыг сонсож, өөрийнхөө бухимдлыг дотроо хадгалж...ил гаргасан бол үглэлээ гэж адлуулж... хааяа нэг гар хүрэхийг нь тэвчиж... тэсэрсэн бол сүртэйгээрээ дуудуулж байх ёстой гэж. Сална гэвэл басамжлуулж, сайхан явбал доромжлуулж байх хэрэгтэй гэж үү.

Магад энэ бүхэн навч миний өрөөсгөл бодол байх... эмэгтэй л хүн учраас хайрлуулах ёстой гэж, эхнэр минь учраас жаргах хэрэгтэй гэж хүсдэг... хичээдэг эрчүүд цөөнгүй байгаа гэдэгт итгэнэм.
Гэхдээ би гэрлэлтээс үүдсэн үр дүндээ хайртай. Алаг хөөрхөн үрс минь надад амьдрах зориг, шалтгаан болж өгдөг. Хүүхдүүдийнхээ төлөө би амьд байх ёстой. Тэднийгээ амьдралд бэлтгэж, ахин миний алдааг давтсан амьдралаар амьдруулахгүйн тулд би зүтгэх ёстой. Ухаантай байх ёстой.

Хорвоо дээр эр хүн байх хэрэгтэй. Хэрэв эр хүн үгүй бол эмэгтэйчүүд бидний хийж чадахгүй ажлыг хэн хийх... хүн амын хүйсийн харьцааг хэн тэнцүүлэх... бидний амьдрах итгэл болсон үр хүүхэд хэнээ олдох... хайрлуулж амьдрах ёстой бүсгүйчүүдийг минь хэн хайрлах... үр хойчдоо үлгэр дуурайл болох эцгийг хэн орлох... хэрэгтэй хэрэггүй, амин чухал шалтаг шалтгаан олон байх... Миний амьдралд огтоос эр хүн байхгүй байна гэвэл худлаа... тэр үнэхээр худлаа. Бие сэтгэлийн тайтгарлыг авч, хайраа хазаарласан харилцаа байх л болно.

Навч миний хийссэн амьдрал...
Бодрол хөврүүлж, гуниг цацсан буйдхан орон зайд минь зочилж, урмын үг бурмын сэтгэлээр тэтгэж байдаг хэдэн нөхөддөө талархана...

No comments: