Apr 23, 2008

эмгэнэлээс үүдсэн дурсамж сэдрээлт.....

Урьд нь ажиллаж байсан байгууллагын маань захирал нас барчихаж... Сайн хүн байж билээ. Олон таван үггүй, хов живийг ажил болгох дургүй, шулуухан зантай, бизнес ухаан сайтай, ажил албаны үед чанга, амралт чөлөөт цагт энгийн, тийм л нэг залуу хүн байсан даа. Олон ч албыг зэрэг хашиж чаддаг хүн байж. 

Би л тэр газар ажиллаж чадаагүй, миний хүссэн орчин биш байсан болохоор л тогтож чадаагүй юм. Тэр хүний буянаар би 2 орны газар үзэж, нүд тайлсан сан. Алтан Москва.... тээд бас Тайланд. Нэгэн зуны наадмын налгар өдрүүдийг Москвад... намрын сэрүүхэн нэгэн сарыг Бангкокт үдэж билээ.

Эрээнээс өөр гадаадруу явж үзээгүй надад хамгийн дурсамжтай аялалууд байсан. Тэгэхэд л би өөрийгөө арай өөр өнцгөөс харж, хүний нутагт би хэн бэ гэдгээ мэдэрсэн гэж болно. Хэдий нэг сар тийм ч урт хугацаа биш ч гэлээ гэрийнхэнээсээ, үр хүүхдээсээ хол байхад чамгүй л урт хугацаа.

Би 2 настай байхдаа аав ээжийнхээ хамт Москвагаар дайрч Сочи орж байсан гэдэг. Даанч дэндүү балчир байсан болохоор одоо бол зурагнаас өөр дурсамж байдаггүй юм. Тиймээс хүн болсоор, ухаан суусаар анх удаа Орос оронд очсон минь 2004 он байж. Одоо энэ хорвоод байхгүй болсон захиралтайгаа, бас нэг ажилтантай 3лаа албан томилолт аваад, Буянт-Ухаагийн нисэх буудлаас хөлгийн жолоо залваа. Шерметьевийн нисэх буудалд газардаж орос ах нарын газар шороонд анх хөл тавихад бороотой... бүрхэг... чийгтэй... бүгчим агаар нүүр илбэн угтана. Арбатын гудамж, Улаанталбай, Кремль, Мавзолей, Гум, Алдан алтан ганжирт сүмүүд, асар арвин туршлагатай шуудан холбооны сүлжээ, метро... гээд л бүх зүйлс надад сонин содон, үзэж харах зүйлс маань дэндүү их байсан ч орос орны агуу гайхамшигт хоолыг бас орхиж үл болмоор, салахын аргагүй амттай. 

Зочид буудлын маань ойролцоо хиймэл нууртай том цэцэрлэгт хүрээлэн байна. Нуурын эргээр оросын багууд /бидний хэлж заншсанаар/ зөөврийн ширээ сандал, майхан бариад л пиво, шорлог, плов хийж зарна.... хүмүүс ч багагүй байна. Өглөөнөөс үд дуустал хуваарьт аялалуудаа хийгээд үдэш ойр тойрны цэцэрлэгүүд, усан оргилуур, нуур гээд л аль болох уйдахгүйгээр, гэрээ санахгүйгээр маргааш өглөөг угтахыг хичээнэ.

Муу хүн идсэнээ гэж зайрмагийг ч нэг идэж өгсөн дөө. хэхэхэхэ
Гэрлүүгээ буцахын өмнөх өдөр буудлын ойролцоох хүнсний захаас ээждээ нэлээн хэдэн кг том чихэр, аавдаа чинжүүтэй, зөгийн балтай архи авсанаа ердөө ч мартдаггүй юм. Гэртээ ирээд чемоданаа онгойлгоход л шууд асгарч байсан. Багтахгүй болтол нь чихээд, хүчээр дарж байгаад хаачихсан юм чинь. :P Манайханы чихрэнд дуртайг хэлэхүү хүн бүр баяртай байсан... Харин би хувьдаа бүрхэг ч гэлээ сайхан өдрүүдийг Москвад үдэж, эргэж ирэхдээ хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл төрүүлсэндээ баяртай байсан....

... Энэ хүн л байгаагүй бол би тэр өдрүүдийг үзэж өнгөрүүлэхгүй байсан гэдэгтээ итгэлтэй байна.
Бурханы оронд амгалан нойрсдоо. Ум мани бад мэ хум. 

No comments: