Jun 17, 2008

эм биетэй эр болой....

Уучлаарай амьдрал минь би эр хүний хань, энхрийхэн нэгэн эхнэр, гэр орныг нь дулаацуулах гэрэл цацруулсан гэргий байж чадахгүй нь...
Амиа хувааж төрүүлсэн алагхан үрсийнхээ эх, ангир уургаа хөхүүлсэн аминчхан нэгэн ээж л байж чадах...
Энэ л бие минь эм ч гэлээ эр хүний хойд насны үргэлжлэл болхоор энэ насны амьдралдаа эрчүүдтэй хамт амьдарч, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож чадахгүй буйзаа...
Мухар сүсэгт автсан мулгуу нэгэн байна уу даа гэж бодох нэгэн байгаа л ... үнэн сэтгэлдээ би тийм хүн биш... үхэх хүртэлээ тийм зүйлд автахгүй... гэхдээ л... хорвоод мэндлээд учир тоймгүй олон жилийг үдээгүй, үзэж туулсан амьдрал маань үгээгүй дорд, зовлонтой байгаагүй ээ... аав ээж, ах эгч, эмээ өвөөгийн амь болсон энхрий л байсан. Амьдралаа би ганцаар дуусгана гэж төсөөлөх нь байтугай... хар сүүдэр унагааж хоромхон ч гэсэн бодол тээж үзээгүй. Гэвч хорвоо нь ч юм уу, бурхан нь ч юм уу аль эсүүл тээр хол тэнгэрт суугаад хувь тавиланг минь зурдаг цал буурал толгойтой, цагаан ооч саналтай өвгөн ч юм уу хэн нэг нь надад ийм л тавиланг бэлэглэчихэж.
Нэгэнт л намайг даваад гарч чадах, туулаад өнгөрүүлж дийлэх амьдралыг бэлэг болгосон болохоор гар тосон авч, ээж аавын удмыг залгах хүү, эгч дүүгийнхээ бахархал болсон тэр л эр хүнийг өөрийн хажууд уяж, дур зоргоороо, зөрүүд гөжүүд зангаараа зовоож, хэн ч өгч чадахгүй тэр л хэмжээ хязгааргүй хайр халамжийг нэхэж, зүрхийг нь зүсэж, сэтгэлийг нь шаналгаж, дотор нь бачууруулж, гадна нь бухимдуулах ёсгүй.
Хэнээс ч авч чадахгүй тэр хайр халамжийг би хариу болгон алаг хөөрхөн үрсдээ л зориулъя. Өөр зам ч алга, өөр шийдвэр гаргах чадал ч алга....
Хайртай юу гэвэл би түүндээ хайртай юм шиг байгаан. Анх харсан цаг мөчөөсөө эхлэн би хайрласан юм шиг.
Яг үнэндээ зүрх тархи хоёр зөрүүд энэ сэтгэлд минь дайтаж байна. Гэвч би зүрхээ бус тархиа дэмжээд байх шиг.... Түүнийг л энэ дайнд ялаасай гээд хүсээд байх шиг....
Зүрхээ дагачихвал хэзээ нэгэн цагт би өөрөөрөө амьдарч чадаагүйдээ харамсах.... Тархиа дагавал би бусдын төлөө амьдраагүйдээ харамсаж дуусах.... 
Юу хийх, ямар шийд гаргахаа мэдэхгүй бачуурах  мөртөө сэм сэмхэнээр сэтгэлээ бэлтгэж, ганцаар амьдралын гараанд ааль хэдийнэ хөл тавьжээ.
Үнэндээ би өвөөгийн сүнс... сэтгэлийн минь бэлгийн сонирхол цөөнх биш болхоор яаж ч бодсон би эр хүнтэй лав үхэн үхтэлээ хамт, нэг гэрт амьдарч чадахгүй л.... дэндүү уйтгартай амьдрал болох буйзаа.
Уучлаарай хайрт минь би эм биетэй эр болой...

No comments: