Jun 16, 2008

Гэрлийн хурдаар өнгөрөх бас мөлхөх нь...

Заримдаа цаг хугацаа дэндүү хурдан өнгөрөх юм.
Нэг л мэдэхэд үр хүүхдүүд минь асар том болцгоочихсон байх. Тэднийгээ хангалттай эрхлүүлж амжаагүй, хүссэнээрээ үнсэж, үнэрлэж, өсөж торних цаг мөч бүрийг нь алдалгүй харж чадаагүй байтал... Жижигхэн нялх балчир байхад нь элгэндээ удаахан ч тэвэрч амжаагүй байхад шүү....
Гэвч хааяахан тохиолдох гуниг гутралыг түргэхэн шиг өнгөрөөсэй, дуусаасай гэж үхэн хатан хүсч, залбирдаг мөртөө хараад л баймаар, удаанаар, аль болох аажимханаар өнөрөөхийг хүсдэг цаг хугацаагаа  удаан өнгөрөөсэй гэж залбирахгүймаа гэхэд бодож яагаад амждаггүй юм болоо.... Өнгөрсөн хойно нь эргэцүүлэн бодох л....
Бид юу хийж бүтээж, ямар гавъяа байгуулж байсан болоод амьдралд минь ахин олдохгүй тэр л алтан агшин хором бүрийг анзааралгүйгээр өнгөрөөгөөв ээ...Үр хүүхдээ, өөрийн амьдралын нэгэн жигүүр болсон хэн нэгнээ хайрлаж чадалгүй, баярлалаа эсвэл уучлаарай ч гэж хэлж амжилгүй өнгөрөөсөн цаг хором бүр юунд зориулагдсан юм бол. Улс эх орондоо асар их зүйлийг хийж бүтээгээд, нэг хором мөч бүрийг ч алдалгүй ажиллаж хөдөлмөрлөөд, эх орон минь надаар дутах хүртэл ажиллаж байсан гэж үү.... эсвэл хамгаас хайртай, дотно хүмүүсээ биш тогос шиг гоёж, тогоруу шиг алхдаг болтолоо өөрийгөө өөд нь татаж гоёж гангалаа юу...
Миний л хувьд дээрхийн аль нь ч биш... Өнөө маргаашийн идэж уух хоол хүнс, өмсөж зүүх хувцас хунар, эдлэж хэрэглэх эд зүйлсийнхээ төлөө л ухаангүй мэт зүтгэж байж... өнөөдөр хоолгүй өнжчих вии, хүний нүдэнд болоод өөртөө таалагдсан аятайхан цэвэрхэн хувцаслахсан, тэр минь энэ минь ийм тийм зүйлээр дутчих вий.... аар саархан өнөө маргаашийн амьдрал...
Улс эх орондоо хэний ч санаагүйг санаж, сэдээгүй сэдэж, хийгээгүйг хийсэн гэх гавъяа алга.... Ойр дотныхныгоо юугаар ч дутаалгүй хангалуун байлгаж, сэтгэлийг нь баялхтал хайрлаж, амар тайван байлгаж бас л чадаагүй байхым. Өөрийгөө ч гэсэн бага балчир насандаа мөрөөдөж, төсөөлдөг байсан шигээ эрүүл байлгаж, боловсруулж,  хувцаслаж, хайрлаж бас хайрлуулж чадаагүйг хүртэл юу гэж ойлгох...
Цаг хугацаа заримдаа дэндүү хурдан өнгөрөх юм... үхэхдээ хүртэл дурсан санаж, сэтгэлээн баясгах тэр л ахиж олдохгүй аз жаргал, зовлон гуниг, агшин хором бүрийг эдлэж, туулж, харж, сонсож  амжаагүй байтал, хүн бүрийг хайрлаж хэн нэгнээр хайрлуулж амжаагүй байтал өнгөрчих юм... Зүүдэндээ хүртэл амталдаг байсан мөрөөдөл бүрээ биелүүлж амжаагүй байтал тэр урсчихсан................. өнгөрчихсөн байх юм...
Гэвч... цаг хугацаа заримдаа асар удаан мөлхөх л...
Амь амьдралын минь тасархай үр хүүхдүүддээ хорвоогийн бүх хайрыг амсуулж чадахгүй байгаадаа сэтгэл минь зовниж, хамгаас хайртай түүндээ хайр, халамжийг эдлүүлж чадахгүй байгаадаа гуниж, энэ хорвоод төрүүлсэн эцэг эхийнхээ ач тусыг хариулж чадахгүйдээ шаналж, нэгэн биений минь нөгөө тал болсон анд нөхөд минь амьдралын барааныг амсахад...... энэ бүхнийхээ төлөө атгахан зүрх, алагхан сэтгэлээ зориулж тэднийгээ амар тайван байлгаж чадахгүй байхад... энэ цаг хугацаа яагаад л нүд ирмэхийн зуур бушуухан гэгч нь урсаад явчихдаггүй юм бэ....
Улс эх орон минь гольдролоо олж хөгжихгүй байхад, ураг төрөл садан минь уужимхан тайван амьсгалахгүй байхад, уулс ус, нутаг минь урьдын адилаар цэцэглэн урсахгүй байхад... энэ бүхэн зуун зуунаар биш юмаа гэхэд зун зунаар алгасаад хурдан гэгч нь өнгөрчихдөгүй юм байхдаа... хэрэв тэгдэгсэн бол... энэ бүхний төлөө элэг зүрхээ эмтлэхгүй байхсан....
Хэн нэгнээс аливааг хүлээж зовохгүй байхсан, хэн нэгэнд гомдол тэж цөхрөхгүй байхсан... хүссэнээ авах гэж улайрах, хүссэнийг нь өгөх гэж чармайх....
Цаг хугацаа заримдаа асар удаан мөлхөх юм... амьдралын баяр баясгалан, аз жаргалыг анзаарахгүй болтол минь удаашруулж.... цаг хугацаа арай л дэндүү удаан юм....
Эгэлхэн амьдралыг энгийнээр туулж, энгүй хорвоод уужимхан амьсгалахсан...

No comments: