Feb 27, 2008

Сэтгэл доторхи дайн эсвэл амар амгалан


Хамаг эрч хүч минь дуссан болтой...Яг л кинон дээр гардаг шиг...."Очир ахаа, миний бяр дуусчихжээ..."

Хэсэг ч болов өөртөө гутаж эргэлзэж байсан сэтгэлийг минь нэг мөсөн шийдчихлээ. Энэ бүхний эцэст би тэр хүнийг би өөрийгөө хараан зүхэж байна.
Магад би тэр хүнийг ийм муухай зүйл хийхэд хүргэсэн байх. Би өөрийнхөө муу муухай зан ааш, үйл хөдлөлөөр түүнийг залхааж, тэсвэр тэвчээрийг нь бардаг учраас л тэр надад хариу үйлдэл үзүүлдэг байх л даа. Адгийн зөрүүд миний зан авир адаг сүүлд нь хүний сайхан үрийн уур уцаарыг хүргэж, үйлийг нь бардаг болж таарлаа. Би түүнийг хязгааргүй ихээр хайрлаж, хүссэнээр хь халамжилж, хариу хайрлах хүртэл нь тэвчээртэйгээр тэсэж чадсан бол бүх зүйл түүний хэлсэнээр сайхан болох л байсан байх.

Мэдээж би анхнаасаа хайртай байсан учраас л ханилан сууж, амьдрахаар шийдсэн.  Гэвч хараа минь хайрандаа сохорсон... харалган болгочихож намайг...Өөрийгөө өмөөрөхгүй ээ. Би бүх зүйлд л буруутай. Гэгээлэг амьдарч, жаргалтай сайхан байх гэсэн түүнийхээ хүслийг би ойшоож үзээгүй. Хувиа бодож, хүн чулуу шиг загнасан. Хаана ч, хэнд ч байдаг зүйлд би сүржигнэсэн. Эмэгтэйлиг байж, ээж хүн шиг өрөвч хандаж чадаагүй... Энэ бүхэн миний л буруу юм байна. Өөрийгөө халамжлуулж сургаагүй... зөвхөн түүнийг л эрхлүүлж, халамжилж, муу зан сургасан бас л би тэнэг...

Бусдын адил үр хүүхдээ бодоод өөрийгөө золиослох ухаан байхгүй.. би тэнэг хүн юм аа...Түүний хэлсэнээр бүх зүйл зэрэгцээд, ганцаардаад ирэхийн цагт хажуудаа ханьгүйдээ гутраад бие сэтгэлээрээ жинхэнээсээ зовохоороо л ухаан орж, тэр үед хожимдсон гэдгээ мэдэх байх даа. За яахав илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн үлгэрээр илжиг царайлаад л  хэрэгтэй зүйлсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд л өөрийнхөө шийдсэнээр зүйтгээд л үзнэ дээ. Алдсан ч оносон ч миний л амьдрал. Өөрөө өөрийгөө л гэж  хувиа хичээсэн миний л зан. Гэхдээ ганцхан өөрийгөө бодож байтал энэ амьдрал дуусахгүй. надад хамгаас үнэтэй - эрдэнэ минь байгаа. Тиймээс би тэднийхээ хажууд хүч дорой, үлбэгэр амьтан мэт байж ерөөсөө болохгүй. Харин ч үлдсэн амьдралдаа өөрийн ганц чаддаг зөрүүд зангаа гаргаж, хэний ч дор орохгүй амьдрах чадал хэрэгтэй.

Одоогоор толгойд минь олон олон зүйл эргэлдэж байгаа ч гэлээ сэтгэл дотор дайн биш энхтайван оршиж байгаа тул бухимдал багтралыг үүгээр төгсгөе. Хэлье гэвч хэнд хандахаа мэдэхгүй, хэл минь гацаад байгаа тул өөрийн хэсэгхэн орон зай болох энэ л блогтоо орж ирээд л жаахан тайвшрах юм.

Амьдрал үргэлж сайхнаараа л байгаасай...

No comments: