Jan 29, 2008

сэтгэлийн гүн дэхь багтрал

...өчигдөр би сэтгэл дотроо гэнэтхэн багтраад, уйлъя гэвч нулимсаа гаргахгүйг хичээж, бушуухан л хувцасаа өмсөөд гарсан.  Нэлээн сайн таньдаг хүн маань надаас хамгаас үнэтэй эрднэсийн минь нэгийг салгах гэж оролдсоноос болсон байх... Хосоороо оршиж байж л хамгаас илүү гэрэлтдэг тэрхүү эрдэнийн чулууг нэг нэгээр нь салгасанаас миний амийг тасалсан нь дээр гэж бардам хэлж чаднаа.  

"хайраа олсон би хайраа олсон, 
тиймээ би хайраа олсон..." гээд нэг дуу байдаг даа. тэр дууг аялж байсан цаг улиран оджээ.

Хэн хэндээ хайртай гэж бодож, түүнийг надад үнэхээр хайртай гэж итгэж, Би чамд хайртай гэж хэлэх бүрт нь нялхарч, эрхэлж байсан цаг бас л нисэн одож. Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлүүлж амьдарсаар элээсэн цаг хугацааны эцэст юунд харамсахгүй мөртөө өөрийгөө л үзэн ядсан сэтгэлтэй хоцорч байна. 

"Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг юм" гэж хэлэх дуртай түүний минь үг биелэлээ олсонгүй. Түүнийхээ хайрыг татчих гээд би анхны өдрөөс л сэтгэл дэвсэн гүйж, нялх хүүхэд мэт усанд оруулж, сахлыг нь хусаж, хумс хурууг нь хүртэл цэвэрлэж өгдөг байлаа.  Үүнийхээ хариуд яг адилхан халамжийг хүсээгүй ээ. Зүгээр намайг байгаагаар минь хайрлаж,  намайг ойлгодог байхыг л хүссэн.  Адилхан л ажил төрөлтэй, амьдралаа хамт л залгуулж байгаа гэж бодсон ч өдөр ирэх тусам  хийсэн бүтээснийг минь үнэлэхгүй ч гэсэн ядраад ирэх сэтгэлийг минь ойлгохгүй.

Ар гэр, ахан дүүсийн хувьд бол ярилт ч байхгүй. Ээж аавруу минь нэг утасдаад, бие хааг нь асууж байгаарай гэж надад хэлдэг ч минийхрүү бол аятай таатай үг нэгийг ч унагаж байсангүй. Хаа хол байгаагаас нь илүү л амьдралд минь тус болж, өмөг түшиг болж байгаа юм сан. Гомдмоор ...

Энэ хорвоод үртэй болохоо мэдсэн цагаас л амьнаас минь түрүүлж тасарсан эрдэнийг минь адлаад байгаам шиг санагдаад. Эвий үр минь гэж эрхлүүлж үнссэн нь нүдэнд харагдсангүй. Хэдий надад хайртай ч гэсэн хамт амьдарч буй хань минь ч гэлээ аман дээрээ гарч ирсэн хараал бүхнийг хэлж, ахиухан уурлавал алгадаад авах эрхийг түүнд олгож байгаа хэрэг биш байлтай. Хүн гэртээ орж ирээд л сэтгэл тайвуун, амар амгаланг мэдэрдэг бол миний хувьд асар хүнд дарамт шахалтыг мэдэрдэг. Ядраагүй байгаасай, ажил нь бага байсаан болуу гэдэг нь хайрласандаа биш ядарч, уурлаж ирсэн бол надад л хэцүү байдаг учраас тэр. Тэр хүнийг гэртээ орж ирэхэд нь би асар их тайвшрал, баяр баясгаланг мэдрүүлж чаддаггүй болсон болохоор л тэр. 

Магад энэ бүхнийг  эргэцүүлээд байхнээ, би л анх сайхан байсан хүнийг энэ бүхнийг үйлдэхэд хүргэж,  ханийн хайр, халамж, гэр бүлийн аз жаргалыг эдлүүлж чадахгүй зовоогоод байгаа юм шиг. Зөндөө их уйлсан нулимсандаа түүнийг живүүлээд байгаа юм шиг.Өөрөө өөртөө л дургүй хүрч, өөрийнхөө тэнэгийг  л гайхан шагширч, ханиа гэхээсээ илүүтэй амьнаас тасарсан үр хүүхддэдээ бүхнийг зориулж, өрх гэрийнхээ төлөө үүрэг хүлээхгүй мөртөө, үр хүүхэд гээч зүйлд ухаанаа алдаад байгаа өөрийгөө л буруутгаж сууна.

Яваад өгөөч гэхээр холдохгүй, яваад өгье гэхээр явуулахгүй.. яах гээд байгаагаа, юу хийх гээд байгааг нь ухаарах чадал үнэндээ дутаад байна. хайрлаж байсан цаг мөч, хайрлуулах гэж хүссэн сэтгэл минь биш болжээ. Гэвч өдөр ирэх тусам надаас хайр халамж авч байж, намайг хайрлах цаг мөчийг зовлонтойгоор хүлээж байгаа хүнийг харах тусам надад үнэндээ хүнд байна. Өнгөрөгч хугацаанд би хэн байваа. Ямар жүжгийн ямар дүрд тоглож байсан болоо. Би огт өөр хүн болж хувирчээ. Үлдсэн амьдралаа эр хүний хажууд өнгөрөөхгүй гэж бардам хэлж чаддаг хатуу сэтгэлтэй, цэвдэг нэгэн болж.

Би тэр хүнээс асар ихийг хүлээсэн гэж үү. Олж, үрж чадахгүй их хөрөнгийг нэхсэн гэж үү. Хүүхдийг нь төрүүлсэн болхоор хөлд минь сөгд гэж шаардсан гэж үү. 

Хэн хэндээ жаргал болоод амар амгалан, баяр баясгаланг бэлэглэж чадахгүй болсоноос хойш бие биенээ сэтгэлийн шаналалаас чөлөөж, эрх чөлөөтэй амьсгалахад нь тусалъя даа. Сайн сайхан амьдралыг, урьд урьдаас илүү их хайр халамжийг, тэсвэр тэвчээртэй эхнэрийг л түүндээ хүсье дээ.  

No comments: