Jan 23, 2008

Тэнүүн бөгөөд уужимхан амьсгалахуй дор...


Хүн амьдралынхаа төгсгөл хүртэл хэр их зүйлийг бодож эргэцүүлдэг... бодсон зүйлсээсээ хичнээнийг нь бодит зүйл болгон хэрэгжүүлдэг болоо...Бас л асар санагдаж байна шүү.

Энэ блогийг үүсгэх энэхэн мөчид одоогоос 10 гаран жилийн өмнөх, сурагч байх үе минь санагдаж байна. Үзэг цаас нийлүүлж, бодолд хургасан зүйлсээ найруулан буулгах сонирхолтой, тэрүүхэндээ бас өөрийгөө тоож, гайгүй зүйл бичиж дээ гэж баярладаг цаг байж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө өнгөлөн зүлгэж, улам сайжруулах биш үзэг цаас нийлүүлэх нь улам л холдож, цагаан хуудсан дээр буудаг байсан гэгээлэг өнгө аяс улам л замхран алга болсоор байсныг одоо л ухаарч байна гэвэл дэндүү хожимдсийм шиг.

Аа гэхдээ...хөгшчүүлийн хэлдгээр өтөлсөн болохоос үхсэн биш гэдэгдээ. Утга найруулгын алдаатай ч гэсэн хэдэн үг хэлхэж сэтгэл доторхоо хааяа ч болов уудлаж байхгүй бол сэм сэмхэн үнэхээр их ганцаардах юм аа. Хэн нэгэнд яриад л сэтгэлээ онгойлгомоор санагдсан ч тэрэнд гэж хандаад ярьж зүрхлэхгүй мөч тулгарах л юм. Амьнаас минь тасарсан 2 хөөрхөн эрдэнийн чулуу надад байдаг нь юутай аз. Тэд минь үгүй бол сэтгэл гутрал, тэр л айхтар стрэсс, дэпрэсст нь орж, хорвоог аль хэдийнэ орхичихсон байх болуу.

Зиак ингээд... тэнүүхэн бөгөөд уужимхан амьсгалахуй дор хорвоогийн алаг өдрүүд урсан өнгөрч, тэр бүхнийгээ өөрөө өөртэйгөө, өрөөл бусадтай хуваалцах их үйлсийн аян үүгээр эхэлмүй...

No comments: