Aug 24, 2010

Эвэнд ороогүй үгс....

Амьсгалын замын өвчин хууч тусаагүй хэрнээ амьсгал авахад яагаад ийм хэцүү байна вэ...Ар дагзнаас минь наран ургаж мандаад байгаа хэрнээ алгуур урагш алхахад яагаад ийм бүрэнхий байна  гэж... Байдгаараа хашигчаад, хамаг үсээ үгтээгээд... дороо зөндөө дэвхцээд, дотрохоо гадагш нь чулуудмаар ч юм шиг... эс бөгөөс авиа үл унагаж, алив хөдөлгөөн эс хийж, .... алсуурхан дотроо сэмхэн мэгшээд, амьдралын завиар зугуухан хөвмөөр.... 

Хэцүү байгаа цаг мөчөө эрэгцүүлэн ажихад миний сэтгэлийн хөдлөл хэдэн жилийн өмнөхөөс  дэндүү гэмээр багасчиж... мэдрэгдээд байх юм. Нэгэн андаас тодруултал хал үзсэн нь тэр биз гэнэ... Арга ч үгүй биз жаргал хүнийг эвдэж, зовлон хүнийг бөхлөдөг гэж... Үзэж туулсан бүхэн минь тэгтлээ зовлон байгаагүй ч халгиж цалгисан жаргал бас байгаагүй... Гэхдээ л хэн нэгэнтэй уулзаж, ярилцаж өнгөрүүсэн мөч бүхэн сэтгэлд минь үнэтэй оршино. Аз жаргалын нэгээхэн хэсэг минь....  

Л. Өлзийтөгсийн шүлгийг надад уншуулсан найздаа талархана...

Амьдрал хэмээх номыг

Алгуурхан дэлгээд уншиж сууна

Уншаад л байгаа хэрнээ

Учир нь олдохгүй хачин ном.

Хамгийн жаргалтай мөчүүд ард хоцровч

Хойш нь эргүүлээд уншиж болдоггүй

Хамгийн бэрх зовлон өмнө дурайвч

Урагш нь эргүүлээд мэдчихэж болдоггүй

Хачин ном.

Хааяадаа тэр номыг тас хийтэл нь хаагаад

Хаашаа ч юм бэ явчихмаар санагдавч

Дараагийн хуудсанд юу байгааг мэдэхээр

Тэвчин үлддэг.

Ураад базчихмаар хуудсууд нь улам тодрох

Энхрийлэн илбэмээр хуудсууд нь улам бүдгэрэх

Энэ ойлгомжгүй номын сүүлчийн мөрөнд

Юу байх бол?

....оны....сарын....өдөр үхэв.

Төгсгөлийг нь мэдэх номоо

Унших хэрэг байна уу?


Л.Өлзийтөгс

Өөрийнхөө дотроос өрөөл хэдэн үг унагах гээд үнэндээ чадахгүй нь... Өнөөх л гунигаа хөврүүлээд үг хэл минь эвлэхгүй нь... Өөдгүй ч амьтан бол доо гэж өөртөө гомдол тээгээд... Өмнөө байгаа хуудсыг өөрийн мэдэлгүй л эргүүлнэ....

4 comments:

soulmate said...

зүгээр л санаа алдмаар санагдана...

яагаад гэдэг асуултнаас залхаж байна.

нээрээ төгсгөлийг нь мэдэх номыг унших хэрэг байдаг эсэхийг заримдаа их гайхахын

SL said...

Амьдралынх нь хором мөчийг хамт туулалцсан хүмүүс минь нэг нэгээрээ холдоод байх юм... харамсмаар бас хоргодмоор....

A.Амарсайхан said...

Төгсгөл тэр биш ээ хүүхдүүд минь. Та бүгд эндүүрч байна. Цаашаа хэдий хэр үргэлжилдгийг нь хэн ч таадаггүй, бас мэддэггүй шүү дээ

SL said...

Үлдсэн бидэнд төгсгөл нь тэр гэхээс өөр юм байхгүй шүү дээ...