Aug 16, 2010

ойрд....

Ягаан, нимгэн хөшиг дэрвэлзэн... намрын урь буусан салхинд найгана. Сэрүүхэн салхи цонхоор нэвтрэн орж, өрөөнөөс өрөөнд дамжин сэлгүүцэх нь таатай ч багагүй жиндүүлж, ганцаардлыг минь улам л дэвэргэнэ. 
Яагаад ч юм би өөрийнхөө босгосон энэ л ертөнцдөө тайван амгалан дүртэйгээр ганцаардаж, хаачихаа мэдэхгүй яг л нэг газраа л яваад байх юм. Урагшлахгүй бас ухрахгүй. Зогсож байгаа мэт явах эс бөгөөд явж байгаа мэт зогсож байгаагийн алин болохыг үл ухаарах.... нэг л анзаарахад хөл доор минь орших хөрст дэлхийн нэгээхэн хэсэг элэгдэн хорогдож, хөрс нь дарагдаж алгуурханаар би шигдэж байх шиг...
Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг нэг л хүсэхгүй байх нь амьдралын минь олон олон давтамжийн нэг нь эхэлж байгаа нь энэ бололтой. Үе үеээрээ эргэлдэж, өнгөрсөн, улиран одсон тэр л мэдрэмжүүд эргэн ирж, сэтгэлд бас зүрхэнд хүргэх мэдрэмж нь ялгаатай ч нарийн анзаарвал нэг л өнгийн давтамж.... эргэлдэнэ. 
Ганцаараа гэдэг үгийг хэрэглэхээ больсоноос хойш удаан хугацаагаар ганцаараа байна гэдэг асар удаан тамлал юм байна. Хэн нэгнээс тэгтлээ их хамаатай биш ч гэлээ... гарцаагүй тэд надаас, би тэднээс далдур хамааралтай болчихсон амьдрал шүү дээ. 
Амралтаа хадгалж, алсдаа нэгэн үйл хэрэгт нөөчихсөн болохоор ядрах, цуцах гэх мэт үгсийг амнаасаа унагах эрх үгүй. ажилласаар бас дахин ажилласаар... Бүх зүйлээс л далдуурхан зугтаад байгаа хэрнээ.... бүгдийн тухай бодохгүй байж үнэхээр чадахгүй нь. Бодолд инь ээлж дараа, эрэмбэ дугаараараа орж ирээд, элдэв зүйлээр намайг хөглөөд.... эргэлдэх цаг хугацааны хүрдээр сэнсрүүлж.... гүн шөнийн нойрыг минь хулгайлж, гүйдэлд өдрийн эрч хүчийг минь хугаслана....
Ном унших минь холдож, сүүдэр ший сонирхох минь ч цөөрчээ. Идэвхигүй амьдралын төлөвт шилжив. Амьнаас илүүтэйгээр албанд зүтгэж... нойр хоолыг умартан харайлгахдаа... арын алба минь баталгаатай болохоор л би гэж хүн төрийн төлөө боож үхэх оготно мэт гүйсээр... 
Алагхан үрсээ санаж байна... ачит аав ээжийгээ үгүйлж байна... ардын шахуу дуу сонсохоор л тэд минь санаанд минь бууж, тэвэрч нэг... үнэрлэж нэг наланхан суухыг хүсэж байна. Алсхан зайд амарч яваа тэдний минь буцах хоног ойртох тусам би улам ихээр санаад байх юм...  Ганц үг дугарахгүй ч гэлээ тэднийхээ бужигналдахыг хараад, сэтгэл амар налайж суух минь хамгаас илүү жаргал юм байна. 

Амьдрал асуудалтай байх нэг хэцүү.. амьдрал асуудалгүй байх бүүр хэцүү.... 

No comments: