Dec 31, 2010

Шинэ оныг угтаад хуучин оныг үдэх нь...

Шинэ оны мэнд...., Шинэ ондоо...., Шинэ он гарлаа, ирлээ, орлоо гэж хаа сайгүй л англи, монгол, орсоор хангинаж эхлэх үед л нээрээ "энэ жил" гэж хэлэх хугацаа хором хормоор хорогдож багаа гэдгийг огцом анзаарсан юм байна. 

Улиран одож буй жил миний хувьд өнгө, үнэр амт мэдрэмжийн жинхэнэ цоморлиг байсан... амар амарлингуй, санан гансралт... хүсэл тэмүүлэл, хайр дурлал... догдлол гоморхол...... хагацал учралын амт шимт бүхнийг агуулсан асар том жүжгийн тайз байсан. 

Тайзан дээр өрнөх жүжгийн гол дүр нь Хатан хаан. Тэрээр өөрийн эзэнт гүрнийг хамгаас амар амгалан, аз жаргалтай, энх тунх оршин байгаасай гэж хүсдэг бусад улс гүрний хаад, ноёд, хатад шиг л тэмүүллийг тээдэг. 

Хатан хаан уйлдаг бас инээдэг, гунидаг бас жаргадаг, баярладаг бас уурладаг... сэрэл мэдрэмжийн хувьд бусдын нэгэн адил хүн ч гэлээ тэрээр гагцхүү өөрт нь ганцхан байдаг тэр л хувь тавиландаа хязгааргүй итгэдэг нэгэн бололтой. Дэндүү өөрөөрөө байхын хүслэн түүнд 2 туйлд эсрэгцэн орших мэдрэмжийг бэлэглэдэг. Зориглон зүтгэхийн бас зүрхшээн эмээхийн... айдас түгшүүрийн бас аз жаргалд шунан дурлахын.... Гэвч сонгосон сонголт, гаргасан шийдвэр бүр нь зөв байсан гэдэгт эргэлзэхийг хүсдэггүй. 

2010 оны туршид би амьдралынхаа тайзан дээр  хатан байж чадсан... Чадна  гэсэн товчлуурыг дарахаас өөр сонголт хийх эрх надад байгаагүй. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. 

Айхтар том төлөвлөгөө зохиож, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж гүйгээгүй ч гэлээ....Сул асгасан гэзгээ, далаа давуулан хаялах зуураа эргэж нэг харахад.... Онцгойлон хүсэж, төлөвлөөгүй ч гэлээ аяндаа л бүх зүйлс болчихсон л байна.... болж ч байна... болох ч болно. 

Айлчлан ирэх онд энэ бүх мэдрэмж дахиад л ирнэ гэдэгт итгэлтэй байна. Сэрэл мэдрэмжийн дунд сэлүүрдэн, хязгааргүй их хүсэл мөрөөдөл, бодол эрэгцүүллийн дунд өөрийн өнгөөр гэрэлтэж, өөрийнхөө дуу хоолойгоор  намуухан аялгуулж, элин халин, дүүлж хөвөн оршино гэдэг юутай их аз жаргал... 


Байхгүй бүхнээ бий болгохын төлөө...
Байгаа бүхнээ хайрлан дэлгэрүүлэхийн төлөө....
"БИ" гагцхүү "БИ"-гээрээ оршихын төлөө.....
Нэгэн оныг ардаа үлдээж
Нэг алхам урагш алхан
Нэн шинэ түүхийг эхлүүлцгээе!
 
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ!

3 comments:

Unknown said...

Сайхан баярлаарай

Золжаргал said...

ШИнэ онд хүсж, тэмүүлж байгаа бүхэндээ хүрэх болтугай.
Блогоор чинь байнга зочилдон нэгэн уншигч :D

SL said...

Их баярлалаа. Та нартаа ч бас Шинэ оны мэнд!