Sep 7, 2010

Хувьсал

Орны минь хажууд жижигхэн шүүгээ байх. Шургуулгыг нь татвал тэмдэглэлийн дэвтэр ногооронхон харагдаад л... Ногоон өнгөтэй дэвтэр болохоор ногоорохооос ч яахав... Тэр жилийн тэр нэгэн өдөр найзтайгаа хамт явж байгаад авсан санагдана..... 

Эхний нэлээн хэдэн хуудсыг хальтхан эргүүлбэл эрэмгийлж бичсэн тэмдэглэл, нооргууд...гэхдээ эмх замбараагүй... магад тэрхэн үедээ өөрөө л ойлгоод авчихвал дараа нь блог эсвэл өөр зүйл дээр дамжуулан буулгахад амархан байсан биз... Тэс өөр хүн байсан мэт тэр л танил мэдрэмж үнэртэнэ... хэзээ ч билээ би өөрийнхөө хуучны тэмдэглэлүүдийг гүйлгэж уншихдаа огтоос  танихгүй хүний бичлэг уншаад байна уу даа гэж эндүүрмээр мэдрэмж төрж байсныг эргэн санах л... 

Энэ бие минь урьд нь минийх байгаад одоо хүнийх болчихсон ч юм уу... эс бөгөөс эсрэгээр өмнө нь хэн нэгнийх байгаад одоо жинхэнэ минийх ч байгаа юм уу... Эгэл биед минь заяасан ижилгүй арван хуруу минь цаасан дээр ч, цахим хуудаснаа ч бодолд минь харваж, ухаанд минь шургалсан тэр л үгсийг буулгаж байдаг үнэнч улаач минь, үүрдийн түшээ минь зөв бодлын минь зам мөрийг буруулж, андуу санааны минь алдааг өндөгөн толгойгоо дааж, өөрийн мэдлээр нууж чимэглээгүй нь л лавтай.

Өөрийгөө би танихын аргагүй болтол өөрчилжээ. Өөрөөрөө байх хүсэл минь хэтийдээд, өөрийг минь хүртэл өөрчилчихөө юу.... өөрөөрөө байх тавилангүй амьдралыг өөрчлөх гэж зүтгэсэндээ би бачуураад ингэтлээ хувираа юу.... Өчигдөрийн бодлыг өнөөдөр нэхэн санахад буруу байсан ч мэт. Өнөөдрийн санаа өнийн маргаашд ямархан байхыг би үл мэдэх... 


... Нялуун кофены амт, гашуун тамхины утаатай ханьсан хөндий биеэр минь хэсүүчлээд эргэх өдрүүдийн, эхүүн амьдралын тухай үнэнийг энэ л биед минь шингээж... ахуйд.... хувь тавилан хөвөрсөөр... хувьсаж бас өөрчлөгдсөөр....

1 comment:

Anonymous said...

Huvisal gej orchlong orshin tognooj bgaa hamgiin tom huch yum hsig ee