Jun 3, 2010

Ижийнхээ зургийг хараад


Өнгөрөгч баярын өдрөөр зураг авхуулчиж.  Ижийн минь дүр нэг л зөөлөн, дотно хэрнээ үргэлж л бодож явдагаас минь нэг л өөр... мэт...


Өөдөөс минь хараад суух эмэгтэйг зэрвэсхэн ажиглахад 
Өөрийгөө л хараад байгаа юм шиг санагдана. 
Өтөл суучихжээ
Өглөөний наранд гялалздаг мяндас зөөлөн гэзэг нь 
Өнгө алдан сааралтаад 
Өвгөн шувууны өд сөд шиг л буурал болчихож
Өдий насандаа би ийм л байх юм байна даа гэж бодохоор
Өрц минь хөөрч баярлах ч шиг эс бөгөөд гуних ч шиг... 
Өөрөөсөө том охин төрүүлчихсэн гавъяатай мөртөө
Өвдөж зовж, түүнийгээ тэвчиж байгаад нь би дотроо гомддог юм гэхдээ өөртөө
Өдий болтол ухаан суугаагүй охиноо орхилгүй
Өнөөдрийг хүртэл хажууд минь тэсэж, бурхан мэт дүнхийж байгаад нь баярладаг юм би ижийдээ.... 

Нэг дороо амьдардаг болохоор ижийтэйгээ би өдөр бүр л уулзана. Өдөр бүр л нэг янзаараа байдаг ижийгээ би өнөөдөр л ингэтлээ ихээр анзаарлаа.
Бага байхдаа би ижийгээсээ их айдаг байж билээ. Айлгаад байх үйлгүй ч гэлээ аясаараа л би ээжээсээ айдаг л байсан даа. Нялх бага насандаа ээжийгээ хайрлах  эрдмийг төгс ухаарахгүй нь мэдээж. Ухаарч мэддэг болохын цагт магад зарим талаараа би хайрлахаас хоцорчихсон байгаа ч юм шиг. 


Ижийн минь бие өвдөөд гэнэ. Бага залуу байхаас нь л би сайн гэгч нь хайрлаж байсан бол өнөөдөр ингэж зовоо ч билүү: Ижийн минь сэтгэл зовлоо гэнэ. Хүүхэд байхаасаа л би сэтгэл санааг нь амгалан тайван байлгасан бол  ингэж шаналаа ч билүү. Хайртай шүү гэж дотроо мянгантаа шивнээд л гүйсээр мөртөө, сонорт нь ховорхон хүрсэн тэр л үгсийг өглөө наран ургах бүрт л бэлэглэж байсан бол өнөөдрийн дүр зураг өөр байх байсан болов уу... санааг нь амгалан амьдруулж, санчигийг нь гил харханаар нь жаргаах тэр л бодол мөхөс биеийн минь чадалд дэндүү ахадсан юм болов уу....


Ижийдээ би хайртай. Тэр бол хамгаас үнэн. Гэхдээ л би санан суухнээ сэтгэлдээ хүртэл хайрлаж чадаагүй л явна даа. Магад би өөрөө эх хүн болохоор үрээсээ ач нэхдэггүй тэр л сэтгэлийг мэдэх ч гэлээ....ээж минь надаас илүү их зүйлийг хүлээсэн байхдаа гэж бодохоор.. өөрийгөө чамлаад дуусахгүй л амьдрал юмсанж. 


Арав хүрэхгүй хоногийн өмнө авсаархан зүйлээс ам мурийчихлаа ээжтэйгээ. Амьд хүмүүс л юм болохоор ав адилхан сэтгэхгүй шүү дээ. Хэн хэн нь хэсэгхэн уурлаж, хэн хэндээ хэсэгтээ л тунив. Ижийд минь эрх нь бий. Энгэрээсээ тасалсан үрдээ гомдож, уурлах, аашлаж загнах гээд л бүгд бий. Харин надад байгаа билүү?  Гомдлын үг унагах нь байтугай гоморхсон бодол  зэрвэсхэн тээх эрх үгүй өчүүхэн ургамал шүү дээ би. Удаж төдөлгүй л уучлал эрсэн үгс унагаагүй ч өршөөл эрсэн харцаар хэн хэнийгээ хөнгөхөн шүргэчихээд л эвлэрсэн сэн. Сэтгэлдээ би өршөөл эрсэн хэрнээ сэмхэн түүнийгээ чихэнд нь шивнэчихэж яагаад болоогүй гэж. 
Тэнэгхэн ч байна даа охин нь... ижий минь өршөөгөөрэй. Тэнтэр тунтар ганц нэг алхалдаг байсан тэр л бяцхан байсан охин нь өнөөдөр өвчүүнээсээ амь таслаад, өөрийн үрсээ хараад бодол болон суух бүсгүй болон хувирчихаж...  Бурхан эжий таныхаа буяныг нэмж, анир жаргааж амжаагүй мөртөө л бул булаар нь зовнил нэмж, бууралхан магнайд нь үрчлээ тодруулахаас өөрийг хийгээгүй л явна. 


Гэхдээ ижий минь та минь харнаа. Тэнэгхэн үрээ ухаажихыг үзнэ. Тэр л цагт охин нь таныгаа жаргааж, туучиж өнгөрүүлсэн тэр л цаг мөчөө эргүүлж олохгүй ч гэлээ, эмтэлж нөхөх гэж хичээнэ. Өрлөг бурхан та минь өнө л дэргэд минь байвал өнгөт амьрал минь илүү утга учиртай оршдог......


Өдөр бүрийн наран ижийг минь байгаа болохоор л манддаг. 


1 comment:

Anonymous said...

Тиймээ өдөр бүрийн нар эжий минь байгаа болохоор манддаг...
jiguur