Feb 25, 2011

I am happy... that's all

Жил жилийн энэ л өдөр би бодол сэтгэлдээ арай өөр өнцгөөс нэвтрэн орж, буйдхан буланд нь тухлан суугаад бодол, ухааныхаа жигнэсэн дундаж дүгнэлтийг гаргасаар даруй гурван оныг үджээ. Жигнэсэн дундаж гэж үнэндээ юуг хэлээд байгааг нь нарийн мэдэхгүй л дээ. Шууд үгчлэн ойлгохоор л хэрэглэчихлээ. 
Гэхдээ энэ оны хувьд би дэмий олныг нуршиж, дэндүү ихийг бясалгаж өөрийгөө болоод өрөөлийг залхаахыг хичээсэнгүй. Яагаад ч юм бичихсэн гэсэн бодол тээгээд байгаа хэрнээ бичлэг болгоод гаргах гэтэл нэг л эвлэж өгөхгүй байсаар гүн шөнийн нойр хугаслагдаж, үүр гэгээрэхийн тэмдэгээр л нүдний аньсагаа нийлүүлж, шүдний зуултаа султгалаа.  
Бодмоор байвч бодогдохгүй бодлууд... Бодогдоод байгаа хэрнээ бодож чадахгүй байгаа миний бие 2 энэ жил гүй мөн сайхан зохицож байна.
 Энэ бүхнийг би улам ээдрээтэй болгож, утга учиртай үгсээр илэрхийлэх гэж хичээхийг хүссэнгүй. Элдэв чамин, ганган гоёлгүйгээр....


Би аз жаргалтай байна. 



Тэгээд л болоо. Энгийн мөртөө агуу утга илэрхийлэх энэ үгс хорвоод мэндэлсэн өдөрт минь яг тохирно.  
Намайг хайрладаг, надад итгэдэг, намайг дэмжиж, түшиж байдаг, миний итгэл найдвар, урам зоригийн  тулгуур, инээмсэглэлийн минь шалтаг, шалтгаан болсон та нартаа ХАЙРТАЙ ШҮҮ! 

Feb 17, 2011

Хосын орчлон

Хором мөч бүрт догдлон тэмүүлж 
Хоног хугацааны туршид дурлан дассаар
Хос болжморын хөгжөөнт жиргээн шиг
Холбоо зүрх минь ханьсан баясана

Хамгийн нандин хайрын үгс минь
Хөөрөн дүүлж мөрөөдөлд хөтлөхөд
Хязгааргүй алсын аз жаргал ч
Хоёр алганд минь илхэн дурайна

Харц харцаа шимтэн чагнаж
Хайр хайраа дэмжин мэдэрч
Хосоор умбах итгэлийн ертөнцөд л
Хонгорхон минь би чамтайгаа л үүрд  

Feb 9, 2011

Round trip feelings

Би заримдаа нэг л биш болчих юм. Яг яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй яг л зүгээ олохгүй хийсч яваа хамхуул шиг. Энэ үед л гэв гэнэт ухаан сууж байгаа хүн болж элдэв юм бодоод л, би нэг л болохгүй байна гэж ухаараад ч байгаам шиг, ухраад ч байгаам шиг.... эсвээс нээг их бодсон хүн болж жүжиглээд байгаа ч юм шиг...

"Цэцэрлэгийн доторх түмэн авиа
Цээжин дундаас....." гээд нэг дууны үг гэнэт санагдах чинь. Үүн шиг л түмэн аялгуу агуулсан цэцэрлэг шиг мянган бодол тээгээд байх юм. Дэндүү тайван байгаа минь сайн ч юм шиг эсвэл айхтар түгшүүртэй ч юм шиг. Их давалгааны өмнөх нам гүм шиг л.... 

Нэлээн дээхнэ би энэ бичлэгийг  оруулж байсан юм байна... циклээр амьдарч, блогорч байгаа тухай... энэ бичлэгнээс хойш анх удаагаа циклийг дахин мэдэрч байгаа юм биш л дээ. Энэ цикл байнга мэдрэгддэг. тогтсон хугацаагүй ч гэлээ яг л дуртай байсан дуугаа хэсэг хугацааны дараа дахин сонсож байгаа мэт... танил бас гирэвшингүй мэдрэмж. Энэ үе дахин иржээ гэж....


Яг л энэ үед би яах ч хэрэггүй. Яагаад ч нэмэргүй. Зүгээр л өөрийгөө хянаж, дарж, нухчиж зовоолгүйгээр орхих хэрэгтэй байдгийм....