Jan 30, 2008

алаг үрээ яалтай...


Oлон хүүхнүүд ажилладаг газар яахаараа дандаа хов жив, хэрүүл уруултай байдаг байнаа. дээрээс бас нэг нэгнийхээ амьдралруу өнгийж, хувийн зүйлсрүү хэтэрхий их хутгалдаж ордог юм болоо. Xүүхдийн гэнэ цайлган сэтгэл, илэн далангүй байдал, юугаа ч нуухыг мэдэхгүй тэр сэтгэлийг далимдуулж, хүний хувийн амьдралыг онгичин уудлаж, сонссон зүйлээрээ бах таваа хангаж байх хүсэлтэй тийм эмэгтэйчүүд сөнөөсэй.

"Гарын таван хуруу" кинон дээр гардаг настай авгай нүүрэн дээр нь худлаа өхөөрдөж байгаад л цонхныхоо үнийг төлүүлдэг шиг л алаг үрийг минь хөөрхөн, эгдүүтэй, хэвлүүхнийг нь магтаж дагуулж гүйж байгаад л тостой тогоон доторхийг минь уудлаад л мэдчихсэн байх юм. Зэвүүн гэдэг нь. Миний тогтоотой шөл тэдэнд ер нь ямар хэрэгтэй байдаг байнаа. Би ямар тэдний нөхрийг авч суусиймуу, тэдний амьдарлыг нь ухаж төнхсиймүү. Хүмүүс нээрээ арай л дэндүү санаатай байх юм аа.

Бүр хамгийн хамгийн зэвүүн нь мэдсэн мөртөө өөртөө л хадгалана биз дээ. Нэг л их инфомаци цуглуулсан хүн, ажил дээр ирэнгүүтээ өөртэйгээ адилхан тэнэг тэнэг хүүхнүүдэд сонин болгож ирээд л тараачихсан байх юм. Би ч тэд нарын дунд од юм байна л даа. Хн...

Би эмэгтэй хүн л дээ. Гэхдээ тэд нар шиг буруу талаа түлхүү хөгжүүлсэн, худлаа эмэгтэйлиг хүн биш. Би ээжийнхээ гэдсэнд байхдаа хүйс нь солигдоод гараад ирсэн эрэгтэй хүн байхаа. Би олон эмэгтэй хүнтэй нэг дор ажиллах дургүй. Үзэн ядаж байна. Ганц хайртай найз минь хүртэл гүндүүгүй зантай, гүдсэн эмэгтэй... надтай л адилхан.

Одоо би яаж тийм худалч хүмүүсийн дунд юу ч болоогүйм шиг ажил үүргээ гүйцэтгэх болж байнаа. Тэд миний ардуур намайг худлаа өрөвдсөн хүмүүс болж хов жив ярьж, цуурхал дэгдээж байгаа гэж бодхоор... үнэн зэвүүн баагийнууд юм даа. Нүүрлүү минь харж, надтай ярьж байхдаа бодож байгаа зүйлсийг нь дэлгэц дээр харж болдог бол ч....

Xүмүүс нээрээ айхтар байх юм даа. Муу алаг үрээр минь ингэж тоглох ч гэж дээ. Гэхдээ би хөөрхөн үрээ  загнахгүй ээ. Ямар санаатайгаар тэдэнд ярьсан биш. Би ч ямар охиноосоо нууж байсан биш. Үнэндээ санаагүй зүйлсийг минь сэдэж, сэтгэлрүү минь ус цацаж байх юм даа  томчуул.... 

Jan 29, 2008

сэтгэлийн гүн дэхь багтрал

...өчигдөр би сэтгэл дотроо гэнэтхэн багтраад, уйлъя гэвч нулимсаа гаргахгүйг хичээж, бушуухан л хувцасаа өмсөөд гарсан.  Нэлээн сайн таньдаг хүн маань надаас хамгаас үнэтэй эрднэсийн минь нэгийг салгах гэж оролдсоноос болсон байх... Хосоороо оршиж байж л хамгаас илүү гэрэлтдэг тэрхүү эрдэнийн чулууг нэг нэгээр нь салгасанаас миний амийг тасалсан нь дээр гэж бардам хэлж чаднаа.  

"хайраа олсон би хайраа олсон, 
тиймээ би хайраа олсон..." гээд нэг дуу байдаг даа. тэр дууг аялж байсан цаг улиран оджээ.

Хэн хэндээ хайртай гэж бодож, түүнийг надад үнэхээр хайртай гэж итгэж, Би чамд хайртай гэж хэлэх бүрт нь нялхарч, эрхэлж байсан цаг бас л нисэн одож. Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлүүлж амьдарсаар элээсэн цаг хугацааны эцэст юунд харамсахгүй мөртөө өөрийгөө л үзэн ядсан сэтгэлтэй хоцорч байна. 

"Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг юм" гэж хэлэх дуртай түүний минь үг биелэлээ олсонгүй. Түүнийхээ хайрыг татчих гээд би анхны өдрөөс л сэтгэл дэвсэн гүйж, нялх хүүхэд мэт усанд оруулж, сахлыг нь хусаж, хумс хурууг нь хүртэл цэвэрлэж өгдөг байлаа.  Үүнийхээ хариуд яг адилхан халамжийг хүсээгүй ээ. Зүгээр намайг байгаагаар минь хайрлаж,  намайг ойлгодог байхыг л хүссэн.  Адилхан л ажил төрөлтэй, амьдралаа хамт л залгуулж байгаа гэж бодсон ч өдөр ирэх тусам  хийсэн бүтээснийг минь үнэлэхгүй ч гэсэн ядраад ирэх сэтгэлийг минь ойлгохгүй.

Ар гэр, ахан дүүсийн хувьд бол ярилт ч байхгүй. Ээж аавруу минь нэг утасдаад, бие хааг нь асууж байгаарай гэж надад хэлдэг ч минийхрүү бол аятай таатай үг нэгийг ч унагаж байсангүй. Хаа хол байгаагаас нь илүү л амьдралд минь тус болж, өмөг түшиг болж байгаа юм сан. Гомдмоор ...

Энэ хорвоод үртэй болохоо мэдсэн цагаас л амьнаас минь түрүүлж тасарсан эрдэнийг минь адлаад байгаам шиг санагдаад. Эвий үр минь гэж эрхлүүлж үнссэн нь нүдэнд харагдсангүй. Хэдий надад хайртай ч гэсэн хамт амьдарч буй хань минь ч гэлээ аман дээрээ гарч ирсэн хараал бүхнийг хэлж, ахиухан уурлавал алгадаад авах эрхийг түүнд олгож байгаа хэрэг биш байлтай. Хүн гэртээ орж ирээд л сэтгэл тайвуун, амар амгаланг мэдэрдэг бол миний хувьд асар хүнд дарамт шахалтыг мэдэрдэг. Ядраагүй байгаасай, ажил нь бага байсаан болуу гэдэг нь хайрласандаа биш ядарч, уурлаж ирсэн бол надад л хэцүү байдаг учраас тэр. Тэр хүнийг гэртээ орж ирэхэд нь би асар их тайвшрал, баяр баясгаланг мэдрүүлж чаддаггүй болсон болохоор л тэр. 

Магад энэ бүхнийг  эргэцүүлээд байхнээ, би л анх сайхан байсан хүнийг энэ бүхнийг үйлдэхэд хүргэж,  ханийн хайр, халамж, гэр бүлийн аз жаргалыг эдлүүлж чадахгүй зовоогоод байгаа юм шиг. Зөндөө их уйлсан нулимсандаа түүнийг живүүлээд байгаа юм шиг.Өөрөө өөртөө л дургүй хүрч, өөрийнхөө тэнэгийг  л гайхан шагширч, ханиа гэхээсээ илүүтэй амьнаас тасарсан үр хүүхддэдээ бүхнийг зориулж, өрх гэрийнхээ төлөө үүрэг хүлээхгүй мөртөө, үр хүүхэд гээч зүйлд ухаанаа алдаад байгаа өөрийгөө л буруутгаж сууна.

Яваад өгөөч гэхээр холдохгүй, яваад өгье гэхээр явуулахгүй.. яах гээд байгаагаа, юу хийх гээд байгааг нь ухаарах чадал үнэндээ дутаад байна. хайрлаж байсан цаг мөч, хайрлуулах гэж хүссэн сэтгэл минь биш болжээ. Гэвч өдөр ирэх тусам надаас хайр халамж авч байж, намайг хайрлах цаг мөчийг зовлонтойгоор хүлээж байгаа хүнийг харах тусам надад үнэндээ хүнд байна. Өнгөрөгч хугацаанд би хэн байваа. Ямар жүжгийн ямар дүрд тоглож байсан болоо. Би огт өөр хүн болж хувирчээ. Үлдсэн амьдралаа эр хүний хажууд өнгөрөөхгүй гэж бардам хэлж чаддаг хатуу сэтгэлтэй, цэвдэг нэгэн болж.

Би тэр хүнээс асар ихийг хүлээсэн гэж үү. Олж, үрж чадахгүй их хөрөнгийг нэхсэн гэж үү. Хүүхдийг нь төрүүлсэн болхоор хөлд минь сөгд гэж шаардсан гэж үү. 

Хэн хэндээ жаргал болоод амар амгалан, баяр баясгаланг бэлэглэж чадахгүй болсоноос хойш бие биенээ сэтгэлийн шаналалаас чөлөөж, эрх чөлөөтэй амьсгалахад нь тусалъя даа. Сайн сайхан амьдралыг, урьд урьдаас илүү их хайр халамжийг, тэсвэр тэвчээртэй эхнэрийг л түүндээ хүсье дээ.  

Jan 28, 2008

гайхмаараа...


Өнгөрөгч долоо хоногийн эхээр, нэгэн орой нойроо хүргэхийн тул FM  сонсвоо хө. Шууд нэвтрүүлэг явж байна. Сэдэв нь "Хүн заавал царайлаг, хөөрхөн байх ёстой юу?"  

Царай муутай надад таарсан ч нэвтрүүлэг юм шиг. Хэхэ. Оролцож байгаа хүмүүс нь ч заавал тийм царайлаг сайхан байх албагүй, царайны сайхнаар цай сүлэх биш, хүн дан ганц гаднаа бус дотроосоо гэрэлтэж, сайхан байх хэрэгтэй, өөрийгөө эрдэм мэдлэгээр цэнэглэж, гоёвол царайны сайхнаас илүү эрхэм чухал л гээд л ярьцгааж байнаа.  Далдуураа намайг өмөөрсөн сэтгэгдэлүүд яваад л, би ч их додигор байлаа хө. Би ч бас юу дутахав, утасдаад л, хүн нүүр царайгаа арчилж, цэвэрхэн сайхан явах нь хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ ганц царайгаа янзлаад, оюун ухаанаа цэнэглэж, эрдэм мэдлэг эзэмшихгүй бол ганц царай байгаад юунд ч тус болохгүй гэж ирээд л, урьд тохиолдсон нэгэн явдлаар баяжуулаад л, басч гэж өөрийгөө өмөөрч баахан л ярьлаа. Бараг л 5-6 мин ярьсан байх. Зүгээр л утсаар ярьж байж сандраад л, хэлье гэж байсан үгнүүд санаанд орж ирэхгүй, баахан бажигдаж байгаагаа харвал ер нь урьд өмнө нь хэзээ ч ийм радиогийн нэвтрүүлэгт оролцож байгаагүй юм байна.

Ер би өөрийгөө их нүүрэмгий, харьцангүй сандарч тэвдэх нь бага, нүүр хагарсан хүн гэж боддог байлаа. Гэвч бас тийм биш болжээ.  

Уул нь 10 жилд байхдаа дууны уралдаан тэмцээнд бишгүйдээ л оролцож, түрүүлж чадахгүймаа гэхэд 2-3 дугаар байранд ороод л явдаг байлаа. Анги, сургуульдаа бол гоё дуулдагаараа алдаршиж, манай ангийнхан ч битүүхэндээ намайг СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөх байх гэж боддог байсан гэнэ лээ. Гэвч би тэгээгүй. Оюутан болоод л дуулдаг барьдаг авъяас чадвараа хөгжүүлээгүй орхисон гэж болно. Одоо бол найранд гурван дуутай л хүн болсон байх. Наадамд гурван даваа байхгүйэээ. 

FM-ийнхээ нэвтрүүлэгрүү эргээд орьё.Дараагийн өдөр нь дахиад л сонсож байтал " Хүн заавал туранхай байх ёстой юу? Тарган байвал яах вэ? Таргалалтын тухай" гээл дахиад л надад таарсан нэвтрүүлэг. Гэхдээ энэ удаа сэтгэлийн хөөрлөөр утасдаж, өөрийгөө өмөөрөөгүй. Нэвтрүүлэгт оролцсон нэг залуу лааг сонин юм ярьсан. Тэрэнд битүүхэндээ гомдсон. Хичнээн хөөрхөн, царайлаг, ухаантай байсан ч тарган л бол найз бүсгүйгээ болгон сонгож чадахгүй гэнээ тэр залуу. Тарган хүүхэн дагуулаад явжийвал хүн муу хэлнэ гэнэ. Залхуу, хойрго бас бохир заваан гэж хэлнэ гэнээ. Ёооооо, Миний энэ насандаа сонссон хамгийн тэнэг дүгнэлт/бодол байлаа. Харин ч эсрэгээр бүсгүйчүүд маань тийм бодолтой залууг дагуулж явахаасаа ичмээр санагдсан. Солонгост ажиллаж байгаад ирсэн залуу юм гэнэ лээ. Яахав тэр хүн амьдрал ахуйгаа өөд нь татах гээд, эсвэл сургууль соёлд сурах гэж явсан байх л даа. Гэлээ гээд насаараа гадаадад амьдарсан юм шиг, хүнийрхүү санаа гаргаж, монголынхоо охид бүсгүйчүүдэд  хачин зан гаргасан нь үнэхээр гомдмоор.

Хөтлөгч залуу харин намайг мэдэрсэнүү яасан,  саяны оролцогч залуу маань хэлэх гэсэн санаагаа арай л буруу ойлгуулаад, буруу талаас нь ярьчих шиг боллоо гэж зөөлрүүлсэн. Тэрэнд ч бас гомдолтой байсан болуу гэж санагдсан.

Тэгээд л нойроо хүргэх гэж сонссон биш, хэсэгтээ л нервтэж, унтахгүй баахан хэвтсэн. Шаал дэмий. Дахиж унтахынхаа өмнө FM сонсоогүй.

гайхмаараа бас гомдмоороо...

Jan 25, 2008

Алагхан хорвоод гурвуулаа болсон минь.


2006 оны өвлийг хүртэл алагхан ховоод 2-лханаа байлаа. Хөөрхөн өнхрүүшхэнд минь дүү, хүмүүн биед минь 2 дахь өнхрүүшхэн минь ирсэнийг мэдээд хичнээн их баярлав даа. Хавь ойрынхон маань 2 дахь өнхрүүшхэн хүнийг ядраадаггүймаа, их сайхан хөнгөн байжийгаал гараад ирдийн гээл байсан. Гэхдээ нэг л худлаа. Харин ч 5-6 жилийн дараа хүн харьцангүй бие физиологийн хувьд ядардаг болчихдог юм шигээ. Өмнөх шигээ шоудаагүй. Хамт олон ч өөрчлөгдсөн байсан. 5 сар хүртэлээ ажлынханаасаа нуусан. Ажил гэр, цэвэр агаар гэсэн маршрутаар явжийсан гэхэд болно. Амралтаа аваад л өнхрүүшхэнийхээ эд зүйлсийг бэлдэх ажиллагаандаа орсон. Бас том өнхрүүшхэнийхээ хичээлийн хэрэгсэл, эд зүйлс гэх мэт зүйлс юу гэж орхигдох вэ дээ.  

Ингээл чилийсэн 9 сарын дараа хөөрхөн эгдүүтэй шар өнхрүүшхэнээ гар дээрээн бариад, элгэндээ тэврээд суужийваа хө. Одооний хүүхдүүд гэдсэндээ л өтөлдөг болчихсон гэж үнэн байхаа. Гарахгүй байжийснаа л хамаг юмыг нь бэлдээл, хамгийн сүүлд орыг ньь усаанд оруулах баннтай нь аваад л гэртээ авчиртал өвдөөл гараад ирсэн. Хэхэ, тэхээр гэдсэнд минь байсан ч гэлээ одоо миний бүх юм бэлэн, гарах цаг болжээ гэдгийг мэдэж байсан болж таарчийна.

Одоо бяцхан өнхрүүшхэн минь 6 сар хүрэх гэж байна. Ид муухай дээрээ байна даа. Эгчийгээ бодуул өсөлт хурдантай хүүхэд юм. Хамаагүй эрт бор хоолонд ороод л, өөрөөс нь нэг хоёр сар ах эгч хүүхдүүдээс илүү хөдөлгөөнтэй,  илүү их зүйлийг чаддаг болчихсон байна. Ажилдаа яваад л орой очиход бүрт минь л нэг зүйл сурчихсан, шалгуулахад бэлэн болчихсон байх юм. Дээрээ эгчтэйн гавъяа ч үүнд байх шиг байна. Өөрт нь хэн сайнаар хандаж, хэн илүү эрхлүүлж, хэн нь илүү өөртэй нь хандаж тоглож, ярьж байгааг, хэн өөрт нь тааламжтай зүйл хийж байгааг харин ч нэг андахгүй дээ. Одоохондоо ч баяртай гээд ажилдаа явахад минь муухан инээгээл үдэж байгаа. тун удахгүй уйлаад л дагана даа гэж.

гэрийнхэн маань ч гэсэн том өнхрүүшхэнээс хойш нялх амьтаны зулай үнэрлээгүй болоод ч тэрүү 2 хөөрхөн өнхрүүшхэнд минь амь гэж жигтэйхэн. Эмээ өвөө бол тэр хоёргүйгээр бор хоногийг үднэ гэсэн дүрэм байхгүй. Ирэхгүй бол дуудаад л, орж ирэлгүй удвал утасдаад л... мундаг.

энэ бүхэн урсан өнгөрсөөр, сэтгэлд минь орших дурсамж нэмэгдсээр ахиад л 5-6 жилийн дараа бүүр л их нандин дурсамжууд хуримтлагдсан байх болно. тэр л цагт би нас тогтож яваа нэгэн эмэгтэй болоод бичсэн зүйлсээ эргэн уншиж байх болуу.

Бас л гоё... 

Jan 24, 2008

алагхан хорвоод хоёулханаа л байлаа....


Би их баян хүн. Өмөг түшиг минь болсон аав, ээж, ах нар. тэд бүгдийн дээр орших 2 хөөрхөн зулзага минь байна.

одоо эргээд дурсахнээ, 6 жилийн өмнө би өөрөө бараг хүүхдээрээ байжийж л анхныхаа охиныг төрүүлж байсым байна.   мэдээж хүмүүс намайг хараад энэ чинь хүүхэд байшдээ гэж хэлэхгүй л байсан байх л даа. гэхдээ л сэтгэл санаа, дотоод төлөвшил минь оддогийн байгаагаас минь илүү л хүүхэд байсан байж таараа. Ямартаа л 5 сартай том гэдэстэй болчихоод л найзынхаа төрсөн өдөрт очоод бүжиглэж байхав дээ. хэхэ

манай ажлын газрын ах эгч нар лаг шоуднаа. навч бол тэрүүхэндээ явахгүй гэж зүтгээд үзнэ. яалт ч байхгүй дийлдээд л, 1 литрийн 100% жүүсээ тэврээд л дагаад явна. ах эгч нар болхоор намайгаа шахах, дарамтлах гэсэн зан үнэндээ л гаргахгүй. гэвч шоу дундаа орохын алдад ундааг минь булаацалдаад давхичнаа. хэхэ би өхгүй гээл тэд нар ганц аяга гээл гуйчиншдээ. хөгжилтэй ч байж дээ. игээл шоу дуусахад намайг бөөнөөр эсүүл зүг дөхөх нэг хоёр хүргэж өгөөд л эрхлэхийг ч үзүүлж өгнө дөө.

ингэж ажил дээрээ хамт ажилладаг ах эгч нарт, гэртээ харьж ээж аавдаа эрхэлсээр охиноо төрүүлвээ.  2 амь тасрах тэр мөчид ээжийгээ үнэхээр өрөвдөж, хайрлах сэтгэл минь дээд хязгаартаа хүрч байсныг л  ердөө мартдаггүй юм.  тэр мэдрэмж бол насан туршид санагдах тийм л мэдрэмж.

өдөр хоногууд уйдахын аргагүй урсан өнгөрч, нэг л мэдхэд хөөрхөн алдрай охиныхоо нэг насны ойг тэмдэглэж байваа хө. цаг хугацаа асар хурдан өнгөрдөгийг тэгэхэд нэг мэдэрч билээ. 
цахиур нь цухуйсан, бор хоолонд орсон, мөлхөж эхэлсэн, түшээд зогсдог болсон зиак тэгээд анхны алхам, ясли, цэцэрлэг гээд л бүх зүйл дөнгөж өчигдөрхөн болсон юм шиг л нүдний өмнө илхэн байна. дуулсан дуу, уншсан шүлгэнд нь хамтдаа уярч, дэгдэж дэрвэсэн бүжгэнд нь ижилхэн хөөрсөн хичнээн аз жаргалтай, адал явдалтай өдөр хоногууд байсан гээч. 

өнгөрсөн зун том охин минь 5 нас хүрч, намар 9 сард нэгдүгээр ангид орж сургуулийн сурагч болсон.  одоо бол хичээлдээ дуртай, дуржигнатал уншдаг, 100 дотор тоо боддог, ангийнхаа 6 настнуудынхаа дор орохгүй гэж гэнэн цайлганаар өрсөлдсөн, нэг л их том эгч байна даа. ээждээ бас нялх бяцхан дүүдээ үнэн голоосоо хайртай, эмээ өвөөгөөсөө нэг хоног ч холдох дургүй гэрсэг, бие даасан хэрсүүхэн бяцхан охин.

миний том өнхрүүшхэн ийм л эгдүүтэй хөөрхөн, ухаантай эрдэнэ байгаа юм даа.

Jan 23, 2008

цээжин доторхи чулуунаас үүдсэн бодол


Сэтгэлд минь нэг л сонин, тийм гэхийн тэмдэггүй хачин мэдрэмж.... цээжинд минь нэг зүйл бөглөрөөд байгаа ч юм шиг эсүүл байсан зүйл нь ор тас байхгүй болчихсон ч юм шиг хоосон. Гэхдээ энэ бол баяр баясгалантай мэдрэмж биш...

Нэгэнт л би өөрөө шиййдээд, зөв гэж бодсон зүйлээ хийсэн учраас уйлж унжих, гутарч гомдох шаардлагагүй гэдгээ ойлгож байгаа.

Одоогоос хоёр жил хагасын өмнө амьдралдаа нэгэн шинэ хуудас эхлүүлсэн би хичнээн ч баяр баясгалантай байсан юм дээ. Магад тэр үед намайг хориглосон үг хэлсэн бол тоохгүй, чихнийхээ хажуугаар нисгэх байсан байх л даа. Эхэндээ юм бүхэн сайхан байлаа. Гэвч цаг хугацааны аясаар болсон нь борвиндоо, түхий нь түрийдээ гэдэг шиг ялгараад л ирсэн.

Гэхдээ найз нь гомдохгүй ээ
Гэнэн дурлалаа мартахгүй ээ... ля ля ля гутрахгүй шүү хө навчхан минь... хорин жилийн дараа би ямар гээчийн амьдралаар амьдраа вэ гэж халаглахын оронд, хоёр жил болоод л хойшдынхоо амьдралын төлөө өөрийгөө засаж залруулсан нь ямар аз вэ тээ.

Аз жаргал, аливаа боломж үргэлж хажууханд чинь байдаг юмаа, гагцхүү түүнийг олж харах, шүүрч авах нь л чухал байдаг юм гэж чинхүү ганц найз минь хэлж байсан сан. /одоо ч хэлдэг л дээ./

Тиймээс би гэдэг хүн аз жаргал, боломж бололцоог шүүрч авах гээд, хийсэн бүхэндээ гэмшиж гутрахгүйгээр урагшаа алхахаар зориглосон минь энэ.

“Уучилж чаддаг хүнийг ухаантай гэж хэлдэг юм.” Үүний утга санаа үнэнд дэндүү ихээр дөхөж очих хэдий ч миний амьдралын зарчимд таарч байгаа эсэхийг би өөрөө ч сайн мэдэхгүй л байна. Ер нь би өөрийгөө ямар зарчмуудыг амьдралдаа баримталдагаа ч мэдэхгүй, юунд тэгтлээ дурладаг, дургүйлхдэгээ ч мэдэхгүй байсаар өдийг хүргэсэн юм байна. Тэнэг байгааз?

Хэхэ би гэж хүн одоо л өөрийнхөө тэнэгийг мэдэрч гэнэ дээ. Ер нь өөрийгөө тэнэг гэж бодож байгаагүй хүн байдаг болуу. Дандаа биш ч гэсэн хаая нэг урьд хийсэн алдаа, үйлдлүүдээ бодоод би ч тэнэг юм хийж дээ гэж бодож байгаагүй хүнийг хаанаас ч эрээд олохгүй. Тиймээс би бусдын л адил өөрийн хийсэн алдаагаа бодож, өөрийгөө тэнэгээр нь дуудсан хүмүүсийн л нэг.  

Гоё. 

Тэнүүн бөгөөд уужимхан амьсгалахуй дор...


Хүн амьдралынхаа төгсгөл хүртэл хэр их зүйлийг бодож эргэцүүлдэг... бодсон зүйлсээсээ хичнээнийг нь бодит зүйл болгон хэрэгжүүлдэг болоо...Бас л асар санагдаж байна шүү.

Энэ блогийг үүсгэх энэхэн мөчид одоогоос 10 гаран жилийн өмнөх, сурагч байх үе минь санагдаж байна. Үзэг цаас нийлүүлж, бодолд хургасан зүйлсээ найруулан буулгах сонирхолтой, тэрүүхэндээ бас өөрийгөө тоож, гайгүй зүйл бичиж дээ гэж баярладаг цаг байж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө өнгөлөн зүлгэж, улам сайжруулах биш үзэг цаас нийлүүлэх нь улам л холдож, цагаан хуудсан дээр буудаг байсан гэгээлэг өнгө аяс улам л замхран алга болсоор байсныг одоо л ухаарч байна гэвэл дэндүү хожимдсийм шиг.

Аа гэхдээ...хөгшчүүлийн хэлдгээр өтөлсөн болохоос үхсэн биш гэдэгдээ. Утга найруулгын алдаатай ч гэсэн хэдэн үг хэлхэж сэтгэл доторхоо хааяа ч болов уудлаж байхгүй бол сэм сэмхэн үнэхээр их ганцаардах юм аа. Хэн нэгэнд яриад л сэтгэлээ онгойлгомоор санагдсан ч тэрэнд гэж хандаад ярьж зүрхлэхгүй мөч тулгарах л юм. Амьнаас минь тасарсан 2 хөөрхөн эрдэнийн чулуу надад байдаг нь юутай аз. Тэд минь үгүй бол сэтгэл гутрал, тэр л айхтар стрэсс, дэпрэсст нь орж, хорвоог аль хэдийнэ орхичихсон байх болуу.

Зиак ингээд... тэнүүхэн бөгөөд уужимхан амьсгалахуй дор хорвоогийн алаг өдрүүд урсан өнгөрч, тэр бүхнийгээ өөрөө өөртэйгөө, өрөөл бусадтай хуваалцах их үйлсийн аян үүгээр эхэлмүй...